Бодит түүх өгүүлье. Пүүзний бизнес эрхэлдэг хоёр залуу хүүхдүүдээ гадны их сургуульд суралцуулахаар виз хөөцөлджээ. Нэг нь компани үүсгэн байгуулсан, нөгөөх нь байгуулаагүй бөгөөд сар бүр лангууны патентад 24 мянган төгрөгийн татвар төлөөд пүүзээ борлуулчихдаг. Орлогыг тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээ хэмээн тэрбээр орлогоо нотлоод явдаг байж. Мөнгөн урсгалаар энэ хүн мөнгөтэй.
Харин нөгөө залуу нь алдагдалтай, мөнгөн хөрөнгийн эх үүсвэр нь харьцангуй бага. Гэсэн ч тэрбээр 2 худалдагчаа цалинжуулж, нийгмийн даатгалаа төлж, аж ахуйн нэгж дээрээ тайлангаа гарган түүрээсэндээ суутганаа төлж бүх баримтаа бүрдүүлсэн. Зарим үед алдагдалтай ч гэсэн тайлангаа гаргаж өгнө.
Гэтэл визэнд ороход санхүүгийн сул чөлөөтэй мөнгө сайтай хүнийх нь хүүхдийн виз гаралгүй нөгөө залуугийнх бүтжээ. Энэ явдал 2009 онд болсон бөгөөд тэд хоёул Монголтакс компанийн харилцагч байжээ. Санхүүгийн тайлан гаргаж, өөрөө өөрийгөө тайлагнаж, тодорхойлох нь үнэнд илүү ойр өөрийн түүхийг бүтээдэг бөгөөд үүнд итгэл үнэмшлийг өгдөг аж. Товчхондоо, нэгэнт тайлагнасан тул үйл ажиллагаа нь тасрахгүй гэдгийг ойлгуулна. Харин энэ хүн төлбөрийн чадвартай юу гэдэгт виз гардаггүйн сонгодог жишээ болсныг Монголтакс компанийн үүсгэн байгуулагч, татварын мэргэшсэн зөвлөх Х.Тунгалагмаа Business.mn подкастын 54 дэх дугаарт онцолсон.
Татвар төлөгчөөр бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж буй иргэн, хуулийн этгээд эхлээд ямар төрлийн татвар төлөгч гэдгээ зөв тодорхойлох хэрэгтэй. Бодит байдал дээр орлого нь 50 сая хүрэхгүй бол би юу ч төлөхгүй юм уу гэдэг. Энэ хязгаарлалт нь НӨАТ-ын суутган төлөгчийн болзлын хязгаар. 50 сая төгрөг хүрээгүй бол та НӨАТ суутган төлөхгүй. Өөрөөр хэлбэл, НӨАТ-гүй бараа, ажил үйлчилгээ үзүүлж байна гэсэн үг. Бага дүнтэй ажил үйлчилгээ эрхэлж буй учир 50 сая хүрээгүй хүмүүсийг НӨАТ-ын суутган төлөгч бүртгэхгүй гэсэн үг. Гэтэл манайхан 50 сая хүрээгүй юм чинь ингээд болчихдог гэж ойлгодог. Угтаа үгүй аж. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар, эсвэл хувь хүний орлогын албан татварын хуулиар таны жилийн нийт борлуулалт 50 сая төгрөг хүрээгүй бол та бичил бизнес эрхлэгч гэдэг ангилалд багтах юм. Бичил бизнес эрхлэгч нь жилийн орлого нь үүнд хүрээгүй гэдгийг нотолвол орлогын нэг хувьтай тэнцэх орлогын албан татвар аваад таны зардлыг авч үзэхгүй. Өөрөөр хэлбэл, ингэж орлогоо 50 сая хүрээгүйг нотолчихвол таны орлогод 1 хувийн орлогын албан татвар ногдоно гэдгийг Х.Тунгалагмаа зөвлөсөн.
Бизнес эрхлэгчдийн дийлэнх нь ямар төрлийн татвар төлөгч болж бүртгүүлж буйгаа мэддэггүй. Ажил олгогч хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар суутганы тайланг гаргах ёстой. Ажил олгогч биш юм аа гэхэд хувь хүнд орлого олгосон байж болно. Тэгвэл хүнд орлого олгож байгаа учир суутганы тайлан гаргах ёстой бөгөөд хувь хүний орлогын албан татварын хуулиар би үүрэг хүлээж байгаа явдал. Би өөрөө орлого олж тайлагнахаас гадна суутгагчын үүргийг давхар гүйцэтгэх юм. Тиймээс бизнес эрхлэгч та эхлээд ямар төрлийн татвар төлөгч, хэдэн төрлийн тайлан гаргах, ямар үүрэгтэйгээ хамгийн түрүүнд мэдэх хэрэгтэй.
Татварын эрхзүй нь өөрөө онцлог эрхзүй. Татварын эрх зүй, хууль тогтоомж гэдэг нь нягтлан бодох бүртгэл дээр суурилдаг. Татварын бүртгэл дээр суурилдаг. Илүү нягтлан бодох бүртгэл талруугаа тайлагнах бөгөөд ингэснээр та Монгол Улсын эдийн засагт өөрийн хийж буй орон зайн мэдээллийг бий болгож байна гэж ойлгох хэрэгтэй.
Татварын зардал нь бизнесийн зардлын нэг том элемент. Учир нь аливаа бизнес үйл ажиллагаа нь орлого, зарлага гэх хоёрхон тооны ялгавар. Тэгэхээр орлого нь хязгаарлалттай байдаг бол зардлыг та өөрөө удирдах боломжтой байх нь.
Иймээс бизнес эрхлэгч та хэн нэгэн хянаж цагдах нь гэдэг өнцгөөр биш бизнесээ тайлагнаж явснаар наад зах нь ямар нэгэн тэтгэлэг, хөтөлбөрт орлогоо нотлоход хэрэг болно гэдгийг дээрх жишээ харуулж байна. Товчхондоо, өөрийн бизнесийн тоон түүхийг бүтээж байгаа хэрэг.
Татварын ерөнхий хуулиар татвар төлөгч өөрөө татвар төлөгчөөрөө бүртгүүлэн, татвараа өөрөө тодорхойлж, тайлагнан, төлөх гэсэн дөрвөн үндсэн чиг гүйцэтгэдэг. Гэтэл татвар төлөгчөөрөө бүртгүүлээд бизнес эрхэлж байгаа мөртлөө X тайлан гаргах нь буруу гэв.
Подкастыг бүтнээр сонсох бол энд дарна уу.