“Тахлын үеийн бизнес” цуврал үргэлжилж байна.
Бизнесийн нэр: “Route 22″, “Zoma”, “Greeno” ресторан
Чиглэл: Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ
Захирал: Н.Болормаа
Санал: Үнэхээр дэмжлэг үзүүлэх гэж байгаа бол Ажлын байрыг дэмжих гурван хувийн зээлийг хүрэх ёстой хүмүүст нь хэл амгүй хүргэж, НДШ-ээ бууруулж, НӨАТ-ыг шатлалтай болгох, эсвэл бууруулж бүгд шударгаар төлдөг болгох хэрэгтэй.
Бизнес эрхлээд таван жил болж буй Н.Болормаа Ковид-19 цар тахал дэгдэхээс өмнө дөрвөн ресторанаа хариуцан амжилттай ажиллуулж байсан ч хөл хорио тогтоосны улмаас нэг бизнесээ зарж, өдгөө “Route 22”, “Zoma”, “Greeno” гэсэн өөр өөрийн онцлог бүхий концепцтой зоогийн газруудаа ажиллуулж байна. Гэсэн ч 2020 оны эхээр хөл хорио тогтоохоос өмнө нээсэн “Greeno” ресторанаа зарах уу, эсвэл концепцоо өөрчлөн цааш үйл ажиллагаа явуулах уу гэдгээ хараахан шийдээгүй байна хэмээсэн юм.
2020 оны 11 дүгээр сард цар тахал манай улсад дэгдсэнээс хойш танай борлуулалт болон үйл ажиллагаа хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Өнгөрсөн оны эхэн үеэс нийтээр хөл хорио тогтоож, цагийн хязгаарлалт хийж эхэлсэн нь борлуулалт 30-50 хувиар буурахад хүргэсэн. Хөл хорионоос өмнөхөн бид эрүүл хооллолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах, дэргэдээ дэлгүүр, кафетай цогц концепцыг боловсруулж, “Greeno” ресторанаа нээгээд удаагүй байсан ч хаахаас аргагүйд хүрсэн. Харин одоо концепцоо өөрчилье, эсвэл заръя гэсэн төлөвлөгөөтэй байгаа ч шийдвэрээ хараахан гаргаагүй байна.
Ажлын байрыг дэмжих 3 хувийн зээл авахад ямар хүндрэлтэй тулгарсан бэ?
Төрөөс аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор гурван хувийн хүүтэй зээл олгохоор шийдвэрлэсэн тул өнгөрсөн гуравдугаар сард багтаан бид банканд материалаа бүрдүүлж өгсөн ч одоог хүртэл шийдвэр гараагүй, хариу өгөөгүй байна. Хэдхэн хоногийн өмнө холбогдоход санхүүжилтын эх үүсвэр дууссан гэж хариулсан. Аж ахуйн нэгжүүдээ дэмжиж хөнгөлөлттэй зээл олгоно гэсэн ч хүрэх ёстой хэсэгтээ хүрч чадахгүй байна. Харилцагч банкны зүгээс анх “Яг л танайх шиг байгууллагыг ажлын байраа хадгалан үлдээхэд дэмжих зорилгоор өгч байгаа зээл учраас санаа зоволтгүй. Танайх манайхаас олон удаа зээл авч байсан, зээлийн түүх сайтай байгууллага” гэж хэлж байсан. Бид ч бүхий л шаардлагыг нь хангаж байсан боловч санхүүжилт зогссон гэх шалтгаанаар зээл авч чадаагүй л байна.
Таны хувьд төрөөс ямар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа вэ?
Аж ахуйн нэгжүүд НДШ гэж нийт 21 хувийг төлж байна. Энэ тоо энэ сараас 26 хувь болно гэж буй. Эсрэгээрээ НДШ-ийн хөнгөлөлтөө сунгах талаар албан ёсны шийдвэр гараагүй л байна. Хэрэв үнэхээр бизнес эрхлэгчдээ дэмжье гэж байгаа бол НДШ-ээ хөнгөлвөл илүү бодитой дэмжлэг болж чадна. Өнгөрсөн хугацаанд бид цалингаа аль болох бүтэн олгохыг эрмэлзэж байсан ч он гарснаас хойш боломжгүй болсон. Манайх 50 орчим ажилтантай учраас цалингийн зардал өндөр. Ер нь ямар ч байгууллага олон сарын турш цалингийн өндөр зардлыг дааж явахад хүндрэлтэй. Тиймээс нэгдүгээр сараас хойш бид ажилтнуудаа ажилласан цагаар нь цалинжуулж эхэлсэн. Цалингаа олгохыг л эн тэргүүнд тавьсаар ирлээ.
Шийдэхэд хамгийн хэцүү асуудал бол түрээс. Зарим газар хөнгөлж байгаа бол ганц нэг нь түрээсээ 100 хувь авч, байнга нэхэж байна. Хэрэв төлөхгүй бол гаргана гэх асуудал ч яригдаж байна. Гэтэл бид хуучны барилгын цонх, хаалгыг сольж, сантехник, цахилгаан, агааржуулалт гээд шаардлагатай бүхнийг шинэчилж, шинээр шийдэж, их хэмжээний хөрөнгө оруулалтаар засаж тохижуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн ч ийм хариулт сонсоод л сууж байна. Дээр нь ашигтай, ашиггүй ажиллаж байгаагаас үл хамааран бид 10 хувийн НӨАТ, нэг хувийн НХАТ (Нийслэл хотын албан татвар) төлж буй нь ихээхэн ачаалал болдог. Энэ татварууд хуримтлагдаж 40 сая төгрөг болчихоод байгаа. Татвараас байнга залгаж байна.
Төрөөс үнэхээр дэмжлэг үзүүлмээр байгаа бол НӨАТ-ын 10 хувиа шатлалтай болгомоор байна. Тухайн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, ашиг орлогын хэмжээ, зардлуудыг тусгаж үзэх, мөн үйл ажиллагаа явуулсан хугацаанаас хамаарч татварыг өөр хооронд нь ялгаатай байдлаар тогтоомоор байна. Жишээлбэл, олон жил үйл ажиллагаа явуулсан, дөнгөж эхэлж буй байгууллагуудын төлөх татварын хэмжээ ялгаатай байх гэх мэт. Төлбөр өндөр хувийн сургууль, цэцэрлэг, гоо сайхны эмнэлэгүүд, хувийн эмнэлэг зэрэг татвараас чөлөөлөгдсөн олон газар бий. Ковид-19-ийн үеэр ашигтай ажилласан зарим бизнесийнхэн татвар төлөхгүй байна. Энэ өөрөө шударга зүйл үү? гэсэн асуудал гарч ирж байгаа юм.