“Чи юу хийж байна вэ?” гэж асуухаар “Хувиараа” гэж хариулдаг хүмүүсийн олж буй орлогууд хамаардаг.
Татварын ерөнхий газрын дарга “үйл ажиллагааны орлоготой иргэд нэг хувийн татвар төлөх боллоо” хэмээн сурталчилж, постер, сургалтаар цахим орчинг дүүргэж байна. Гэхдээ хуулийг наана цаанатай ойлгоход урт хугацааны туршлага, мэдлэг хэрэгтэй байдаг бөгөөд хэдэн удаагийн сургалт, постер хангалтггүй.
“Нэг хувь” гэхээр чухал хөнгөлөлт болж буй санагдаж болох юм. Тэгвэл энэ үгийг төр болон татвар төлөгч талд яаж тусах вэ гэдгийг дэлгэрүүлж энгийнээр тайлбарлая.
ХХОАТ-ын тухай хуулийн үйл ажиллагааны орлого /8 дугаар зүйл/ ангилалд таван төрлийн орлого хамаардаг. Энэ нь мэргэжлийн ажил үйлчилгээ буюу өмгөөлөгч гэх мэт бие даасан үйл ажиллагаа явуулдаг, худалдаа наймаа эрхэлдэг, урлагийн бүтээл туурвидаг, концерт хийдэг, зохиол бичдэг хүмүүсийн тухай юм. Энгийн үгээр, “Чи юу хийж байна вэ?” гэж асуухаар “Хувиараа” гэж хариулдаг хүмүүсийн олж буй орлогууд хамаардаг.
Харин эдгээр хүмүүсээс үйлчилгээ авахаар төлбөрийн баримт өгдөг билүү!!! Үйл ажиллагааны орлоготой иргэдэд татвар төлөх хоёр боломж бий.
- Олсон /төлбөрийн баримт гаргасан/ орлогоосоо төлбөрийн баримт бүхий худалдан авалт болон хуульд заасан бусад зардлаа хасаж ашгаасаа 10 хувийн татвар төлөх,
- Огт зардлаа хасахгүйгээр дансаар орсон /төлбөрийн баримт гаргасан/орлогоосоо нэг хувийн татвар төлөх
Тэгэхээр сонголт хийхдээ заавал тооцоолж үзэх хэрэгтэй.
Ноднин зөвлөгөө авсан 50 сая хүртэлх орлоготой иргэдийн татварыг тооцоолж үзэхэд дийлэнх нь хялбаршуулсан горим сонгох нь амар, ашигтай байсан. Яагаад гэвэл тэдний ихэнх нь худалдан авалт буюу зардалдаа баримт хагас дутуу авдаг, цалин тавьж нийгмийн даатгал төлдөггүй байв. Тиймээс хялбаршуулсан горимыг сонгож /50 000 000*1%/ буюу 500 000 төгрөг дээд тал нь төлж тайлагнасан. Харин одоо энэ хязгаарлалт үгүй болсон тул 100 сая төгрөгийн үйл ажиллагааны орлого дансаар чинь орсон гэвэл нэг сая төгрөг татварт төлөхөөр тайлагнах юм. Энэ дүн дансаар чинь хэчнээн орлого орсон байна түүнээс хамаарч өөрчлөгдөнө.
Зардал гол нь нотлогдох ёстой. Нотолно гэдэг нь төлбөрийн баримттай байх, гаалиар мэдүүлсэн байх, холбогдох татвар даатгал төлсөн байх гэсэн нэлээн хэдэн шалгууртай.
Харин 100 сая төгрөгийн орлого олохдоо 90 сая төгрөгийн зардал гаргасан байвал яах вэ? Зардал гол нь нотлогдох ёстой. Нотолно гэдэг нь төлбөрийн баримттай байх, гаалиар мэдүүлсэн байх, холбогдох татвар даатгал төлсөн байх гэсэн нэлээн хэдэн шалгууртай. Хуулийн шаардлага хангаагүй бол баримт гэж үзэхгүй байхаар татварын хуулиа баталсан.
Энэ заалт ямар нөлөө үзүүлэх вэ?
Иргэнээрээ үйл ажиллагаа явуулж төлбөрийн баримтаа гаргаж байтал 50 сая хүрдэг. Тэгэхээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн НӨАТ төлөгч болохгүйн тулд төлбөрийн баримт өгөхгүй, аль эсвэл өөр хүний нэр дээр төлбөрийн баримтаа гаргаж эхэлдэг. Энэ арга хаа сайгүй дэлгэрсэн нь энэ төсвийн төслийн тайланд сайн үзүүлэлт мэтээр тусгагдсан байна.
Яагаад энэ байдал нийтлэг мэт болов оо?
- Нэгдүгээрт 50 сая төгрөгт борлуулалтын орлого нь хүрсэн бол НӨАТ-ын босго давсан гэж үзэн НӨАТ төлөгч болно.
- Хоёрдугаарт 50 саяас орлого нь давсан нөхцөлд иргэний хувьд 10 хувиар орлогын татвар төлөх болно.
Нийгэмд нийтлэг ажиглагдаж буй энэ байдлыг засах, залруулахын тулд магадгүй төсвийн төсөлд иргэний үйл ажиллагааны орлогыг татварын “хялбаршуулсан горим”-оор нийт дүнд хэрэглэхээр шийдсэн болов уу.
Энэ нь нийгэмд үүссэн сөрөг нөлөөллийг бууруулах, татварын тайлагналыг хялбаршуулж татварын бааз суурийг нэмэгдүүлэх төрийн бодлого. Харин энэ бодлого нь байндаа тусахаар зөв байж чадах уу гэдэг нь мэргэжилтнүүдийн санал шүүмж өрнүүлэх сэдэв билээ.
Төлбөрийн баримт өгөхгүй байна гэдэг гомдол хаа сайгүй дуулддаг. Орлогын нийт дүн хязгааргүй болсон ч НӨАТ-ын босго хэвээр учраас энэ бодлого нь бодлого боловсруулагчдын хүссэн үр дүнд хүргэхгүй л болов уу.
Энэ бодлого хэрэгжсэнээр төрд ямар ач холбогдолтой вэ?
Татварын алба үйл ажиллагаа явуулж буй иргэний төлбөрийн баримтаар нотлогдсон орлогод нэг хувиар шууд ногдуулах боломж бүрдэнэ. Бараг л программчлаад өгөх байх. Татвар төлөгч тайлангаа илгээгээд ирсэн нэхэмжлэхээр нь татвараа төлсөн байхад хялбар болно. Харин цаашид өөр ямар нөхцөл байдал иргэдийг хүлээж байна вэ?
Төлбөрийн баримт олгох нь тухайн татвар төлөгчийн хуулиар хүлээсэн үүрэг. Харин олгохгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл. Татварын алба энэ гомдолд “боломжоор нь хангасан, худалдан авагч та нар өөрсдөө шаардаад ав, тэгээд ч өгөхгүй бол гомдол гарга” гэсэн ганцхан тайлбартай. Олгоогүй иргэнд торгууль хүлээлгээд л явах гарцтай. Төлбөрийн баримт олгодоггүй тухай гомдол ихсэх тусам “эрсдэл өндөр” гэж үзээд хяналт шалгалт хийж мэдэх юм. Одоохондоо гомдлын талаар Татварын алба эрсдэлийн үнэлгээний шалгууртаа оруулаагүй байгаа.
Төлбөрийн баримтаар орлого нь нотлогдохгүй бол татварын хяналт шалгалтаар дансаар орсон нийт орлогоос нэг хувийн татвар ногдуулах хуулийн боломж бүрдэнэ. Бас зардлаа нотолж, хасаад ашгаасаа төлөх боломжийг тэр чигт нь хаана. Яаж тайлагнахаа иргэд өөрсдөө сонгоно гэж буй боловч хяналт шалгалтын үед сонголт хийх боломж олдохгүй л болов уу. Хянаж буй байцаагчийн үзэмж, хүслээр шийдэгдэнэ. Тэд аль болох их татвар төлөхөөр акт тавих нь нийтлэг.
Төлбөрийн баримт олгохгүй байхад л энэ хуулийн заалт үр ашгаа өгөхгүй. Өмнөх нөхцөл байдлаас ялгаагүй. Татварын албанд л амар болсноос татвар төлөгч нарт ялгаагүй харин ч хүндрэлтэй нөхцөл нь байсаар л байна.
НӨАТ төлөгч байсан ч нэг хувиар зардал нотлох шаардлагагүйгээр орлогын татвар төлөх юм. Энэ нь татварын алба худалдан авалт буюу зардал хасахгүй болгож байна гэсэн үг. Нөгөө талдаа энэ нь төлбөрийн баримт өгөхгүй байхыг дэмжиж буй хэлбэр гэж болно.
Төлбөрийн баримт гэдэг бол борлуулагчийн орлого, худалдан авагчийн зарлага. Уг нь Татварын алба төлбөрийн баримт олголтыг дэмжсэн бодлогоо энэ хуулийн төсөлд шингээсэн бол хэн хэндээ хэрэгтэй байсан.
Төлбөрийн баримт гэдэг бол борлуулагчийн орлого, худалдан авагчийн зарлага. Уг нь Татварын алба төлбөрийн баримт олголтыг дэмжсэн бодлогоо энэ хуулийн төсөлд шингээсэн бол хэн хэндээ хэрэгтэй байсан. Гэтэл тэд татвар төлөгчдөө “өөрсдөө нэхээд ав, гомдол гарга” гэж хооронд нь хэрэлдүүлээд хаяж байна. Үүнд манай төрийн татварын бодлого бодож буй залуусын алдаа байна гэж үзэж байна.
Татвар төлөгч иргэнд ямар ач холбогдолтой вэ?
Үйл ажиллагаа эрхэлж буй иргэн 10 хувийн татвар төлснөөс нэг хувийн татвар төлөх нь ашигтай байлгүй яахав. Гэтэл энэ бол өнгөцхөн л харагдаж буй гоё “боодол”.
Иргэд зардлаа нотлохгүй шууд л татвараа төлж тайлагнах боломжтой болж байна. НӨАТ төлөгч байсан ч төлбөрийн баримт гаргасан орлогоосоо нэг хувь төлнө. Энэ нь заавал төлбөрийн баримт нэхээд байх шаардлагагүй болгож байна. Тэр ч байтугай гаалиар бараа оруулж ирж зарж буй хүн гаалийн мэдүүлгээр баримтаа нотлох шаардлагагүй болгож байна. Эндээс харахаар ашигтай ч юм шиг.
Харин нарийн анзаарвал танд илүү хэрэгтэй байх боломжийг хааж байна л гэсэн үг. НӨАТ-ын босго болох 50 сая хүртэл төгрөгийн орлоготой бол төдийлөн асуудал үүсэхгүй. Энэ дүнд дийлэнх иргэд орлогын дүнгээ тааруулж бариад байгаа ажиглагддаг. Харин орлого 50 саяас давсан бол хуулиараа НӨАТ төлөгч болно. НӨАТ төлөхийн тулд та заавал төлбөрийн баримт бүрдүүлж байж төлөх НӨАТ-аа бууруулна. Гэтэл “орлогын татвар нэг хувь болсон юм чинь баримтаар яах вэ дээ” гэсэн бусдын ятгалгад орвол таны төлөх НӨАТ нэмэгдэнэ.
Төлбөрийн баримтаар НӨАТ-аа бууруулж чаддаг бол орлогын татвараа бага байх сонголт хийх нь. Ашгаасаа 10 хувь төлөх үү, нийт орлогоосоо нэг хувь төлөх үү? Энэ тооцоог зөв хийж чадвал сонголт хийхэд амар байна. Их дүнгээс илүү өөр зөрүү гарах болов уу.
Гэхдээ энэ өөрчлөлт татварын дарамтаас иргэдээ гаргаж чадах уу гэсэн асуулттай л үлдэж байна. Үнэндээ энэ бодлого татвар төлөгчийн хувьд үр дүн муутай л байх болов уу гэж таамаглаж байна. Өнгөцхөн хэдэн тооноос дүгнэлт гаргавал сайн ч юм шиг харагдаж болох л байх.
Ямар байвал илүү үр дүнтэй байсан бэ?
Хялбаршуулсан горимыг нийт орлогын хэмжээнд хэрэглэх өөрчлөлт хийснээс зардлаа хасаад ашгаасаа 10 хувь төлж буйг л нэг хувь болгосон бол илүү зөв үр нөлөө авчрах байсан.
- Төлбөрийн баримт олголт эрс сайжирна. Төлбөрийн баримтаар орлогоо нотлохоос гадна зардлаа бууруулах гол үндэслэл болох учраас хүссэн хүсээгүй төлбөрийн баримт олголт ихэснэ. Гаалийн мэдүүлгээр ч иргэд өөрсдийн нэрээр мэдүүлж гаальд төлөх татвар өснө.
- НӨАТ-ын босго хүчтэй нөлөө үзүүлэх нь буурна. НӨАТ төлөлт цар хүрээгээрээ нэмэгдэж баазыг өсгөх боловч нэг татвар төлөгч дээр ирэх ачаалал нь буурна.
- Аж ахуйн нэгжийн хувьд жилийн 300 сая хүртэл татвар ногдох орлоготой бол зардлаа хасаад ашгаасаа нэг хувийн орлогын татвар төлдөг, хэрвээ жилийн 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй татвар ногдуулах орлоготой бол 90 хувиар төлсөн татварыг нь хөнгөлдөг, 50 сая төгрөг хүртэл нийт орлогоосоо нэг хувиар төлөх хялбаршуулсан горим ашиглах гэсэн 3 боломж олгосон байдаг. Гэтэл үйл ажиллагаа эрхэлж буй иргэдэд ийм боломж байхгүй. Эдгээр боломжийг эдлэх үүднээс аж ахуйн нэгж болох шууд бус дарамтын нөлөөнд ордог.
- Ганц гишүүнтэй аж ахуйн нэгж байгуулагдах нь эрс буурна. Ядаж л хуурамч баланс гаргаж Сангийн яамны сайтыг худал тоон мэдээгээр нэмдэг нягтлангуудын тоо буурна. Аж ахуйн нэгж байх нь санхүүгийн мэргэжилтнүүдийг “тэжээх” дам дарамтыг үүсгэдэг. Эхлээд нягтлан, дараа нь аудит, тэгээд мэргэшсэн зөвлөх гэх мэтээр хөлөө олох гэж байгаа стартапуудыг бүчиж, орлого гэж харах олон “ялаанууд” хуулиар хөлөө олчихсон хүлээж байдаг.
- Худал тоон мэдээгээр дүүргэсэн Сангийн яамны болон татварын албаны дата баазын хүчин чадлыг өсгөх төсвийн үргүй зардал буурна.
Энэ нь бүхэлдээ иргэнээ орлоготой амьдрахад чиглэсэн, бие даан зах зээлд хөлөө олоход тусалсан, шинэ санаа бүхий стартапуудаа дэмжсэн төрөөс үзүүлэх дам дарамтыг бууруулах алхам болох байсан юм.
Татварын зөвлөх Ч.Батчимэг