Монголчууд ба хувьцаа
Хувьцаа гэдэг бол баялгийг шударга хуваарилах гайхалтай нэгэн хэрэгсэл. Монгол Улс анх 1992 онд цэнхэр, ягаан тасалбар буюу хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг иргэн бүрт өгснөөр улс орны баялгийг иргэддээ шударга хуваарилах оролдлого хийсэн билээ. Өмч хувьчлалын хүрээнд 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн нийт 96.1 сая хувьцааг гаргасан. Гэхдээ иргэн бүр хувьцаатай болж чадаагүй. Мэдээлэлд ойр байсан нэг хэсэг нь бусдынхаа хувьцааг хямдаар худалдан авч, хувьчлагдсан ААН-үүдийн ихэнх нь зах зээлийн шуургыг даваагүй.
Дараа нь 2012 онд Монголын Засгийн газар нийт иргэдэд баялгийг хувиарлах хоёр дахь оролдлогыг түүхэндээ хийж, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааны 20 хувь болох гурван тэрбум хувьцааг тарааж өгсөн нь 1072 хувьцаа. Хэдийгээр хүмүүс жинхэнэ утгаараа ногдол ашгаа аваагүй байгаа ч Монголын нүүрсний маш том ордын баялгийг иргэдэд хуваарилах бас нэгэн алхам явж байгаа хэрэг.
Гэсэн хэдий ч зах зээлийн эдийн засагт шилжээд 30 жил болсон ч монголчууд хөрөнгийн зах, хувьцааны үнэ цэнийн талаарх ойлголт тааруу хэвээр, хөрөнгийн захын үнэ цэн байх ёстойгоосоо доогуур байна. Хэрэв Таван толгой ХК төмөр зам, нүүрс угаах үйлдвэрээ барьчихсан байсан бол өнөөдөр бид 96 480 төгрөг бус 960 480 төгрөгийн ногдол ашиг авах тухай ярьж болохоор байсан.
Компаниуд дундад зууны үеийнхээс хоёр дахин өндөр банкны зээлийн хүүтэй орчинд ажиллаж байгаа нөхцөлд ухаалаг менежментээр явж чадвал хөрөнгийн зах зээл монголчууд төсөөлшгүй их боломжийг олгоно. Энэ утгаараа хөрөнгийн зах зээл бол ямар ч гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй зээл авахгүйгээр үндэсний хэмжээний үйлдвэрүүд, төслүүдийг санхүүжүүлэх, цаашлаад дэлхийд гаргах хүчирхэг хэрэгсэл.
Сүүн зам бүдгэрээгүй, тодорсон
Монголын хөрөнгийн зах зээлийг өнгөлдөг компани тийм олон биш. Анх бирж дээр гарсан 475 хувьцаат компаниас өнөөдөр хувьцаагаа идэвхитэй арилжиж байгаа том, жижиг компанийн тоо 40 гаруйхан. Эндээс томд тооцогдох ААН-үүдээс 30 шахам жилийн турш устаж алга бололгүй, цаг хугацааны сорилтыг давж ирсэн цөөн компани байдгийн нэг нь Сүү ХК.
Түүхийн хувьд 1992 онд бирж дээр гарсан ч 2005 оныг хүртэл Нийслэлийн өмч давамгайлсан хэлбэрээр ажиллаж, тоног төхөөрөмж нь хуучирч, үйлдвэрлэдэг бүтээгдэхүүний тоо ч цөөрсөн үе байсан. Харин менежментийн хувьчлал хийгдэж, 51 хувь нь хувийн хэвшилд очсоноор шинэчлэлийн он жилүүд эхэлжээ.
Ялангуяа сүүлийн 10 орчим жилд үйлдвэрлэлдээ хамгийн идэвхитэй хөрөнгө оруулалтууд хийж буй компаниудын нэг юм. Тухайлбал, 2017 онд зургаан тэрбум төгрөгийн үнийн дүнтэй “Сүү Бонд”-ыг зах зээлд гарган хөрөнгө оруулалт татсан нь Монголын хөрөнгийн биржийн түүхэнд хамгийн богино хугацаанд, хамгийн өндөр дүнтэй бондыг нээлттэй зах зээл дээрээс амжилттай босгосон жишээ болжээ. Бондын төлбөрийг нэг жилийн дараа эргүүлэн төлжээ.
Энэ мэт шинэчлэл, хөрөнгө оруулалтын ачаар Сүү ХК өнөөдөр Хөрөнгийн биржийн нэгдүгээр самбар дээр үргэлж байдаг, сүүлийн жилүүдэд тогтвортой цэвэр ашигтай ажиллаж, ногдол ашиг хуваарилж буй компани болсон. 2019 оны хувьд 73,9 тэрбум төгрөгийн цэвэр борлуулалт хийн 5,7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, өмнөх оноос 37 хувиар нэмэгдүүлж, 1.14 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан тухай өнгөрөгч гуравдугаар сард болсон хувьцаа эзэмшигчдийн хурлын тайланд дурджээ.
Хэдийгээр Сүү ХК-ийн хувьцааны 93 орчим хувь нь цөөхөн хүний мэдэлд байдаг ч жижиг хувьцаа, эзэмшигчиддээ халгаатай шийдвэр гаргаж байгаагүй. 2016 онд 277 хувьцаа эзэмшигчтэй байсан бол өнөөдөр хувьцаа эзэмшигчдийн тоо бараг 2800-д хүрээд байна.
Ийнхүү Сүү ХК эдүгээ шингэн сүүний зах зээлийн 70 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн 49 хувийг хангаж байгаа бүхэл бүтэн салбарыг төлөөлөгч компани болжээ. Одоо компани хөгжлийнхөө дараагийн шатанд бэлдэж, өөр нэгэн том шинэчлэлийг төлөвлөөд байна. Үйлдвэрлэлдээ автоматжуулалтын систем нэвтрүүлж хүчин чадлаа нэмэхийн тулд нэмэлт хувьцаа гарган 18.6 тэрбум төгрөг татахаар шийдээд байна.
Сүүн цагаан буянд хөрөнгө оруулъя
“Сүү ХК-ийн хувьцааг авцгаая” гэж сурталчлахаас илүүтэй 2038 онд насанд хүрэх хүүхэд өнөөдөр Сүү ХК-ийн хувьцааг авах нь яагаад ашигтайг хэлье. Хувьцаа урт хугацаандаа өгөөжтэй. Анх олон нийтийн компани болсноос хойш Сүү ХК-ийн хувьцаа олон дахин өссөн. Хэрэв Сүү ХК-ийн хувьцаа 2010 онд 20 орчим төгрөгийн ханштай авсан бол 2020 оны зургадугаар сарын байдлаар 200 төгрөг байсан бөгөөд таны хувьцааны үнэ 10 дахин өссөн гэсэн үг. Тиймээс 2020 онд төрсөн хүүхэд Сүү ХК-ийн нэмэлт хувьцааг авбал 18 жилийн дараа үүнтэй төстэй өсөлт гарна. “Хүүхдийнхээ 100 мянган төгрөгийг нэгтгэж Сүү ХК-ийн хувьцаа авна гэж ярьж байгаа эцэг, эхчүүд олон байгаа” гэж “Нэйшнл Сэкюритис” үнэт цаасны компанийн Гүйцэтгэх захирал Ц.Наран-Учрал ярив.
Хэрэв Сүү ХК-ийн хувьцаа 2010 онд 20 орчим төгрөгийн ханштай авсан бол 2020 оны зургадугаар сарын байдлаар 200 төгрөг байсан бөгөөд таны хувьцааны үнэ 10 дахин өссөн гэсэн үг. Тиймээс 2020 онд төрсөн хүүхэд Сүү ХК-ийн нэмэлт хувьцааг авбал 18 жилийн дараа үүнтэй төстэй өсөлт гарна.
Гэхдээ хувьцаа нь цаашдаа байнга өснө гэж итгэхийн үндэс юу вэ? Ойрын жишээ татахад, цар тахал гарсны дараа хол хорио тогтож хүмүүс бааранд орохоо, гадаадад аялахаа больсон ч сүү уухаа болиогүй. 60 гаруй жилийн түүхтэй энэ компанийн үнэнч хэрэглэгч маш олон. Мөн монгол хүний сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсч, нэг хүнд ногдох сүү, сүүн бүтээгдэхүүний жилийн хэмжээ 2020 онд 124.1 кг болж өмнөх оноос 3.5 хувиар өссөн байна. Нэг үгээр, энэ бизнес хэзээд байна гэсэн үг.
Хоёрдугаарт, сүү бол стратегийн чухал бүтээгдэхүүн. Хаанахын ямар үнээг юугаар бордож, яаж үйлдвэрлэсэн нь олон нийтэд ойлгомжгүй импортын сүү хэрэглэх, монголчуудын өөрсдөө сааж, үйлдвэрлэсэн сүүг хэрэглэх хоёрын хооронд чанар, аюулгүй байдлын том ялгаа бий.
Нэмэлт хувьцаа гаргах болсон нь Сүү ХК анх удаа сонгодог утгаараа олон нийтээс мөнгө босгох гэж буй анхны тохиолдол. Эндээс төвлөрсөн хөрөнгөөр хийх техник, технологийн шинэчлэл нь дараагийн 10-20 жилийн өсөлтийг хангаж, компанийн үнэ цэнийг нэмнэ.
Сүү ХК нэмэлт хувьцаа гаргаж буй нь шаардлагатай хөрөнгө татахаас гадна өөр зорилго бий. Тухайлбал, жижиг хувьцаа эзэмшигчдийн тоо улам олон болж 25 орчим хувьд хүрнэ гэсэн тооцоог компанийн ТУЗ-өөс гаргажээ. Ингэснээр компани засаглалын тал дээр улам бэхжинэ.
Одоогоор Сүү ХК-ийн хувьцааны ханш тийм өндөр биш байгаа ч энэ нь санаа зовох шалтгаан огт биш. Хөрөнгийн захын үнэлгээ багасч, хувьцаануудын үнэ буурч байгаа ч Сүү-гийн хувьцааг зарахаар яарсан хүн байхгүй. Бизнес нь өөрөө урт хугацаанд тогтвортой хөгжих учраас харин ч өнөөдөр хямдаар авбал илүү ашигтай тухай Ц.Наран-Учрал хэлэв.
Сүү ХК нь иргэдийн хувьд үндэсний үйлдвэрийн нэгэн бахархал байдлаар төсөөлөгддөг бөгөөд одоо гаргаж буй нэмэлт хувьцааг зөвхөн арилжааны өнцгөөс хүлээн авах нь учир дутагдалтай. Хэрэв богино хугацаанд их ашиг олж, хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг огцом нэмэгдүүлье гэвэл сүүнийхээ үнийг тодорхой хугацааны туршид өсгөөд явахад болно. Гэхдээ уг компани сүүний зах зээлд суурь үнэ тогтоодог, олон мянган хэрэглэгч, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагатай учраас гаргах хувьцаагаа зөвхөн мөнгө гэж харахгүй байгаа. Тэгэхээр Сүү ХК-ийн хувьцааг авах нь энгийн нэг ХК-ийн хувьцааг авах бус олон нийт хүчээ нэгтгэн улсынхаа ирээдүйн сүүний хэрэглээ, аюулгүй байдлыг баталгаажуулж буй хэрэг юм.
уучлаарай, сүү ХК-ын хувьцаа хэзээнээс хөрөнгийн биржүүдээр арилжаалагдаж эхлэх бол? Би хувьцааны бизнесийг ихэд сонирхож эхэлж байгаа юм аа.
сайн байна уу, 80018386 утсаар холбогдоно уу. Баярлал
218 ₮
Хувьцаа хэдэн төгрөгөөр авах вэ