Малчдын амьжиргаа баталгаагүй болж байна
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат малчин Б.Даваажаргалтай холбогдож нөхцөл байдал ямар байгаа талаар тодруулсан юм. Түүний ярьснаар тус суманд сүүлийн хоёр жил дараалан зуд болжээ. Б.Даваажаргалынх бог, бод нийлсэн 500 орчим малтай байсан ч одоо 30 -аад хонь, хэдэн ямаатай л үлдээд байгаа аж. Хэдэн ямаагаа сумын төвд хашаанд тэжээж эхэлсэн. Хээлтэй эм хонинууд нь хээлээ даахгүй сөхөрч унаад хэцүүхэн байгааг ярилаа. Суманд өвс олдохгүй, олдсон ч тэнгэрт хадсан үнэтэй. “Мал гэдэг баталгаагүй хөрөнгө болжээ гэдгийг л үнэхээр сайн ойлгож авлаа. Төр засгаас малчдад хандсан бодлого үгүйлэгдэх юм. Малчдад бэлчээр, худаг ус, хашаа хорооноос эхлээд шийдэх асуудал мундахгүй. Дээр нь төрөөс мах, арьс шир, түүхий эдийн үнийн зохицуулалт хийхгүйгээс болж малчид л хохирч байна” хэмээн тэрбээр ярив.
Тэднийх шиг цөөн малтай, хүн хүч муутай айлууд өвөлжилтөд бэлдэх боломж хомс. Анхны цаснаас урьтаад малаа цөөлж худалдъя гэхээр ченжүүд хамгийн хямд үнэ хэлдэг. Малчид хавар, намартаа л орлого олох боломжтой. Б.Даваажаргал “Энэ хавар ноолуур авч чадахааргүй болж байх шиг байна. Малчдын амьжиргаа жилээс жилд баталгаагүй болж байна даа” гэж хэлсэн юм.
Малчдын 80 хувь нь зээлтэй
Засгийн газрын 2024.02.28-ны өдрийн хуралдаанаар малчдын зээлийн эргэн төлөлтийн хугацаа болон хүүгийн төлөлтийг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан билээ. Зээлийн хүүгийн эргэн төлөлтийг нэг жилээр хойшлуулахаар хүүгийн хуримтлал үүсэж байгаа бөгөөд малчны зээлийн хүү 20.5 хувь байна. Үүний зургаан хувийг малчид өөрсдөө төлөх бол үлдсэн 14.5 хувийг Засгийн газраас даах шийдвэр гаргасан юм. Улсын хэмжээнд малчны зээлийн үлдэгдэл 1.6 их наяд төгрөгт хүрчээ. Харин хүүгийн хуримтлал болох 220 тэрбум төгрөгийг Засгийн газраас төлөхөөр болсон юм. Тэгвэл дээрх шийдвэрийг эдийн засагчид эсэргүүцэж байгаа бөгөөд улстөрчид зудыг сонгуулийн PR-ийн хэрэгсэл болгон ашиглаж байна гэсэн байр суурьтай байна.
Өнгөрсөн оны мал тооллогын урьдчилсан дүнгээр улсын хэмжээнд нийт 64.7 сая толгой мал тоологдсон байна. Малчид улирлын чанартай мөнгөний эх үүсвэртэй бөгөөд нийт малчдын 80 орчим хувь нь буюу 147800 малчин өрх малчны зээлтэй гэсэн судалгаа гарчээ. Цагаан сарын дараа малчдын зээлийг тэглэх эсэх асуудал олны анхаарлын төвд ороод байгаа билээ. ХААН Банкны захирал агсан Петр Морроу “Монголын мал бүгдээрээ банканд байдаг” гэж байсан удаатай.
“Монгол малчин” сэтгүүлийн ерөнхий редактор С.Мөнхжаргалын үзэж буйгаар малчдын зээлийг 100 хувь тэглэнэ гэдэг бол хэцүү. Татвар төлөгчдийн мөнгөөр тэглэлээ гэхэд дараа нь гарах эрсдэл өндөр. Тиймээс зээл тэглэхийн оронд ахмадын зээлийг тэглэж байсан шиг хязгаар тогтоох, эсвэл зээлийг хойшлуулах арга хэмжээ авах хэрэгтэй аж.
“Зээлээс гадна малчдыг дэмжих оновчтой аргууд бидэнд бий. Малын махнаас илүүтэй арьс, ширийг нь худалдан авах хэрэгтэй. Малчид ноолуурын үеэр мөнгөтэй болж, зээлээ дардаг. Тиймээс хоргодож буй малын арьс, ширийг ч болов эргэлтэд оруулах хэрэгтэй байх” гэж тэрбээр ярив.
Мартагдсан мал аж ахуйн салбар
Мал аж ахуйн салбар нь олон зуун мянган монголчуудын амьжиргааны гол эх үүсвэр болсон анхдагч үйлдвэрлэлийн салбар мөн.
Өнгөрсөн оны байдлаар ХАА-н салбар нийт ДНБ-ий ердөө 10%-ийг эзэлсэн байна.
Мал аж ахуйн салбар дахь төрийн бодлогын тунхаглал нь “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэсэн Үндсэн хуулийн заалтаар баталгааждаг. Гэвч эдийн засгийг солонгоруулах ёстой энэ салбар солонгорох нь битгий хэл бүдгэрсээр. Хамгийн сүүлд 2009-2015 онд “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”-ыг баталж, хөтөлбөрийн хүрээнд малчдын тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, малчдын боловсрол эрүүл мэндэд анхаарал хандуулах, үр ашигтай аж ахуй эрхлэхэд дэмжлэг үзүүлэхийг зорьсон байдаг. Гэвч хэрэгжилт хангалтгүй байна.
Зудаас урьдчилан сэргийлэх ажлыг зөвхөн малчдад даатгаж болохгүй
ХААИС-ийн зөвлөх профессор, доктор Г.Ганбатаас сүүлийн жилүүдэд ойр ойрхон тохиох болсон зудын эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх боломжтой эсэх талаар тодруулж ярилцав. Түүний тайлбарласнаар зуд гэдэг нь дотроо олон төрөл байдаг боловч ихэвчлэн цөлжилт болон их гантай зуны улмаас малын хоол хүнс хомстож, тарга тэвээрэг нь суларснаар малчид хахир өвөлд мал сүргээ олноор алдахыг хэлдэг. Энэхүү байгалийн гамшигт үзэгдэл нь Монгол Улсад түгээмэл тохиолддог бөгөөд дэлхийн цаг уурын ѳѳрчлѳлт болон бэлчээрийн даац хэтэрсэн явдлаас болж жил ирэх тусам давтамж болоод хохирлын хэмжээ эрс нэмэгдсээр байна. Дэлхийн дулаарлаас болж зуны улирлын дундаж температур 1.5 градусаар дээшилсэн ч өвлийн цочир хүйтэн мөн дагаад нэмэгдэж буй.
“Зудаас урьдчилан сэргийлэх ажлыг зөвхөн малчдад даатгаж болохгүй. Энэ ажлыг сум орон нутгийн удирдлага, яамнаас нэгдсэн төлөвлөгөө гаргаж ажиллах нь зүйтэй. Уламжлалт мал аж ахуйг эрхлэн хөтлөхөд ахмад малчдын арга туршлагыг дэлгэрүүлэх хэрэгтэй. Мөн монголчуудын нар, сар оддын байдлаар цаг агаар шинжих судар, ардын уламжлалт аргуудыг судлан үзвэл тохиромжтой” гэж доктор Г.Ганбат онцлон хэллээ.
Зудад алдсан малын тоо \1940-2024\
- 1944 оны бичин жилийн зуд 150 хоног үргэлжилж, 9,2 сая толгой мал,
- 1956 оны бичин жилд 2,2 сая толгой мал,
- 1968 оны бичин жил 165 хоног үргэлжилж, 4,4 сая толгой мал хорогджээ.
- 1970-1990 оны хооронд өмнөх жилүүдийн адилаар ган, зуд цөөнгүй тохиолдсон боловч түүний эсрэг тэмцэх бэлтгэл, нөөц харьцангуй сайн байсан тул хохирол бага учирсан байна.
- 1999-2000 онд 12 аймгийн 157 сумын олон сая мал зудад нэрвэгдсэнээс 2,4 сая толгой мал хорогдсон.
- 2000-2001 онд 20 аймгийн 192 сумын 20-иод сая толгой мал зудад нэрвэгдсэнээс 3,5 сая толгой мал хоргодож 5000 орчим өрх малгүй болжээ.
- Манай улсад хамгийн том хэмжээний зуд 1999 болон 2009 онд болж нийтдээ 21 сая гаруй толгой мал үрэгджээ.
- 2018 оны нэгдүгээр сард (-50) градус болтол хүйтэрч (өмнөх жилүүдтэй харьцуулбал дунджаар -10-аад градусаар хүйтэн) 700 мянга орчим малыг зудад алдсан.
- 2023-2024 онд одоогийн байдлаар 3.8 сая орчим малыг зудад алдаад байна.