E-Mongolia иргэд, олон нийтэд үйлчлэх төв нээгдлээ
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia Төв Шуудангийн нэгдүгээр давхарт иргэд, олон нийтэд үйлчлэх төвөө нээлээ.
Тус төв нь “e-Mongolia” системээр үзүүлдэг төрийн 50 орчим байгууллагын 516 цахим үйлчилгээний талаар заавар, зөвлөмж, туслалцаа үзүүлэх юм. Үүний зэрэгцээ тус төвөөр дамжуулан иргэд төрийн байгууллагын талаар санал хүсэлт, шүүмжлэл, гомдол, талархлыг биечлэн хүргэж болох юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв нь E-Mongolia үйлчилгээний төв болон өргөжиж байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар e-Mongolia системээс давхардсан тоогоор төрийн 1,6 сая үйлчилгээг иргэд цахимаар авчээ. Хэрвээ иргэд маань e-Mongolia мобайл апп болон веб хуудаснаас өөрт хэрэгтэй үйлчилгээгээ авахад ямар нэг хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа бол энэ төвөөр ирж үйлчлүүлэн зааварчилгаа авах боломжтой юм.
МҮХАҮТ-аас “Ковидын дараах эдийн засгийн Их сэргэлт” санаачилгыг дэвшүүллээ
Дэлхийн эдийн засгийн форумын эрсдэлийн шинжээчдийн үзэж байгаагаар коронавирусийн тархалтаас улбаатай энэ удаагийн нийгэм, эдийн засгийн хямрал нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн хохирол ихтэй хямралд тооцогдож буй учраас эдийн засагт “Great reset” буюу их сэргэлт хийхийг уриалав.
🇲🇳Монгол Улсын хувьд 1990 оны системийн уналтаас хойших хамгийн том эдийн засгийн хямрал 2020 онд цар тахлын улмаас бий боллоо. Хямралын нөхцөл байдал энэ оны эхний хагаст ч үргэлжилсээр байна. Энэхүү хямралд 548 мянган ажлын байр гүнзгий өртөж, 2020 онд Монгол Улсын ДНБ 5.3 хувиар агшив. Хямралд гүнзгий өртсөн бизнесийн 80 гаруй хувь нь 1-9 хүртэлх ажилтантай, ЖДҮ эрхлэгч нар байна.
МҮХАҮТ нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд нүүрлэсэн хямралыг богино хугацаанд гэтлэх, даван туулах, эдийн засгаа эргэн сэргээх, эрчимжүүлэх “Ковидын дараах эдийн засгийн Их сэргэлт” санаачилгыг дэвшүүлж байна.
Тус санаачилгад,
- Татвар, Нийгмийн даатгал, Зөрчлийн өр төлбөрөөс чөлөөлж дэмжлэг үзүүлэх замаар эдийн засгийн тохируулга хийх (Нийгмийн даатгалын шимтгэл ба татварын өр төлбөр, алданги торгуулиас чөлөөлөх, хөнгөлөх, Зөрчлийн хуулиар тавьсан торгууль, алдангиас чөлөөлөх, Монгол Банкны мэдээллийн санд ангилал буурсан аж ахуйн нэгж, иргэдийн ангиллыг сайжруулах)
- Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг бууруулах
- Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн засаглал, удирдлагын тогтолцоонд эрс шинэчлэл хийх, хувьчлах
- Зөвшөөрлийн тухай хуулийг батлан гаргаж, зөвшөөрлийн тоог цөөлөх, зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулах, ил тод болгох
- Ковидын улмаас үүссэн эдийн засгийн хямралын дараах гарааны тэгш боломжийг олгох
- Эдийн засгийг эрчимжүүлэх тусгай нэгжийг байгуулах зэрэг саналууд багтжээ.
3 хувийн хүүтэй зээлийн явц
Монголбанкны 2021 оны тав дугаар сарын 03-ны өдрийн мэдээгээр 3 хувийн хүүтэй зээлд нийт 5.5 их наядын 48.9 мянган зээлийн хүсэлт ИРҮҮЛСЭН. Үүнээс 648.7 тэрбум төгрөгийг 9400 (1,443 ААН, 7,957 иргэн) зээлдэгчид ОЛГОСОН. 366.7 тэрбум төгрөгийн 2850 хүсэлтэд ТАТГАЛЗСАН. Нийт хүсэлтийн 81.7% судалгааны түвшинд буюу ХҮЛЭЭГДЭЖ байна.