Цар тахлын улмаас эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдалд амжилттай ажиллаж, өөрийн үнэ цэнийг бусдад харуулахад туслах зөвлөгөө
1930 оны Их хямралаас хойш ажилгүйдэл хамгийн өндөр түвшинд хүрлээ. Дэлхий даяар олон хүн ажлын байргүй хоцорч эсвэл нөгөө хэсэг нь ажлын байрны цомхотголд орчих вий гэж айж сууна.
Цомхотголд орохоос түгшиж буй таныг би бүрэн ойлгож байна. Ихэнх компани орлогоо нэмэгдүүлэх байтугай алдагдал хүлээхгүйн төлөө байдаг чадлаараа тэмцсээр. Мөн цахимаар зайнаас ажилладаг горимд шилжсэнээр таныг ажлаа хэрхэн хийж буйг хамт олон, дарга анзаарч харах боломж хомс боллоо. Жишээ нь, та оффис дээрээ байсан бол ажлынхантайгаа яриа өрнүүлж, өөрийгөө бусдад таниулах байсан биз. Хэрвээ танд төлөвлөсөн уулзалт байхгүй бол хамт олон тань таныг байгааг эсвэл байгууллагадаа чухал үүрэгтэй гэдгийг мартах болов уу гэж гайхширч мэдэх юм.
Танаас огт шалтгаалахгүй гаднын хүчин зүйлс олон бий. Тиймээс би танд ажлын байрны баталгаа өгч чадахгүй ч танд зайнаас өөрийгөө, хийж бүтээсэн ажлаа бусдад харуулах боломж бий гэдгийг сануулмаар байна. Цар тахлын улмаас эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдалд амжилттай ажиллаж, өөрийн үнэ цэнийг бусдад харуулахад туслах гайхалтай таван зөвлөгөөг танд хүргэе.
Цагийн юмыг цагт нь
Цагт нь ажлаа хийж гүйцэтгэнэ гэдэг сайн зүйл. Ялангуяа хэнийг халж, хэнийг үлдээх вэ гэсэн хэцүү шийдвэр дагуулсан цар тахлын үед ажлаа сайн хийж гүйцэтгэх нь туйлын чухал.
Миний бие цахимаар цагийн менежментийн багш хийдэг юм. Энэхүү тодорхойгүй нөхцөл байдлын үед би маш олон үйлчлүүлэгчтэй тулж ажиллалаа. Тухайн үед буюу гурав,дөрөвдүгээр сард хүмүүс зайнаас ажиллаж сурч байв. Тиймээс менежерүүд ажлын бүтээмж муудах эсвэл бага сага алдааг уучилдаг байсан. Харин одоо зайнаас ажиллах горимд шилжээд хэдэн сар өнгөрч, менежерүүд ч гэсэн өндөр шаардлага тавьдаг болж байна. Тиймээс та хийх эсвэл хийсэн ажлаа бичиж тэмдэглэдэг системтэй болж, урьдаас цагийн хуваариа нарийвчлан төлөвлөөрэй гэж зөвлөе.
Бусадтай ажлынхаа тухай хуваалц
Уулзалт болгон дээр өөрийгөө магтах эсвэл бусдын хийсэн ажлыг өөрийн болгож ярихыг би зөвлөхгүй. Гэхдээ та чухал ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн бол бусадтай энэ тухай хуваалцаарай гэж зөвлөмөөр байна. Тухайлбал, долоо хоногийн ажлын тайлангаа танилцуулахаар даргатайгаа цахимаар ганцаарчлан ярилцаж эсвэл энэ тухай мэйл бичиж болох юм. Түүнчлэн цахим хурлын үеэр таны баг ямар төсөл дээр ажиллаж байгаа талаар эсвэл ижил төсөл дээр ажиллахад хэрэг болохуйц мэдээллийг бусадтай хуваалцаж болно.
Мөн хийж гүйцэтгэсэн ажил тань байгууллагад ямар эерэг үр дүн авчирсан тухай дурдах нь зүйтэй. Энэ нь онгирч байгаа бус ердөө л бусадтай ажлынхаа тухай хуваалцаж байгаа хэрэг. Ингэснээр таныг тухайн байгууллагад ямар үүрэг гүйцэтгэж, ямар үнэ цэнтэй болохыг хамт олон анзаарах болно.
Даргынхаа ажлыг хөнгөвчил
Та ядаргаанд орж, ажлаа цагт нь дуусгаж чадахгүй болтлоо ажиллахыг хүсэхгүй ч даргынхаа ажлыг хөнгөвчлөх гэж хичээх хэрэгтэй. Жишээ нь, уулзалт эхлэхээс өмнө ажлын тайлангаа даргадаа урьдчилан өгч,тайлантай танилцах боломж олго. Эсвэл аливаа уулзалтад урьдаас сайтар бэлдэж, даргынхаа цагийн хэмнэж болох юм. Эдгээр жижиг зүйлс даргын тань ачааллыг бууруулаад зогсохгүй таны ажлын гүйцэтгэлд санаа зовох шаардлагагүй болно. Хэрэв танд нөөц бололцоо байвал нэмэлт ажил эсвэл өөрийн ажлын тодорхойлолтоос гадуурх ажил хариуцаж авахыг санал болгоорой. Энэ нь таныг зөвхөн өөрийн үүрэгт ажлаа гүйцэтгээд зогсохгүй санаачилыг гартаа авдаг нэгэн гэдгийг илтгэнэ. Товчхондоо, хэрэв та даргынхаа ажлыг хөнгөвчилдөг бол ажлаас халах эсэхийг хэлэлцэхэд дарга тань магтах үгтэй сууж байх нь.
Багийн тоглогч бай
Миний үйлчлүүлэгчдийн хамгийн дургүй зүйл бол хүмүүсийн хоорондо маргаанд оролцох явдал. Энэ нь эрч хүчийг барагдуулаад зогсохгүй цаг гарзддаг. Ийм үед та өөрийгөө чухал үүрэг оролцоотой, хамт олны уур амьсгалыг сайжруулж чаддаг нэгэн гэдгээ харуулах нь чухал. Толгой хагаравч малгай дотроо гэгчээр хамт олны дунд үүссэн маргааныг шууд удирдах түвшинд мэдэгдэлгүй хоорондоо шийдвэрлэх гэж оролдох хэрэгтэй. Хэрэв даргаас тань өөр хүн уг маргааныг шийдвэрлэж чадахгүйд хүрвэл даргынхаа оролцоог аль болох бага байлгаж, тохиромжтой цагийг олох хэрэгтэй. Аливаа маргааныг дээрх арга барилаар шийдвэрлэх аваас таныг бусадтай хялбархан ойлголцож мөн хамтарч чаддаг нэгэн гэдгийг бүгд мэдэх болно. Түүнчлэн таныг шинэ төслийн багт томилохдоо санаа зовох шаардлага ч гарахгүй.
Эерэг уур амьсгал бүрдүүл
Цар тахлын сөрөг үр дагаврын нэг бол олон нийтийн эсрэг үйлдэл /anti-social behavior/ түгээмэл гарах болсон явдал. Сүүлийн хоёр сард цахим орчинд танхайрах, олон нийтийн газар танихгүй нэгэн рүү уцаарлаж буй хүнийг дэндүү олон харлаа. Хэвлэл мэдээлэл биднийг цар тахлын тухай сөрөг мэдээллээр бөмбөгдөж, бидний толгойд зөвхөн Ковид-19-ийн тухай бодол эргэлдэх болжээ.
Тиймээс цар тахлын хүнд хэцүү үед бусдаас өөр байхыг хичээ. Хурал эхлэхийн өмнө эсвэл мэйл бичихдээ, коронавирусээс өөр сэдвээр яриагаа эхлүүл. Жишээ нь зуны урин дулаан цаг, хүүхдэд тань тохиолдсон хөгжилтэй явдал эсвэл уншсан номынхоо тухай ярьж болно. Хэрвээ шаардлагатай бол ярих сэдвээ уулзалт болохын өмнө урьдчилан бэлдээрэй. Ийм л үед та хамт олондоо урам зориг өгч, эерэг уур амьсгал бүрдүүлэх хэрэгтэй. Түүнчлэн бусдад инээмсэглэл бэлэглэхээ бүү мартаарай. Инээмсэглэл нь хамт олны харилцааг бэхжүүлж, эерэг ажлын орчин бий болгодог.
Зах зээлд ямар төрлийн бараа бүтээгдэхүүн эрэлттэй байж, байгууллагын дотоод бүтэц хэрхэн өөрчлөгдөж, ямар ажлын байр үлдэх вэ зэрэг өөрчлөлтөд бид төдийлөн нөлөөлж чадахгүй билээ. Тиймээс хамт олныхоо дунд эерэг уур амьсгал бүрдүүлж, хариуцсан ажлаа сайн хийх нь таныг ажлаас халахгүй гэсэн баталгаа болохгүй. Гэхдээ өөрийнхөө үнэ цэнийг бусдад харуулах нь ажлын байртай үлдэх магадлалыг тань нэмэгдүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн дээрх таван зөвлөгөө таны амьдралд эерэг өөрчлөлт авчирна гэдэгт итгээрэй.
Элизабет Грейс Сондерс. Эх сурвалж: HBR