Аливаа байгууллагын хамгийн үнэтэй нөөц бол хүн. Тэрхүү нөөцийг хамгаалах менежментийн чухал арга хэрэгсэл нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй (ХАБЭА)-н стандарт байдаг. Харамсалтай нь, манай улсад иргэд үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний (ҮОМШӨ) улмаас хөдөлмөрийн чадвараа түр болон бүрмөсөн алдах, цаашлаад амь насаараа хохирох тохиолдол элбэг. Зөвхөн 2019 оны тоог аваад үзэхэд ҮОМШӨ-ий улмаас улсын хэмжээнд 127 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Энэ нь жилийн төсвийн 1.1%, Нийгмийн даатгалын сангийн 4% орчим, ДНБ-ий 0.4%-тай тэнцэх хэмжээний мөнгө. Энэхүү хохирлын 80 орчим тэрбумыг нь хувь хүн, 26 орчим тэрбумыг нь төр, үлдсэнийг нь тухайн байгууллагаас төлжээ.
Ослын тоон үзүүлэлтийг өнгөц харахад ажилтан мэдлэггүй, ур чадваргүйн улмаас гэсэн дүгнэлт хийж болохоор. Гэвч үнэндээ шалтгааныг нь нарийвчлан авч үзвэл тийм биш. Менежментийн нэрт зөвлөх, АНУ-ын эрдэмтэн Эдуард Демингийн онолоор аливаа асуудлын 98 хувь нь удирдлагын тогтолцооноос, үлдсэн хоёрхон хувь нь ажилтны алдаанаас үүдэлтэй байдаг. Энэ өнцгөөс дүгнэвэл Монгол Улсад болж буй олонх осол гэмтлийн шалтгаан ажилтанд бус системдээ байдаг. Тиймээс “Ажилтан мэдлэггүй байна гэдэг бол түүний буруу биш. Харин шаардлагатай мэдлэг, ур чадваргүй, бэлтгэлгүй ажилтныг өндөр эрсдэлтэй ажлын байранд гаргаж байгаа менежмент нь өөрөө осол гарах шалтгаан юм” гэж ХАБЭА-н сургалт, зөвлөх үйлчилгээ эрхэлдэг “Ололт амжилтын түлхүүр” ХХК-ийн ерөнхий захирал Б.Батхүү Business.mn-тэй хийсэн ярилцлагынхаа эхэнд онцоллоо.
Ажилтан мэдлэггүй байна гэдэг бол түүний буруу биш. Харин шаардлагатай мэдлэг, ур чадваргүй, бэлтгэлгүй ажилтныг өндөр эрсдэлтэй ажлын байранд гаргаж байгаа менежмент нь өөрөө осол гарах шалтгаан юм.
ХАБ-ыг тухайн байгууллагад төлөвшсөн байдлаар нь “Хамааралгүй, хамааралтай, би, бид” гэсэн дөрвөн түвшинд ангилж үздэг тухай Б.Батхүү тайлбарлав. Эхнийх нь ХАБ-ын ач холбогдлыг ойлгодоггүй түвшин. Хоёрдугаар түвшинд тухайн байгууллагын удирдлага “Энэ анхаарах асуудал юм байна” гэдгийг ойлгоно. Гуравдугаар түвшинд “Би эрсдэлд орж магадгүй” гэж ойлгоно. Сүүлийн түвшинд “Энэ бол нийт компанийн асуудал” гэдгийг хүлээн зөвшөөрч, ХАБЭА нь байгууллагын соёлын нэг хэсэг болдог.
Сүүлийн жилүүдэд гаднын хөрөнгө оруулалттай томоохон компаниуд манай зах зээлд нэвтэрснээр ХАБЭА-н асуудал илүүтэй яригдах болсон. Дотоодын компаниудын дийлэнх нь арваадхан жилийн өмнө ХАБЭА гэдэг зүйл бол надад хамааралгүй гэх ойлголттой байсан бол тэд өдгөө аюулгүй ажиллагааг чухалчилж, бизнесийнх нь тогтвортой ажиллагааны нэгэн чухал хэсэг гэдгийг ойлгож эхэлжээ. Гаднын хөрөнгө оруулалттай компаниуд том, жижиг гэлтгүй эрсдэлийн менежмент гэдэг зүйлийг сайн мэддэг учраас үйл ажиллагаа эхлэхийн өмнө эрсдэлийн үнэлгээ хийлгэж, ажилчдынхаа амь нас, эрүүл мэндийг даатгуулдаг соёл нь дотоодын компаниудад ч эергээр нөлөөлж байна. Тиймээс ч уул уурхай, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын Монголын томоохон компаниудад ХАБЭА-н менежмент амжилттай төлөвшиж эхэлсэн.
Монголд бүртгэлтэй ААН-үүдийн 90 гаруй хувийг бүрдүүлдэг өрхийн, бичил, жижиг болон дунд үйлдвэрлэгчдэд хөдөлмөрийн аюулгүй байдлыг мөрдөх соёл бүрэн төлөвшөөгүй.
Гэвч энэ дэвшлийг Монголд бүртгэлтэй ААН-үүдийн 90 гаруй хувийн бүрдүүлдэг өрхийн, бичил, жижиг болон дунд үйлдвэрлэгчдийн ихэнх нь нэвтрүүлээгүй. Тэд хэдийгээр нэвтрүүлэх хүсэл байсан ч санхүүгийн боломж хязгаарлагдмал. Үүнтэй холбогдуулан “Ололт амжилтын түлхүүр” компанийн зүгээс ХАБЭА-н аутсорсингийн үйлчилгээг үзүүлж эхэлжээ. Энэ нь ХАБЭА-н мэргэжлийн хүмүүс улам бүр ховордсон өнөөгийн нөхцөлд дээрх байгууллагуудыг энэ чиглэлийн ажилтнаар хангаж, ХАБЭА-тай холбоотой асуудлыг нь хянаж, тэдэнд зөвлөгөө өгөх үйлчилгээ аж. Тодруулбал, хэд хэдэн компани хамтран “Ололт амжилтын түлхүүр” ХХК-иас зөвлөгөө авч, үнэлгээгээ хийлгэх шийдлийг санал болгож байгаа аж. Ялангуяа шинээр үйл ажиллагаа эхэлж байгаа хувь хүн, байгууллагууд бизнесээ эхлэхээс өмнө ХАБЭА-н тал дээр эрсдэлийн үнэлгээ хийлгэвэл тухайн бизнест ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай, учирч болох хохирлын хэмжээг нь тодорхойлох боломжтой болно. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд уг компани уул уурхай, барилга, хүнсний болон хөнгөн үйлдвэрийн салбар, төрийн байгууллагуудын нийт 16000 гаруй ажилтанд ХАБЭА-н сургалт явуулснаас гадна гэрээт үйлчилгээ, стандартын зөвлөх үйлчилгээг үзүүлжээ.
МХЕГ-ын хувьд үндсэн чиг үүрэг нь хяналт тавьж, зөвлөмж өгөх байдаг ч нэг дүүрэгт 2-3 байцаагч ажиллаж олон мянган ААН-д хүрч ажиллах хэрэгтэй болдог. Тэгэхээр хүртээмжтэй байдал алдагдаж зөвхөн томоохон хэмжээний эрсдэлтэй объектуудыг хянаж бусдыг нь орхихоос аргагүй болдог гэсэн үг. Тиймээс “Ололт амжилтын түлхүүр” компаниас жижиг, дунд компанийн ажилтнуудад зориулсан сургалтыг тогтмол явуулж, зөвлөгөө өгдөг байна. Ингэхдээ юун түрүүнд ажилтнаа хамгийн чухал үнэт зүйл гэж хардаг соёлыг хэвшүүлэх хэрэгтэй гэдгийг Б.Батхүү харилцагч байгууллагууддаа байнга зөвлөдөг. “Удирдлагууд учирч болох эрсдэлийг зөвхөн бизнес талаас харалгүй ажилтан талаасаа буюу манай ажилтан хохирч болох ямар эрсдэл байна вэ гэдэг талаас нь харж чадвал эрсдэлийг бууруулах боломжтой” хэмээн онцоллоо.
ХАБЭА-г хэрэгжүүлснээр ажилтнуудын аюулгүй байдлыг хангах хөдөлмөр хамгааллын хэрэгсэл гэх мэт зүйлээр хангахад тодорхой хэмжээний зардал гардаг учраас зарим бизнес эрхлэгч ХАБЭА-г илүү зардал гэж хардаг. Гэхдээ үүнийг илүү зардал хэмээн хүлээн авалгүй “зардлыг хаагч” гэх талаас нь авч үзвэл менежмент талаасаа зөв ойлголт болох юм. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагыг цаашид гарах эрсдэлээс хамгаалж зардлыг хэмнэж байгаа гэсэн үг. Жишээлбэл, байгууллагын нэг ажилтан ажлын байрандаа үйлдвэрлэлийн осолд өртөж эрүүл мэндээрээ хохирвол түүнд хамгаалах хэрэгсэл авч өгөхөөс илүүтэй зардал гаргахад хүрнэ. Тиймдээ ч хамгаалах хэрэгслийн зардлууд нь хожим учрах зардлыг хамгийн багадаа 10 дахин хэмнэнэ гэсэн судалгаа байдаг аж.
Удирдлагууд учирч болох эрсдэлийг зөвхөн бизнес талаас харалгүй ажилтан талаасаа буюу манай ажилтан хохирч болох ямар эрсдэл байна вэ гэдэг талаас нь харж чадвал эрсдэлийг бууруулах боломжтой.
ХАБЭА-н тухай хуульд “Өндөр эрсдэлтэй ажлын байранд ажиллагчдын үндсэн сарын цалинг 36 сараар нь үржүүлж нэг хувиар нь даатгана” гэж заасан. Гэтэл тэрхүү эрсдэл өндөртэй ажлын байр гэдгийг төрийн байгууллага нь тодорхойлно гээд заачихсан хэдий ч эрсдэл өндөртэй ажлын байрны жагсаалтыг холбогдох төрийн захиргааны байгууллага өдийг хүртэл гаргаагүй. Төрийн захиргааны байгууллагаас баталсан албан ёсны жагсаалт байхгүй ч хууль нь байгаа болохоор зарим байгууллага ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэл өндөртэй эсэх дүгнэлтийг гаргаад арилжааны даатгалд хамруулж байна. Гэвч “Хүн гэмтсэний дараа даатгал өгөх бус гэмтээхгүй байх нь гол зорилт. Эрсдэлийн эсрэг даатгал гэдэг бол үнэхээр ядсан арга” гэж Б.Батхүү захирал хэллээ. Зарим ЖДҮ эрхлэгчдийн хувьд даатгалд хамрагдах нь бүү хэл, даатгуулах ёстой гэдгээ ч мэдэхгүй явж байгаа тохиолдол их.
Монгол Улсын хэмжээнд ажлын байрны эрсдэл өндөр бүхий ажил, мэргэжлээс шалтгаалах өвчин жилээс жилд нэмэгдэж байгаатай холбогдуулан 2015 онд УИХ-аас “ХАБЭА-н тухай хууль”-ийг шинэчлэн баталж, улмаар хуулийг хэрэгжүүлэхийн тулд ХНХЯ-ы сайд А/223 тоот тушаал гарган ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний журмыг даган мөрдөж байгаа билээ. Гэвч эдгээр хууль, журам нь гүйцэт сайн боловсруулагдаагүй, энэхүү асуудалд төр засгаас төдийлөн анхаарал тавьдаггүйн улмаас 2000 онд баталсан стандартдаа өнөөдрийг хүртэл ямар ч шинэчлэлт хийгээгүй нь ҮОМШӨ-ий тоо буурдаггүйн нэгэн шалтгаан аж. Уг нь олон улсын хэмжээнд энэхүү стандартыг долоон жил тутамд шинэчилдэг аж. Цаг хугацааны хувьд гурван үеэ өнгөрөөсөн энэхүү стандартыг цаг алдалгүй шинэчлэх шаардлага тулгарч байгааг өнөөгийн хөдөлмөрийн зах зээл дээрх ослын тоо баримт харуулж байна.
Стандарт гэдэг бол ямар ч бизнест өрсөлдөх чадварын хамгийн гол үзүүлэлт байдаг. Зарим компани ХАБЭА-н талд зардал гаргаад байгаа ч ахиц дэвшил анзаарагдахгүй, асуудал байсаар байдаг. “Энэ нь тухайн компанид ХАБЭА-н систем зарим тохиолдолд төөрөгдөлд ордгийг илтгэж буй хэрэг. Уг төөрөгдлөөс гарах ганц арга нь ердөө л стандарт” хэмээн Б.Батхүү тодотголоо.
“Ололт амжилт түлхүүр” ХХК нь ХАБЭА-тай холбоотой менежментийн соёлыг компаниудад хэвшүүлэхэд туслах зорилгоор 2016 оноос эхлэн тогтмол үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тус байгууллага нь ХАБЭА-н сургалт, зөвлөх үйлчилгээ, аутсорсингийн үйлчилгээ гэсэн гурван үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ингэхдээ олон улсын ISO9001, ISO45001, ISO14001 гэх стандартуудын дагуу зөвлөх үйлчилгээг хүргэж, ХАБЭА-н чиглэлээр 15 төрлийн сургалт, зөвлөгөө өгөхөөс гадна аутсорсингийн үйлчилгээг үзүүлж байна. Тус компанийн бүрэлдэхүүнд Монгол Улсын зөвлөх инженер нэг, ХАБЭА-н мэргэшсэн инженер хоёр, олон улсын тэргүүлэх Аудитор гурав, дотоод аудитор болон ХАБЭА-н сургагч багш тус бүр зургаа, ХАБЭА-н 12 зөвлөх багтан ажилладаг.
Жил бүрийн дөрөвдүгээр сарыг Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас “ХАБ-ын сар” хэмээн нэрлэж 28-нд “ҮОМШӨ-ий улмаас нас барагсдыг хүндэтгэх өдөр” болгосон. Энэ оны зорилтоо “Аюулгүй зан үйлийг хүнд сургая” гэсэн уриатайгаар зохион байгуулж байгаатай холбогдуулан, “Ололт амжилт түлхүүр”-ээс жижиг, дунд үйлдвэрлэлийн байгууллагад ажиллагчдад сургалт явуулж, зөвлөгөө өгчээ. Мөн тэдний зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүйгээр сургалт зохион байгуулж Налайх, Багануур дүүргийн 12 дугаар ангийг төгсөгч болон бусад насны иргэдийг хамруулжээ. Учир нь иргэдийг насанд хүрсэн хойно нь биш бага сургуулийн наснаас нь эхлэн хөдөлмөрийн аюулгүй байдлын бэлэн байдалд сургах нь илүү үр дүнтэй хэмээн “Ололт амжилтын түлхүүр” ХХК-ийн зүгээс үзсэн байна.