“ХАА-г дэмжих” зээлийг олгож эхэлнэ
Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд “Хөдөө аж ахуйг дэмжих” 500 тэрбум төгрөгийн зээл багтсан. Уг зээл нь хаврын тариалалтад 100 тэрбум, ноолуур бэлтгэлд 200 тэрбум, малчдыг дэмжих 200 тэрбум гэсэн үндсэн ангилалтай бөгөөд арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан жилийн 3 хувийн хүүтэй олгох юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зээлийн хүүгийн дэмжлэгийн санхүүжилтийн гэрээг Монгол банк, Сангийн яамтай, санхүүжилтийн ерөнхий гэрээг Төрийн, Хаан, Худалдаа хөгжлийн, Голомт, Капитрон, Хас банктай байгуулан хамтран ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүд дээрх арилжааны банкуудаар дамжуулан зээл авах боломжтой бөгөөд хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан зээлдэгчдийн хүсэлтийг цахимаар хүлээн авч байна.
НООЛУУР БЭЛТГЭЛИЙН ЗЭЭЛ
Зориулалт: Бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай, ноолуур самнах болон түүнээс дээш дамжлага бүхий аж ахуйн нэгжид түүхий ноолуур худалдан авахад зориулан шинээр зээл олгох, уг зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх;
Зээл олгох хугацаа: 2021 оны 6-р сарын 30-ны өдрийг дуустал
Ноолуур бэлтгэлийн зээлд дараах шаардлагыг хангасан байна.
- Ноолуур самнах болон түүнээс дээш дамжлага бүхий аж ахуйн нэгж байх;
- Банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцүүлэн тавигдсан бусад шаардлага.
ХАВРЫН ТАРИАЛАЛТЫН ЗЭЭЛ
Зориулалт: Бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх;
Зээл олгох хугацаа: 2021 оны 10-р сарын 31-ний өдрийг дуустал
Хаврын тариалалтын зээл авахад дараах шаардлагыг хангасан байна.
- Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх;
- Өөрийн эзэмшлийн газрын өмчлөх, эзэмших эрхтэй болон түрээсийн газартай байх (гэрчилгээ болон түрээсийн гэрээтэй байх);
- Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах талбай 0.1 га-с дээш байх;
- Өвөл-зуны хүлэмжийн аж ахуй эрхлэгч 30 м2 талбайгаас дээш тариалан эрхлэгч байх;
- Үр тариа, тос, тэжээлийн тариалан эрхлэгчид 1 га талбайгаас дээш байх;
- 2021 хаврын урьдчилсан тариалалтын захиалгын мэдээ;
- Банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцэж тавигдсан бусад шаардлага.
МАЛЧДЫГ ДЭМЖИХ ЗЭЭЛ
Зориулалт: Малчин, мал бүхий этгээдэд хэрэглээний зээлээс бусад банкны ижил төрлийн (малчны) зээлийн бүтээгдэхүүний нөхцөлөөр олгох;
Зээлийн хэмжээ: 50 сая төгрөг хүртэл
Зээл олгох хугацаа: 2021 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал
Зээлийн хугацаа: 3 жил хүртэл
Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 12 сараас хэтрэхгүй
Малчдыг дэмжих зээлд хамрагдах малчин, мал бүхий этгээд дараах шаардлагыг хангасан байна.
- Үндэсний статистикийн хорооны жил бүрийн мал тооллогын “А” дансны мэдээллээр баталгаажсан байх;
- Банкны ижил төрлийн зээлийн бүтээгдэхүүнд тавигдах бусад шаардлага болон энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцүүлэн тавигдсан бусад шаардлага.
Дараалсан 7 биш, 5 жилээр тэтгэврийн хэмжээг тооцох хуулийн төсөл өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Б.Бейсен нар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа
Өнөөдөр манай улсад 317 мянга орчим өндөр насны тэтгэвэр авагч байдаг ба 2017 онд тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн, 2018 онд өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралттүй төлсөн 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг нэмэгдүүлж, 7 жил буюу 84 cap болгосон нь иргэдийн гap дээр ирэх тэтгэврийн дүн багасахад хүргэсэн гэж төсөл санаачлагчид үзэж байна.
Иргэдэд олгож байгаа тэтгэвэр нь тухайн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаа болон шимтгэл төлсөн дундаж цалин хөлснөөс шууд хамааралтайгаар бодогддог тул хугацааг багасгах ёстой гэж үзсэн байна.
Хуулийн төсөлд тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай, дараалсан 5 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тодорхойлох зохицуулалтыг тусгажээ.
Ингэснээр иргэдийн өндөр насны тэтгэврийн гар дээр авах мөнгөн дүн бодитоор нэмэгдэх бөгөөд иргэд өөрсдийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс өндөр насны тэтгэврээ авч байгаа учир улсад төсөв, эдийн засгийн эрсдэл, хүндрэл учрахгүй гэж үзэж байгаа юм.
ЖДҮ эрхлэгчид 214 сургалтыг цахимаар үнэгүй сурах боломжтой болов
Цар тахлын улмаас бизнес эрхлэгчдэд олон гэнэтийн, урьдчилан таамаглаагүй нөхцөл байдалд дасан зохицож ажиллах хэрэгтэй болоод байгаа.
Эдгээр тулгамдаад буй хүндрэлүүдэд дэмжлэг болгон Европын Холбооны санхүүжилттэйгээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, ЕСБХБ хамтран Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулан 17 багц сэдвийн хүрээнд 214 сургалтыг цахимаар сурах боломжтой болгож байгааг мэдээллээ.
Цахим сайтад байршуулсан сургалтуудад бүрэн хамрагдаж судалсны үр дүнд сертификатаар баталгаажуулж авах давуу тал сургалтын үр дүнг бий болгож байна.
эдгээр сургалтууд нь нийт 17 сэдвийн хүрээнд Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд Засгийн газраас хэрэгжүүлж буй дүрэм журмууд болох Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого, ЖДҮХСангийн зээл, Зээлийн Батлан Даалтын үйлчилгээний тухай, Бүтээгдэхүүний тохирлын үнэлгээ, Хоршооны төрөл, давуу тал зэрэг сэдвээр мэдээлэл авах боломжтой. Мөн бизнест түгээмэл тулгардаг асуудлууд болох Санхүү, стратеги төлөвлөлт, Маркетинг, Хүний нөөцийн менежмент, Эрсдэл , хямралын үеийн менежмент зэрэг олон сэдвээр мэдлэгээ тэлэхийн зэрэгцээ хэрэгжүүлж болохуйц олон санааг авах болно.
сургалтыг хаанаас ч, хэдийд ч Жижиг, дунд үйлдвэрийн газрын https://www.youtube.com/channel/UCbkJljjC4rdL1w_2mdsgmeQ хаягаар орж сурах боломжтой.