Ковидын үед Англид сургуульд байж таарсан юм. Хууль журмаа чанд мөрддөг улс болохоор зөвлөмжийн дагуу иргэд хүнсээ цуглуулах, цэцэрлэгт хүрээлэнд салхилах гэх мэтээс бусад шалтгаангүй бол гэртээ байцгааж байлаа. Миний хувьд сургуулийн болон дүүргийн нийтийн номын сангаас авсан ч хүрч ядаад байсан хэдэн номнуудаа тухтай унших боломж гарав. Тэдгээр номнууд дотроос The Times сонины сэтгүүлч Иан Мартины “Making it Happen: Fred Goodwin, RBS and the Men Who Blew Up the British Economy” гэдэг ном онцгой сэтгэгдэл үлдээсэн. Энэ ном уг нь 2008 оны дэлхийн санхүүгийн хямралд Их Британийн Royal Bank of Scotland буюу RBS банкны удирдлагууд хэрхэн нөлөөлсөн, ямар ашиг сонирхлын зөрчил байсан тухай боловч надад энэ банк хэрхэн Их Британийн бүс нутгийн хэмжээний ердийн банкнаас дэлхийн хэмжээний мега банк болсон нь сонирхолтой санагдсан юм.
Тус номонд RBS банкны Гүйцэтгэх Захирал Фред Гүүдвины карьерын түүхийг өгүүлэхдээ бүс нутгийн хэмжээний ердийн банк хэрэгтэй зөвлөх үйлчилгээг авч, амжилттай хэрэгжүүлснээр хэрхэн дэлхийн банк болсоныг товч өгүүлдэг.
Орон нутгийн жижиг банк байсан RBS банканд бүтцийн өөрчлөлт хийх, ялгарах давуу тал гаргаж ирэх зорилгоор хэрэгжүүлж байсан Колумбус хэмээх стратегийн зөвлөх үйлчилгээний төсөлд Фред Гүүдвин багийн гишүүнээр оржээ. Нягтлан бодогч мэргэжилтэй эр тус банкны Гүйцэтгэх Захирал хүртэл дэвшсэн аж. Уг төсөл амжилттай хэрэгжсэнээр RBS банк Английн хойд мужуудын болон Шотландын банкуудыг нэгтгэсэн, арилжааны болон хөрөнгө оруулалтын банкны үйлчилгээ үзүүлэгч Их Британийн төдийгүй дэлхийн мега банкны нэг болтлоо үйл ажиллагаа, нөлөөллөө тэлсэн юм. Фред Гүүдвин нь Колумбус төсөлд байхдаа төлөвлөж байсан менежментийн шийдэл болох нэгтгэж авсан жижиг банкны давуу талыг тодруулах, давхардсан орон тоог цомхотгох, харилцагчдыг урвуулах гэх мэт тактикуудаа хожмоо олон жижиг банк дээр давтан хэрэглэсэн аж. Үүгээрээ ч тэрбээр Их Британийн санхүүгийн салбарынхан дотроо Fred the Shred буюу “Хэрчигч” Фрэд (Paper shredder = “цаас хэрчигч”) хочтой болсон аж.
Энэхүү номыг ярьж буйн учир нь стратегийн зөвлөхүүд хэрхэн бизнест үнэ цэн бүтээдэг тухай болон тэд бизнесийн аль хэсэгт анхаарч, зөвлөдөг тухай өгүүлэхийг зорьсон юм.
Зөвлөх үйлчилгээ маш өргөн хүрээг хамардаг. Үйлдвэрлэлийн болон инженерчлэлийн нарийн технологиос эхлээд удирдлагын арга барил, шийдлүүд хүртэл зөвлөх үйлчилгээ байж болно. Нөгөө талаар компаниудад өөр хэн нэгний хөндлөнгийн зөвлөмж, тухайн ажлыг бусдын нүдээр харж, сайжруулах хэрэгцээ байдаг. Тэгвэл ямар нэг ажлыг зохион байгуулах, сайжруулахад хэрэг болдог мэргэжлийн зөвлөх үйлчилгээ болох менежмент консалтинг болон стратегийн зөвлөх үйлчилгээг хүмүүс сайн ялгаж мэддэггүй. Товчоор хэлбэл, стратегийн зөвлөгөө нь “Юу” хийх вэ гэдэг асуултад хариулдаг дээд түвшний шийдвэрт төвлөрдөг бол менежмент консалтинг (“удирдлагын зөвлөх үйлчилгээ”) нь тухайн ажлыг “Хэрхэн” хийх вэ гэдэг асуултад хариулдаг процессын сайжруулалтад төвлөрдөг. Стратегийн зөвлөхүүд компанийн алсын харааг хэрэгжүүлэх шийдэл, алхмууд хайдаг бол менежментийн зөвлөхүүд үйл ажиллагааны түвшинд ажиллаж, гүйцэтгэлийг сайжруулахад анхаарал хандуулдаг.
Тэгвэл яагаад компаниуд ер нь стратегийн ч бай менежментийн ч бай зөвлөхүүдэд хандан, дэмжлэг хүсдэг вэ? Компаниуд зөвлөх фирмүүдийг хэд хэдэн тодорхой шалтгаанаар хөлсөлж авдаг, Тухайлбал:
Мэргэшсэн байдал: Зөвлөхүүд нь тухайн компанид байхгүй тусгай мэдлэг, ур чадварыг санал болгодог. Зөвлөх фирмүүд нь бизнесийн стратегиас эхлээд нарийн технологийн чиглэлийн янз бүрийн мэргэжилтнүүдийг олж нэгтгэн, баг болгоод тухайн компанийн төсөлд зөвлөгөө өгдөг.
Хөндлөнгийн нүдээр харж чаддаг: Зөвлөхүүд ихэвчлэн компанид тулгарч буй бэрхшээл, боломжуудын талаар аль нэг талыг баримтлахгүй, голч дүгнэлт гаргаж чаддаг. Тэд тухайн компанийн ажилтнуудын олж хараагүй эсвэл гаргахад хэцүү байж болох шийдвэрийг зоригтой гаргаж чадна.
Хэмнэлт, үр ашиг: Зөвлөхүүд нь тухайн компанийн үндсэн ажилтнуудтай харьцуулахад уг төсөл эсвэл даалгаврыг богино хугацаанд үр дүнтэй гүйцэтгэж чаддаг. Яагаад гэвэл зөвлөхүүд ижил төстэй төслүүдэд өмнө нь ажилласан байх нь олонтаа.
Уян хатан: Тодорхой төсөл эсвэл тодорхой хугацаанд зөвлөхүүдийг авчрах боломжтой бөгөөд энэ нь компаниудад бүтэн цагийн ажилтан ажилд авахаас сэргийлдэг. Хэрэгцээтэй бол уг төслийг багасгах, өргөжүүлэх, хугацааг сунгах эсвэл богиносгох боломжийг компанид олгодог.
Зардлын хэмнэлт: Зөвлөхүүдийг гэрээгээр ажиллуулах нь ижил төстэй туршлагатай, бүтэн цагийн ажилтныг ажилд авахтай харьцуулахад зардал багатай.
Товчхондоо, компаниуд өөрсдийн ур чадвар, чадавхаараа хэрэгжүүлж чадахгүй ажлууд буюу төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд зөвлөхүүдийг хөлсөлдөг бөгөөд технологийн нэвтрүүлэлт, байгууллагын бүтцийн өөрчлөлт, дижитал шилжилт, санхүүжилт олох гэх мэт янз бүрийн богино хугацаат даалгавар болон төслүүд дээр ажиллуулдаг. Зөвлөхүүдтэй ажилласнаар компаниуд зорилгодоо хүрэх тусгай мэдлэг, гүйцэтгэлийн үр ашиг, процессын уян хатан байдал гэх мэт олон давуу тал олж авдаг аж.
Тэгвэл стратегийн зөвлөхүүд компанид ямар үед хэрэг болдог вэ? Компаниуд стратегийн зөвлөхүүдийг хөлсөлдөг хамгийн түгээмэл шалтгаан бол удирдлагын баг шинээр томилогдох үед тэдний ажиллах хугацааны стратеги болон алсын харааг тодорхойлох хэрэгцээ юм. Стратегийн зөвлөхүүд нь бизнесийн гол өрсөлдөгчид, зах зээлийн нөхцөл байдлыг тодорхойлох, борлуулалтын орлого нэмэгдүүлэх, шинэ боломжууд эрэлхийлэх гэх мэт ажлуудад шийдэл санал болгодог. Стратегийн зөвлөхүүд алсын харааг дахин тодорхойлох болон бусад төлөвлөлтийн ажлаа дууссанаар тэдгээр стратегийг хэрэгжүүлэхэд бизнес болон менежментийн зөвлөхүүд зэрэг өөр төрлийн ур чадвар, туршлага бүхий багийн хэрэгцээ гарч ирдэг. Стратегийн зөвлөхүүд дараах ажил үйлчилгээг голдуу санал болгодог. Үүнд,
Байгууллагын бүтцийн өөрчлөлт. Компанийн бүтээмжийг нэмэх, зардлыг бууруулах шинэ, сайн бүтцийг боловсруулах үйлчилгээ. Энэ нь ажил үүргийг дахин зохион байгуулж, хүний нөөцийн бүтцийг зурж өгнө гэсэн үг юм.
Зардлын хэмнэлт. Тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх түүхий эдийн шинэ эх үүсвэр олох, орлуулах бүтээгдэхүүн санал болгох гэх мэт үйлчилгээ. Энэ нь үйлдвэрлэлийн зардлыг бууруулах боломжийг нээнэ.
Шинэ технологийн зах зээлийн судалгаа. Стратегийн зөвлөхүүд зах зээлийн судалгаа хийж, шинэ технологи нэвтрүүлэх боломжийг танилцуулна. Өрсөлдөөний судалгаа хийж гүйцэтгэнэ.
Бизнесийн шинэ загвар. Одоо байгаа бизнес загварыг шинэчлэх боломжийг судалж, процессын зургийг дахин зурна. Энэ нь зардлыг бууруулах боломжийг нээдэг.
Үнийн стратеги. Стратегийн зөвлөхүүд нь тухайн бүтээгдэхүүний зах зээлд тохирсон үнэ, өрсөлдөхүйц үнэлгээний загварыг бий болгох үйлчилгээ санал болгодог.
Зах зээлд нэвтрэх. Стратегийн зөвлөхүүд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд амжилттай нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлдэг.
Өсөлтийн стратеги. Бусадтай нэгдэх, бусад өрсөлдөгчөө худалдан авах гэх мэт бизнесийн хөгжлийн стратеги боловсруулж өгдөг.
Иймээс ч стратегийн зөвлөхүүд нь өөрсдийн экспертийн ур чадвар, туршлагаараа үйлчлүүлэгчдэд туслан тэдэнд зах зээлд байр сууриа нэмэгдүүлэх, өрсөлдөх давуу талыг бий болгох боломж олгодог.