Оюутан болж амьдралын алтан босгоор алхана гэдэгт баар цэнгээний газрын босгоор алхах явдал бас багтана. Үүнийг “шоудах хэрэгцээ” гэж нэрлэе. Гэхдээ уг хэрэгцээг хангах санхүүгийн боломж тэр болгон байхгүй.
Олон оюутны хувьд хамгийн үнэтэй “капитал нь” гар утас. Найз нөхөд, ангийнхан дундаа юм үзээгүй гэж хэлүүлэхийг хүсээгүйдээ эсвэл өгөөмөр загнаж буйгаа харуулах гэсэндээ гар утсаа ломбарданд тавьж наргиж цэнгэдэг тохиолдлыг бид бүгдээрээ мэднэ. Халамцуу яриа, баарны хөгжимд сэтгэл хөөрсөн үедээ мөнгө олж чадсандаа баярлана. Гэвч дараа нь барьцаанд тавьсан эд зүйлээ буцааж авах болж мөнгөний эрэлд гарахдаа Монголд ломбард олон байдгийг нь харааж зүхнэ.
Зарим эцэг, эх банкнаас зээл авч чадахгүй бол сургалтын төлбөр олохын тулд үе дамжиж ирсэн эмээл, хазаар, хөөрөг зэрэг үнэт эдлэлээ барьцаанд тавина. “Уг нь өвөг эцгийнхээ эдэлж хэрэглэж явсан юмыг ингэж болохгүй. Гэхдээ хүүхдийн заяа түших байлгүй” гэж өөрсдийгөө тайвшруулна.
Гэрлээд удаагүй залуу хосууд ч бас үе үе мөнгөний гачигдалд орох шалтгаан олон. Хүүхэд өвдөнө, Солонгосын виз мэдүүлэх хэрэг гарна. Найз, нөхөд, хамаатнууд мөнгө зээлүүлэх боломжгүй бол хуримын бэлгэнд цугларсан мөнгөн аяганууд, зурагт сэлт бас л ломбарданд явна. Тэдгээрээс нэлээдгүй нь гэртээ эргэж “ирэхгүй”.
Нэг үгээр, ломбард нь Монголын нийгмийн салшгүй хэсэг, хүмүүсийн амьдралын төлөв байдлыг илтгэх нэгэн индикатор болсон. Гэвч зээлийн энэ төрлийн харилцаа ямар ч зохицуулалтгүй, нийгэм, эдийн засгийн олон сөрөг үр дагавартай хэвээр байна.
Ломбардыг тойрсон хачирхалтай, сонирхолтой тоонууд
ЦЕГ-ын мэдээллээр манай улсад 1000 орчим ломбард ажиллаж байгаагаас 872 нь Улаанбаатарт. Тэдгээрээс нэг эзэнтэй боловч 30-40 салбартай ломбардын сүлжээ ч цөөнгүй аж.
Харин Татварын Ерөнхий Газрын тоо баримтаар 2020 оны хоёрдугаар сарын байдлаар ломбард ажиллуулдаг 294 татвар төлөгч 33.5 тэрбум төгрөгийн борлуулалтаасаа 2.5 тэрбумын татвар төлжээ. Гэвч УБЕГ-ын нээлттэй мэдээллийн сангаас харахад нэг ААН ломбарднаас гадна гурваас доошгүй өөр үйл ажиллагаа эрхэлдэг, мөн нэг ААН 10 гаруй үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлсэн тохиолдол цөөнгүй байна. Жишээ нь, ломбарднаас гадна амралтын газар, барилга болон барилгын материал, газар тариалан, фермер, зуучлал, цайны газар, зочид буудал, автомашины худалдаа, сургалт, үсчин, гоо сайхан, спиртийн үйлдвэрлэл зэрэг давхар үйл ажиллагаа явуулдаг байна. Тиймээс зөвхөн ломбарднаас олсон орлого, түүнд төлсөн татварыг тодорхойлох боломжгүй аж.
Ломбард ажиллуулах тусгай зөвшөөрөлгүй 4137 хуулийн этгээд 91 980 орчим барьцааны гэрээ байгуулсан нь тун түгшүүртэй мэдээ юм.
Өөрөөр хэлбэл, ломбард ажиллуулагчдын тоо, нэгдсэн бүртгэл тодорхойгүй. ЦЕГ-ын мэдээлсэн 1000 орчим ААН-ийн 600 гаруй нь огт татвар төлөөгүй нь нийт зээлийн хэмжээ болон бичил санхүүгийн зах зээл дэх мөнгөн эргэлт, татвар төлөлтийг бодитой тогтоох боломжгүй болгож байна.
Үүнээс гадна ломбардууд зээлийн хүүг дураараа нэмэх, өндөр түвшинд барих, анз (алданги, торгууль) тооцох, цөөн хоногоор өндөр хүү, алдангитай зээл өгч мөнгө хүүлэх, барьцааны эд зүйлийн үнэлгээг багаар тооцох, барьцааг зарж борлуулсан бол зөрүү мөнгийг буцааж өгдөггүй зөрчлүүд их.
2017 оны гуравдугаар сард Нийслэл болон дүүргүүдийн цагдаагаас “Ломбард” нэртэй нэгдсэн арга хэмжээ явуулахад 2016 оноос эхлээд нэг жил гурван сарын хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа 598 ломбард бүртгэжээ. Эдгээр ломбардад зах зээлийн хамгийн доод ханшаар үнэлэхэд 32.43 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгө барьцаанд байсан аж. Ломбардууд алт, монет, гар утас, зурагт, мэргэжлийн камер, мөнгөн эдлэл гэх мэт барьцааны зүйлийг ангилан зарладаг нь хулгайчдын дунд барьцааны эдгээр зүйлс эрэлттэй болоход хүргэдэг гэж цагдаа нар ярьдаг.
2020 оны наймдугаар сард ШӨХТГ-аас 180 ломбардын үйл ажиллагааг шалгахад барьцааны эд зүйлийг зах зээлийн үнээс 50-80 доогуур үнэлдэг, хугацаа нь дуусмагц сануулах мэссэж явуулж дараагийн өдрөөс нь зөрүү тооцохгүйгээр үл маргах журмаар худалдан ломбардын орлого болгодог нь тогтоогджээ. Мөн хугацаа дуусахаас өмнө эд зүйлээ эргүүлж авсан ч гэрээнд заасан хоногоор хүү тооцож авдаг зөрчил илэрчээ.
Улсын бүртгэлийн мэдээллээс харахад 2020 оны зургадугаар сарын байдлаар 56 990 гаруй үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ бүртгэлтэй байна. Харин тусгай зөвшөөрөлгүй 4137 хуулийн этгээд 91 980 орчим барьцааны гэрээ байгуулсан нь тун түгшүүртэй мэдээ юм. Учир нь үүний цаана санхүүгийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй компани болон иргэд байнга, ашиг олох зорилгоор үл хөдлөх барьцаалан өндөр хүүтэй зээлийн үйл ажиллагаа явуулж буйг харуулна.
Зээлийн гэрээтэй холбоотой маргаанууд нь шүүхийн ачааллыг ихэсгэдэг маргааны гол төрөл бөгөөд шүүхийн маргааны 39 хувийг эзэлдэг. Энэхүү 39 хувь дотроос бүртгэлгүй, тусгай зөвшөөрөлгүй ч ашгийн төлөө байнга зээл олгодог компани, иргэнтэй холбогдох маргаан 20 гаруй хувийг эзэлдэг. 2019 оны байдлаар Иргэний хуулийн 281-286 дугаар зүйлийн дагуу хийгдсэн зээлийн гэрээний маргаанууд иргэний хэргийн шүүхийн нийт шийдсэн маргааны 25 хувийг эзэлжээ. Харин банк, ББСБ-тай холбоотой маргаан 14 хувийг эзэлж байна.
2018 оны зургадугаар сард Монголбанкнаас иргэдийн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын хязгаарыг тогтоож өгсөн. Энэ шийдвэрээр сард төлөх зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр нь сарын орлогын 70 хувиас хэтэрч болохгүй гэж заасан билээ. Ингэж зээлийн таазыг тогтоосон нь банкууд хэрэглээний зээл олгохоо багасгаж, иргэд ломбард болон хувиараа зээл олгогч хувь хүнээс мөнгө зээлэх хандлага ихэсчээ.
Хархорин захын 20 худалдаа эрхлэгчээс авсан асуулгын дүнгээс харахад тэдний найм нь өдрийн зээлтэй байв. Өдрийн зээл нь сарын 10-12 хувийн хүүтэй. Хүүг нь бодохдоо үндсэн зээл, хүүг нэмээд 30 эсхүл 22 хоногт хувааж өдөр бүр төлөх ёстой. Өөрөөр хэлбэл, нэг сая төгрөгийг 30 эсвэл 22 хоногт 1.2 сая болгон эргүүлж төлнө.
Зээлийн гэрээтэй холбоотой маргаануудын 20 гаруй хувийг бүртгэлгүй, тусгай зөвшөөрөлгүй ч ашгийн төлөө байнга зээл олгодог компанйи, иргэнтэй холбогдох маргаан эзэлдэг.
Өдрийн зээл өгөхдөө лангуу түрээсэлсэн бичгийг нотариатаар баталсан гэрээнд хавсаргадаг, нотариатын мөнгийг зээлдэгчээр төлүүлдэг, дарамталдаг, гэрт нь, ажил дээр нь очдог, утсаар байнга залгадаг зэргээр эрхийг нь зөрчдөг байна.
2010-2020 онд зээлийн гэрээнээс үүдэлтэй 1700 орчим залилангийн хэрэг бүртгэгджээ. Ялангуяа 2014 оноос эрс өсч жилд дунджаар 300 орчим ийм гэмт хэрэг гарч байна.
Эрх зүйн гаргалгаа
УИХ-аас энэ оны нэгдүгээр сард цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа ломбардын хүүг ирэх долдугаар сарын 1 хүртэлх хугацаанд сарын гурван хувь, алдангийг 0.2 хувиас тус тус хэтрүүлэхгүй, барьцаа хөрөнгийг зарж борлуулахгүй байхаар тогтоож байсан. Түүнээс хойш дахин сунгаагүй.
Гадаадын улс орнууд зээлийн хүүгийн дээд хэмжээг ББСБ болон ломбардуудад ялгавартай тогтоох замаар зохицуулдаг.
Монгол Улс 2015 оноос ломбардын хүүг цэгцлэх оролдлого хийж Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан. Иргэний хуулийн 281.3 дахь хэсгийг “Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна” гэж өөрчилсөн ч Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хууль зөрчсөн заалт гэж үзээд хүчингүй болгосон.
Одоогоор хүчин төгөлдөр үйлчилж буй Иргэний хуулийн “… зээлийн гэрээний талууд харилцан тохиролцож хүү тогтоож болно” гэсэн агуулгатай заалтууд нь зээлийн харилцааг ашигла мөнгө хүүлэх, татвараас зайлсхийх зэрэг сөрөг үзэгдлийг хазаарлаж чадахгүй байгаа. MNS 5274 : 2017 “Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих стандарт” үндэсний стандарт байгаа ч хэрэгжилт хангалтгүй байгаа.
Уг нь ашиг олох зорилгогүй иргэд хоорондын зээлийн гэрээний харилцааг (C2C) ашиг олох зорилготой, байнгын тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг этгээдээс (В2C) ялгаж, тус бүрд нь үйлчлэх нөхцлийг тодорхойлж өгөх ёстой. Ингэснээр зээлийн хүүгийн хэмжээг дураараа тогтоож мөнгө хүүлэхээс сэргийлнэ. Хэрэв ашгийн төлөө байнга үйл ажиллагаа эрхлэх бол бүртгүүлэх, бүртгүүлээгүй бол хүү авах боломжгүй байх, харин иргэд хоорондын ашиг олох зорилгогүй, нэг удаагийн шинжтэй зээлийн гэрээнд хүү тохиролцож болох зарчмыг ялгавартайгаар хуулинд суулгаж өгөх учиртай.
Яг ийм үзэл баримтлалаар 2021 оны нэгдүгээр сард Засгийн газраас “Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай” хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ. Уг хуулийн төслөөр мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулах этгээдүүдэд шаардлага тавьж, бүртгэлжүүлэхээс гадна зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээ байгуулах зэрэг зохицуулалтыг суулгаж өгчээ. Мөн мөнгөн зээлийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх, ийм зээлийг хянах, маргаан таслах заалтууд оржээ.
Хууль батлагдвал ломбард, өдрийн зээлээс болж санхүүгийн хүндрэл, дарамт шахалтад орж, цаашлаад гэмт хэргийн золиос болохоос сэргийлэх эрх зүйн орчин бий болно гэж хууль боловсруулагчид үзэж байна. Мөн барьцааны зүйлтэй холбоотой хулгай, залилангийн хэрэг буурч, татвар төлөлт шударга болно.
Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө хувийн хэвшлийг дэмжсэн Арилжааны багц хууль боловсруулахаар тусгасны дотор дээрх хуулийн төсөл багтаж байна. Мөн зээлийн хүүг бууруулах стратегийн хүрээнд ч ломбардын асуудал багтаж байна.
Хуулийн төсөлд тусгаснаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл ажиллах бөгөөд бүрэлдэхүүнд нь Монголбанк, СЗХ, Сангийн яам, Хууль зүйн яам, ШӨХТГ, цагдаа, МҮХАҮТ-ийн төлөөлөл орно. Энэ зөвлөлөөс ломбардын хүүгийн дээд хэмжээг тогтооно. Хууль боловсруулагчид хүүгийн дээд хэмжээ сарын 10 орчим хувьтай байх болов уу гэж тооцоолж байна.
Өнгөрсөн тавдугаар сард Хууль зүйн байнгын хороогоор хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжсэн. Байнгын хорооны хурал дээр УИХ-ын зарим гишүүд Ломбард эрхлэгчдийн холбооны санал бодлыг сонсох хэрэгтэй гэдгийг хэлж байв.
Уг хуулийг ирэх намрын чуулганаар хэлэлцэн батлах хүлээлттэй байна.