– Business.MN сэтгүүлийн 2023 оны 10 сарын дугаар (№59) -т хэвлэгдсэн нийтлэл –
Төрөөс дэмжлэг авахгүй өөрийгөө санхүүжүүлж буй өрхийн бичил тариаланчдыг зах зээл дээр “аюулгүй хүнс” тариалахыг төрөөс яаж хянаж, үйл ажиллагааг нь бодлогоор дэмжих вэ гэсэн асуудал хамгийн чухал тавигдаж байна.
Бидний хамгийн ойрын зорилт дотооддоо, эрүүл хүнсээр иргэдээ хангах юм. Импортын ногоо, хүнс хэрэглэснээр ямар байдалд орж буйгаа сүүлийн 10 жилд хангалттай харлаа. Тиймээс л хүнсэндээ анхаарал хандуулах зайлшгүй шаардлага тулгараад байгаа нь үнэн. Ардчилсан хувьсгал хийсний дараа “идэх хоолоо” олох зорилготой байснаас импортын худалдаа, ганзагын наймаа хүчтэй хөгжсөн. Энэ нь “өөрсдөө хийх шаардлагагүй, илүү сайныг маш хямдаар олж ирэх” хүслийг хүн бүрд төрүүлснээр үндэсний үйлдвэрлэл нь хүнсний салбартаа хүртэл уналтад орсон. Гэтэл өөрсдөө үйлдвэрлэж байж улс хөгждөг гэдгийг Эрээн хотын хөгжлийг харсны дараа манайхан ойлгож байна.
Монголын хөдөө аж ахуйн салбар бол бидний хүнсний амин чухал хэрэгцээ. Бидний хүнсний аюулгүй байдал нь дотоодоос болон гадаадаас хамааралтай. Хэрэглэгч бид импортын барааны аюулгүй байдлыг цаад орных нь стандартад итгэж авдаг бол дотоодын үйлдвэрлэлд яаж итгэл үзүүлэх вэ? Хөдөө аж ахуйн салбарын чиглэлд төрөөс баталсан 190 орчим хууль тогтоомж байдаг ч хоорондоо уялдаатай шаталсан хэлбэрээр системчлэгдээгүй нь санхүүжилт босгоход хүндрэлтэй байдаг тухай банк санхүүгийн академийн ахлах эдийн засагч Ч.Сосорбарам “Хөдөө аж ахуйн санхүүжилтийн шинэ гарц, шийдэл” форумд танилцуулсан. Санхүүжилт бол тухайн салбарыг хөгжүүлэх, аюулгүй байдалд шаардлага тавих гол нөхцөл.
Баталсан хууль, журам, стандарт нь томоохон үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжид л мөрдөгдөхөөс жижиг, бичил болон өрхийн үйлдвэрлэлд тогтож хэвшил болсонгүй. “Ховдын тарвас” гэдэг ойлголт брэнд болж монгол хүн бүрд “амттай, чанартай” гэж үнэлэгддэг байсан бол үүнийг дагаад “амь тарвас” гэсэн ойлголт сүүлийн үед нэвтэрч хэрэглэгчдийнхээ эргэлзээг төрүүлэх болсон. Амь тарвас “аюулгүй”, борлуулдаг тарвас нь болцыг түргэсгэх зорилгоор нэмэлт бордоо хэрэглэхдээ тун, хэмжээ баримталсан эсэх нь тодорхойгүй тул “аюултай” гэх ойлголт нийтэд түгж байна.
Хүнсний аюулгүй байдлыг хангахад эхний ээлжид тариаланчдад мэдлэг өгөх зайлшгүй шаардлагатай болжээ. Үүнтэй уялдан орлого олохын тулд “аюулгүй, хоргүй” байх шаардлагыг хэрэглэгчийн өмнөөс төр тариалан эрхлэгч нарт хууль журам стандартаа мөрдүүлж, хяналт тавих ёстой. Гэтэл төрийн авч буй арга хэмжээ зөвхөн цар хүрээ ихтэй томоохон бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдэд хүрээд жижиг, бичил, өрхийн тариаланч нарт төдийлөн хүрэхгүй байна.
Статистик мэдээллээс харахад сүүлийн дөрвөн жилд тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, өрхийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Тариалан эрхлэгч 2022 оны мэдээгээр 1590 аж ахуйн нэгж байхад өрхийн тоо 17693 байна. Харин тариалсан талбайг 2022 оны байдлаар зөвхөн хүнсний ногооны хувьд авч үзэхэд аж ахуйн нэгжийн тариалсан талбай 2745 га, өрхийн тариалсан талбай 11460 га байна. Эндээс дүгнэхэд хүнсний ногоо тариалалтын дийлэнхийг өрхийн тариаланч эзэлдэг аж. ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг “Хөдөө аж ахуйн салбарын санхүүжилтийн шинэ гарц, шийдэл” форумыг нээж хэлсэн үгэндээ “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан батлуулсан УИХ-ын 36 дугаар тогтоолоор энгийнээр хэлбэл “Дотооддоо өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг 100 хувь үйлдвэрлэдэг улс, үндэстэн болох зорилт” тавьсны дагуу:
- Хүнс хөдөө аж ахуйн эрхзүйн орчныг боловсронгуй болгох
- Бизнес эрхлэгч ААН-ийг орлогын албан татварыг хөнгөлөх
- Зээлийн хүүг хөнгөлөх
- Зарим төрлийн гол нэрийн бүтээгдэхүүний НӨАТ болон гаалийн татварыг чөлөөлөх энэ хөтөлбөрийн хүрээнд нэг жилийн хугацаанд үр дүнтэйгээр авч хэрэгжүүлсэн тухай ярьсан.
Хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэд татварын хөнгөлөлтийг яаж авч байна вэ гэдгийг тоон үзүүлэлтээр авч үзье. Хөдөө аж ахуйн салбарт үр тариа, төмс хүнсний ногоо жимс жимсгэнэ, тэжээлийн ургамал тариалагч бизнес эрхлэгчид:
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 22.5.10 заалтаар 50 хувь,
- Хувь хүний орлогын албан татварын хуулийн 23.2 заалтаар 50 хувийн хөнгөлөлтийг эдлэх ёстой.
- Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.15 заалтаар бүрэн чөлөөлөгддөг.
Эдгээр хуулийг шинэчлэн найруулж 2020 оны нэгдүгээр сараас эхлэн мөрдөж байгаа боловч хөнгөлөлт, чөлөөлөлтийн энэ заалт өмнөх хуульд ч байсан. Харин шинэчлэн баталсан хуулийн хувь хэмжээнд өөрчлөлт орж буурсан нь (нэг хувь) энэ салбарт үйл ажиллагаа эрхлэгчид 50 хувийн хөнгөлөлтөө эдлэх эрхээ мэдэхгүй байна уу даа гэж бодоход хүргэж байна. Нөгөө талаар 50 сая төгрөгөөс доош хэмжээний орлоготой бизнес эрхлэгч хялбаршуулсан горимоор тайлагнах хөнгөлөлт нь энэ боломжийг эдлүүлэхгүй байх нөлөөтэй байна.
Зөвхөн 2021 оны тайлангаар газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулдаг хоёр аж ахуйн нэгж 50 хувиар 63 сая төгрөгийн орлогын татвараа хөнгөлүүлсэн.
Монголын татварын албаны цахим болон сошиал хуудаснаас хүнсний хувьсгалд зориулан татвар төлөгчдөд олгож буй хөнгөлөлт, чөлөөлөлт хэрхэн эдэлсэн талаарх тоон мэдээг олж авахаар хайхад гурван хуулийн долоон заалтаар хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх тухай мэдээлсэн сурталчилгааны постероос өөр мэдээлэл одоогоор байрлуулаагүй байна. Энэ хөнгөлөлтийг хэдэн татвар төлөгч авч, хэдэн төгрөгийн татвараа хөнгөлүүлж чөлөөлүүлсэн бэ? Зөвхөн 2021 оны тайлангаар газар тариалангийн салбарт үйл ажиллагаа явуулдаг хоёр аж ахуйн нэгж 50 хувиар 63 сая төгрөгийн орлогын татвараа хөнгөлүүлсэн мэдээллийг Монголын татварын алба постер хэлбэрээр сошиал хуудсаараа нийтэлсэн байна. Улсын хэмжээнд хоёр аж ахуйн нэгж энэ хөнгөлөлтийг эдэлсэн гэдэг нь харамсмаар бага тоо биш гэж үү?
Энэ салбарт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хөнгөлөлт, чөлөөлөлтөө бүрэн эдэлж чадахгүй байна уу гэвэл үгүй бололтой. Татварын албаны цахим хуудас дахь “Бизнес эрхлэгчдийн борлуулалтын тойм” 2023 оны наймдугаар сарын дугаарт хөдөө аж ахуйн салбарын төлбөрийн баримтын дүн, борлуулалтын орлого сегмент бүрээр өссөн нь харагдаж байна.
Энэ оны наймдугаар сарын байдлаар нийтдээ 675.2 тэрбум төгрөгийн борлуулалт төлбөрийн баримтаар хийгджээ. Энэ нь өмнөх оноос даруй 58.9 хувиар өссөн үзүүлэлт болсон аж.
Цахим төлбөрийн баримтын систем /ebarimt.mn/-ээс төлбөрийн баримт гаргаж өгөхдөө хүнсний ногоо тариалан эрхлэгч иргэн, бизнес эрхлэгчид НӨАТ-аас чөлөөлөгдөх сонголтыг хийдэг. 2022 онд энэ сонголтыг хийж баримт гаргасан 5231 татвар төлөгч 429 тэрбум төгрөгийн чөлөөлөлт эдлэхээр тайлагнасан байна.
НӨАТ-ын чөлөөлөлт эдэлсэн бол орлогын албан татварын хөнгөлөлтийг эдлэх ёстой. (2021 оны ААНОАТ хуулийн заалтаар хөнгөлөлт эдлүүлсэн тоон мэдээг сошиал хуудаснаас олов. Өөр дүн татварын албанаас авч амжсангүй.)
Саяхан цэнгэлдэх хүрээлэнд болсон “Намрын ногоон өдрүүд” худалдаанд оролцогчидтой ярилцаж, санал асуулга авсан юм. Төдийлөн олон хүнээс авч чадаагүй ч өөрийн цахим хуудсаар ч бас богинохон хугацаанд авсан. Санал асуулгад минь 22 тариаланч оролцож хариулт өгсөн байна.
Санал асуулгад оролцогч:
- насны хувьд 40-59 настан 66.7 хувь,
- өрхийн тариалан эрхлэгч иргэн 90 хувь,
- өмчилсөн газар дээрээ 52.4 хувь,
- өрхөд өмчлүүлсэн 0.07 га 33.3 хувь, 1-2 га талбайд мөн адил 33.3 хувь
- тариалалтаас олж буй орлого нь амьжиргааны үндсэн орлого 61.9 хувь
- нэмэлт орлого нь тэтгэвэр тэтгэмж 52.4 хувь
- татварын тайлан өгдөггүй 85.7 хувь
- Төлбөрийн баримт гаргадаггүй 85 хувь
- Төрөөс ямар нэг дэмжлэг хөнгөлөлт авч байгаагүй 90.5 хувь гэсэн нэгтгэл гарсан юм.
Эндээс ямар дүгнэлт гарав?
Улсын хэмжээнд өрхийн тариалан эрхлэгчид хамгийн их байна. Хүнсний ногооны хувьд тариалалт хийдэг газрын хэмжээ болон ургацын хэмжээ нь аж ахуйн нэгжээс 2-3 дахин их байна.
Төлбөрийн баримтын мэдээллээс харахад энэ салбарын жижиг сегментийн татвар төлөгч хамгийн их и-баримт гаргаж, орлогоо тайлагнадаг аж. Харин 2023 онд бичил болон дунд татвар төлөгчийн борлуулалтын орлогын хэмжээ огцом өссөн байна.
Хөдөө аж ахуйн салбарт зээл тусламж ихээхэн олгодог. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж орлого олсноо нотлох нь төрөөс дэмжлэг авах, банкнаас зээл авах гол хүчин зүйл болох учиртай. Тайлагнаж чадахгүй бол төрөөс дэмжлэг авч чадахгүй.
Харин төрөөс дэмжлэг авахгүй өөрийгөө санхүүжүүлж буй өрхийн бичил тариаланчдыг зах зээл дээр “аюулгүй хүнс” тариалахыг төрөөс яаж хянаж, үйл ажиллагааг нь бодлогоор дэмжих вэ гэсэн асуудал хамгийн чухал тавигдаж байна.
Зах зээл дээр хүнсний ногооны эрэлт их нөхцөлд нийлүүлэлтээ хурдтай хийхийн тулд сайн гэж хэлсэн ямар нэг нэмэлтүүдийг тариаланчид дур мэдэн хэрэглэх хандлага үүснэ. Энэ нь аюулгүй хүнс гэх ойлголтыг эвдэнэ.
Өөрийгөө санхүүжүүлж буй өрхийн тариаланчдад татварын хөнгөлөлт шаардлагагүй. Яагаад гэвэл тэд тайлагнадаггүй. Энэ бүлэгт хэр их тариаланчид байна вэ гэж тооцож үзэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Статистик мэдээгээр 2022 онд хүнсний ногоо тариаланч өрх 17693, аж ахуйн нэгж 1590 нийтдээ 19283 байна. Харин хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг татвараа төлж тайлагнадаг НӨАТ-ын чөлөөлөлт эдэлсэн татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж 5231 байна. Бусад нь болох 14052 буюу 79 хувь нь татвар төлдөггүй тайлагнадаггүй гэж томьёолж болох юм. Энэ нь хүнсний ногооны салбарт далд эдийн засаг хүчтэй байгааг харуулж байна гэсэн үг.
Татварын хөнгөлөлтийн бодлого нь өрхийн тариаланчдад шаардлагагүй байна. Тэд төлбөрийн баримт гаргадаггүй, далд эдийн засгийн томоохон хэсэг болж байна. Өрхийн тариаланчдын тоо, зөвхөн хүнсний ногооны төрлөөр тариалалт хийж буй талбай, хураасан ургацын хэмжээ нь аж ахуйн нэгжийн хэмжээнээс даруй 2-3 дахин их байна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон худалдаанаас та намрын сайхан ногоо худалдан авсан уу. Тэгвэл тэд танд и-баримт өгсөн билүү гэж бодоод үзэхэд илүүдэхгүй. Төлбөрийн баримт өгөхгүй байгаа нь баталсан хуулийг биелүүлэхгүй байгаа бизнес эрхлэгчийн “буруу” гэж үзэхээ болих хэрэгтэй. Харин баталсан хууль маань “хэрэгжих боломжгүй байна уу даа” гэж бодох ёстой болжээ.
Манай улсын далд эдийн засгийг нөхцөлдүүлж буй гол хөшүүрэг нь хүнсний салбарт байж мэднэ. Хүний амин гол хэрэгцээ нь хүнс шүү дээ.
- Хүнс хангалттай, мөн аюулгүй байж эрүүл чийрэг иргэдтэй улс болно.
- Эрүүл чийрэг иргэд нь эрдэмтэй ухаалаг байхын төлөө чармайна.
- Эрдэмтэй ухаалаг иргэд нь татвар төлдөг.
Тиймээс хүнсний салбар дахь далд эдийн засгийг ил болгохын тулд орлогын татварыг 50 хувиар хөнгөлдөг бус бүрэн чөлөөлдөг болох хэрэгтэй. Хүнсний салбарт бусад бизнесийн орлогоос хөрөнгө оруулсан иргэн, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын дүнг орлогын татвараас 50 хувь чөлөөлдөг болох нь санхүүжилтийн нэмэгдэл шинэ гарц болох учиртай. Ингэснээр хүнсний салбар дахь далд эдийн засгийн хэмжээ буурах боломжтой болно. Хүнсний салбарт дамжуулан борлуулагч буюу ченж хүчтэй байгааг татварын бодлогоор хязгаарлах хэрэгтэй. Энэ тухай бичихэд бас л урт асуудал хөврөх тул энэ удаад орхиё. Төр хүнсний хувьсгал хийхээр зорьж буй бол энэ салбар дахь татварын бодлогодоо ч хувьсгал хиймээр байна.