Хэрхэн амжилтанд хүрэхээс авахуулаад өөрийгөө хөгжүүлэх хүртэлх тоо тоймшгүй ном, яриа, лекцүүдэд суусны дараа үргэлж нэг л зүйл дутуу үлдчихсэн юм шиг санагддаг байлаа. Харин энэ номыг уншсаны дараа үргэлж орхигддог тэр нэг зүйлийг энэ ном хэлээд байгааг ойлгосон юм.
Уг номыг яагаад унших хэрэгтэй гэж?
Хүн амьдралдаа олон ном уншдаг ч цөөхөн нь л биднийг өөрчилдөг. Аливааг ухааруулсан, өмнө нь хэзээ ч бодож байгаагүй эсвэл ойлгож амжаагүй зүйлсийг бидэнд бодогдуулсан, ойлгуулсан ном гэдэг цаанаа л нандин. Яг л уулзах бүрт дотно санагддаг, ярилцаад суусны дараа урам зориг цээжээр дүүрээд ирдэг найзууд шиг. Эртний танил мэт дурсагдах Тэр л номоо дахин, дахин унших тоолонд хуудасны булангуудад бичсэн тэмдэглэл, тодруулж зурсан мөрүүдээсээ ухаарлыг олно. Миний хувьд энэ ном “One thing” байсан юм.
Ном “Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно” гэх орос ардын үгээр эхлэх нь цаанаа л танил мэдрэмж төрүүлнэ. Олон ажлыг зэрэг амжуулдаг “моод” дэлгэрээгүй хуучин цагт хоёр туулай хөөдөг байсан бид өнөө үед хэдэн туулай хөөж байгаа бол гэж бодохоор нэн сонин. Хөөх туулайнуудын тоо нэмэгдэж, зүгээр ч хоосон өнгөрөөд зогсохгүй нэмээд сэтгэл санааны гутралтай үлддэг болж дээ. Нээрээ л юу хийх ёстойгоо ухаарчихсан, түүнийхээ л төлөө аз жаргалтайгаар хөдөлмөрлөөд, тууштай явж байгаа даа гээд хэлчих хүн залуус бидний дунд тун ч цөөхөн харагдах аж. Бүгд л өдөр тутмын ажилдаа түүртчихсэн, амралтын өдөр ямар хурдан өнгөрөхийг гайхацгааж, хийж байгаа ажлаа солих өч төчнөөн сонголтууд толгойнд нь эргэлдэнэ.
Бүх л зүйлийг хийж болмоор санагддаг орь залуу насанд өдөр тутам шахуу салаа замын уулзвар дээр ирэх шиг. Унасан ч босоод цааш явах нас, эрч хүч нь байгаа үед тэгж бодогдох нь ч аргагүй дээ. Их зохиолч Д.Нацагдоржийн шүлгэн дээр гардгаар “Мянган мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй” шиг мянга мянган боломж цэл залуу насыг чөлөө завгүй татаж чангаана. Энэ бүхнийг та залуу эсвэл идэр насандаа мэдэрч байгаа эсвэл туулаад өнгөрсөн ч учраа ололгүй явсаар байгаа бол уг номыг сөхөөд үзээрэй.
Номонд орших ухаарал: Мөрөөдөлдөө хүрэх нь
Хөгшин залуугүй хүн бүхэн л мөрөөдөл гэх оргил руу ялгаатай зам харгуйгаар мацаж байдаг. Мөрөөдөх амархан ч мөрөөдөлдөө хүрэх хэцүү. Учир нь мөрөөдөх шатаа олон хүн амжилттай “хийчихдэг” ч түүндээ хүрэх бодит төлөвлөө гаргаж, яс мөрддөг нь даанч цөөхөн. Хүн бүрийн мөрөөдөл гэдэг хэзээ нэг өдөр хийх юмсан гэж боддог зүйлс л байдаг. Тиймдээ ч мөрөөдөлдөө хэрхэн хүрэх арга замыг тайлбарласан, зааварчилсан, номлосон ном, яриа, зөвлөгөөтэй бид бишгүй л таардаг. Харин тэр олон “цэцэрхэл” дундаас энэ номны тайлбар надад хамгийн энгийн агаад цэгцтэй санагдсан тул уг номын тэмдэглэлийг бичих хүсэл надад төрснийг нуух юун. Доорх зурагт, хожмын өдөр хийхийг хүсдэг НЭГ зүйлдээ хүрэхийн тулд яг одоо чиний хийж чадах НЭГ зүйл юу вэ гэдгийг бүтцээр харуулав.
Яг л Оросын Матрёшка тоглоом шиг яг одоогийн НЭГ зүйл дотор өнөөдрийн НЭГ зүйл, түүний дотор дараа долоо хоногийн НЭГ зүйл гэх мэт явсаар эцэстээ хэзээ нэг өдрийн НЭГ зүйл дотроос нь гарч ирэх юм. Өнөөдрөө бүх маргааштайгаа холбохын үр дүнг номны ялгаатай хэсгүүдэд төрөл бүрийн жишээтэй оруулж өгсөнтэй уншигч дахин, дахин таарна. Түүний нэг нь “Даалууны нөлөө” аж.
1983 оны Америкийн физикийн нэгэн сэтгүүлд Лорн Вайтхэдийн нэгэн судалгаа хэвлэгдэв. Тэрбээр даалуу унагахдаа зөвхөн ижил хэмжээтэй бусад даалууг унагахаас гадна өөрөөсөө 1.5 дахин том даалууг ч унагаах боломжтойг харуулсан юм. Хожим 2001 онд Сан Франциско хотын Exploratorium (Шинжлэх ухааны музей)-ын физикчид Вайтхэдийн судалгааг бодитоор туршиж үзэв. Ингэхдээ эхний даалууг ердөө 5 см гаруй өндөртэй байрлуулж, дараагийн даалуунуудыг өмнөхөөсөө 1.5 дахин том байхаар эгнүүлсэн юм. Ийнхүү найман ширхэг даалууг цувруулан тавьсны дараа эхнээс нь унагаж эхлэв. Үр дүнд нь найм дахь даалуу пидхийтэл дугарч унасныг туршилтанд ирсэн хүн бүр тодоос тод сонсоцгоосон юм. Хэрэв энэ даалуунууд цаашаагаа үргэлжилсээр байсан бол 23 дахь даалуу нь Эйфлийн цамхгийн өндөртэй, 51 дэх даалуу нь Эверестийн уулын өндөртэй зэрэгцэж явсаар эцэстээ 57 дахь даалуу нь сарыг шүргэхээр урттай сүндэрлэх байлаа. Томоор сэтгэж жижгээр эхлэхийн бодит жишээ нь энэ аж.
“Олон зүйл хөөхөд амьдрал хэтэрхий богино”
Ганц зүйлдээ л төвлөрөх нь амжилтын үндэс аж. Гэвч хүмүүс болон амжилтын хооронд зургаан худал байдгийг номны эхлэл өгүүлнэ: Олон ажлыг зэрэг хийх, сахилга баттай амьдрал, сэтгэлийн хүч болон амьдралын баланс гэх мэт. Эдгээр зургаагийн заримд сахилга бат болон амьдралын баланс зэрэг багтсан нь гайхшрал төрүүлж байв. Гэвч хэсэг тус бүрийг нь уншиж эхлэхэд хэлэх гэсэн утга санаа нь илүү тодорхой болж эхэлсэн юм. Сахилга бат гэдэг бид түүнгүйгээр амжилтад хүрэх боломжгүй мэт санагдтал хүчтэй бодогдох ойлголт болжээ. Гэвч хүссэн зүйлдээ хүрэхэд бидэнд цэрэг дайны үед тавьдаг хатуу сахилга бат хэрэггүй аж. Харин ердөө л амжилтад хүрэхэд хэрэгтэй зуршлуудыг суулгах дайнд л өөрсдийгөө бэлтгэх нь чухал аж. Үүний хамгийн том жишээ нь өдөр бүр зөвхөн хожмын зорилгынхоо төлөө 3-4 цагийг өөртөө гаргаж тухайн ажлаа хийх юм.
Номын тэмдэглэлийн төгсгөлийн оронд
Ном гэдэг маш их санааг хамгийн боломжит аргаар хураангуйлсан хэлбэр. Гэвч зарим ном хааяа хэт нуршсан, сэдвээсээ хазайгаад явчихсан эсвэл заримдаа шаардлагагүй сэдэв, бүлгүүдийг оруулсан байдаг. Харин энэхүү номыг уншаад дууссаны дараа надад хамгийн түрүүнд төрсөн сэтгэгдэл гэвэл аль ч бүлгийг нь хасчихаж болмооргүй байв. Бүлэг бүр өмнөх бүлгийнхээ санааг дэмжиж, дараагийн бүлгийнхээ өгүүлэх зүйлийг холбож өгч, тухайн цогц хэсгээ нэгтгэж өгчээ. Цогц хэсэг бүр ийнхүү нийлснээр энэ ном бичигдсэн ЦОР ГАНЦ шалтгаан болох тэр л НЭГ зүйлийг цогцлоох аж.
Тэр л НЭГ зүйлийг хийснээр бусад зүйл тань хийхэд хялбар болох НЭГ зүйл тань таны хувьд юу вэ? Хэрэв энэ нийтлэлийг уншиж суух нь таны хувьд НЭГ зүйл чинь биш бол яг одоо босоод ирээдүйд хийхийг хүсдэг зүйлдээ хүрэхийн тулд яг одоо юу хийж чадах тэр зүйлээ хийж эхлээрэй. Амьдрал хэтэрхий богино..
Номны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энэ сайтаар нь зочлохыг зөвлөе.
sain bnu ?. ene nom mongol hel deer orchuulagdsan bolovuu?. bayarlalaa
Сайн уу, миний мэдэхээр одоогоор орчуулагдаагүй байгаа