Товч:
Доржнамжилын Болор
- Эн Си Эс компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
- ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн
- Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн гишүүн
- Монголын менежментийн зөвлөхүүдийн институтын зөвлөх
Ажиллаж байсан компаниуддаа менежментийн шилдэг арга барил, стандарт, арга хэрэгслүүдийг идэвхтэй ашиглаж өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ хамт олноо хөгжүүлж нэгэн зорилго, нэгэн хүсэл зоригийн дор зангидаж, олон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, шинэчлэлийн тэргүүн эгнээнд явсан Д.Болорыг бид Business.MN сэтгүүлийнхээ энэ удаагийн дугаарын “Манлайлагч” буландаа урилаа. Түүний ширээн дээр засаглал, менежментийн холбогдолтой номнууд голдуу харагдаж байсан нь бидний голлон ярилцах сэдэвтэй дүйж байлаа. Ярилцаж суухад тэр багагүй хошин шогийн мэдрэмжтэй төдийгүй тун залуу сэтгэлгээтэй нэгэн гэдэг нь мэдрэгдэж байв. Энэ бодлыг минь таах мэт “Миний хувьд залуучуудыг бүх боломжоороо дэмжиж хөгжүүлэхийг хичээдэг. Тэд бол Монгол Улсын ирээдүйн эзэд. Үүрэн холбооны салбарын нэг онцлог бол энд ажиллаж буй хүмүүсийн дийлэнх нь залуучууд. Тийм ч учраас залуусынхаа хүсэл мөрөөдлийг мэдэрч, ойлгож, зорилгожуулж, сэдэлжүүлэх нь надад чухал байдаг байлаа. Одоо сургалт-зөвлөх үйлчилгээний салбарт мөн л залуу бизнесменүүдтэй голдуу ажиллаж байгаа болохоор сэтгэлээрээ залуу яваад байх санаатай (инээв)” гэж тэр хэллээ.
Ихээхэн хүчин зүтгэл, санаачлага, мэдрэмж шаарддаг CEO-ийн албанд хориод жил хоёргүй сэтгэлээр зүтгэхдээ Д.Болор Монголын харилцаа холбооны салбарын нүүр царай болсон томоохон компаниудыг амжилттай удирдан ажиллаж байв (“Монголын Цахилгаан Холбоо ХК”, “Ньютел”, “Мобиком”, “Скайтел”). Магадгүй “Би ажиллаж байсан компаниа өөрийн өмч шиг л бодож бүх цаг хугацаа, эрч хүчээ зориулдаг байсан” гэсэн хариулт нь энэ бүхний шалтгаан байх. Тэрбээр зориуд нэгэн зүйлийг тодруулж хэлэхдээ: “Хүмүүс миний ажлын түүхийг хараад “Захирлын донтой нөхөр байна” гэж буруугаар ойлгочих вий. Би харилцаа холбооны эдгээр томоохон компаниудад захирлаар ажиллахдаа нэг ч удаа “Захирлаар чинь ажиллая” гэж өөрөө гуйж, элдэв арга хэрэглэж үзээгүй. Тухайн компаниудын удирдлага, хөрөнгө оруулагчдынх нь хүсэлтээр, урилгаар л очиж байсан юм” хэмээв.
Харин гурван жилийн өмнөөс тэр өөрийн энэ бүх мэдлэг, туршлагадаа тулгуурлан багаа бүрдүүлж Эн Си Эс (National Consulting Service) хэмээх сургалт-зөвлөх үйлчилгээний компаниа байгуулжээ. “Өнөөгийн Монголын бизнесийн орчин болоод компаниудын менежментийн түвшин, засаглал тун хангалтгүй байна. Манай улс чөлөөт зах зээлийн системд шилжээд 30 жил болоход олон улсын хэмжээнд өөрийн брэндээ таниулсан монгол компани хэд байна вэ? Үнэндээ бараг байхгүй шүү дээ” гэж хэлснээрээ тэр өөрийн ирээдүйн зорилгоо давхар зураглачих шиг.
-Та зөвлөх үйлчилгээний салбарт хөл тавиад удаагүй байна. Энэ салбарыг сонгох болсон шалтгаан болон цаашдын зорилгоосоо бидэнтэй хуваалцахгүй юү?
Олон улсын бизнесийн туршлагаас үзэхэд, компаниудын өрсөлдөх чадвар тогтвортой хөгжил нь түүний менежментийн түвшин, засаглалын байдалтай шууд хамааралтай төдийгүй улс орны эдийн засгийн аюулгүй, тогтвортой байдал ч эргээд компаниудын хөгжлийн түвшнээс шууд хамааралтай байдаг.
Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс гаргадаг “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2019”-д Монгол Улс 63 орноос Венесуэл улсын өмнө буюу сүүлээсээ хоёрдугаарт эрэмбэлэгдсэн хэвээр байна. Өмнөх жилүүдэд ч ийм л байсан.
Миний хувьд 2016 онд Скайтел компанитай хийсэн гэрээний хугацаагаа дуусгаад зөвлөх үйлчилгээний салбарт ажиллахаар шийдсэн шалтгаан бол өнөөгийн Монгол Улсын хөгжлийг сааруулж буй гол асуудал болох төрийн болон хувийн хэвшлийн компаниудын менежмент, засаглал тун хангалтгүй түвшинд байгаатай холбоотой. Бид өөрсдийн олон жилийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээр эзэмшиж Монголдоо нутагшуулсан олон улсад хэрэглэгддэг менежментийн шилдэг арга барил, стандарт, хэрэгслүүд, мэдлэг туршлагаа бизнесменүүдтэйгээ хуваалцаж улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор Эн Си Эс компаниа байгуулсан.
Зөвлөх гэдэг чинь эмч шүү дээ. Ямар өвчин туссаныг тодорхойлж, тэр өвчтэй цэгийг олж анагаах нь зөвлөхийн үүрэг.
Манай компани аливаа байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлийг оновчтой тодорхойлж өгөхөөс эхлээд бизнесийн системээ бий болгоход нь туслах бизнесийн цогц зөвлөх үйлчилгээ эрхэлдэг. Өнөөгийн бизнесийн асар их өрсөлдөөнт орчинд Монголын бизнесменүүд бизнесээ амжилттай авч явахад шаардагдах мэдлэг, туршлагыг аль болох богино хугацаанд эзэмших нь л чухал болоод байна. Үүнтэй уялдуулан 2018 онд 20 гаруй жил мэдээлэл, харилцаа холбооны томоохон компаниудыг удирдан ажиллахдаа жирийн менежерээс компанийн гүйцэтгэх дээд удирдлага (CEO) хүртэлх замыг туулсан өөрийн туршлагадаа үндэслэн “Компанийн гүйцэтгэх дээд удирдлага буюу CEO” номынхоо нэгдүгээр дэвтрийг, мөн Монголын менежментийн зөвлөхүүдийн институт (ММЗИ) -ийн зөвлөхүүдтэй хамтран ЖДҮ бизнесменүүдэд зориулан “Бизнесийн зөвлөх ном” бичсэн. Эдгээр ном удирдах алба хашиж байгаа болон өөрийгөө бэлтгэж буй бүх хүнд зориулагдсан. Түүнчлэн бизнесийн шинэ залуу үеийнхэнд зориулан CEO номынхоо үргэлжлэл болгож хоёрдугаар дэвтрээ захирлуудтайгаа хамтран бичиж дуусах шатандаа явж байна.
-Та багийнхныхаа талаар танилцуулахгүй юү?
Манай зөвлөхүүдийн дийлэнх нь “Ньютел” компаниас эхлэн надтай хамт ажиллаж байсан залуус. Эн Си Эс компанийн маань алсын хараа бол “Монголд нутагшсан дэлхийн туршлагаар таныг хөтөлнө”. Дэлхийн туршлага гэхээр зөвхөн гаднынх биш Монголын туршлагыг ч мөн багтааж байгаа юм. Бидний эрхэм зорилго бол ойрын таван жилдээ 100 компанид хүрч ажиллах. Одоогоор бид 27 компанитай урт, богино хугацаанд сургалт, зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтран ажилласан байна. Бизнес болон технологийн хүрээнд хөгжил асар хурдацтай явагдаж өнөө цагт зөвлөх хүн өөрийн хуримтлуулсан туршлагаас гадна сүүлийн үеийн мэдээлэл, мэдлэгээс хоцрохгүй байж, байнга өөрийгөө хөгжүүлж, үзэж судалж байх шаардлага тавигддаг.
-Та инженерээр ажлын гараагаа эхлээд дараа нь удирдах албан тушаалд очиход тулгарч байсан бэрхшээл, тэрхүү шилжилтийн үеийг хэрхэн даван туулсан бэ. Тухайн үеийн захирал, өнөөдрийн захирал хоёроос цаг үе өөр зүйл шаардаж байна уу, эсвэл ямар ч цагт удирдагчаас нэг ижил суурь зарчмыг шаардсаар ирсэн үү. Таны бодлоор?
Ер нь инженерийн мэргэжил технологийн дүрэм, журмыг хатуу мөрдөж ажиллахыг шаарддаг болохоор ажилдаа хариуцлагатай, сахилга баттай байж, асуудлыг оновчтой, шуурхай шийдэх чадвар хөгжиж, төлөвшдөг. Мөн бусад ажил мэргэжил рүү хөрвөх чадвар илүү байдаг. Инженер мэргэжлийн ажлын үйл явц үр дүнг хянах, дүгнэлт хийх, асуудлыг шийдэх, туршлага мэдлэгт ач холбогдол өгөх, өөрчлөлт хийх, бусдаас суралцах, санал солилцох давуу талууд нь миний удирдах арга барилд ихээхэн эерэг нөлөө үзүүлсэн гэж боддог.
Мэдээж хэрэг, удирдах ажлын бэлтгэл, туршлага багатай хүнд компанийн дээд удирдлагын түвшинд олон хүнийг удирдаж ажиллана гэдэг хэцүү ч удирдлага, хамт олон нь танд итгээд томилж байгаа тохиолдолд богино хугацаанд “үйлдэн суралцах” замаар менежмент, манлайлалд өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай болдог. Техниктэй биш хүнтэй ажиллана гэдэг бол огт өөр асуудал. Удирдлагын арга барилын хувьд захирал болон туршлагатай ахмад дарга нар, төслийн гадаад мэргэжилтнүүдээс суралцаж байлаа. Тэр үед буюу 1996 онд бизнесийн менежментийн чиглэлээр унших ном, сурах бичиг, сургалт, көүч, ментор гээд аль аль нь байсангүй. Харин 2000 оноос Удирдлагын академийн бизнесийн удирдлагын анхны магистрын сургалтад суралцсанаар их зүйлийг сурч мэдсэн.
Техниктэй биш хүнтэй ажиллана гэдэг бол огт өөр асуудал.
Одоо цагт миний удирдах ажил хийж эхэлж байсан үеийнхээс огт өөр шаардлага тавигдаж байна. Тухайлбал, албан ёсны болон албан бус эрх мэдлийг хослуулах, үлгэр дууриалал үзүүлэх, ажилтнуудаа айлган сүрдүүлэх биш сэдэлжүүлж, урамшуулж, ур чадварыг нь хөгжүүлэх замаар оролцоог нь хангах, дүрэм журмаас илүүтэй зорилгоор удирдаж өөрчлөлт хийх гэх мэт.
Доржнамжилынх хэмээх найман хүүхэдтэй өнөр айлын ууган хүү Болорт “Улаанбаатар төмөр зам”-д илчит тэрэгний машинист, сургагчаар олон жил ажилласан Монгол Улсын хөдөлмөрийн баатар аавынх нь нөлөө, мөн хүүхдийн техник сэтгэлгээг хөгжүүлэх орос сэтгүүлүүд болох “Мастерок”, “Юный текник”, “Моделист конструктор”, “Техника и Молодёж”-ийг уншдаг байсан нь багаасаа техникт сонирхолтой болоход нөлөөлжээ. Бага ангид байхаасаа л тэр авто загвар, нисэх загварын дугуйлангуудад тасралтгүй суралцаж, бүтээсэн онгоцны загвараа радио удирдлагаар удирдахын тулд радиоэлектроник сонирхох болж, энэ мэргэжлээрээ дээд боловсрол эзэмшсэн нь ч буруудсангүй. Тэрбээр ирээдүйд олон мянган хүний ажил, амьдралын замналыг төлөвшүүлж, удирдан чиглүүлнэ чинээ төсөөлөөгүй нь лавтай.
-Монголд зөвлөхүүд харьцангүй олон болчихлоо. Гэхдээ захын хүн өөрийгөө зөвлөх гэж нэрлээд яваад байх шиг харагддаг. Таны хувьд энэ үгийг арай өөрөөр тайлбарлах байх. Зөвлөх гэж хэн бэ. Ямар хүн зөвлөх болдог юм бэ?
Зөвлөх гэдэг бол компани болон хувь хүнд зөвлөгөө өгөх, тодорхой салбарт мэргэшсэн хүнийг хэлдэг. Ер нь өөрөө хийж үзээгүй, туулж мэдрээгүй зүйлийг бусдад зааж зөвлөнө гэдэг үр дүн муутай. Багтаамж багатай, жижиг зах зээлд янз бүрийн түвшний зөвлөхүүд олширсноос зөвлөх үйлчилгээний үнэ цэн, үнэлгээ нь тун тааруу байгаа. Тэгэхээр зөвлөхүүд өөрсдөө зөвлөх үйлчилгээний салбартаа суралцах, хөгжих шаардлагатай санагддаг.
Ер нь компаниуд өөрсдийн бизнесийн үйл ажиллагаагаа оношлох, эсвэл оношлуулах замаар сул талаа эрт олж илрүүлэх, улмаар тухайн асуудлаар мэргэшсэн туршлагатай зөвлөхтэй гэрээгээр хамтран ажиллах нь цаг хожиж богино хугацаанд үр дүн гаргах боломжийг бүрдүүлнэ.
-Сүүлийн үед өөрчлөлтийн удирдлага гэж их ярих боллоо. Үүнээс хамгийн хэцүү хэсэг нь хүмүүсийн хандлагыг өөрчлөх, бусад нь харьцангүй гайгүй гэж та ярьсан байсан?
Бизнес болон технологийн хүрээнд хувь хүн, байгууллагад ч хамаатай ийм нэг үг бий. “Хэрэв таны өөрчлөлт, сайжралын хурд орчноосоо удаан байвал таны төгсгөл ойртож байна” гэж. Ялангуяа технологийн асар хурдацтай өөрчлөлтийн энэ үед үүнийг дагаад бизнесийн загвар, хүмүүсийн харилцааны соёл, ажиллах арга барил их өөрчлөгдөж байна. Ер нь хүмүүс өөрийн дассан сурсан ажил, зан төлөв, арга барилаа өөрчлөх дургүй юм шиг санагддаг. Өөрчлөлт гэдэг нь хандлага, арга барил, технологи, процессоо өөрчлөхийг хэлж байгаа юм. Хүмүүсийн хандлагыг өөрчлөх амаргүй ч өөрчлөлт хийх зорилгоо сайтар ойлгуулж, итгүүлж үнэмшүүлж чадвал болно. Гэхдээ өөрчлөлтийг ямар хүрээнд, яг ямар үр дүнд хүрэхээр хэрхэн хийх тухайгаа сайн судалж, бэлтгэлээ хангахгүй бол тухайн нөхцөл байдлаа сайжруулах биш муутгах ч тохиолдол гардаг.
Бизнесмэнүүд бизнесээ систем талаас нь ойлгож, бүрдүүлж явахгүй бол эргээд өөрөө компанидаа барьцаалагдчихдаг. Товчхондоо, өөрөө л байхгүй бол компанийнх нь үйл ажиллагаа цааш явахаа байчихдаг. Энэ нөхцөл байдлаа эхлээд өөрчлөх хэрэгтэй. Үүний тулд зорилгоо зөв тодорхойлох нь чухал. Зорилго тавина гэдэг бол одоогийн байгаа байдалдаа сэтгэл ханахгүй, дараагийн түвшинд очих гэсэн эрмэлзэл учраас үргэлж мэдлэг, чадвараа тордож, сайжруулахгүй бол хүн гэдэг дорхноо хоцрогдоно. Компани ч мөн адил.
-Гүйцэтгэх захирал буюу CEO гэдэг бараг мэргэжил болчихсон талаар та ярьж байсан шүү дээ. Тэгвэл мэргэжилдээ эзэн болж буй удирдагчид манай бизнесийн салбарт хангалттай хэмжээнд байна уу. Ер нь хүн удирдах чадварыг тийм амархан гартаа оруулахгүй болов уу. Хүн бүрийн чадах ажил ч биш байх?
CЕО гэдэг нэг талаасаа мэргэжил болчихлоо. CEO хүн бол хувьцаа эзэмшигч, ТУЗ, ажилтан, хэрэглэгч, бизнесийн түнш, төр болон олон нийтийг холбогч. Бизнест оролцогч энэ олон талуудын ашиг сонирхлын алтан дунджийг олж ажиллах ёстой гэдэг утгаараа хамгийн стресстэй, хамгийн их элэгддэг хүнд ажил. Хувьцаа эзэмшигчид хамгийн өндөр ашиг хүснэ. ТУЗ-ийн зүгээс бизнес төлөвлөгөөнийхөө дагуу хийх ёстой ажлуудыг гүйцэтгэхийг шаардана. Ажилтнууд бол мэдээж хэрэг өндөр цалин, урамшуулал, аятай таатай ажиллах нөхцөл шаардана. Харин олон нийт тухайн компанийн нийгмийн хариуцлагатай илүү холбогдоно. Бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэх, татвараа төлөх зэрэг шаардлагыг төрөөс тавина. Хэрэглэгчдийн хувьд хамгийн чанартай бүтээгдэхүүнийг аль болох хямд үнээр худалдан авахыг хүсэх нь ойлгомжтой. Бизнесийн түншүүд ч мөн ашигтай хамтын ажиллагааг л хүснэ.
ТУЗ гэдэг CEO-г амжилттай ажиллахад хамгийн гол түлхэц, дэмжлэг өгч байх ёстой бүтэц
CEO-г зорилготой, мэдлэгтэй, сэтгэл хөдлөлөө удирддаг, харилцааны өндөр чадвартай, тэвчээр хатуужилтай, шаргуу хөдөлмөрлөдөг бол хэн ч хийх боломжтой. Ажилдаа эзэн болсон сайн CEO-нууд манайд байлгүй яахав. Гэхдээ тэд тооны хувьд хангалттай биш байна.
Монгол компаниудын тухайд ихэнх нь гэр бүлийнх бөгөөд бизнес нь хоёр дахь үедээ шилжиж буй өнөө цагт манлайлал, менежментийн чадвар сайтай, туршлагатай CEO нарын хэрэгцээ ч нэлээд их байна.
-Ер нь орчин үеийн компаниудын соёл, засаглалд тулгарч буй асуудлыг та хэрхэн тайлбарлах вэ?
Үүнийг компанийн удирдлагууд бизнесийнхээ үндсэн зорилго, стратегиа зөв тодорхойлж, түүнийгээ өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж чаддаггүйтэй холбож тайлбарлавал илүү ойлгомжтой байх.
Ямар ч компанийн хувьд эхлээд, бизнес эрхлэхэд хамгийн чухал зүйл болох алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлээ оновчтой тодорхойлох явдал байдаг. Улс орны хувьд ч энэ нь заавал байх ёстой юм. Манай улсын хөгжлийн хурд удаан байгаагийн нэг шалтгаан нь энэ бүхнээ тодорхойлж чадаагүй учраас иргэд нь итгэж үнэмших ирээдүйн зорилгогүй, хайрлаж хамгаалах, хөгжүүлэх үнэт зүйл нь тодорхойгүйгээс нийгмийн оюун санааны нэгдмэл байдал хангагдаагүй хувиа хичээж, довоо шарлуулсан байдалтай холбоотой гэж би хувьдаа боддог.
Компанийн соёлын цөм нь байгууллагын үнэт зүйлс юм. Байгууллагын соёлыг бий болгоход менежментээс илүүтэй манлайлал чухал нөлөөтэй байдаг. Байгууллагын соёл гэдэг өөр хоорондоо ялгаатай боловсрол, мэдлэг, туршлага бүхий ажилтнуудыг нэгэн зорилгод зангидах тухай ойлголт. Ажилтнууд нь ажилдаа эзний ёсоор ханддаг, сэтгэлтэй, хариуцлагатай, бүтээлч, хурдтай, асуудлыг шийдэх чадвартай байж сая зах зээлд өрсөлдөх бүтээгдэхүүн үйлчилгээ гардгийг бид туршлагаасаа мэдэрсэн.
Сайн засаглалын хэдхэн зарчим байдаг. Тэрхүү зарчимд тайлагнал, хариуцлага, ил тод байдал, үүрэг хариуцлага гэсэн цөөн хэдэн зүйл л байгаа. Эдгээрийг хэрэгжүүлдэггүйгээс засаглалын асуудал үүсдэг.
Компанийн засаглал сайн байснаар компанийн нэр хүндийг өсгөж, зардлыг бууруулах, үйл ажиллагааны үр дүнг сайжруулж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, цаашлаад тухайн компани олон жил тогтвортой оршин тогтнох баталгаа болдог. Мөн засаглал сайжирснаар зорилгоо ойлгож, ажлаа мэдэж эхэлнэ. Хэзээ юунд хүрэх нь ч тодорхой болно.
Манайд нийтлэг ажиглагддаг нэг алдаа бол ТУЗ-ийн гишүүдийн мэргэжлийн чадвар ихэвчлэн сул байдаг учраас их муу ажилладаг. ТУЗ нь CEO-г амжилттай ажиллахад хамгийн гол түлхэц дэмжлэг өгч байх ёстой бүтэц. Гэтэл манай практикт, ТУЗ-ийн хийх ёстой бодлого, стратегийн асуудлуудыг голдуу CEO өөрөө авч явдаг.
-Өнгөрсөн үетэй харьцуулбал өнөөдөр компаниуд IPO хийх нь нэмэгдлээ. Энэ нь засаглал сайжрах нөхцөлийг бүрдүүлж байна хэмээн үзэж буй хүмүүс ч байна. Таны хувьд ямар хариултыг өгөх вэ?
IPO хийхээсээ өмнө засаглалаа сайжруулах ёстой. IPO хийхээр зэхэж буй компанийн өмнө тавигдах шалгуур тун өндөр. Компаниуд мэргэжлийн гишүүд бүхий мэргэжлийн ТУЗ-тэй болох ёстой. Тэгж чадвал засаглалын хувьд эрс өөр болно. ТУЗ-ийн хараат бус гишүүн гэж бас их чухал ойлголт бий. Эзэнд тал засах шаардлагагүй ийм гишүүн компанийг л бодно.
Ихэнх монгол компаниуд ил гаргадаггүй л болохоос засаглалын хувьд асуудалтай байдаг. IPO хийнэ гэдэг тухайн компани хөгжлийн дээд шатандаа гарч, олон нийтийн компани болж байгаа хэрэг. Олон хувьцаа эзэмшигчтэй болж, засаглалд тавигдах шаардлага өндөрсөнө. Тайлангаа маш хариуцлагатайгаар олон нийтэд танилцуулна. Алдаа гаргаж болохгүй. Манайд хөрөнгийн зах зээл хөгжөөгүйн гол шалтгаан ихэнх томоохон компанийн хувьцааг хэдхэн хүн эзэмшдэгт байдаг. Компаниуд IPO хийлээ гэдэг ч яг нарийндаа олон нийтийн хувьцаа нь тун бага хувийг эзэлдэг. Монголд IPO хийсэн компаниуд хэр удаан оршин тогтнох вэ гэдэг бас нэг асуудал.
-Монголд гэр бүлийн компани олон бий. Эдгээр компани бизнесээ дараагийн үедээ өвлүүлэх шаардлага урган гарч байна. Ийм үед залгамжлагчид хэр сайн бэлтгэгдсэн бэ гэх асуудал яригддаг. Зарим хөгжингүй орон залгамжлагчийг бэлтгэх өөрийн гэсэн сургууль (школ) -ийг бий болгосон байх нь бий. Харин манайд энэ асуудал ямар байдлаар шийдэгддэг юм бол?
Монгол дэлхийн хөгжлийг алгасахгүй. Гэр бүлийн компанийн засаглалын томоохон судалгаанууд бий. Гэр бүлийн компанийн дийлэнх хувь нь үүсгэн байгуулагчийнхаа үед үйл ажиллагаагаа зогсоож, эсвэл худалдагддаг. Харин 5-15 хувь нь гуравдугаар үедээ очдог гэдэг. Анхнаасаа зорилгоо зөв тодорхойлсон компаниуд урт хугацаанд оршин тогтнодог. Манай улсад компаниуд эхэн үедээ гайгүй явж байгаад санхүүгийн хувьд харьцангуй боломжийн болоод ирэхээрээ асуудал үүсгэдэг. Ихэвчлэн эд хөрөнгө, эрх мэдлийн асуудлаар маргаан үүсэж байна. Гаднынхан эдгээр асуудлаа эхнээсээ л хуулийн хүрээнд шийдчихдэг. Эхлээд тэд компанийн зорилгоо тодорхойлж, төлөвлөгөө боловсруулна. Залгуулаад хэн ямар үүрэг хариуцлагатай ажиллахаа тогтож, эрх мэдлийн хуваарилалтыг зохицуулах нь түгээмэл.
IPO хийнэ гэдэг тухайн компани хөгжлийн дээд шатандаа гарч, олон нийтийн компани болж байгаа хэрэг
Харин Монголд эсрэгээрээ хүүхэд нь гадаадад сургууль төгсөөд ирмэгц шууд ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал зэрэг удирдах албан тушаалд шууд томилдог. Ямар ч бэлтгэлгүй байхад нь шүү дээ. Гэтэл гадаадад хүүхдийг багаас нь бэлтгэх төдийгүй хамгийн бага албан тушаалаас эхэлж шаталж явсаар 10-аад жилийн дараа сая нэг топ түвшний удирдах албанд очих жишээтэй. Тэгж байж өв залгамжлагч компанийнхаа үйл ажиллагааг бүрэн ойлгож авдаг.
-Та анх санаачлан хэрэгжүүлж байсан гол ажлуудаасаа дурдвал?
“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн технологи, үйлчилгээ хариуцсан захирлаар ажиллаж байхдаа Сингапурын SingTel компанийн үйлчилгээний туршлагыг нэвтрүүлж хэрэглэгчийн үйлчилгээний стандартыг нутагшуулж эхэлсэн. Харин “Ньютел” компанийг удирдаж байхдаа мэдээлэл, харилцаа холбооны нэг цэгийн үйлчилгээний ТЭДИ төвийн төслийг санаачлан хэрэгжүүлж, Сингапурын үйлчилгээний төгөлдөршлийн “Service Excellence” стандартыг нэвтрүүлэн компаниа “Үйлчилгээний салбарын загвар компани” болгож, улмаар Азийн болон Японы бүтээмжийн байгууллагын шагналыг хүртэж байв.
Үүний хажуугаар Мобиком корпорацийн олон нийттэй харилцах албаны захирлын ажлыг давхар гүйцэтгэж, сурагчдын “Үдийн цай” төслөөс “Цахим сургууль” төсөл хүртэлх томоохон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж, компанийн нийгмийн хариуцлагыг (КНХ-CSR) хэрэгжүүлдэг жишиг байгууллага болгосон. Мөн “Скайтел” компанид олон улсын чанарын удирдлагын стандартыг нэвтрүүлэн баталгаажуулж, үүрэн холбооны өндөр хурдны 3G сүлжээг Улаанбаатар хот, аймгийн төвүүд болон сумдад суурилуулан анхны дата компанийг бий болгож байлаа. Энэ мэтээр дурдаад байвал олон ажил бий.
-Та бизнестээ ямар зарчим баримталж ажилладаг вэ?
Өмнө хэлсэн дээ. CEO ч бай, зөвлөх ч бай хамгийн гол зарчим бол шударга, хариуцлагатай байж хүндээ ач холбогдол өгч, хүнээ хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт анхаарч зорилгоор удирдахыг чухалчилдаг. Мэдээж хэрэг CEO өөрөө мэдлэг, чадвар, туршлагатай байж өөрийгөө үргэлж хөгжүүлж, үлгэрлэх ёстой. “Үглэснээс үлгэрлэсэн нь дээр” гэж манлайллыг маш товч оновчтой хэлсэн монгол ардын гайхамшигтай зүйр үг байна. Мөн ажилтнуудаа “Бурмаар биш урмаар тэжээж” урам зориг, эрч хүч өгч, албан ба албан бус ажилд оролцоог нь өндөр байлгаж, шинэ санаа санаачлагууд, сэтгэлгээний чөлөөт байдлыг дэмжиж, ажлыг зөвхөн тогтсон аргаар бус илүү сайжруулсан аргаар хийх эрмэлзэлтэй болгох нь чухал.
Компани доторх мэдээлэл үнэн зөв, ойлгомжтой, дээш доош чөлөөтэй урсаж байх нь ойлголцлын зөрүүг арилгаж, мэдлэг туршлагаа хуваалцах сайн талтай байдаг.
Мөн эрх мэдэл шилжүүлэх талаар ойлголт тааруугаас захирлууд өөр дээрээ хэт их ачаалал авч стратегийн түвшний үндсэн үүрэгт ажлаа цалгардуулах хандлага их байгааг анхаарах хэрэгтэй.
Та ажлаас гадна ямар хувийн сонирхолтой вэ. Түүндээ хэр их цаг зарцуулдаг вэ?
Удирдах түвшинд ажиллаж буй хүн ажилдаа энерги их зарцуулдаг болохоор эрүүл мэнддээ анхаарч сөрөг энергээс өөрийгөө хамгаалж байх нь чухал. Хамгаалах олон аргууд бий. Хөдөлгөөний алдагдлаа нөхөж, өглөө бүр 20-30 минут дасгал хөдөлгөөн хийж байвал ажлын гүйцэтгэлд ч сайнаар нөлөөлдөг. Тэгээд ч хааяа нэг зааланд очиж тоглох, ууланд алхах, гүйхээс тасралтгүй тогтмол хийдэг дасгалууд хүнд илүү үр дүн өгдөг. Цаг зав гарган ямар нэг спортын төрлөөр хичээллэвэл стрессээ тайлж, нэг ёсны амралт болно. Ер нь спорт хүнийг тэсвэр хатуужилтай, зоригтой, хурдтай сэтгэх чадвартай болгодог нь шийдвэр гаргахад ч нөлөөлдөг. Бие султай, сул дорой хүнээс дорвитой зоригтой шийдвэр гардаггүй юм шиг санагддаг.
Таны амьдралдаа авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө юу вэ?
Аавынхаа зөвлөгөөг л хэлнэ дээ. Миний аав С.Доржнамжил УБТЗ ХНН-т 30 гаруй жил машинист, сургагчаар ажиллаж байсан Монгол Улсын хөдөлмөрийн баатар хүн байлаа. Аав намайг хүнийг ялгаварлахгүй харьцаж хүндлэх, боломжоороо туслах, ер нь хүмүүст мэддэг чаддаг зүйлээ зааж өгч байвал их тустай шүү гэж хүмүүжүүлж байсан нь бусдаас авахаа эхэлж бодох биш, бусдад өгөх зөв сэтгэлгээнд сургаж байж дээ гэж бодогддог юм.
CEO нараас танд хамгийн их ирдэг асуултыг нэрлэвэл?
CEO нар “Та бизнесээ хэрхэн явуулдаг вэ?”, “Хэрхэн амжилттай, сайн удирдагч болох вэ?” гэж их асуудаг. Мөн “Манай байгууллага хөгжиж өсөхгүй, бахь байдгаараа л байх юм. Хүмүүс ч ажлаасаа их гарч байна. Хэрхэн, яаж томорч, тэлэх үү?” гэж асуух нь түгээмэл. Үүнд хариулахын тулд бүхий л түвшинд оношлох шаардлагатай болдог. Тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагаанууд жигд сайжирч байж бизнесийн үйл ажиллагаа нь бүхэлдээ сайжирна. Зөвлөх гэдэг чинь эмч шүү дээ. Ямар өвчин туссаныг тодорхойлж, тэр өвчтэй цэгийг олж анагаах нь зөвлөхийн үүрэг.
Монголын аль ч салбарт тулгамдаад буй менежмент засаглалын асуудлыг тойрон хөвөрсөн энэхүү яриаг Д.Болорын “Одоо цагт хэрэглэгчийг хаан гэж ярьдаг байснаа больж, харин найз, зочин гэх болсон. Гэртээ ирсэн найзыгаа хүн яаж угтаж, дайлж, ярьж хуучилдаг билээ дээ. Байгууллагууд хэрэглэгчид, харилцагчдадаа яг тэгж л хандах хэрэгтэй болоод байна. Өөрөөр хэлбэл, үйлчилгээний салбар асар өндөр түвшинд хөгжиж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг сайн байлгахаас илүүтэй мэдрэмжийг хэн илүү удирдаж чадаж буй нь хожиж байна. Нөгөө талаар, ажилтнууд нь өөрсдөө ажилдаа сэтгэл ханамжтай байж байж хэрэглэгчээ ч мөн сэтгэл хангалуун үлдээдэг” хэмээх үгээр өндөрлөе.
/Энэхүү ярилцлага Business.MN сэтгүүлийн 2020 оны хоёрдугаар сарын дугаар (№15) -т нийтлэгдсэн болно/