Монгол-Солонгосын “Invest in Mongolia-Seoul 2021” бизнес форум 6 дугаар сарын 23-нд цахимаар зохион байгуулагдлаа. Бизнес форумд БНСУ-ын талаас 100 гаруй, Монголын талаас 200 гаруй төлөөлөгч тус тус оролцож хоёр улсын бизнесийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжуудын тухай саналаа хуваалцав.
Монгол-Солонгосын худалдааны хэмжээ 1990 онд 2.7 сая ам.доллар байсан бол өнгөрсөн жил 290 сая ам.долларт хүрч 108 дахин өссөн байна. Хоёр улсын экспортолж буй бүтээгдэхүүнийг хэмжээгээр нь авч үзвэл БНСУ-аас хүнс, автомашин, барилга, уул уурхайн тоног төхөөрөмж, гоо сайхны бүтээгдэхүүн гэсэн дараалалтай байгаа бол Монголоос ноос ноолууран бүтээгдэхүүн, метал ашигт малтмалын гаралтай бүтээгдэхүүн, ноос, метал бус бүтээгдэхүүн гэсэн дарааллаар экспортолж буй.
Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас БНСУ руу экспортлох хүсэлтэй гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүд хөнгөлөлтөд хамрагдаагүйг БНСУ-ын Олон улсын эдийн засгийн бодлогын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Мин Хён Жонг илтгэлийнхээ үеэр онцоллоо. Нөгөө талаас өргөн ангиллын хүрээнд татварын хөнгөлөлт эдэлснээр давуу тал бий болох боломжтойг мөн тэмдэглэв. Тухайлбал, БНСУ-аас хөнгөлөлттэй экспортолж буй бүтээгдэхүүнүүд эрдэс, ашигт малтмалын боловсруулалт дээр ихээхэн дэмжлэг болно гэлээ.
Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд харьцангуй зогсонги байдалтай байсныг УИХ-ын гишүүн, Монгол-БНСУ-ын парламентийн бүлгийн дарга Д.Өнөрболор тэмдэглэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалтын орчин, хууль эрх зүйн орчин тодорхой болсноор хоёр улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж найдаж буйгаа илэрхийллээ. Тэрбээр Солонгосын талаас Монгол Улсын ХАА, биотехнологи, эрчим хүч, дижитал технологийн салбарт онцгой анхаарч хөрөнгө оруулахыг уриалж Монгол Улсын олон улсын зах зээлд төлөөлдөг сүү, сүүн бүтээгдэхүүн болон ноос ноолууран бүтээгдэхүүнийг сайжруулах боломжуудыг судалж үзэхийг хүсэв.
Хөрөнгө оруулалттай холбогдуулан Имарт ХХК, барилгын “Ильсүнг” компани болон “Эм Ай Ю” дээд сургуулийн төлөөллүүд Монгол Улсад амжилттай хөрөнгө оруулсан туршлагаасаа хуваалцав. Харин Монголын талаас “Чимэгэ” систем, сэргээгдэх эрчим хүчний “Nomadic Powerbox”, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Zoson”, Монголын бяслаг урлаачдын холбоо (MACU), “Солонго” хараа заслын лазик төв зэрэг хувийн төслүүд болон Монголын ноос ноолуурын холбооны “Монголын Хаан Ширхэгт ноолуурын тохирлын үнэлгээ болон тогтвортой үйлдвэрлэл” болон “Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах төсөл” зэрэг томоохон төслүүд танилцуулгаа хийлээ.
Яагаад Солонгосын хөрөнгө оруулагчдыг сонирхох болсон, зах зээлээ тэлэх ямар нөөц бололцоотой болон санал болгох давуу талуудаа танилцуулж үндэсний компаниудын төлөөлөл дараах хариултыг өглөө.
“Чимэгэ Системс” компанийн үүсгэн байгуулагч С.Бадрал
Бид Төв Азийн зах зээлд нэвтрэх, тухайн улсуудын хэлний асуудлыг шийдэх замаар зах зээлээ тэлэх бодолтой байгаа тул Солонгосын хөрөнгө оруулагчдыг сонирхож байна. Бидний хувьд олон улсын компани гэсэн брэндийг бий болгох нь чухал учраас хамтрагч, түнштэй болох нь илүү үр дүнтэй гэж үзэж байна. Эхний ээлжинд Казахстан, цаашлаад Киргиз, Узбек, Туркменистан зэрэг улс руу чиглэсэн экспорт хийх боломжтой.
Монголын бяслаг урлаачдын холбооны холбооны тэргүүн Майкл Морроу
Өндөр зэрэглэлийн, тансаг бүтээгдэхүүн болсон бяслагийг Монголд үйлдвэрлэх боломжтой. Малын хувьд хонь, ямаа, хайнаг үхэр, тэр байтугай цаа бугын сүүнээс гээд олон төрлийн өвөрмөц органик бяслаг гаргаж болно. Монгол Улсын хувьд түүхий сүүний нийлүүлэлт дотоодын эрэлтээс давдаг учраас экспортлох нь зах зээлийн гарц болно гэж үзэж байна. Бидний хувьд бяслагаа туршилтын журмаар хэд хэдэн улс руу гаргаад байгаа ч хоёр улсын хоорондын түншлэлийн хүрээнд бүтээгдэхүүнээ баталгаатай экспортлох хүсэлтэй байна.
Бидний үйлдвэрлэж буй бяслаг Солонгосын зах зээлд нэвтэрснээр тус улсад борлуулагдаж буй ижил төстэй бүтээгдэхүүнүүдтэй үнээрээ өрсөлдөхгүй ч хэрэглэгчдэд өмнө нь амталж үзээгүй амтыг мэдрүүлэх болно. Тиймээс өвөрмөц амт, чанар, органик гэсэн давуу талаараа танигдах боломжтой.
“Солонго” хараа заслын ЛАЗИК төвийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг
Бид эрүүл мэндийн аялал жуулчлалын чиглэлээр хангалттай орлого олж, хөрөнгө оруулагчиддаа үр өгөөж өгөх боломжийг амлаж чадна. Солонгос-Монголын хооронд эрүүл мэндийн салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсээр ирсэн. Тэр дундаа монголчууд эрүүл мэндийн аялал жуулчлалаар БНСУ-г зорьдог. Гэхдээ хараа заслын чиглэлийн хагалгааны зардал Монголд 3 дахин хямд байна. Тиймээс харилцан ашигтай хамтын ажиллагаа явуулах бүрэн боломжтой гэж үзэж байна.
Бидний хувьд байгальд ээлтэй хаягдалгүй технологи ашиглан ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ давуу талтай. Манай брэнд Солонгосын компаниудтай тодорхой хэмжээнд хамтран ажилладаг бөгөөд тус улсын онлайн дэлгүүрүүдэд манай зарим бүтээгдэхүүн борлуулагдаж байна. Тиймээс Солонгосыг хамгийн ойрын бөгөөд потенциальтай зах зээл гэж үзэж буй.
Тус арга хэмжээний тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.