Дижитал эрин гэх тодотголтой өнөө цагт технологийн дэвшил өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болоод байна. Хэрэв цаг үетэйгээ хөл нийлүүлж эс чадвал бид өрсөлдөх чадвараа алдаж, бизнесийн үйл ажиллагаа доголдох хүртэл эрсдэл учирдаг. Тэгвэл орчин цагийн бизнес эрхлэгчдэд зайлшгүй шаардагдах болсон санхүүгийн нэгэн платформыг бид энэ удаа онцолж байна. Энэхүү платформ бол дотооддоо анхдагч үүлэн технологид суурилсан санхүү бүртгэлийн систем бөгөөд 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд тэд 3000 гаруй нягтлан бодогчдын гүйцэтгэлийг хөнгөвчилж, хамгийн ойр платформ байж ирсэн түүхтэй. Тэгвэл Baaz.mn санхүүгийн платформ оны өмнөхөн технологийн шинэчлэл хийж “Baaz 3.0” шатанд гарч, дижитал шилжилтэд хөтлөгчдийн эгнээнд нэгджээ.
Ингэснээр тэд илүү бага зардлаар, илүү өндөр хурдаар, илүү олон үйлчилгээг, илүү олон хүнд хүргэх боломжийг бүрдүүлээд буй. Түүнчлэн бизнесийн үйл ажиллагааны салшгүй хэсэг болох татвар, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн өөрчлөлтүүдийг системдээ тусгаж, цаг алдалгүй шинэчлэл хийдэг байна.
“Технологийн компаниуд өнгөрсөн 20 жилийн хугацаанд их зүйлийг даван тууллаа. Маш олон компани дампуурч, бас дахин эхэлж, өсөлт үзүүлж чадсан. Энэ бүхэнд төр засгийн шийдвэрүүд нөлөөлж байлаа. Цар тахал хөрөнгийн эздэд технологи чухал юм байна гэдгийг улам бүр ойлгуулсан. Манай компанийн хувьд цар тахлын үеэр үйл ажиллагаагаа илүү тогтворжуулж чадсан” хэмээн Databank ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Батхуяг ярьж байна. Ингээд Baaz.mn санхүүгийн платформын нийгэмд бүтээж буй үнэ цэнийг онцлон хүргэе.
Жижиг, дунд бизнесийг дэмжинэ
Жижиг, дунд бизнес аливаа улс орны тэр дундаа, хөгжиж буй орнуудын эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэдэг. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас үзэхэд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 89425 аж ахуйн нэгж байгаагийн 97 хувийг жижиг, дунд бизнесүүд эзэлж байна. Жижиг, дунд бизнесийн тоо нэмэгдэхийн хэрээр тэдэнд тохирсон бизнесийн орчин, бодит дэмжлэгийг мөн сайжруулах шаардлага үүсэх нь дамжиггүй. Энэхүү бодит тоо баримт, эрэлт хэрэгцээг Baaz.mn багийнхан мэдэрч, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хамгийн хямд, ойлгомжтой үйлчилгээг санал болгож буй.
Манайх шиг хөгжиж буй орны жижиг, дунд бизнес эрхлэгчид санаагаа гаргана, бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ, борлуулалт, маркетингаа хариуцна, ажилтнуудаа цалинжуулна, санхүү татварын тайлан гаргана гээд ихээхэн асуудалтай нүүр тулдаг. Энэ бүхний ард өндөр зардал, цаг зав, хөлс хөдөлмөр зарцуулах хэрэгтэй болдог. Тэгвэл Baaz.mn багийнхан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд үндсэн санаан дээрээ төвлөрөх боломжийг олгож байгаа юм.
Тэд Baaz.mn системээр дамжуулж Монголд жижиг, дунд бизнес хөгжихөд шаардлагатай байгаа суурь дэд бүтцийг хэрэглэхэд илүү хялбар болгохыг зорьжээ. Өөрөөр хэлбэл, жижиг, дунд бизнес эрхлэгчид Baaz.mn санхүүгийн платформд хандаж, 1-2 модуль авч, бүх мэдээллээ оруулахад санхүү, татварын тайлангуудыг бүгдийг нь автоматаар бэлдэж илгээхэд бэлэн болгох жишээтэй. Хамгийн гол нь орон зай, цаг хугацааны хязгаарлалтгүйгээр нягтлан бодох бүртгэлээ хөтлөх, тайлан шинжилгээ гаргах, цаашлаад шууд Baaz.mn-д хандан бизнес бүртгэлээ хийж эхлэх боломжтой аж.
Мөн тэд Baaz мобайл аппликейшныг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлээд байна. Энэхүү аппликейшн бол компанийн удирдлагуудыг санхүүгийн мэдээллээр хангах, нөөц боломжоо тооцоолох, санхүүгийн менежмент хийх боломж олгодог давуу талтай юм.
Дижитал санхүүгийн оновчтой шийдэл
Baaz.mn-ээс хэрэглэгчдэд Санхүү, Үндсэн хөрөнгө, Цалин, Бараа материал, Пос, Касс гэсэн үндсэн зургаан модулийг санал болгодог. Түүнчлэн Baaz.mn олон төрлийн ERP, CRM систем болон бусад платформтой интеграц хийж чадсан, хамгийн хямд, ойлгомжтой санхүүгийн платформ гэдэгтэй хэрэглэгчид нь ч санал нэг байдаг. Тухайлбал, “Интерфарм Импорт” ХХК нь Baaz кассын программыг ашиглаж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Тус компанийн борлуулалт хариуцсан менежер “Baaz.mn хямд өртгөөр хамгийн гол хэрэгцээг хангадгаас гадна хэрэглэхэд тун хялбар санагдсан. Манайх борлуулалттай холбоотой өдөр тутмын бүртгэл, тайлангийн асуудлаа нэг дор шийдэх боломжтой болсон. Мөн Baaz аппликейшнээр дамжуулан хаанаас ч, хэзээ ч ашиглаж болдог нь ажлыг их хөнгөвчилдөг” гэсэн юм.
Дэлхий даяар дижитал шилжилт эрчимтэй өрнөж, их хэмжээний дата бий болж буйтай холбогдуулан датаг найдвартай хадгалахаас эхлээд мэдээллийн аюулгүй байдал хүртэлх асуудлууд нэн чухалд тооцогдох болсон. Дата алдагдахад үүсэх эрсдэлүүд, түүнээс хэрхэн сэргийлэх вэ гэдэг нь хувь хүнээс эхлээд ямар ч түвшний байгууллагуудын хувьд анхаарах ёстой сэдэв болж байна. Тэгвэл Databank компани нь мэдээллийн аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж, жилд 500 саяас дээш төгрөгийг зөвхөн аюулгүй байдлын стандартад зарцуулж буй. Түүнчлэн ISO27001 – Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандартыг хангасан тул тухайн харилцагч бизнесийн санхүүгийн дата алдагдах, нууцлал задрах, гэнэтийн эрсдэл учрах зэрэгт санаа зовох шаардлагагүй аж.
Товчхондоо, Baaz санхүү бүртгэлийн программ жижиг, дунд бизнес эрхлэгчдийн итгэж болох санхүүгийн анд, дижитал шилжилтийн найдвартай түнш байхыг зорьж буй.
Нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулна
Databank компани засаглалын хувьд хэвтээ тэнхлэгийн өсөлтийг чухалчилдаг. Өөрөөр хэлбэл, пиццаны баг (Pizza team) буюу олон жижиг дэд баг бий болгож ажиллахыг эрмэлздэг байна. Ийм багууд шийдвэр хурдан гаргаж, гүйцэтгэлээ сайн биелүүлдэг давуу талтай гэж Э.Батхуяг онцолсон юм.
Манай улсад дан технологийн бизнес хийгээд зардлаа нөхсөн орлого олж, 100+ хүнийг ажлын байраар ханган ажиллаж буй компани тун цөөн. Өдгөө Databank компани 120 хүнийг ажлын байраар хангадаг. Тэдний тал нь инженер. Хүний нөөцийн хомсдол салбар бүрт тулгамдаад буй энэ цаг үед тус компани программистуудын хөдөлмөрийг дор хаяж 1000 ам.доллараар үнэлж байна. Databank компанийн ажилтнууд мөн нэгэн зорилго, хүсэл мөрөөдлийн төлөө нэгдэж чадсаныг сонсоход таатай санагдсан юм. Тэр нь хүн бүр өөрт оногдсон ажлаа хамгийн сайнаараа хийж, тэрхүү бүтээмжээрээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж байгаасай гэсэн эх оронч тэмүүлэл байв.
Тэдний ойрын таван жилд зорьж буй үндсэн чиглэл бол олон олон жижиг, дунд бизнесийг өсөлт үзүүлэхэд туслах, хэрэглэгчдийнхээ амьдралын хэв маягийг илүү амар хялбар болгох, цаашлаад финтек эко систем бий болгох ажээ.