Энэ удаа бид загварын бизнест хүч үзэж, хийсэн бүтээсэн ажлынхаа цар хүрээ, цаад агуулгаараа ялгардаг, орчин үеийн жинхэнэ ажил хэрэгч эмэгтэйн төлөөлөл Жаргалсайханы Энхбаяртай ярилцлаа. Гэхдээ тэр EnkhEmpire нэрээрээ хүмүүст илүү танигджээ. “Хаана ч байсан хэрхэн парисчууд шиг байх вэ”, “Бид бүгд феминист байх хэрэгтэй” зэрэг номыг орчуулан хүргэж байсан зэргээс түүний сонголт, мэдрэмжийг баримжаалж болно. Харин тун саяхан тэрбээр зохиолч Йохан Харигийн “Алдагдсан холбоо” хэмээх олон улсын бестсэллэр номыг орчуулж, уншигчдын гар дээр тавиад байна. Шавилхан биетэй, жингэнэсэн хоолойтой энэ бүсгүй үзсэн харсан, явсан туулсныхаа хэрээр аливааг өргөн цар хүрээтэй харахын сацуу хувь, хувьсгалын сонирхлоо сайтар хослуулан авч яваа нэгэн билээ.
Та цөөнгүй оронд амьдарч, олон үндэстний соёлоос суралцсан хүн. Гэхдээ таны талаар хараахан мэдэхгүй уншигчдад маань зориулан өөрийгөө танилцуулахгүй юү?
Би 2007 онд MIU (Mongolia International University) -г бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгссөн. Гэхдээ төгсөхөөсөө жилийн өмнө шалгалтуудаа өгч дуусгаад хүний нөөц, санхүүгийн чиглэлээр Америкийн хөрөнгө оруулалттай компанид ажиллаж эхлээд байв. Ингээд 2011 он хүртэл энэ чиглэлээрээ ажиллаж, мэргэшсэн гэж хэлж болно. Хүний нөөц, бизнесийн стратегийн чиглэлээр ажиллах хугацаандаа жижиг, дунд компаниудад богино хугацааны зөвлөх үйлчилгээ үзүүлэх болсон. Энэ чиглэлээрээ хамгийн сүүлд нэгэн уул уурхайн компанид ажиллаж байгаад бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалахаар Англи улсыг зорьсон маань 2011 он. Сургуулиа төгсчихөөд би цааш үргэлжлүүлэн суралцах сонирхолтой байлаа. Монголд хүний нөөц, байгууллагын стратегийн чиглэлээр компаниудтай гэрээ байгуулж их ажилладаг байсан учраас хуулийн чиглэлээр нэмж суралцсан. Харин эх орондоо 2013 оны сүүлчээр ирж, мэргэжлээрээ ажиллахын хажуугаар EnkhEmpire брэндээ үүсгэж, 2015 он хүртэл эмэгтэй бэлэн хувцас хийж байв. Багаасаа загварт сонирхолтой байсан маань Англид очсоны дараа жинхэнэ утгаараа нээгдэж, ажил хэрэг болгох ёстойг ойлгосон гэх үү дээ. Тиймээс ч Монголдоо ирээд сонирхлынхоо дагуу ажиллаж, Made to Measure хувцаснуудаа онлайнаар худалдаалж, улмаар өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болж амжсан. Ихэвчлэн Монголд амьдардаг гаднынхан хувцсыг маань сонгож өмсдөг байлаа. Мөн ондоо “Хаана ч байсан хэрхэн парисчууд шиг байх вэ” номоо албан ёсны эрхтэйгээр орчуулан гаргасан. Үүний хажуугаар би хуулийн чиглэлээр дахин суралцах хүсэлтэй байсан учраас хоёр ч жил дараалан Францын Сорбоннын их сургуульд өргөдлөө өгсний дүнд 2016 онд тэнцэж, дараа жил нь олон улсын бизнесийн хуулийн чиглэлээр магистрын зэргээ хамгаалж байв. Уг сургууль үе үеийн томоохон хуульчдыг төгсгөсөн төдийгүй түүхэнд нэртэй улстөрчдийг төрүүлэн гаргаснаараа онцлог. Монголд байхдаа би ноолуурын компаниудад хагас цагаар стилист хийж, зураг авалтуудад нь зөвлөх байдлаар ажиллаж байсан туршлагатай. Өөрөөр хэлбэл, загварын сонирхлоо тээсээр Европыг дахин зорьж, очоод удаагүй EnkhEmpire брэндээс салбарласан EnkhEmpire Cashmere нэртэй ноолууран хувцасны шугамыг бий болгож, улмаар Франц, Швейцарь улсын зах зээлд худалдаалж эхэлсэн. Ер нь би нэгэн зэрэг олон ажлыг давхцуулж, хослуулж хийх дуртай. Магадгүй энэ миний төрөлх мөн чанар, онцлог байх.
Ингээд ч та суралцахаа зогсоогоогүй байх аа?
Сорбоннын их сургуулийг төгссөнийхөө дараа би Япон улсыг зорьсон. Хавар нь Европт сургуулиа төгсчихөөд намар нь Ази тив рүү ниссэн. Харин энэ хооронд буюу зун нь би монгол ноолуураар хувцас хийхээр зорьж буй Францын нэгэн компанитай гэрээ байгуулан ажиллаж, анхны цуглуулгынх нь загварыг гаргаж өгсөн. Бүтээсэн загварууд маань одоо ч Францад худалдаалагдаж байгаа. Монгол бараг л ноолуурын эх оронд тооцогдож байна. Тийм ч учраас Монголоос түүхий эдээ авах сонирхолтой компани маш олон бий. Японд жил хагас гаруйн хугацаанд ажиллаж, амьдраад 2018 онд Монголдоо эргэн ирж EnkhEmpire паблишинг компаниа байгуулсан. Миний хувьд зорилго, стратеги маань том байх албагүй, харин зөв байх хэрэгтэй гэж үздэг. Үргэлж зөв зүйлийн төлөө л хөдлөх хэрэгтэй. Магадгүй хийж буй ажил маань жижиг байх тусам илүү их үнэ цэнийг бий болгох боломжтой. Энэ ч үүднээсээ одоо EnkhEmpire паблишинг болон EnkhEmpire Cashmere-ийн ажлууддаа төвлөрч байна.
Сүүлийн үед ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхолтой компаниуд олширч байна. Зарим нь хилийн чанадад компаниа байгуулж, бизнесээ эхлүүлэх боллоо. Эдгээр компаниас EnkhEmpire Cashmere-ийн ялгарах онцлог?
Хүмүүс ноолуурыг их сонирхож, энд тэнд бүтээгдэхүүн гаргах болсон. Монгол ноолуурыг түүхийгээр нь биш, харин боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон нэмүү өртөг шингээж гаргах нь үнэ цэнтэй. Бид бол гуравхан саяулаа ч агуу түүхтэй ард түмэн. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй. Бидэнд маш их баялаг бий. Гагцхүү баялгаа өөрийн оюун ухааныг ашиглаж, үнэ цэнийг бий болгон экспортолж эхэлбэл дэлхийн аль ч өнцөг буланд амжилтад хүрэх бүрэн боломжтой. Үүнийг л монголчууд маань олж харсан болов уу. Монголын ноолуурын брэндийн бүтээгдэхүүний талаар гаднынхнаас асуухад загварын хувьд хангалтгүй байна гэсэн санал их хэлдэг. Мэдээж хэрэг бид хөгжиж, дагаад загварууд ч сайжирч байгаа. Ноолуур бол тогтвортой, органик бүтээгдэхүүн. Ноолуурын Mandkhai, Oyuna зэрэг брэндийн загварууд бүгд л өөрийн гэсэн онцлогтой. Хэрэв тууштай, ухаалаг ажиллаж чадвал эдгээр брэнд бүгд л амжилтад хүрэх боломжтой.
EnkhEmpire Cashmere-ийн хувьд Made to Measure брэнд. Одоогоор каталоги гаргаж, түүнээсээ захиалга авах хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Made to Measure брэнд учраас хэрэглэгч тухайн загварын хэмжээ, өнгө зэргийг өөрийн онцлогт тохируулан өөрчлөн захиалах бүрэн боломжтой. Газарзүйн хувьд хол учир цаг хугацаа ордог ч үнэ цэнийг бий болгосон гэдэг утгаараа дэлхийн аль ч булангаас манай бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой. Одоо бидний зорьж буй зах зээл бол Казахстан. Монголтой ойролцоо соёлтой учраас тус улсыг сонгосон. Одоогоор манай бүтээгдэхүүн Франц, Швейцарийн хэрэглэгчдэд хүрч буй.
EnkhEmpire Cashmere-ийн бүтээгдэхүүнүүд загварын хувьд ямар онцлогтой вэ?
Би өөрөө хоёр хуваагдчихсан хүн. Нэг талдаа бизнес, хуулийн хүн. Нөгөө талдаа уран бүтээлч маягийн хүн. 100 хувь уран бүтээлч, эсвэл 100 хувь бизнес эрхлэгч ч биш. Тиймээс загвараа маш сайн бодож, логиктой бүтээхийг хүсдэг. Уран бүтээлч талаа дагавал маш сонирхолтой, харин бизнес талаа дагавал уйтгартай зүйл ч гарч мэднэ. Энэ хоёрыг холиод хамгийн сүүлд гаргаж ирж буй загвар маань Cashmere Wardrobe буюу хүний хувцасны шүүгээнд байж болох бүхий л төрлийн ноолууран бүтээгдэхүүнүүд байх юм. Ноолууран дотоож, цээживч, шорт, майкнаас эхлээд пальто, ороолт, шааль хүртэлх бүтээгдэхүүн гарч байгаа. Миний хувьд олон бүтээгдэхүүн гаргах нь чухал биш. Харин загварын хувьд минималист, дэгжин байлгахыг зорьж байна. Өнгөний сонголт маань ихэвчлэн хар, эсвэл цайвар, саарал зэрэг өнгө байдаг. Мэдээж маш олон өнгө гаргаж буй брэндүүд байдаг ч манай брэндийн тэднээс ялгарах онцлог бол минималист стилийг илүүтэй баримталдаг. Тэр дундаа илүү дэгжин загвартай бөгөөд өөр хооронд нь хольж өмсөх боломжтой.
EnkhEmpire брэндийн нэрний утга учрыг тайлбарлаж өгөхгүй юү?
Англид суралцаж байхад найзууд маань Энхбаяр гэж хэлж чадахгүй Энбаяар гэж намайг дууддаг байлаа. Сүүлдээ дуудлага нь төстэй учраас Empire гэж англи үгээр орлуулан хөгжилтэй маягаар дуудах болсон. Намайг Монголдоо очоод өөрийн эзэнт гүрнийг байгуулах юм байна гэж найзууд маань хөгжилддөг байлаа. Дараа нь би эх орондоо ирээд өөрийн брэнддээ тохирох нэр хайж байхдаа ер нь яагаад ингэж нэрлэж болохгүй гэж бодсон. Гэхдээ EnkhEmpire брэндийн нэрээ эзэнт гүрэн цогцлооё гэдэг утгаар биш зүгээр л хөгжилтэй байдлаар, миний нэртэй төстэй учраас, мөн компьютер дээр янз бүрийн фонтоор бичиж үзэхэд үзэмжийн хувьд надад их таалагдсан болохоор л өгсөн дөө.
Дэлхий өөрөө маш баялаг. Бидний өмнө цонх томоор нээгдэж байна.
Гаднын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахаар зорьж буй хүмүүст та юу гэж зөвлөх вэ. Ямар алхмаас эхлэх ёстой вэ?
1990-ээд оноос хойш 30 жилийн хугацаанд ямар ч бизнес эрхэлсэн бай дорхноо хөл дээрээ босохын зэрэгцээ нэг их мэдлэг боловсрол шаардахгүйгээр үйл ажиллагаагаа явуулж болдог байв. Харин дараагийн үеийн бизнесүүд мэдлэгт илүү тулгуурлах боллоо. Мэдлэгийн үнэ цэнийг ухаарч, цар хүрээг нь тэлж чадвал бид асар их боломжийг олж харах боломжтой. Тиймээс жижиг, дунд бизнес эрхлэгчид, уран бүтээлчид, стартап бизнесийнхэн олон зүйлийг сурч мэдэх тэмүүлэлтэй, сониуч байх ёстой. “Би чадахгүй” гэж өөрөө өөртөө хаалт үүсгэж болохгүй. Дэлхий маш баялаг. Бидний өмнө цонх томоор нээгдэж байна. Монгол хүний потенциаль маш өндөр гэдгийг бид харуулаад эхэлчихлээ.
Та хуульч мэргэжилтэй. Тэгвэл мэргэжлийн тань онцлог бизнес эрхэлж, гаднынхантай хамтран ажиллахад хэрхэн нөлөөлдөг вэ?
Би урлагийн сургуульд сурч дизайнер, уран бүтээлч болох байж дээ гэж харамсдаггүй. Харин ч зөв мэргэжлээ сонгож суралцсан гэж боддог. Чиний хэлснээр гаднын зах зээлд гарахад гэрээ, бичиг баримт гэдэг маш чухал. Тухайн улсынхаа хууль, эрх зүйн орчны талаар мэддэг байх, хэдий хэр хэмжээний татвар хаана төлөх вэ гэх зэрэг наад захын ойлголт, мэдээлэлтэй байх хэрэгтэй. Хуульч мэргэжилтэй учраас хуулийн зөвлөхтэй хамтран ажиллах шаардлага надад төдийлэн гардаггүй. Олон улсын бизнесийн хуулийг судалсан маань бизнес эрхлэхэд хамгийн том тулгуур болдог. Нөгөө талаар би өөрөө судалж мэдэхийн зэрэгцээ Сорбоннын их сургуульд хамт суралцаж байсан ангийнхан маань дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж байна. Ер нь гадагшаа гарахад босго даваад л хуулийн мэдлэг шаардагдаж эхэлдэг.
Бизнес эхлүүлэхээр төлөвлөж байгаа хүнд та юу гэж зөвлөх вэ?
Хамгийн түрүүнд өөрөөсөө нэг л чухал асуултыг асуух хэрэгтэй санагддаг. -Би үүнийг үнэхээр хийхийг хүсэж байна уу?- Энэ асуултыг өөрөөсөө асууж, тал бүрээс нь яаралгүй бод. Хэрвээ чи “Тийм ээ” гэж хариулж байвал ажлынхаа 90 хувийг хэдийнэ дотроо хийж гүйцэтгэсэн гэсэн үг. Шийдвэрээ гаргачихсан байхад хүнд арга, ухаан олддог. Тэрхүү арга, ухааныг мэдлэг боловсрол, сониуч байдал, хүмүүстэй үүсгэх харилцаанаас л олно. Нүдээ нээгээд эргэн тойрноо сайтар хар. Битгий хоёр нүдтэй юм шиг бай. Толгойныхоо эргэн тойронд дүүрэн нүдтэй юм шиг л бай. Хэл сайн сур хэрэгтэй.
Та англи, франц, япон хэлтэй. Магадгүй эдгээр хэлийг сурсан арга барилыг тань манай уншигчид сонирхож байж мэднэ?
MIU-д суралцаж байхдаа солонгос хэл үзэж, солилцооны хөтөлбөрөөр Өмнөд Солонгост очиж байсан учраас солонгосоор мөн ярьдаг. Гэхдээ солонгос хэл маань мартагдах гээд л байна. Ер нь англи хэл сурчихаад болчихлоо гэдэг эрин үе хэдийнэ ард үлдсэн. Хэл гэдэг маш чухал. Мэдлэгээ дээшлүүл. Тархиа задал. Сониуч бай. Хэзээ ч одоо хангалттай гэж зогсолгүй, үргэлж шинийг эрэлхийлэх нь хүнд их боломжийг нээдэг юм байна. Дээр нь аливаа хийж буй ажил заавал том байх албагүй. Өөрийн гэсэн жижиг, часхийсэн бизнесийг дэлхийн аль нэг буланд гаргачихсан байхад боломж бүгдэд нээлттэй. Мэдлэгээ л дээшлүүлэх хэрэгтэй.
“Бид бүгд феминист байх хэрэгтэй” эсээг та орчуулж, уншигчдад хүргэсэн. Ер нь феминизмийг та өөрийнхөөрөө юу гэж тайлбарлах вэ?
Феминизм бол шашин биш. Гэхдээ сүүлийн үед энэ талаар нэлээд яригдах болсон учраас хүмүүс харьцангуй мэдээлэлтэй болсон байх. Феминизмийг би хүний эрх, эрх чөлөөний тухай ойлголт л гэж үздэг. Өөрөөр хэлбэл, трансжендэр, гей, сисжендэр, бисексуаль гээд ямар ч хүйсийн чиг баримжаа, бэлгийн чиг баримжаатай бай бүх хүн эрх тэгш байх ёстой талаар л яриад байгаа юм. Эдийн засаг, нийгэм, гэр бүл, хууль, эрхзүйн хувьд эрх тэгш байх. Жишээлбэл, бид ижил түвшний боловсрол, ижил мэргэжил эзэмшчихээд хүйсээрээ ялгаварлуулж, “Чи эрэгтэй учраас дарга болчих”, “Эмэгтэй хүн учраас хүүхэд төрүүлээд явчихаж магадгүй. Тиймээс ажилд авах боломжгүй байна” гэх зэрэг хандлагатай тулгарах нь хэр зэрэг эрх тэгш вэ?. Бид ижил мэргэжил, боловсрол эзэмшсэн бол эрхээ ч мөн ижил тэгш эдлэх ёстой. Хэн ухаантай, чадвартай байгаа нь л удирдлагын түвшинд ажиллах нь шударга. Тэгэхээр феминизм гэдэг бол эрэгтэй хүнийг үзэн ядаж, эмэгтэй хүн эр хүн шиг болох тухай асуудал биш. Феминизм гэж “Би хүчтэй”, “Би чадна” гэсэн ууртай эмэгтэйчүүдийг ч хэлдэггүй. Энэ бүхэн хүмүүсийн тархинд суусан маш буруу ойлголт. “Бид бүгд феминист байх хэрэгтэй” гэдэг үгийг нөгөө талаас утгачилж ойлговол “Бид бүгд хүйсийн хувьд эрх тэгш байх эрхтэй” л гэсэн үг. Би ингэж л ойлгодог. Тиймээс ч би өөрийгөө феминист гэж үздэг.
Би нэгэн зэрэг олон ажлыг давхцуулж, хослуулж хийх дуртай. Магадгүй энэ миний төрөлх мөн чанар, онцлог байх.
Та олон газраар ажлын болон хувийн шугамаар аялдаг. Тэгэхээр аяллаас та юу олж авдаг вэ. Аль эсвэл юу олж авахыг хүсдэг вэ?
Энэ асуултыг би өөрөөсөө олон удаа асууж байна. Мэдээж аялах дургүй хэн байх вэ. Сүүлийн үед боломж их нээгдэж байгаа учир хүмүүс аль болох аялахыг боддог болсон. Би ч тэдний л нэг. Аялж явахдаа энэ газрын чухам юу нь надад таалагдаж байна, энэ газар орноос би юу сурч мэдэж байна вэ гэж өөрөөсөө байнга асуудаг. Харин сүүлд надад ямар хариулт төрөх болсон бэ гэхээр аялах тусам өөрийгөө ямар өчүүхэн гэдгээ би мэдэрдэг. Гэхдээ хэчнээн өчүүхэн байсан ч томоохон хувь нэмэр оруулах боломж бидэнд үргэлж байдгийг олж харж байна. Миний хувьд хүмүүсийн тэр бүр очдоггүй газар руу аялахыг зорьдог. Хэний ч мэдэхгүй шахам жижиг хот, тосгонд очиж, тэнд амьдрал хэрхэн өрнөж байгааг харахыг хүсдэг. Аялахдаа дандаа онгоцоор нисэлгүй, газраар, машинаар, галт тэргээр, явган гэх зэрэг олон хэлбэрээр зорьсон газраа хүрэхийг боддог доо. Ингээд явж байхад хүний мөн чанар, дэлхийд ертөнц хэрхэн үүсэн талаар гээд олон янзын эргэцүүлэл рүү хөтөлдөг. Өөр хоорондоо царай төрх, хэл, соёл, ёс заншлаараа ялгардаг ч дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүн бүр яг адилхан төрнө, үхнэ. Энэ бүхнээс үүдээд би гэдэг урсан өнгөрч байгаа хувьслын дундах жижигхэн цэг гэдгээ л ухаардаг. Гэхдээ энэ цэгийг томруулж, тодруулах боломж бий. Харин аяллаас эргэн ирээд яг энэ мэдрэмжээрээ ажиллах маш гоё. Тиймээс ч энэ мэдрэмжийг мартахгүйн тулд би аялах дуртай.