The Economist 2018 онд 175 жилийн ойгоо тохиолдуулан XXI зууны зах зээл, эрх чөлөө, технологийн талаар ярилцах Open Future-ийг эхлүүлсэн юм. Энэ тусгай булан 2019 онд болон түүнээс цаашхи жилүүдэд олны анхаарлыг татах сэдвүүдэд төвлөрч, зарим онцгой үйл явдлыг танилцуулна.
Хулчгар зан, харгислал, зовлонгийн дунд баатрууд ч бий: хэрэв тэд нэгдвэл яах вэ?
Зейд Раад Аль Хуссейн, НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар асан
Хүний бүх зан чанарын эх үндэс учраас хамгийн хүндлүүштэй нь эр зориг мөн гэж Уинстон Черчилль хэлжээ. Түүний зөв. Эр зориг бол өөрийгөө золиослосон, хүчирхийллээс ангид, даруухан, нийтлэг зарчим дээр үндэслэсэн байдгаас гадна асар хүчтэй зүйл билээ. Махатма Ганди эсвэл Мартин Лютер Кингийг санагтун. Харамсалтай нь эр зориг тун ховор.
Өнөөгийн зарим улс төрч, тухайлбал Америкийн Дональд Трамп, Унгарын Виктор Орбан, Италийн Маттео Салвини нар улсынхаа эрэмгий лидер болж харагдахыг хүсдэг. Тэд нийгмийн хамгийн эмзэг бүлгийг хохироон байж өөрсдийн имиджээ дөвийлгөдөг. Тэд бол дээрэнгүй лидерүүд. Тэдний тоо яагаад нэмэгдэж байна вэ гэвэл бусад улс төрчид дэндүү арчаагүй байгаа учраас. Амин хувиа хичээгээд дэндүү завгүй эсвэл удирдагчдын эсрэг тэмцэхээс дэндүү айсан тэд хөглөрсөн цаасан дундах нам гүм аюулгүй байдалдаа хоргодож буй. Дэндүү олон уулзалт этгээд эсвэл улиг болсон үгсээр хахсан утга учиргүй арга хэмжээ болжээ.
Бидэнд юу дутагдаж байна гэвэл хамтран ажиллах чин хүсэл, зориг. Дэлхийн олон асуудлын шийдлийг олохын тулд улс орнууд хамгийн дээд түвшинд хамтдаа хөдөлдөг байсан систем ялзарчээ. Дэлхийн улс төрчид өөртөө үйлчлэхэд дэндүү анхаардаг болж нөгөө талаас эмзэг бүлгийнхнийг энэрэхэд хэтэрхий өширхсөн хүмүүс болцгоочихсон. Энэ нь зөвхөн тэдний төдийгүй бусад бүх хүний ирээдүйг эрсдэлд оруулна.
Гэвч найдвар бий. Бид сонгуулиар гарч ирсэн гаднынхныг үзэн ядагч, зальт этгээдүүдээс бус олон нийтийн идэвхтнүүдээс үлгэр дуурайлал авах ёстой. Тэд бол бүхнээ, бүр амь насаа ч хүний эрхийг хамгаалахын төлөө зориулахад бэлхэн олон нийтийн болон нийгмийн хөдөлгөөний удирдагчид юм. Тэдний баатарлаг үйлс нь цэвэр, амь биеэ үл хайрлам байдаг.
Нийтийн сайн сайханд аюул учруулж буй чадваргүй, амиа хичээсэн, харгис зан болон бусад аюулыг эсэргүүцэж дэлхий даяар 100 саяас олон хүн жагсвал, улстөрчдөд “шок-эмчилгээ” болно.
Жинхэнэ манлайлал гэж Афганистаны Сима Самарын үйл хэргийг хэлэх байх. Тэрбээр амь насанд нь аюул учрахыг үл хайхран улсынхаа хүний эрхийн бие даасан хороог аймшиггүйгээр удирдаж байна. Жинхэнэ манлайлагч бол Тайландын Ангхана Нийлапайжит. Тэрбээр нөхрөө 2004 онд сураггүй болсноос хойш хүн хулгайлах явдлын эсрэг цуцалтгүй тэмцэж буй. Хүчирхийлүүлсэн эмэгтэйчүүдийг эмчилдэг Конго улсын эмэгтэйчүүдийн эмч Денис Муквегегийн үйл хэргээс жинхэнэ манлайллыг харж болно. Тэд бол өнөөдөр бидний дунд оршин буй зүрх зориг, манлайллын олон жишээнүүдийн цөөн хэд нь юм. Доктор Муквеге 2018 онд Язидын хүний эрхийн идэвхтэн Надиа Мурадын хамт Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн нь дэлхий даяарх олон нийтийн манлайлагч нарт хүн төрөлхтөн тэднийг сонсож байгааг харуулсан явдал боллоо.
Хэдий зарим идэвхтэн хувийн эрх ашгийн төлөө дуугарч, орон нутгийн нэрийн өмнөөс явцуу тэмцэл өрнүүлдэг ч өргөн хүрээг хамарсан нийгмийн хөдөлгөөнийг тэргүүлэгчид олон бий. Гэвч дэлхий даяар тэд нэгдсэн зохион байгуулалтад ороогүй байна.
Хэрэв тэд үнэхээр нэгдвэл яах вэ?
Хэрэв бүх хөдөлгөөн бие биенээ чөлөөтэй, идэвхтэй дэмжвэл юу болох вэ? Нийтийн сайн сайханд аюул учруулж буй чадваргүй, амиа хичээсэн, харгис зан болон бусад аюулыг эсэргүүцэж дэлхий даяар 100 саяас олон хүн жагсвал яах вэ? Нэгдсэн удирдлагатай, төвлөрсөн, хүний эрхийн төлөө хөдөлгөөнд бизнесийн манлайлагчдын дэмжлэг шаардлагатай. Том бизнестэй хамтарч мөн тэднээс санхүүжилт авах нь хүн төрөлхтөнд заналхийлж буй аюултай эсвэл хэрэгцээгүй улс төрчдөд зориулагдсан шок эмчилгээ байж болох юм. Энэ оноос эхлэн“цэргүүдээ” цуглуулж, хамтын сайн сайхны төлөө нэгдсэн фронтоор ажиллах цаг иржээ.
The Economist-ийн World In сэтгүүлийн“Нээлттэй Ирээдүй” тусгай булангаас