Уртын голын хөвөө. Голын ойролцоо хатгасан хашаандаа насаараа хураасан төмрөө манаж, тамхиа суунаглуулан суух өвөө. Өдөр бүрийг тэр ганцаараа өнгөрөөнө. Тэгсэн хэрнээ “ганцаардаж, гунигтай байна” гэж хэлэхгүй. Эзгүй арал дээр хаягдсан Робинзон Крузо шиг. Хашаанаасаа холдож, урд эгнээний дэлгүүр ч ордоггүй. Зөрүүд өвөө маань 70 шүргэж яваа ч “Энд тэнд өвдлөө” гэж барагтай бол хэлэхгүй. Бид ч өвөөг төмөр шиг биетэй гэж боддог байв. Бүү мэд. Хэн маань ч “Таны бие яаж байна даа” гэж асууж, ганц удаа ч болов эмнэлгээр дагуулж явсан удаагүй. Өвөө ч, бид ч хэнэггүйтсэн хэрэг. Түүнийг ер тоож, тойглож байгаагүй юм даг. Гэтэл өнгөрсөн тавдугаар сарын 9-нд утсанд гэнэтхэн дуудлага ирлээ. “Өвөөгийн бие гэнэт муудаж, зүрх гэсэн оноштойгоор орон нутгаасаа хот руу яаралтайгаар нэгдүгээр эмнэлэгт хүргэлээ” гэсэн мэдээ сонсов. Муу зүйл болж буйг зөнгөөрөө мэдэрсэн ч “Цоо эрүүл биетэй хүн юм сан. Даралт нь нэмэгдсэн байлгүй, сүртэй юм биш байх” гэсэн бодол төрж, эмнэлэг рүү хөдөлцгөөв. Олон шинжилгээ хийж, үзлэгт орсны дараа, эмч бидэнд, “Зүрхийг тэжээдэг гурван гол судасны аль нэг хэсэгт нарийсаж, цаашлаад тэжээгч судсанд бөглөрөл үүсчээ. Зүрх нь зогсох аюултай шүү” гэж цул пал хийтэл хэлчихдэг байгаа. Үүнийг сонссон бид айх, гайхах зэрэгцэн, өвчний түүхийг нь нээлгэн өвөөг эмнэлэгт хэвтүүлэв. Харин өвөө “Би зүгээрээ. Ядаргаа туссан байх. Хэдэн витамин хийгээд өгчихвөл барав. Гэртээ гармаар байна” гэж эмнэлгийн орон дээрээс хэсэгтээ л өндөлзсөн сөн. Бүр “Энэ газраас намайг аваад явчих” гээд хүүхдүүдээсээ гуйж, заримдаа нулимс урсгасан ч үе түүнд цөөнгүй тохиолдсон. Өвчин нь хүндэрсэн өвчтнүүд даавуун хөшгөөр тусгаарлагдан, дунд зэргийн өрөөнд хэвтдэг юм билээ. Бусад өвчтөний орь дуу тавин ёолох их л бэрх сонсогдож, айдсыг хүргэдэг байсан нь лавтай. Эмч хааяа нэг ирж, амин үзүүлэлтийг шалгачихаад буцаад гарна. Бид хагалгаа хийлгэх, эсэхээ шийдэж ядан, биеийн байдлыг нь тогтворжуулж, ялангуяа сэтгэл санааг бэлдэх гэж нэг үгээр бол зөрүүд өвөөгөө номхотгох гэж нэлээд хэд хоног мунгинасан. Яалт ч үгүй өвөөд маань тулгарч ирсэн өвчин учраас бид судлаад үзэхээс өөр аргагүй байдалд орсон юм. Зүрх, судасны тогтолцооны шалтгаант нас баралт сүүлийн 10 жилийн дунджаар жилд 5.7 мянга бүртгэгдэж, нийт нас баралтын 33.7 хувийг эзэлж байна. 2021 онд зүрх судасны тогтолцооны өвчний дотор зүрхний шигдээс 34.9 хувь болжээ.
Мөн нас барсан гурван хүн тутмын нэг нь зүрх, судасны тогтолцооны өвчтэй. Энэ өвчнөөс шалтгаалж, 2019 онд 5531, 2020 онд 5221, 2021 онд 6213 хүн хорвоогийн мөнх бусыг үзжээ. Сэргийлж болох өвчин хэдий ч гэсэн хүндрүүлбэл үхэл хагацалд тулдаг аж.
Амьсгал нь боогдож, дотор нь давчдаад, хүчээр уртаар амьсгалан, их өвдөөд байх шиг харагдсан ч “Өнөөдөр хоёр ширхэг “янзага” печень л идсэн. Хиам идье, кофе ууя” гэж нэхсэн удаатай. Өвөө ер нь хоол хийж чаддаггүй хүн. Хэдэн охин нь ээлжээр очихыг хичээх ч ажилтай, хүүхэдтэй тул тэр бүр эргэж тойрох нь хомс. Ганцаараа үедээ тэр хиам шарж идэх, “шпрот” хэмээх нөөшилсөн загасыг талхтай идэх, ууттай кофе хэрэглэж бор хоногийг өнгөрөөдөг болоод уджээ. Мөн сүүлийн хэдэн жил архи хэрэглэх болсон гэнэ. Хэлэх хүнгүй гэдгийг харсан ойр хавийн үл бүтэх нөхөд түүнийг бүчиж, тэтгэврийн хэдээс нь зулгааж, архидна. Өвөөгийн хамгийн “дотно хамтрагч” нь тамхи. Бүхий л цаг үед тамхи татаж суудаг. Архи, тамхи, буруу хооллолт, цусны даралт өндөр байх нь хүний биед муу нөлөөтэй гэсэн сурталчилгааг өмнө нь олон ч сонссон. Гэтэл тухайн үед өвөөг эмчилж буй эмч хэлэхэд л анх удаагаа сонсож байгаа юм шиг л, үнэнээсээ ойлгож, жинхнээсээ ухаарав. Цоо эрүүл хүн “Өөрийгөө өвчин туслаа” гэдгээ мэдээд бөмбөгнөтөл чичирч, хүүхэд шиг уйлахыг хараад л тэр шүү дээ. Бид ч үнэхээр их харамсаж билээ. Ядаж цусны даралтыг нь байнга хянадаг байсан бол ч. Хаа нэг эргэж тойрохдоо даралтны аппарат аваачиж өгөх л байж дээ. Жаахан л сэтгэлтэй болоод завтай байсан бол ч. Харуусаж, халагласан бодлууд биднийг хэрж, эмнэлгийн үүднээс салгаагүй уяж байв.
“Өвөөд нитроглицерин гэдэг тариа хийх хэрэгтэй” гэж эмч хэлсэн. Гэтэл тухайн үед эл тариа тасарч, эмийн сангуудаас олдохгүй, хувь хүмүүсээс худалдаж авсан. Эм олдохгүй байх, ялангуяа зүрх, судасны өвчний үед хэрэглэх эм олдохгүй байх үед өвчтнүүдийн ар гэрийнхэн сандарч эхэлдэг. Өвчин туссан үед дагах бэрхшээл хүндрэлүүд маш их. Тиймээс аль болох зөв хооллож, цусны даралтаа хянадаг байх, архи тамхи хэрэглэхгүй байх зэрэг нь зүрх судасны болоод бусад үхэл амьдралын заагт аваачдаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, өвдөхгүй байх гол арга. Энгийн хэрнээ хамгийн үр дүнтэй. Эдгээрийг мэддэг хэрнээ чихнийхээ хажуугаар өнгөрөөвөл манай гэр бүл шиг туулж байж л ойлгоход хүрнэ.
Цусны даралт ихсэх өвчин зүрх судасны тогтолцооны өвчний дотор сүүлийн 10 жилийн дунджаар 46.9 хувийг эзэлж, 2010 оноос тасралтгүй өссөөр 2019 оны байдлаар 49.7 хувь болжээ.
Цусны даралт ихсэх өвчнийг 10 000 хүн амд, 2019 оны байдлаар, сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад улсын хэмжээнд 195-аар нэмэгдсэн гэсэн бараан статистик гарчээ. Хүйсийн хувьд эмэгтэйчүүд 10 000 хүн амд 853.8, эрэгтэйчүүд 10000 хүн амд 467.3 тохиолдож байна. Тиймээс гэр бүлдээ анхаарал хандуулж, залуу хөгшин гэхгүй бүгд цусны даралтаа хянаж байх нь чухал.
Эмнэлгийн орон дээр эрхэлж тунисны эцэст өвөө өвчинтэйгөө эвлэрч, мэс засал хийлгэхээр болсон юм. Өвөөгийн хэвтэж буй шигдээсийн тасагт жилдээ 2000 гаруй хүн ирж эмчлүүлдэг. Энэ тоог өөрөө эмчээс асуучихсан байсан. Мөн эмчдээ, “Цээжин дээр юм дараад, хүнд оргиод байгаа мэт, тавгүй болж, бага зэргийн амьсгаадаж байна. Ийм зүйл өмнө нь тохиолдож байгаагүй болохоор аймшигтай” гээд шинж тэмдэгээ үнэнээр нь хэлдэг болов. Өвөө маш сайн өвчтөн байлаа. Эмчийн үгэнд орж, бүхнийг заавар, зөвлөгөөний дагуу хийж байлаа. Огцом түргэн хөдөлгөөн хийхгүй, стрессдэхгүй, цусны даралтаа хянаж, аль болох бага түвшинд барихыг хичээн, өдөр хоногийг эрүүл болохын төлөө тэвчээртэй өнгөрөөв. Хоол идэхийг төдийлөн хүсэхгүй байсан ч тэр амьдрахын тулд бантан, шөлтэй хоол идэж, дуртай кофе, хиам, печень, ирис, молокогоо нэхэхээ больсон. Харин ч биднийг битгий идээрэй гэж захидаг боллоо. “Хорвоо дээр ганцаархнаа ийм өвчнөөр өвдсөн юм биш шүү дээ” гэсэн эмчийн үг л өвөөд илүүтэй нөлөөлсөн байх.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор “Халдварт бус өвчлөлийн тэргүүлэх 10 шалтгаанд цус харвалт, зүрхний шигдээс, санамсаргүй осол гэмтэл, хавдар, амьсгалын замын архаг өвчин зэрэг өвчнүүдийг оруулсан байна. Хүн амын дундах өвчлөл, нас баралтын дийлэнх хувийг харьцангуй сэргийлж болох өвчлөл, нас баралт эзэлж байна” гэж дурджээ.
Өвөө маань токарьчин, гагнуурчин мэргэжилтэй. Аймгийн усны аж ахуйд олон жил ажиллаж байгаад, сүүлд хувиараа машин тэрэг засдаг болсон. Түүний насаараа хураасан хөрөнгө нь хэзээ хэрэг нь гарах нь үл мэдэгдэх төмрүүд. Өвөө түүнийгээ их мөнгө болно гэж бодоод л хураадаг байх. Тэр их мөнгөө том хүүдээ өгнө гэж хэлдэг байлаа. Одоо бодох нь ээ, өвөөгийн сэтгэл хүүхдүүддээ, бидний сэтгэл завгүй ажилдаа зарцуулагддаг байж дээ. Манай өвөө дайнд ялж гавьяа байгуулаагүй ч хүнд өвчнийхөө өмнө сөхрөөгүй эцсээ хүртэл чадахаараа тэмцсэн зоригтон билээ.
Эмнэлгийн орон дээр байхдаа, “Хүн өөрийгөө эрүүл гэж бодож, бардамнахгүйгээр биеэ сайн чагнуулж байх хэрэгтэй. Өвчин гэдэг хэлж ирдэг юм байна. Миний даралт ихсээд, зүрхээр хатгуулаад, толгой, хүзүү хөшөөд дохио өгөөд л байж. Тэгтэл би хайхраагүй, зүрхэн талдаа хэд зөөлхөн цохичихоод л зүгээр ээ, би зүгээр гээд яваад байсан даа” гэж халаглан хэлж байлаа. Энэ бол миний амьдралдаа сонссон хамгийн үнэн үг. Одоо гэрийнхнийгээ жаахан л юм ярих гэвэл “Даралтаа үзсэн үү, эмчид хандах уу” гэх зэргээр маш нухацтай авч үздэг болсон. Өвөөгийн энэ түүхээр настай аав ээждээ үр хүүхдүүд нь халамж анхаарал сайн тавихгүй бол нэг л өдөр муу мэдээ сонсох магадлалтай гэдгийг бусдад ойлгуулахыг хичээлээ. Үнэндээ манай өвөө өвддөггүй, зовдоггүй, төмөр шиг биетэй хүн байгаагүй юм билээ. Харин хүүхдүүддээ төвөг удахгүй гэсэн дээ л “Үргэлж би зүгээр. Хамрын ханиад ч хүрдэггүй хүн”гэж хэлж ойлгуулдаг байж. Одоо өвөөгийн хашаа хоосон бий. Бид хаяа нэг эргэж тойрдог ч өвөө шиг тийм үнэнч манаж чадахгүй л сууна.
Амжилт хүсье баярлалаа