Ямар цахим сургалтыг чанартай гэх вэ? Энэ асуултын хариулт оролцогч тал бүрийн хувьд өөр байх биз ээ. Гэхдээ чанартай цахим сургалтын хамгийн гол үзүүлэлт бол сургалтын зорилгыг биелүүлсэн буюу суралцагчдад хичээл нь хүрч чадсан байх юм. Үр дүнтэй цахим сургалт зохион байгуулж, илүү сайжруулахын тулд тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу хэрэгжүүлэх нь зүйтэй.
Цахим сургалтын зохион байгуулалт, агуулга, багшлах ба суралцах арга барил, үнэлгээ зэрэг нь уламжлалт сургалтаас ялгаатай тул үнэлж, сайжруулахдаа ч өөр шалгуурыг баримтлах хэрэгтэй. Цахим сургалтын чанарыг хяналтын тогтолцоог нэвтрүүлснээр оролцогч талуудад дараах давуу талууд бий болдог.
Суралцагч
Заавар чиглүүлэг сайтай, тодорхой зорилгод хөтлөх утга төгс агуулгатай, сонирхол татам суралцахуйн үйл ажиллагаанд оролцоно гэдгээ мэднэ.
Багш, сургагч
Хичээл сургалтаа илүү сайн, үр дүнтэй болгохын тулд нээлттэй зарчмаар харилцан бие биенээсээ санал зөвлөмж авах, суралцах, сайжруулж хөгжүүлэх боломжтой болно.
Сургалтын байгууллага
Сайн туршлага, судалгаанд суурилсан чанарын шалгууруудыг давсан, чанарын баталгаатай курс, хөтөлбөр санал болгож байгаагаа харуулна.
Олон улсад хэрэглэгддэг цахим сургалтын чанарын хяналтын төрөл бүрийн тогтолцоо байдаг бөгөөд заавал биелүүлэх шалгуур үзүүлэлтүүд, байгууллагын дотоод хяналтад ашиглах эсвэл олон улсад хүлээн зөвшөөрөгдөх сертификат олгодог гэх зэрэг өөр өөрийн ялгаатай. Гэхдээ эдгээр тогтолцоо, шалгуур үзүүлэлтүүдийн ерөнхий зорилго адил бөгөөд эцэст нь цахим сургалтын чанарыг сайжруулахад чиглэсэн байдаг.
Энэ хүрээнд Цахим мэдлэг ТББ-аас олон улсын Open ECB Check цахим сургалтын чанарын хяналтын тогтолцоог Монголын нөхцөлд тохируулан нутагшуулаад буй. Уг тогтолцооны дагуу цахим сургалтын чанарын хяналтын баталгаажуулалтыг сургалтын зохион байгуулалт, техникийн шаардлага, агуулгын чанар, хөтөлбөрийн дизайн, медиа агуулгын дизайн, технологи зэрэг үндсэн долоон бүлэг, 47 шалгуур үзүүлэлтэд тулгуурлан хэрэгжүүлэх боломжтой.
Байгууллагууд хэрэгцээ шаардлагадаа үндэслэн эдгээр шалгуур үзүүлэлтээс өөрт тохирохыг сонгож цахим болон холимог сургалтынхаа чанарыг үнэлж, улмаар сайжруулах боломжтой. Шалгуур үзүүлэлтүүдийн дэлгэрнгүйг энэ линкээр орж үзнэ үү.
Цахим сургалтын чанарын хяналтын шалгуур үзүүлэлтүүд болон чанарын хяналтыг хэрэгжүүлэхэд анхаарах зүйлсийг энэ удаагийн “Бизнес цэнэг” вэбинарын үеэр Цахим мэдлэг ТББ–ын үүсгэн байгуулагч Я.Цэцэг-Өлзий танилцууллаа. “Цахим сургалтын чанарын хяналт” сэдвийн хүрээнд явагдсан энэхүү хичээлийг бүрэн эхээр нь энд дарж үзнэ үү.
Хархорум Дижитал Академи, Business.mn сэтгүүлээс Мягмар гараг бүр зохион байгуулдаг “Бизнес цэнэг” вэбинарт ирэх долоо хоногт Ганабелл Институтыг үүсгэн байгуулагч, хүний нөөцийн зөвлөх П.Гандолгор оролцож “Хүний нөөцөө системтэйгээр удирдах нь” сэдвээр хичээл орно. Энэхүү вэбинарыг угтаж хийсэн подкастыг эндээс сонсож хичээлийн тухай мэдээлэл аваарай.
Дараагийн вэбинарт бүртгүүлэх холбоос: https://academy.karakorum.digital/pages/webinars