АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилттэй, Хөгжлийн Шийдэл ТББ-ийн хэрэгжүүлж буй “Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийн хүрээнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цар тахлын хүнд хэцүү үед бизнесээ амжилттай удирдан яваа хөдөлмөрч дөрвөн эмэгтэйн амжилтын түүхийг цуврал болгон толилуулж байна.
“Их өсөлт” ХХК-ийн захирал, тансаг зэрэглэлийн лааны “Аригун” брэндийг үүсгэн байгуулагч Хорлоогийн Ихбаяр:
Экологийн цэвэр бүтээгдэхүүнүүд ашиглан эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүй, байгальд ээлтэй лааг эх орондоо үйлдвэрлэж байгаа түүний бизнесийн санаа 2012 оноос эхтэй. Таван жилийн бодол, судалгааны үр дүнд анхны бүтээгдэхүүнээ 2017 оны наймдугаар сарын 25-ны өдөр хэрэглэгчдэд хүргэжээ.
Бизнесээ хэрхэн эхлүүлсэн талаар тэрбээр хэлэхдээ: “Англи улсад боловсрол эзэмшээд 2012 онд эх орондоо ирж, төрийн албан хаагч болсон. Гэтэл ороод удаагүй байтал сонгууль болж, халаа сэлгээ эхэлж жирэмсний амралттай байсан намайг хүртэл халсан. Ингээд л цаашид юу хийх, хэрхэх талаараа бодохоос өөр аргагүйд хүрсэн. Англид байхдаа шар буурцгийн тосоор хийсэн лаа их хэрэглэдэг байсан. Европт шар буурцгийн тосоор хийсэн лаа талхтай л адил хэрэглээтэй. Монголд ирээд хайтал ер олддоггүй. Хийдэг хүн байхгүй, импортоор ч орж ирдэггүй байсан. Ингээд л судалгааны ажилдаа ханцуй шамлан орсон. Интернэтээс лааны талаар анхан шатны мэдээллийг авч, улмаар Англи улсад болдог цахим сургалтад сууж орц найрлага, үнэр, тортоггүй, биед хоргүй байлгахын тулд яах ёстой гээд анхан шатны мэдлэгийг олж авсан” гэсэн юм.
Сургалтаас олж авсан мэдлэгээ тэрбээр шууд л бүтээж хэрэгжүүлэх ажилдаа орсон байна. Сав баглаа боодол, бүтээгдэхүүний төрөл дээр ажиллахын хажуугаар лааг хэрхэн гэрийн чимэглэлтэй хоршуулж, экологийн цэвэр хэр нь тансгаар урлах тал дээр ажиллаж эхэлжээ. Лаа гэдэг гэрт асаагаад орхидог эд биш тул аюулгүй байдал, эрүүл мэндийн талд ч сайтар анхаарах ёстойг тэрбээр анхнаасаа тооцсон байна. Тиймээс л түүхий эдийн чанар, аюулгүй байдал зэрэгт өөрийн хэмжээнд судалгаа хийж, өдөр бүр сайжруулна гэсэн зорилттой ажилладагаа онцолж байлаа.
Манай улс тансаг хэрэглээний ихэнхи лааны хэрэгцээг импортоор хангадаг бөгөөд энэ тоо жилээс жилд өссөөр байна. Импортын лааны 95 хувь нь парафин буюу бензинээс гаргаж авсан тосоор хийдэг тул үнэ хямд. Хүмүүс лаа үнэртэй, гэрэл гаргаж байх ёстой гэж боддог ч химийн гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн лаа хэтдээ хор уршиг ихтэй байдаг аж.
Тиймээс дэлхийн зах зээлд эрэлт ихтэй парафингүй, ургамлын, байгалийн гаралтай лааг Аригун брэндийнхэн үйлдвэрлэж байна. “Ашигтай ажиллая гэвэл би парафинаар лаа хийж болно. Гэхдээ Монгол Улсад анх удаа шар буурцгийн тосоор, Монголчууддаа зориулж байгаа учраас чанартай түүхий эдээр хийхийг зорьсон. Богино хугацанд ашиг олохоос илүү урт хугацаандаа үргэлжлэх бизнесийг хийж байна” хэмээн өөрийн итгэл үнэмшил, баримталж буй зарчмаа тэрбээр хуваалцав.
Анх бүтээгдэхүүнээ борлуулах газар хайж явсан тэрбээр одоо 35 орчим дэлгүүрээр борлуулалт хийхээс гадна Говьсүмбэр, Эрдэнэтийн хэрэглэгчдэд ч хүрч чадсан байна. Тэр ч бүү хэл Японы стандартыг давж, 2018 онд нэг тонн лааг экспортолсон байна. Тус улсын лааны холбооны сургалтад сууж, албан ёсны гишүүн ч болоод амжжээ. Харамсалтай нь цар тахлын хязгаарлалтуудын улмаас удаах нийлүүлэлтийн гэрээнд гарын үсэг зурах нь түр хойшлоод байгаа юм.
Бид хэдийгээр жижиг үйлдвэр ч, сууриа маш сайн тавиад чанар, стандартыг хангаж ажиллаж байна. 126 сая хүн амтай энэ том зах зээлд тодорхой хэмжээнд тогтмол экспортлодог болчих юм бол дараагийн улс уруу экспортолно гэж төлөвлөж байна.
Түүний хувьд бусад жижиг, дунд бизнес эрхлэгчийн адилаар ачаалал ихтэй, голдуу борлуулалт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр анхаарал хандуулаад байж. Гэтэл бизнес нь өсөн дэвжиж томрохын хэрээр бизнесээ үр дүнтэй удирдах, дотоод зохион байгуулалт, бизнес төлөвлөлт зэрэг компанийн урт хугацааны хөгжилд нөлөөлөх олон асуудлыг орхигдуулдаг байжээ. Иймд энэ чиглэлээр бусдаас туслалцаа хүсэхээр шийдсэн ба АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, Хөгжлийн Шийдэл ТББ-ийн хамтран хэрэгжүүлж буй BEST хөтөлбөрт хандан компанийн засаглалын сургалт, зөвлөгөөнд хамрагдан олон жил толгойндоо бодож явдаг байсан алсын хараа, зорилгоо бодитоор цаасанд буулгаж хэрэгжүүлж эхэлснээр өмнө нь тэр бүр анхаарал хандуулдаггүй байсан санхүү, хүний нөөц, төлөвлөлт, хяналт зэрэг олон асуудлууд илүү уялдаа холбоотой болж,
компани нь цаашдаа компаниа нэгдмэл удирдлагаар ханган, томорч хөгжих боломж нь нээгдсэн.
Ярилцлагын эцэст тэрбээр бизнест анх удаа хөл тавих гэж байгаа хүмүүст хандан “Нэгдүгээрт тууштай байж итгэл үнэмшилдээ үнэнч байх хэрэгтэй. Судалгааг маш сайн хийх хэрэгтэй. Бизнес сургалт, зөвлөгөө, хэлэлцүүлэгт оролцож өөрийн анзаараагүй өнцгүүдийг бусдаас суралцан олж мэдэн өөрийгөө тасралтгүй хөгжүүлж байх нь чухал” хэмээсэн юм.