Арилжааны банкуудаар дамжуулан олгож буй “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг авахад ямар бэрхшээл тулгарч буйг хувиараа болон жижиг дунд бизнес эрхлэгчдийн төлөөллөөс тодрууллаа.
Ш.Хангал, “Санжайн хишиг” ХХК-ийн захирал
Манай компани эрүүл мэндийн цай үйлдвэрлэдэг, нийт зургаан ажилтантай. Эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх 170 сая төгрөгийн зээл авах хүсэлтэй байгаа бөгөөд хоёр банканд хандсан. Одоогийн байдлаар гурав дахь банканд хандахаар материалаа бүрдүүлээд явж байна.
Зээл авахад тавигдах шаардлагыг ерөнхийд нь хангаж байгаа ч анхан шатны бичиг баримт бүрдүүлэх ажил маш их цаг авч байна. Засгийн газраас НӨАТ төлөгч байх гэсэн ганц шаардлагатай бусад нь банкуудын тавьж буй шалгуур гэхээр хүмүүс НӨАТ төлөгч байх, барьцаа хөрөнгө байхад л болно гэж эндүүрч байна. Банк бүр өөр шалгуур тавьж байгаа ч ерөнхийдөө энгийн зээл авахад тавьдаг шаардлагууд өөрчлөгдөөгүй буюу маш их материал бүрдүүлэхийг шаарддаг хэвээр. Хүүг бууруулснаас өөр ямар нэг байдлаар зээл авах процессыг хөнгөвчилсөн шийдэл алга.
Тухайлбал, сүүлийн зургаан сар үйл ажиллагаа явуулсан байх гэдэг шаардлагыг үйлчилгээний байгууллагууд хангаж чадахгүй. Мөн манайх шиг түүхий эдээ орон нутагт буй хувь хүмүүсээс татдаг байгууллагын хувьд тухай бүрт нь гэрээ хийж, түүнийхээ дагуу мөнгө шилжүүлсэн байх зэрэг шаардлага хүндрэл учруулж байна. Түүхий эдээ олон өөр газраас татдаг бөгөөд 20 орчим хүнтэй очиж эх гэрээ байгуулна гэдэг нь асуудалтай.
Мөн барьцаа хөрөнгийн хувьд Зээлийн батлан даалтын санд хандах шаардлага гарсан. Тус санд хандахад очих шаардлагагүй бөгөөд банкин дээрээс бүх материал бүрдээд явна гэж хэлсэн. Харин банк ЖДҮ-ээр бүртгүүлсэн байх ёстой гэх шаардлагыг тавьсан бөгөөд бүртгүүлэхийн тулд мөн л бөөн материал бүрдүүлэх шаардлагатай гээд чирэгдэлтэй. Засгийн Газар болон Зээлийн батлан даалтын сангаас ЖДҮ-ээр бүртгүүлэх шаардлагагүй гэж байхад банк заавал шаардах гэх зэргээр уялдаа холбоогүй, ойлгомжгүй асуудал их байна.
С.Дөлгөөнбат, Гарьд очир интернэшнл ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Манай Гарьд брэнд нь уламжлалт үндэсний хувцас үйлдвэрлэдэг бөгөөд захиалгаар бус бэлэн бүтээгдэхүүн борлуулахад төвлөрч ажилладаг. Нийт зургаан ажилтантай үйл ажиллагаагаа явуулдаг. Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас Засгийн Газраас Цагаан сар тэмдгэлэхийг хориглосон тул үндэсний хувцасны салбар хүнд байдалд байна.
Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 150 сая төгрөгийн зээл авах хүсэлтэй байна. Анх тавьж байсан шаардлагыг өөрчилсөн нь боломжийн санагдсан тул зээл авахаар шийдсэн. Банк бүр өөр өөрийн шаардлагаа танилцуулсан тул аж ахуйн нэгжүүд сайн судалсны үндсэн дээр өөрт тохиромжтой банкийг сонгох хэрэгтэй юм байна гэж бодсон. Тухайлбал, нэг банк НӨАТ төлөгч байх гэж байхад өөр нэг нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байх гэсэн шаардлагыг тавьж байна.
Манайх шиг жижиг газруудын хувьд ажилтнууд НДШ төлөлгүйгээр цалингаа авах хүсэлтэй байдаг тул ЖДҮ-ээр бүртгүүлж, Зээлийн батлан даалтын сангаар батлан даалгах боломжгүй. Иймд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглах бодолтой байна. Ерөнхийдөө Ажлын байрыг дэмжих зээлийн шаардлага боломжийн санагдаж байгаа.
Н.Уранбилэг, Чарм капитал ХХК /Itaewon Tasty.St/-ийн Гүйцэтгэх захирал
Манай компани мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ солонгос хоолны ресторан ажиллуулдаг. Нийт 18 ажилтантай. Банкуудтай уулзахад нэг жилийн хэрэгцээгээ тодорхойл гэсний дагуу эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэхэд 420 орчим сая төгрөг шаардлагатай гэж үзэж буй. Нийт таван банкаар орсон бөгөөд мэдээллээ цуглуулаад явж байна.
Банкуудын тавьж буй шаардлагаас тогтмол зургаан сар үйл ажиллагаа явуулсан байх гэсэн шаардлагыг манай хоолны газрын хувьд хангах боломжгүй болоод буй. Хэд хэдэн удаа хөл хорио тогтоох үед үйл ажиллагаа нь тасалдаагүй жижиг дунд бизнес бараг байхгүй байх. Иймд сүүлийн зургаан сар тогтмол үйл ажиллагаа явуулсан байх гэдэг шаардлага дээр олон бизнес эрхлэгч бүдэрч байна.
Барьцаа хөрөнгийн хувьд банкуудын үнэлгээ зах зээлийн үнээс ялгаатай бөгөөд үнэлсэн үнийн 70-80 хувиар барьцаа авна гэж байна. Барьцаа хөрөнгөө 100 хувь өөрсдөө хангах боломжгүй тул Зээлийн батлан даалтын сангаар дамжуулъя гэсэн ч чирэгдэл ихтэй гээд банкууд дэмжихгүй байх хандлага ажилглагдсан.
Ц.Бадамхорлоо, Манхан ягаан даль ХХК-ийн Гүйцэтгэл захирал
Манайх хоёр ажилтантай эмийн сан. Эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зорилгоор 100-150 сая төгрөгийн зээл авах хүсэлтэй байгаа ч барьцаа хөрөнгө хангалтгүйн улмаас 50 сая төгрөгийн зээл авах л боломжтой байна. Гэхдээ өөрт буй бүх зүйлээ барьцаалаад ч яг 50 сая төгрөгийн барьцаанд хүрэх үгүй нь тодорхойгүй л байна. Банкуудын тавьж буй шаардлагыг харвал зээл авах шаардлагагүй хэмжээний хөрөнгөтэй байхыг шаарддаг. Манайх эмийн сан тулдаа 50 саяыг авах боломж байна. Гэтэл жижиг дэлгүүр, үйлчилгээний газруудын хувьд барьцаа хөрөнгө багатай тул зээлийн хэмжээг багаар л тогтоогдоно. Манай сумын хэмжээнд (Ховд аймгийн Манхан сум) хамгийн дээд тал нь 50 сая төгрөгийн зээл л авч байна.
Э.Энхмэнд, Хувиараа бизнес эрхлэгч
Би хувиараа мод болон төмөрөөр тавилга, эд хэрэгсэл урлахын зэрэгцээ авто засварын үйлчилгээ үзүүлдэг. Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд хувь хүнд 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгох боломжтой гэсэн ч барьцаа хөрөнгийн асуудал хамгийн хэцүү байна. Орон сууцанд амьдардаг бол түүнийгээ барьцаалаад авч болохсон. Гэвч банкууд хашаа байшин барьцаанд авдаггүй. Тэгэхээр миний хувьд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр буюу хашаа байшин, үйл ажиллагаагаа барьцаалж болохгүй бол юугаа барьцаалах вэ? Үүнээс гадна орлого нотлоно гэхээр сүүлийн хагас жилийн хугацаанд хөл хорионд байсан хүнд нотлоод байх орлого байхгүй шүү дээ. Надад заавал 50 сая төгрөг хэрэггүй материалаа авах багахан мөнгө л хэрэгтэй.
Зээл авахдаа сэтгэл хөдлөлөө дарж үндэслэл тооцоогоо сайн нягтлаарай. Энэ 3 % ийн зээл нь маш богинохон хугацаанд 3 хан жилээр олгож буй нь иргэд, аж ахуйн нэгжээ зээлийн дарамт болох эрсдэл өндөр бна! Ядаж тогтвортой сүүлийн 5 жилийн үыл ажиллагааг нь судалж үзээд хугацааг нь 6-10 жил болговол зээлийн дарамт багатай үр өгөөж өгөх жинхэнэ дэмжлэг болохсон.