Дэлхийн дулаарал, газрын тосны үнийн өсөлт зэрэг нь сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчний талаар далайцтай судалгаа явуулах, судалгаанд ихээхэн хөрөнгө оруулах, үйлдвэрлэх, хэрэглэх үндсэн шалтгаан болж байна. Сэргээгдэх эрчим хүч гэдэг нь байгаль дээр тасралтгүй нөхөн сэргээгдэж байдаг энерги бөгөөд үүнд нарны эрчим хүч, салхины эрчим хүч, усны эрчим хүч, биомассын эрчим хүч зэрэг багтдаг. Тиймээс уг салбар нь тал нутаг ихтэй, нарны тусгал сайтай, салхины үлээлт хангалттай манай улсад эрчимтэй хөгжиж байна.
Хөгжиж буйн илрэл нь салхин парк, нарны панел, станцууд гэх мэт томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжихээс гадна уг салбарт үйл ажиллагаа эрхэлж буй бизнесийн байгууллагуудын тоо нэмэгдэж буйд оршино. Эдгээр компаниудын төлөөлөл “Мөнх дэвжих буян” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Эрхбаяртай сэргээгдэх эрчим хүчний салбар дахь бизнесийн орчны тухай ярилцлаа.
Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарт бизнес хийх хэр тохиромжтой байна вэ? Уг салбарын бизнесийн орчин ямар байдаг вэ?
Сэргээгдэх эрчим хүчний салбар ганц Монгол улсад ч биш дэлхий нийтээрээ ид хөгжиж байгаа. Учир нь дэлхийн олон улсын байгууллагууд хүлэмжийн хийг бууруулах, цэвэр усны нөөцийг хэмнэх гэх мэт байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх төсөл хөтөлбөрүүдэд анхаарлаа хандуулж байна. Олон улсын байгууллагууд үүнийг дэмжихээс гадна хувь хүмүүсийн хандлага ч гэсэн өөрчлөгдөж байна. Тиймээс ид цэцэглэн хөгжиж буй салбараа даган бизнесийн орчин ч мөн ялгаагүй хөгжиж, таатай орчин бүрэлдэж байгаа.
Сэргээгдэх эрчим хүчний салбарт бизнесийн таатай орчин бүрдэж байгаа гэдгийг та дэлгэрэнгүй тайлбарлаач? Тухайлбал танай компани ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ? Эрхлэх явцад ямар асуудал, эсвэл дэмжлэг тохиолдож байна вэ?
Манай компани 2017 оноос Монголд сэргээгдэх эрчим хүчний салбарт бизнес хийхэд экосистем нь хэр байна вэ гэдгийг судалж, үйл ажиллагааныхаа туршилтыг хийж эхэлсэн. Ийнхүү 2018 оны эхээр анхны бүтээгдэхүүнээ оруулж ирэн, эцсийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, борлуулалтаа хийж эхэлсэн юм. Манай компанийн гол үйл ажиллагаа нь бие даасан сэргээгдэх эрчим хүчний станцуудыг барин суурилуулдаг. Энэ нь тог цахилгаан очих боломжгүй газарт цахилгааныг шийддэг станц юм. Энэ үед хэрэглэгч, үйчлүүлэгч болон гуравдагч хүчийн зүйлээс шалтгаалсан асуудал үүсдэггүй. Харин хэрэгцээ шаардлагын хувьд өндөр байдаг.
Монголд тог цахилгаан хүрээгүй газар, байршил хэр их байна вэ?
Нийслэл хот Улаанбаатарын хэмжээнд тог цахилгаан хүрээгүй газар нэлээдгүй бий. Өөрөөр хэлбэл, алслагдмал хэсгүүдэд тогны хүчдэл унадаг. Хэдий 220 вольт гэж ярьдаг ч 200, 180, 160 хүртэлээ буусан байдаг. Зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд ийм байхад орон нутгаар ямар байх нь ойлгомжтой. Монгол улс өөрөө хөгжиж буй орон учраас дэд бүтэц нь хангалттай сайн биш байгаа юм.
Сэргээгдэх эрчим хүчний салбарт бизнес эрхлэх таатай орчин бүрэлдэж байгаа.
Бизнес эрхлэгчид өөрсдийн ажиллаж буй салбараа үргэлж дахин нэг шат ахиулахын төлөө ажилладаг. Тэгвэл уг салбарт ажиллаж буй бизнесийн байгууллагад шат ахих ямар боломж байна вэ?
Дээр хэлсэнчлэн биеэ даасан сэргээгдэх эрчим хүчний жижиг станцуудыг барихад хоёр төрлөөр хийж болдог. Нэгдүгээрт, on grade буюу төвийн шугаманд холбогдсон ч тухайн сэргээгдэх эрчим хүчний станцийг ашиглаж болох хувилбар. Хоёрдугаарт, off grid буюу төвийн шугаманд холбогдоогүй газарт цахилгааны асуудлыг шийддэг станц юм. Энэ хувилбарыг манай компани үйлдвэрлэдэг. Харин On grid буюу төвийн шугаманд холбогдсон газарт тухайн станцийг одоохондоо Монгол улсад нэвтрүүлэх боломжгүй байна. On grid системийг суурилуулсан тохиолдолд үүнийг эргэх холбоо маягаар хэрэглэж болдог. Тодруулбал, тог цахилгаангүй болсон үед нарны панелаар хуримтлуулж нөөцөлсөн цахилгаанаа ашиглах боломжтой гэсэн үг юм. Энэ дунд тогны ямар ч гажуудал гарахгүй бөгөөд шууд автоматаар нөөцөлсөн тогоо хэрэглэх боломжтой.
On grid станцийг нэвтрүүлэхэд ямар асуудал тулгарч байна вэ?
Уг системийг нэвтрүүлэхэд хуулийн зохицуулалт, дэд бүтэц зэрэг асуудал яригдана. Хэрвээ шийдэгдэх юм бол сэргээгдэх эрчим хүчний салбарт бизнес эрхэлж буй бидэнд маш том зах зээл нээгдэнэ гэж харж байна. Учир нь томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд гэх мэт их хэмжээний эрчим хүч хэрэглэдэг газрууд on grid системийг суурилуулбал тогныхоо зардлыг хэмнэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, цахилгааны хоёр тоолууртай болно гэсэн үг. Нэг нь улсад мөнгөө төлөн цахилгаанаа хэрэглэдэг тоолуур бол нөгөөх нь үүн дээрээ нэмэгдээд нарны цахилгаан үүсгэвэрээр үүсэх цахилгааны тоолуур юм. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчээр үүсч буй цахилгааны илүүдлийг эргээд улсдаа зарах боломжтой болно. Монголд одоогоор ийм зохицуулалт байхгүй учраас компаниуд on grade системийг тавьж чадахгүй байгаа юм.
Асуудлыг шийдвэрлэхийн тулд хуулийн орчин, дэд бүтэц, санхүүжилт, мөнгө эргэлдүүлэх чадамж гэх мэт төрөөс шалтгаалсан зүйлүүд байна. Нөгөө талаас бизнес эрхлэгчид та бүхэн энэ тал дээр ямар дэмжлэг үзүүлэх вэ?
Уг салбарт ажиллах бизнес эрхлэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа. Гэхдээ шинэ зах зээл, шинэ боломжуудыг нэвтрүүлэхэд мэргэжлийн боловсон хүчин дутмаг байдаг. Сэргээгдэх эрчим хүчээр төгссөн, туршлагатай залуучууд харьцангуй бага байна. Сэргээгдэх эрчим хүчний мэргэжил өөрөө манай улсад орж ирээд удаагүй байгаа. Мөн Монгол улсын өөрийн эдийн засгийн байдал тааруу байна. Сэргээгдэх эрчим хүчний бүтээгдэхүүн харьцангуй өртөг өндөртэй байдаг учраас худалдан авах чадвартай хэрэглэгч, үйлчлүүлэгчид ховор байдаг. Хэдийгээр хэрэгцээ, шаардлага өндөр ч худалдан авах чадвар нь хүрэхгүй тохиолдол гардаг.