ЭЗК-ийн хөтөлбөр дэх 32 төслөөс Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжиж буй төслүүдийн санхүүжилтийг харвал гол төлөв Хятадын зээл, тусламж, олон улсын санхүүгийн байгууллага, улсын төсөв гэсэн загвартай байгаа тул илүү олон төрөлжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн загварыг сайтар ашиглах шаардлагатай гэж судлаачид үзэж байна.
БНХАУ нь Монгол Улсын тэргүүлэгч хөрөнгө оруулагчдын нэг бөгөөд 1990-2020 оныг хүртэл 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна.
Гурван улсын эдийн засгийн коридор юу болсон бэ?
“Торгоны замын эдийн засгийн бүс” (“Нэг бүс, нэг зам” гэж товчоор нэрлэх нь бас бий) санаачилгыг дэвшүүлж буйгаа БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпин анх 2013 оны есдүгээр сард Астана хотноо олон нийтэд мэдээлж, түүний хүрээнд Евразийн ихэнх улс орныг хамарсан хамтын ажиллагааг эхлүүлэхээ зарласан билээ. Үүнээс хойш хоёр жилийн дараа хуурай газраар нийт зургаан чиглэлд хонгил (коридор) барьж байгуулан харилцан холбогдох үндсэн дээр эдийн засгийн хамтын ажиллагааг хөрш орнуудтай хөгжүүлэхийг санал болгосон. Энэхүү зургаан коридорын нэг болох “Умардын хонгил” нь Монголын болон Манжуурын гэсэн хоёр салаатай. Эндээс Монголын хонгилыг “Гурван улсын эдийн засгийн коридор” гэж нэрлэдэг. БНХАУ-ын хувьд Монголоор дайран өнгөрөх коридор нь Зүүн хойд Азиас Европ хүрэхэд хамгийн дөт чиглэл бөгөөд Хятадын аж үйлдвэржсэн мужуудыг Оросын байгалийн баялаг төвлөрсөн бүсүүдтэй хямд зардлаар холбох боломж гэж судлаачид үзэж байна.
“Гурван улсын эдийн засгийн коридор (ЭЗК)” байгуулах хөтөлбөрийг 2016 оны зургадугаар сарын 23-24 -ний өдөр Ташкент хотноо хийсэн уулзалтын үеэр гурван улсын төрийн тэргүүн гарын үсэг зурж байгуулжээ. ЭЗК нь хөрш зэргэлдээ гурван эдийн засгийг интеграцчилалд оруулах механизм бөгөөд “Нэг бүс, нэг зам” үзэл баримтлалын өргөжүүлсэн нэмэлт хэлбэр бөгөөд “Нэг бүс, нэг зам” стратегитай нэгэн цогц юм. Монгол Улсын хувьд ГХЯ-ны тодорхойлсноор уг хөтөлбөр нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадвараар хангах, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх замаар гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оршино гэжээ.
ЭЗК-ийн хөтөлбөрийн Хавсралт хэсэгт гурван тал хамтран хэрэгжүүлэх нийт 32 төслийг тусган баталжээ. Төслүүдийн хөрөнгө оруулалтын хувьд Эдийн засгийн коридорын тухай хэлэлцээрт санхүүжүүлэх эх үүсвэрүүдийг зааж өгчээ. Коридорын төсөл, арга хэмжээнүүдийг төр, хувийн хэвшил, төр-хувийн хэвшлийн түншлэл, мөн түүнчлэн олон улсын санхүүгийн байгууллагуудын эх үүсвэрээс, түүний дотор Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (Дүрмийн сан нь 100 тэрбум ам.доллар), Торгоны замын сан (Дүрмийн сан 40 тэрбум ам.доллар), Азийн хөгжлийн банк (Дүрмийн сан 55 тэрбум ам.доллар), БРИКС-ийн Хөгжлийн шинэ банк, ШХАБ-ын Банкны нэгдэл зэрэг санхүүгийн байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр тохиролцсон байна.
Гэхдээ энд дурдсан санхүүжилтийн механизм бүрдээгүй бөгөөд төслүүдийн хэрэгжилтийн үр дүн гарах хараахан болоогүй байна. ЭЗК-ийн хөтөлбөр дэх 32 төслөөс Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжиж буй төслүүдийн санхүүжилтийг харвал гол төлөв Хятадын зээл, тусламж, олон улсын санхүүгийн байгууллага, улсын төсөв гэсэн загвартай байгаа тул илүү олон төрөлжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн загварыг сайтар ашиглах шаардлагатай гэж судлаачид үзэж байна. Эс бөгөөс Монголын аж ахуйн нэгжүүдийн шууд оролцоо, хүртэх ашиг хангалтгүй хэвээр байна.
Монголын Хятад судлалын хөгжлийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар 2020 оны байдлаар ЭЗК-ын хөтөлбөрт туссан 32 төслөөс 18 нь хэрэгжсэн болон хэрэгжиж байгаа тоо гарчээ. Харин 14 төсөл нь хэрэгжээгүй болон хоцрогдолтой байна. Нийт төсөл 56.25 хувийн хэрэгжилттэй явж байна. Эдгээрээс хамгийн их ач холбогдол өгч байгаа нь авто зам, төмөр зам, эрчим хүч, хилийн боомтын төслүүд юм. Гэвч эдгээрийн хэрэгжилт ч бас бодит үр дүнгээ өгөхгүй байна. Тухайлбал, төмөр замын гурван коридорын төсөл дөнгөж судалгааны түвшинд байгаа. Авто замын чиглэлээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх АН-3 буюу Замын-Үүд-Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн олон улсын 990 орчим км авто замын шинэчлэлт, АН-4 буюу БНХАУ-тай хил залгаа Ярантын хилийн боомтоос ОХУ-тай хил залгаа Улаанбайшинтын хилийн боомт хүртэл 743.1 км замын төсөл хэрэгжиж байгаа талаар Зам, тээвэр хөгжлийн яамны мэдээлэлд бичжээ.
2022 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсад БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 5300 орчим аж ахуй нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Эрчим хүчний салбарт Улаанбаатар хотын 348 мВт-ын чадалтай Амгалан дулааны станц, Улаанбаатарын хотын ДЦС-3 ТӨХК 50 мВт-ын өргөтгөл, Дарханы ДЦС-ын 35 мВт-ын өргөтгөл, Эрдэнэтийн ДЦС-ын 35 мВт-ын өргөтгөл, Дорнодын ДЦС-ын 50 мВт-ын өргөтгөл, Улаанбаатар – Мандалговь 330 кВт-ын оврын 249 км цахилгаан дамжуулах агаарын шугам болон дэд станцын гэсэн төслүүд хэрэгжиж байна.
Хилийн боомтыг шинэчлэх чиглэлд Замын-Үүд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг БНХАУ-ын 201 сая юань (75 тэрбум төгрөг)-ийн буцалтгүй тусламжаар, Алтанбулаг боомтын шинэчлэлийн ажлыг Азийн хөгжлийн банкны 13.6 сая ам.доллар (36.2 тэрбум төгрөг)-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр, Гашуунсухайт боомтыг шинэчлэх ажлыг Улсын төсвийн санхүүжилтээр болон БНХАУ-ын Засгийн газрын 148 сая юанийн (55.3 тэрбум төгрөг) буцалтгүй тусламжийн санхүүжилтээр тус тус хэрэгжүүлж байна.
Эдийн засгийн коридор ба Хятадын зээл, тусламж
БНХАУ нь Монгол Улсын худалдааны хамгийн том түнш билээ. Хятадын статистикийн мэдээгээр 2023 оны есдүгээр сарын байдлаар БНХАУ-тай 12.07 тэрбум ам.долларын худалдааг хийсэн нь гадаад худалдааны бараа эргэлтийн 62.5 хувийг эзэлж байна. Нийтдээ гадаад худалдааны эргэлт 31 жилийн хугацаанд 300 дахин нэмэгджээ.
Мөн БНХАУ нь Монгол Улсын тэргүүлэгч хөрөнгө оруулагчдын нэг бөгөөд 1990-2020 оныг хүртэл 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Хятад судлаач Х.Баатархүүгийн тооцоолсноор 2022 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсад БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 5300 орчим аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Сангийн яамнаас 2019 онд гаргасан тайлангаар 1950 оноос өнөөг хүртэл БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт нийт 3.2 тэрбум юанийн буцалтгүй тусламжийг олгосон байна. Харин хоёр улс стратегийн түншийн харилцаатай болсноос хойш БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт нийт 1.8 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоод байна. Тухайлбал, 2005 онд 300 сая, 2008 онд 500 сая, 2015 онд нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг (Жилийн хоёр хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, долоон жил зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлнө) тус тус олгохоор шийдвэрлэжээ. БНХАУ-ын Засгийн газраас олгож буй буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлийг голдуу зам, барилга, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, гаалийн салбарт хөрөнгө оруулж байна.
Хятадын Засгийн газраас Монгол Улсад олгож буй зээл, тусламжууд, түүний дотор Эдийн засгийн коридорын хөтөлбөрт хамаарах дэд бүтцийн зээлүүд нь Хятадын Экспорт, импортын банкны санхүүжилтийн хэлбэрээр олгогддог. Ингэхдээ зээлийн ерөнхий хэлэлцээрийг хоёр улсын Засгийн газар байгуулж санхүүжилтийг шийддэг. Дараа нь Монгол Улсын Засгийн газар парламентад өргөн мэдүүлж, УИХ тогтоол гарган ерөнхий хэлэлцээрүүд, тэдгээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталдаг.
Гэвч Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн эх, дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд нээлттэй биш байдаг. Өрийн удирдлагын тухай хуулийн дагуу 2016 онд Засгийн газрын тогтоолоор Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журмыг баталсан. БНХАУ-ын зээл тусламжтай холбоотой нээлттэй эх сурвалжуудын мэдээллээс харахад Хятадын санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд дээр “Нэг зам, нэг бүс” санаачилга, ЭЗК-ийн хөтөлбөрт хамаарч буй эсэх ямар нэгэн ангилал, тэмдэглэгээ байхгүй байна.
Хятадын зээл, тусламжийн мэдээлэл яагаад хаалттай байдаг вэ?
Гадаадын зээл, тусламжтай холбоотой бүртгэл, мэдээлэл, мэдээллийн ил тод байдлыг Монгол Улсын Сангийн яам, тэр дундаа Хөгжлийн санхүүжилтийн хэлтэс хариуцаж, улирал бүр зээл, тусламжийн ашиглалтыг тайлагнадаг. Гэхдээ нийтлэлийн хүрээнд тус яамнаас Засгийн газрын гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 2020-2022 оны төсвийн жилд хэрэгжүүлсэн, 2023 оны төсвийн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт, 2017 оноос хойш “Нэг бүс, нэг зам”, ЭЗК-ийн хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, тусламжаар хэрэгжсэн, хэрэгжиж буй төслүүдийн мэдээлэл (Санхүүжилтийн хэмжээ, гэрээний үндсэн нөхцөл, оролцогчид, худалдан авах ажиллагааны мэдээлэл, төслийн хэрэгжилтийн үр дүн, тайлагналын байдал), мөн “Нэг бүс, нэг зам”, ЭЗК -ын хөтөлбөрийн хүрээний төслүүдийн нэгдсэн бүртгэл зэрэг мэдээллийг албан бичгээр хүссэн боловч хариу ирээгүй. Мөн ижил төстэй мэдээллийг Зам, тээвэр хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Гадаад харилцааны яамнаас албан бичгээр хүссэн ч нэг бол хариу ирээгүй, нэг бол тийм мэдээлэл байхгүй гэсэн хариуг өгсөн юм. Төрийн худалдан авах ажиллагааны газраас БНХАУ-ын хөрөнгө оруулалттай, тендерт оролцогч компаниудын жагсаалт, тендерт оролцсон түүхийг хүсэхэд хариу ирсэн ч ирүүлсэн жагсаалт нь судалгааны ажилд ач холбогдолтой байж чадаагүй.
2014 онд баталсан Шилэн дансны тухай хууль, Төсвийн ил тод байдлын тухай хуулийн дагуу гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн гүйцэтгэл, худалдан авалттай холбоотой мэдээлэл https://shilendans.gov.mn/ сайт дээр байрших ёстой. Гэвч Хятадын санхүүжилттэй, тэр дундаа хятад ерөнхий гүйцэтгэгчтэй төслүүдийн мэдээлэл маш хомс, зарим тохиолдолд огт байхгүй байна.
Мөн зарчмын хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн (ТБОНӨХБАҮХАТХ) дагуу гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн худалдан авалтын мэдээлэл Төрийн худалдан авах ажиллагааны сайт дээр https://www.tender.gov.mn байрших ёстой. Гэвч тус хуулийн 3.2-т “Гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны журмыг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг дагаж мөрдөнө гэсэн заалт, 9.2-т Захиалагч нь 10 тэрбум төгрөгөөс дээш төсөвт өртөг бүхий ажил, 100 сая төгрөгөөс дээш төсөвт өртөг бүхий бараа, үйлчилгээний тендер шалгаруулалтад гадаадын этгээд оролцохыг хориглож үл болно” гэж заасан нь БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй төслүүдийн худалдан авалтын мэдээлэл хаалттай байх боломжийг олгож байна гэж дүгнэхэд хүргэж байна.
Хэд хэдэн нээлттэй эх сурвалжид бичсэнээр Зээлийн ерөнхий хэлэлцээр гэх нэрийдлээр зээлдүүлэгч болон зээлдүүлэгч талын гүйцэтгэгчдэд маш их давуу эрх олгосон нөхцөл тохирдог. Тухайлбал, 2021 онд Үндэсний аудитын газар Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн ашиглалт, үр дүнд аудит хийхдээ “БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын “Хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр”-т төсөл тус бүрийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын аж ахуйн нэгж ажиллах бөгөөд зээлдүүлэгчийн баталсан зохих гэрээлэгчдийн жагсаалтаас сонгох, зээлдэгч нь төслийг хэрэгжүүлэхэд зориулсан бараа, ажил үйлчилгээг гааль, НӨАТ болон Монгол Улсын ТБОНӨХБАҮХАТХ-ийн нөхцөл шаардлагаас чөлөөлөх, зураг төсөл, барилга угсралтын ажил, тоног төхөөрөмжийн гэрээний үнийн дүнгийн 50 хувиас багагүй нь, тоног төхөөрөмж худалдан авах төслийн гэрээ бүрийн 65 хувиас багагүй нь БНХАУ-ын талд оногдохоор заасан байна” гэсэн дүгнэлт хийжээ. Тухайлбал, Монголын парламент БНХАУ-ын Экспорт, импортын банк хоорондын нэг тэрбум ам.долларын ерөнхий хэлэлцээрээр нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлахад уг ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл тус бүрийн 85 хувийг БНХАУ-ын Засгийн газар, 15 хувийг Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлэх нөхцөл өөрчлөгдөж, БНХАУ-ын Засгийн газар санхүүжүүлэх хэмжээг 95 хувь болгон нэмэгдүүлж байв.
Зарим судлаачийн үзэж буйгаар өдгөө хэрэгжиж буй дэд бүтэц, боомтын бүтээн байгуулалтын төслүүдийн гүйцэтгэгч нь гол төлөв БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд байдаг бөгөөд Монголын цөөн тооны аж ахуйн нэгж туслан гүйцэтгэгч байдлаар зарим төсөлд оролцдог. Энэ нь Хятадын хөнгөлөлттэй зээл, тусламжаар хэрэгжиж буй төслүүдэд тавигдах шаардлагын дагуу Хятадын компаниуд технологи, туршлага ур чадвартаа түшиглэн давуу эрхээр оролцдогтой холбоотой. Тухайлбал, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжиж буй эрчим хүчний томоохон төслүүд дээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хунан Индустриал экүпмент Инсталэшн”, “Пауэр Чайна” зэрэг компани голдуу ерөнхий гүйцэтгэгчээр ажилладаг. Харин авто замын төслүүд дээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чайна Гезоуба Групп”, “Эйч Кэ Би Интернейшнль”, “Жуньмэй Инженеринг Групп”, “Чайна Хуаши Интерпрайзиз” зэрэг компани ерөнхий гүйцэтгэгчээр, “Чайна И Пи Пи Ар Интернэшнл Инженеринг Корпорэшн” менежментийн компаниар ажилладаг. Гэвч эдгээр компанийн ажилласан төслүүдийн төсөв, гүйцэтгэл, худалдан авалттай холбоотой мэдээлэл Шилэн дансны сайт болон Төрийн худалдан авах ажиллагааны сайтууд дээр маш хомс, олдоц муутай, эсвэл ойлгомжгүй байдалтай байна. Ялангуяа, Төрийн худалдан авах ажиллагааны сайт дээрх тендерт оролцогчдын жагсаалт дотор тендерийн ямар нэгэн түүхгүй маш олон хятад компани байдаг.
Тиймээс цаашид Монгол Улсын нутаг дэвсгэрт хэрэгжиж буй ЭЗК-ын төсөлд Монголын аж ахуйн нэгжүүдийг түлхүү оролцуулах, ашиг хүртээх, туршлага суулгах талаар дэмжлэх үзүүлэх шаардлагатай. Төслийн санхүүжилтэд төр, хувийн хэвшлийн загварыг түлхүү ашиглавал Монголын аж ахуйн нэгжүүдийн оролцоо, эзэмшлийг нэмэгдүүлэхэд хөшүүрэг болно гэж үзэх судлаачид цөөнгүй байна.
Энэ мэтчилэн БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр төсөл хэрэгжиж байгаа бол гэрээ хэлэлцээр, худалдан авалтын мэдээлэл ил тод биш байна. Харин БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа бол төсөл нь тусгай нэгжтэй, гүйцэтгэл, худалдан авалтын мэдээлэл олон нийтэд арай нээлттэй байгаа нийтлэг дүр зураг ажиглагдлаа.