Шинэ старт-ап компани ч бай, олон жилийн үйл ажиллагааны түүхтэй групп компани ч бай ямар ч бизнест эрт, хожим аль нэг үед нэмэлт санхүүжилт шаардлагатай болдог. Бизнесээ өргөжүүлж, дараагийн шатанд гарахад шаардлагатай санхүүжилтийг хаанаас олох вэ?
Бизнесийн цар хүрээгээс шалтгаалж уг санхүүжилтийг босгох арга хэд хэд байж болно. Магадгүй та хуримтлалаараа бизнесээ эхлүүлэх, эсвэл гэр бүл, найз нөхдөөсөө санхүүжилт авах боломжтой. Жил бүр маш олон тооны бизнес эрхлэгч банк, хадгаламж зээлийн хоршоо зэргээс зээл авах зорилгоор бусдаар “төсөл” бичүүлж материалаа бүрдүүлэн зээл авдаг. Зээл авах нь магадгүй зөв сонголт байж болох ч, манай улсын одоогийн нөхцөлд өндөр зардалтайгаас гадна, зөвхөн зээлийн материалд оруулах зорилгоор буруу бичсэн төслийн материалаас шалтгаалж зээлдүүлэгчээс гадна зээлдэгчээ ч эрсдэлд оруулж байна. Дараагийн боломжит сонголт бол хөрөнгө оруулалт татах юм. Өөрийн босгосон компанийн хувийг бусдад зарах нь харамсалтай санагдаж магадгүй ч, энэ нь бизнесийн цар хүрээ нэмэгдэх, компанийн засаглалыг дараагийн шатанд гарахад хамгийн том түлхэц болдог. Хөрөнгө оруулагч ихэвчлэн өөрийн сайн мэдэх, эсвэл ойролцоо салбарын компанид хөрөнгө оруулдаг тул таны компанид зөвхөн мөнгө бус, өөрийн туршлага, мэдлэгээ авчирдаг.
Хөрөнгө оруулагч юу хардаг вэ?
Хөрөнгө оруулалт татахын тулд зөвхөн гоё бизнесийн санаа хангалтгүй. Танд сонирхлыг нь татах хөшүүрэг (pitch), бизнесийн бодит төлөвлөгөө, судалгаа болон хэлэлцээрийн ширээнд суухад аль аль талууд хүлээн зөвшөөрөх хөрөнгө оруулалтын санал буюу компанийн үнэлгээ шаардлагатай. Шинээр бизнес эрхлэгчдийн ихэвчлэн гаргадаг алдаа нь бизнесийн буруу үнэлгээ. Таны хүсч буй мөнгөн дүн компанийн хэдэн хувийг хэдэн төгрөгөөр санал болгож байгаа буюу үнэлгээтэй хамааралтай байхаас биш нийт шаардлагатай мөнгөн хөрөнгөтэй хамааралтай байх ёсгүй. Хэрэв хөрөнгө оруулагч таны үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд татгалзах эсвэл үлдсэн санхүүжилтийг өр, зээлийн аргаар босгохоос аргагүй. Харин хүссэн үнэлгээндээ хүлээн зөвшөөрүүлэхийн тулд бизнесийн сайн төлөвлөгөө шаардлагатай.
Хөрөнгө оруулагч хүний гол зорилго нь бизнесээс хүртэх түүний өгөөж юм. Шинээр бизнес эхлээд удаагүй компани эсвэл старт-апуудад хөрөнгө оруулах гол шалтгаан нь хөрөнгийн зах зээлд гараагүй байгаа компаниуд хэдий эрсдэл өндөртэй ч илүү өгөөж авчрах магадлалтай байдаг. Уг эрсдлийг зөв тодорхойлохын тулд хөрөнгө оруулагч маш олон хүчин зүйлсийг харна. Үүнд, бизнесийн загвар болон төлөвлөгөө, бүтээгдэхүүн, удирдлагын баг, зах зээлийн хэмжээ, өрсөлдөгч, шинэ өрсөлдөгч уг зах зээлд нэвтрэх боломж гэх мэт зүйлсээс гадна хөрөнгө оруулагч уг бизнесээс хэрхэн гарах талаараа бодно. Таны бэлтгэсэн илтгэл, pitch хөрөнгө оруулагчид эдгээр төсөөллийг бий болгоход шаардлагатай мэдээллүүдийг багтаагаагүй бол хөрөнгө оруулалтын хэлэлцээр хойшлох, магадгүй бүтэлгүйтэх эрсдэлтэй.
Хөрөнгө оруулагч олох нь магадгүй удаан, тэвчээр шаардсан ажил байж болох ч та бизнестээ зөв хөрөнгө оруулагч олох нь хамгийн чухал юм. Учир нь шинэ хөрөнгө оруулагч компанидаа нэмсэнээр бизнесийн шинэ хамтран зүтгэгчтэй болж байгаа гэсэн үг. Та ганцаараа байсан үеэсээ илүү хариуцлагатай байх шаардлагатай болохоос гадна компанийн цаашдын шийдвэрүүдийг зөвхөн та ганцаараа бус, хамт гаргаж явна. Иймд өөрийн бизнест зөв хөрөнгө оруулагч олох нь санхүүжилт олохоос гадна тухайн хөрөнгө оруулагчийн мэдлэг, туршлагыг нэмж байгаа гэсэн үг. Бизнесийн санаа, төлөвлөгөө, загвар хэдий сайн байлаа ч хөрөнгө оруулагчдын хувийн шинж чанараас шалтгаалж хөрөнгө оруулагч нарын хооронд үл ойлголцол үүсч компани үйл ажиллагаагаа зогсоох хүртэл тохиолдлууд олон байдаг. “Гэрийн даалгавраа” хангалттай хийж бэлтгэлтэй байснаар та зөв хөрөнгө оруулагчаа татан оролцуулж өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүссэн зах зээлдээ хүргэхэд нэг шат ойртох болно.