Г.Амгаланбаяр. Mars-V төслийн гүйцэтгэх захирал
Дэлхийн алдарт Economist сэтгүүл энэ оны 11 сард “2022 оны онцлох 10 трэнд” хэмээх нийтлэл гаргажээ. Энэхүү трэндүүд бидэнд 10 чухал сэдэвт хариулт олох ёстойг сануулж байгаа юм.
- Ардчилал ба Автократ
Цар тахлын нөхцөл байдын улмаас үүссэн эдийн засаг болон засаглалын хямралын асуудлуудын ард Америкийн ардчилал гарч чадах болов уу? Аль эсхүл Хятадын нэг намын тогтолцоот засаглал амжилт олох уу гэх асуултын хариултыг 2022 онд дэлхий нийтээр чих тавин хүлээж байна.
Харин эрүүл мэнд болон эдийн засгийн салбарын аль алиных нь хувьд хүнд байдалд ороод буй Монгол улс энэ хямралыг ямар бодлогоор давах вэ? Хэнийг нь дагавал эрсдэл багатай шинэ эгэлд шилжих вэ?
Их гүрнүүдийн бодлого, шийдвэрүүд зөвхөн өөрийн улсын эдийн засаг, улс төрд нөлөөлөөд зогсохгүй дэлхийн геополитикт хүртэл нөлөөлдөг билээ. Монгол бол хоёр хөршөөсөө шууд хамааралтай эдийн засагтай, жижиг улс. Бидний өмнө одоо үүсээд буй тодорхойгүй нөхцөл төсөөлснөөс ч удаан үргэлжлэх нь тодорхой. Тиймээс урт хугацааны хатуу бодлогоос илүү иргэддээ зориулсан хурдтай үйлдэл хийх шаардлагатай болоод байна. Жижиг байгаа нь биднийг богино зайд хурдтай маневр хийж чадах давуу талыг олгож буй гэсэн үг.
- Цар тахал
Цар тахлын эсрэг вакцин, эм тариа олон болж, хөгжүүлэлт ч хийгдэж байгаа нь өндөр хөгжилтэй орнуудад цар тахлыг аюул багатай даван гарах боломж өгч байна. Харин хөгжиж буй эсвэл буурай хөгжилтэй орнуудын тухайд ковид-19 халдварт өвчнөөс үүдэлтэй эдийн засгийн дарамт тахал мэт тархаж, орлого багатай хүмүүст ковидтой төстэй шинэ өвчлөлүүд аюулын харанга дэгдээх болно хэмээн Экономист сэтгүүлд бичжээ.
Бид хэдийгээр өндөр хөгжилтэй биш, мөн эдийн засгийн хувьд хүнд нөхцөлд байгаа хэдий ч III тунд хамруулах ажил өндөр хувьтай бөгөөд вакцины нөөц хангалттай байгаа явдал бидний бас нэгэн давуу тал. Цөөн хүн амтай учир вакцинжуулалтадаа хамрагдаад, хувь хүний хариуцлагыг өндөржүүлвэл бүх нийтээр гэнэтийн нөхцөл байдалд дасан зохицох, даван туулах шинэ дадал суулгаж бусад улсаас илүү эрсдэл багатай цар тахлыг давах боломжтой.
- Инфляци
Ковидоос үүссэн эрэлт, нийлүүлэлтийн огцом өөрчлөлтүүдээс шалтгаалан дэлхий нийт бүхэлдээ инфиляцид санаа зовж байна. Худалдан авагчдын хандлага огцом өөрчлөгдсөн нь валютын ханшийг хүртэл хүчтэй савлуулж буй тул үүнийг тогтоон барих нь бүх улсын асуудал боллоо.
Импортоос бүрэн хамааралтай Монголын бизнесүүдийн хувьд нийлүүлэлтийн энэ хомсдол томоохон бэрхшээл үүсгэж, зах зээл дээрх бүх төрлийн бүтээгдэхүүний үнэ хурдацтай нэмэгдэж байна. Гэсэн хэдий ч бид бэлчээрийн мал аж ахуйн онцлогтоо тулгуурлан, зөв бодлогоор хүнсний салбараа дэмжвэл хүнсний аюулгүй байдлаа сайжруулан улмаар үндсэн хэрэглээний үнийн өсөлтийг өндөр савлуулахгүй барих боломжтой. Мөн нийлүүлэлтийн хомсдолоос үүдсэн уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг өөрт ашигтайгаар эргүүлж болох.
- Ажлын байрны ирээдүй
2022 онд ажиллах горим “Hybrid” буюу гэрээсээ ажиллах нь энгийн хэмнэл болох ч хөшигний ард шийдэгдээгүй олон асуудал байна. Цалин, татвар, ажлын гүйцэтгэл болон үнэлгээг хэрхэн шийдэх вэ гэх мэтчилэн мэтгэлцэх сэдэв олон ч гэсэн дэлхий нийтийн чиг хандлага энэ зүгт байгаа нь тодорхой.
Энэ нөхцөлд бид юу хийх ёстой вэ? Хөдөлмөрийн тухай хууль, дагалдах журамд шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж, ажил олгогч, ажилтан хоёрын харилцан тохиролцох боломжийг нээлттэй болгохгүй бол хуулиар зохицуулах боломжгүй маш олон харилцааны асуудал үүсэх нь цаг хугацааны л хэрэг. Мөн иргэдийн хувиараа хөдөлмөр эрхлэх боломжийг төр боомилох, хатуу хяналт тогтоох нь хүмүүсийг хүнд нөхцөлд ажилла, эсвэл орлогогүй бол гэсэн хоёрхон сонголт руу түлхэж байгаагаас өөрцгүй.
- Шинэ технологиуд
Шинэ технологиуд ар араасаа цувран гарч байна. Технологи асуудлын шийдлийг санал болгодог. Цар тахал дэлхий нийтэд маш олон асуудлыг нэгэн зэрэг гаргаж ирсэнээр технологийн шийдлийн үнэ цэн улам өслөө. Технологийн аварга компаниуд энэ давалгааг үр ашигтай ашиглаж судалгааны түвшинд явж байсан технологиудаа танилцуулж хурдтай өсөн тэлж байна. Засгийн газрууд энэ өсөлтийг хянахыг оролдож байгаа боловч томоохон технологийн пүүсүүдийн ашигт ажиллагаа, хөрөнгийн өсөлтөд саад болж чадахгүй байна. Хятад гэх мэт төрийн оролцоо өндөртэй улсад технологийн томчуудаа хүчээр барьж байгаа нь улс төрийн стратегийн алхам боловч, эерэг үр дүн авчрах эсэх нь одоогоор тодорхойгүй.
Харин бидэн шиг соёлын нөөц сайтай, ажиллах хүчний зардал багатай улсын хувьд технологийн том давалгааг өөрт ашигтайгаар эргүүлэх боломж байна. Далайд гарцгүй, төрийн оролцоо өндөртэй хоёр том гүрний дунд байгаа бидэнд хөршүүдээ давж, дэлхийд гарах гарцыг шинэ технологиуд санал болгож байна. Ирэх онд бид технологи суурьтай хөгжлийн гарцаа тодорхой зураглах хэрэгтэй.
- Крипто
Төв банкууд крипто мөнгөн тэмдэгтийг хянах гэж хууль, журмаа чангатгаж байгаа ч хангалттай сайн зохицуулалт болж чадахгүй байгаа хэвээр. 2022 онд санхүүгийн салбарын ирээдүйн төлөөх BlockChain-т суурилсан мөнгөн тэмдэгт, уламжлалт финтек, төв банкуудын өрсөлдөөн улам эрчимжих нь гарцаагүй.
Крипто мөнгөн тэмдэгтийг хөрөнгө оруулалтын хэрэгсэл болгож ашиглавал үр дүнтэй боловч, Монголд хөрөнгө оруулж буй төслөөсөө бус үнийн хөөсрөлөөс хялбар мөнгө олох зорилготой хүмүүс олон байгаа нь санхүүгийн салбарыг өндөр эрсдэлд оруулж байна. Гэвч криптог дотоодын хууль журмаар бүрэн зохицуулах боломжгүй учраас оюуны өмчийг хамгаалах, оюун бүтээлийг үнэлж түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, олон улсаас мөнгө босгоход ашиглах боломжтой эрх зүйн орчин бүрдүүлэхэд анхаарал тавин ажиллах нь зөв юм.
- Уур амьсгалын өөрчлөлт
Ойн түймэр, үерийн давтамж гээд уур амьсгалын өөрчлөлтүүд олон жилийн дунджаас өндөр давтавжтай байгаа бөгөөд байгаль орчин хурдтай өөрчлөгдөж байхад бодлого боловсруулагчид энэ үйл явцын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ нь үр дүн багатай хойрго байна хэмээн Экономист сэтгүүл шүүмжилжээ. Хөгжсөн орнууд үйлдвэрлэлдээ ногоон шийдэл шингээхийг зорьж байгаа ч бодит үр дүн үзүүлэхүйц үйлдэл болохгүй байна. Тэд хэтийдсэн хэрэглээндээ бүрэн хяналт тавьж чадахгүй байгаа хэрнээ ногоон сангуудад мөнгө хандивлаж байгаа явдал нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жинхэнэ манлайлал үзүүлж чадахгүй байгааг харуулж буй хэрэг.
Харин энэ нь бидний хувьд боломж юм. Бидний байгальд үзүүлж буй сөрөг нөлөө нь хөгжсөн орнуудтай харьцуулвал маш бага бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг томоохон төслүүдийг менежмэнт сайтай хэрэгжүүлэх санаачлага дэвшүүлж, манлайлж чадвал эдийн засаг болон байгаль орчиндоо сайн үр нөлөө үзүүлэх боломж байж болох юм.
- Аялал жуулчлал
Эдийн засаг нээгдэж салбарын үйл ажиллагаа эрчимжиж байна. Гэвч гол экспортын бүтээгдэхүүн нь аялал жуулчлал болсон Австрали, Шинэ Зеланд гэх мэт улс орнууд цар тахлыг “дарах” хатуу стратеги барьж буй дэлхийтэй зохицох сорилтыг давах гэж хичээж байна. Энэ хооронд аяллын бизнесийн тал нь бүр мөсөн үгүй болжээ. Энэхүү өөрчлөлт манай гаригт сайн боловч, Дэлхийн эдийн засгийн бялуунд тодорхой хэмжээний жин дардаг аялал жуулчлалын салбарын хувьд тааруу нөхцөл байдал.
Эрэлт өсөж, нийлүүлэлтийн тал нь үгүй болсон учраас аялал жуулчлалыг тэргүүлэх салбарын нэг гэж тодорхойлсон бидний хувьд энэ нь гайхалтай боломж. Бид дараа онд онцгой бөгөөд нэмүү өртөг шингээсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэх, салбараа дэмжсэн сайн зохион байгуулалт хийх ёстой.
- Сансарын уралдаан
Сансарын аялал нь засаглал хоорондын уралдаан байсан бол хувийн хэвшил уралдаанд нэгдсэнээр 2022 онд төсвийн мөнгөөр нисэж буй төрийн ажилтнаас илүү олон хүн хувийн мөнгөөрөө сансарт хөөрөх болно. Хятад улс сансрын шинэ станцаа ирэх онд барьж дуусгах бол Холливиудын кино бүтээгчид татах хүчнээс гарч дүрс авч, харин NASA сансрын төхөөрөмжөө солиртой мөргөлдүүлж Hollywood-ийн зөгнөлийг бодит болгоно.
Өөрөөр хэлбэл сансрын сэдэв “Сансрын сэдэв” байхаа болино гэсэн үг. Тиймээс бид энэ салбарт хоцорч биш амдаж оролцох бүхий л боломжийг ашиглах хэрэгтэй. Энэ бол гарааны цэг учраас одоо хойш суувал бид олон жилээр хоцорч, үргэлж хөөж хөгжих болно.
- Улс төр ба спорт
Бээжингийн өвлийн олимп, Катарт болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь спорт дэлхийг нэгтгэж болохыг сануулах боловч улс төрийн бойкот, худалдааны дайн нь спортыг улс төрийн тоглоомын нэг хэсэг болгох магадлалтай гэж Экономист сэтгүүл бичжээ.
Спорт хүртэл улс орнуудын эдийн засаг, улс төрийн эрх ашгийн тоглоом болж магадгүй байгаа таагүй уур амьсгал нь хүн төрөлхтөн нэгдэх өөр нэгэн хамтын зорилт хэрэгтэйг сануулж байна. Ийм нөхцөлд дэлхийд өгч байсан үнэ цэн бидний түүхэнд бий. 2022 он энэ түүхийг ахин бүтээх санаачлагыг эхлүүлэх түүхэн жил байгаасай гэж хүсэж байна.