Хүүхэд нас хаачив?
Өнөөдөр “чихгүй толгойнууд” маш их болсон, хүүхэдтэйгээ харилцахад, ойлголцоход, хяналт тавихад улам л хэцүү болж, заримдаа яг л харь гарагийн хүнтэй ярьж байгаа мэт санагддаг болсон тухай зарим эцэг, эх ярьж байна.
Гэвч одоогоос 400 гаруй жилийн өмнө “хүүхэд нас” гэдэг ойлголт бараг байгаагүй гэж хэлэхэд битгий гайхаарай. Дундад зуунд хүн төрөхөөс үхэх хүртэл аман мэдлэгийн орчинд амьдарч, долоон нас хүрч, бүрэн хэлд орж, нүгэл буяныг ялгахтай болонгуут л шууд насанд хүрэгчдийн амьдралд шилждэг байв. Түүнийг насанд хүрсэн хүнээс ялгаагүй тэжээнэ, хувцаслана. Тэр өсөж, томроод хүчтэй болох ёстой бөгөөд түүнд өөр ямар ч “хөнгөлөлт эдлүүлэхгүй”.
Нүүдэлчдийн түүхээс харсан ч 3-4 наснаасаа морь унаж, шууд эр хүн болох ажилдаа ордог байж. Өөрөөр хэлбэл, хүүхдийг насанд хүргэхэд бэлдэх талаар тусгай ойлголт байгаагүй аж.
Харин хүүхэд нас ба насанд хүрэх тухай үзэл санаа ном хэвлэдэг болсон цагаас эхлэлтэй гэж судлаачид үздэг. Жишээ нь, Америкийн нэртэй социологич Нейл Постман “Хүүхэд нас алга болж байна” номдоо бичиг үсэггүй цаг үеүдэд хүний амьдралыг хүүхдийнх гэж онцгойлон авч үздэггүй байв. Харин “уншдаг” мэдлэг бий болсноор хүн эхлээд бичиг үсэг тайлагдах хэрэгтэй болж, энэхүү мэдээллийн тэсрэлт хүмүүсийг номоос мэдээлэл авч чаддаг ба чаддаггүй гэсэн хэсэгт хуваасан.
Улмаар хүүхдийг насанд хүрсэн жижигхэн хүн гэж үзэхээ больж, тусгай байдлаар хүмүүжүүлдэг болжээ. Хүүхэд насанд хүрэхийн тулд цагаан толгой цээжлэхээс эхлээд зүтгэл гаргах хэрэгтэй болж, харин хүүхэд өсгөх, хүмүүжүүлэх нь эцэг, эхийн үүрэг болсон. Сайн хүүхэд, сайн эцэг, эх гэж хэн болох, хүүхдийг юунд сургах, яавал шагнаж, яавал зодож болох талаар тодорхой төсөөлөл нийгэмд төлөвшсөн.
Түүнчлэн хүүхэд ба насан хүрэгчид гэсэн ойлголттой холбоотой “хориотой” мэдлэг, төрөл бүрийн “нууц”-ууд бий болсон. Тодруулбал, хүүхдэд ярьж болохгүй бэлгийн амьдрал, өвчин зовлон, үхэл хийгээд бусад “муухай” үгнүүдийн тухай нууц мэдээллийн сан бүрэлдсэн. Эдгээр мэдлэгийг зөвхөн насанд хүрсэн хүн л ойлгох чадамжтай гэсэн хандлага бэхэжсэн.
Гэтэл ХХ зууны дунд үед радио, телевиз бий болж, шинэ мянганы босгон дээр интернэт технологи дэлгэрснээр хүүхэд насны тухай ойлголт эргээд бүдгэрч эхэллээ. Шинэ мянганы хүүхдүүд насанд хүрэгчдээс ч илүү мэдээллийн урсгал дунд амьдарч, хэтэрхий эрт “насанд хүрсэн” мэдлэг эзэмших болсон нь эцэг, эхчүүд, багш нарыг барьц алдуулж байна.
Уншдаг мэдлэгээс үздэг мэдлэг рүү
Торонтогийн Харилцааны их сургуулийн судлаачдын үзэж буйгаар харилцааны технологийн хэв маяг нь соёл болон хүний сэтгэлгээг тодорхойлж өгдөг. Харин нийгэм өөрөө хүмүүс хоорондоо хэрхэн харилцан үйлчилж буйгаас хамаардаг. Харилцааны шинэ арга, хэлбэр бий болох нь бие хүн, соёл, нийгэм хүчтэй өөрчлөгдөхөд хүргэдэг. Судлаачид харилцааны технологийн хөгжлийг аман, бичгийн, сонсгол-харааны гэсэн гурван үе шатад хуваадаг.
Хүмүүс аман хэлбэрээр буюу харилцаандаа хэл яриа, сонсгол ашиглан харилцдаг, мэдээлэл солилцдог, мэдлэг хуримтлуулдаг байхад нэг нэгнийхээ хэлийг ойлгох нь хамгийн чухал байв. Харин хэвлэлийн технологи бий болж, бичиг үсэгт тайлагдах шаардлага үүссэнээр “бие даах чадваргүй” хүүхдүүдийг боловсруулдаг тусгай институциуд хөгжсөн.
Гэтэл гэрэл зураг, телевиз, интернэтийн нөлөөгөөр хүний мэдлэгийн ертөнцөд “визуаль хувьсгал” гарсан. Мэргэжлийн хэллэгээр бол аливаа агуулгыг уншин дүрслэн бодох аргаас аажмаар татгалзаж, харааны регистрт шилжиж байна. Мэдлэгийн нэгж нь үг байхаа больж, визуаль дүрсүүд болж хувирсан.
Хардаг, үздэг мэдлэгийг авахын тулд ямар нэгэн цагаан толгойн үсэг нүдэлж, бичиг үсэгт тайлагдах хэрэггүй, томчуудаас тусламж хүлээх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, мэдээлэл хүлээн авах арга хэлбэр (Stimulus modality) өөрчлөгдсөнөөр хүүхдүүд мэдээллийг уншиж биш, үзэж хүлээн авч байна. Унших үед хүн уншиж буй зүйлээ дотроо төсөөлж, дүрсэлдэг бол үзэж буй тохиолдолд төсөөлөх шаардлагагүй. Хүлээж авсан дохио тархины дагзны хэсэгт шууд очно. Энэ бол мэдлэгийн тэс өөр хэлбэр.
Өмнө нь эцэг эх, багш нар сургагч, хүмүүжүүлэгч байж хүүхдүүдийг мэдлэгийн ертөнцөд гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэх давуу эрхтэй байсан. Гэвч цахим технологийн ачаар мэдлэг, мэдээлэл бүх нийтэд нээлттэй болж, маш хурдан өөрчлөгддөг болсноор насанд хүрэгчид “мэдлэгийн хөтөч” байхаа больж байна. Хүүхдүүд насанд хүрэгчдийн үгээр биш, харин хэзээ ч, хаанаас ч авч болох мэдээллээр чиг баримжаа хийдэг болсон.
Ийнхүү хүүхдүүд ба насанд хүрэгчид харилцааны тэс өөр технологи, сувгуудыг хэрэглэж, өөр өөр үед хамаараад зогсохгүй мэдлэг, мэдээллийн хоёр өөр ертөнцөд амьдарч байна. Шинэ үеийн хүүхдүүдэд компьютер, ухаалаг утасны дэлгэц бол аав, ээж нь хүүхэд байхдаа гадаа өдөржингөө тоглодог байсантай адил төрөлх орчин нь юм.
Тоон үеийнхэнтэй хэрхэн харилцах вэ?
Үе хоорондын зөрчил анх удаа үүсээгүй, хүн төрөлхтний түүхэнд хэзээд оршсоор ирсэн мөнхийн асуудал, хэвийн зүйл. Зөрчил голдуу үнэт зүйлс, харилцааны сувгуудын ялгаатай байдлаас л үүсдэг бөгөөд нэг үе нөгөөгөөсөө сайн, муу гэж харьцуулах нь утгагүй юм.
1930-аад онд тухайн үеийн шинэ үеийнхнийг “нүдний өмнө ялзарч байна” хэмээн үзэж байв. Гэтэл энэ үеийнхэн хожмоо фашизмаас дэлхийг аварч, хүн бүр тэгш эрхтэй байх тэрхүү тогтолцоо руу хөтөлсөн. Телевизийн хортой нөлөөнөөс болж гэмт хэрэг, архидалтад автаж байна гэж нүд үзүүрлэгдэж байсан тэд түүхэнд байгаагүй бүтээлч үе байж, бизнест урьд хожид байгаагүй инновац бүтээж, ажлын байрыг хэдэн зуун саяар нь бий болгох замаар эдийн засгийн өсөлтийг бүтээсэн.
Үүнтэй төстэй дүр зургийг өнөөдөр ч бас ажиглаж болно. Шинэ үеийнхнийг анхаарал нь төвлөрдөггүй, нийгмийн харилцаанд орох чадвар муу, сэтгэлээр амархан унадаг, биеэ тоодог гэх мэтээр шүүмжилж байгаа ч өнөөдөр чухам тэд л хүн төрөлхтний үсрэнгүй хөгжлийн дараагийн үеийг авчрах чадвартай хүмүүс юм.
Өмнөх үед байгаагүй, дэвшил болсон үнэт зүйлс, соёлын тогтолцоо тэдэнд бий. Тухайлбал, нийгэм дэх шударга бус явдлыг хурцаар мэдэрдэг, хариуцлагын мэдрэмж өндөртэй, мэдээллийг маш хурдан олдог, тоон технологийн ур чадвар сайтай гэх мэт.
Гэхдээ тэдний давуу тал нь голдуу цахим технологийн тусламжтай хэрэгждэг. Жишээ нь, байнгын интернэт холболт нь тэдний амьдралын салшгүй хэсэг, ус агаар мэт чухал зүйл юм. Тиймээс харилцааны уламжлалт арга барил ихэнхдээ үр дүнгээ өгдөггүй.
Сургууль, эцэг эхчүүд хүүхдээс “албан ёсны” анхаарал шаарддаг ч хүүхэд үүнд бэлэн биш байна. Тэдний анхаарал тэр чигээрээ зурагт, компьютер, төрөл бүрийн цахим төхөөрөмжийн дэлгэцэд төвлөрсөн.
Төрсөн цагаасаа технологижсон, мэдээлэлжсэн тэдэнтэй дээрээс, гагцхүү тушаал буулгах маягаар харилцах хангалтгүйг сэтгэл зүйчид зөвлөж байна. Харин ярилцаж, санаа бодлоо хуваалцахыг эрхэмлэх нь зүйтэй аж. Өөрөөр хэлбэл зааварлагчийн байр сууринаас бус санаа бодлыг нь хүндэтгэдэг эрх тэгш найзын хувиар харилцах нь ямар ч нөхцөлд хавьгүй үр дүнтэй юм.
Ингээд цахим хүүхдүүдтэй хэрхэн үр дүнтэй ажиллах талаар зарим зөвлөмжийг хүргэе.
Тодорхой дүрэм тогтоо
Онлайн орчинд бусадтай хэнтэй, хэрхэн харилцах болон нийтэлсэн зүйлийг хэн харж болох талаар хүүхэдтэйгээ нээлттэй ярилцах хэрэгтэй. Интернэтэд хуваалцаж буй зураг, видео, коммент, түүнчлэн бусдын нийтэлж, хуваалцаж буй зүйлс бүгдээрээ онлайн ул мөрөө үлдээдэг гэдгийг тайлбарла. Өөрөөр хэлбэл, цахим орчинд эерэг ул мөр үлдээх хэрэгтэйг ойлгуулаарай. Мөн өөрт нь гэмгүй шоглоом шиг санагдаж болох зүйлс бусдад хор хөнөөлтэй байдгийг анхааруул.
Хэрэв онлайнд хэн нэгэн айлгасан, сүрдүүлсэн, түгшээсэн бол ичиж зоволгүй эцэг, эхдээ хэлж байхыг санал болгох хэрэгтэй. Түүнчлэн цахим төхөөрөмжийг хэзээ, хаана, яаж ашиглах талаар дүрмээ тохиролцох шаардлагатай.
Хүүхдээ хамгаалахын тулд технологи ашигла
Хувийн мэдээллээ нууцлах, хамгаалахад нь хүүхдээ сургаарай. Хүүхдийнхээ хэрэглэж байгаа төхөөрөмжид шаардлагатай программын шинэчлэл, нууцлалын тохиргоог цаг алдалгүй хийж байвал зохистой. Тухайлбал, эцэг эхийн хяналт, аюулгүй хайлт зэрэг тохиргоог хийх боломжтой.
Онлайнд цагийг хамт өнгөрөө
Цахим орчинд найзууд, гэр бүл болон бусад хүмүүстэй аюулгүй, эерэг харилцаа явуулах соёлыг хүүхдэдээ төлөвшүүлээрэй. Ингэхдээ худал, төөрөгдүүлсэн мэдээллийг таних, зайлсхийхэд нь туслах хэрэгтэй.
Түүнчлэн хүүхдэдээ тохирсон апп, тоглоом, цахим үйлчилгээнүүд сонгоход хүүхдэдээ тусалж, үүнд заавал цаг гаргаарай.
Эрүүл цахим дадлыг хэвшүүл
Цахим орчинд биеэ зөв авч явахын чухлыг ойлгуулаарай. Интернэтэд эерэг мэссэж, смайлууд солилцох замаар найз нөхөд, гэр бүлээ дэмжиж, урам зориг өгч болно. Хэрэв онлайнаар хичээллэдэг бол нэг нэгнээ хүндлэх, камераа хэрхэн ашиглах талаар зөвлөөрэй.
Онлайнаар баярлаж хөөрөх, өөрийгөө илэрхийлэх боломжийг олго
Цахим ертөнцөд хүүхэд бүтээлч байх, өөрийгөө илэрхийлэх, хөгжүүлэх маш олон боломж бий. Гэхдээ цахим болон бодит ертөнц дэх амьдралын идэвх тэнцвэртэй байх ёстой гэдгийг анхаараарай.
Хэрэв хүүхэд сургуульдаа хэвийн явж, хичээлээ ойлгож, гэрийнхэнтэйгээ харилцаж, үлдсэн хугацаанд компьютертэй байдаг бол айх зүйлгүй, өнөөдрийн хэмжүүрээр энэ бол хэвийн.
Харин утаснаасаа салахгүй, түүнийг нь авчихвал огцом уурлаж, хямарч байвал энэ нь хамаарал юм. Энэ тохиолдолд мэргэжлийн хүнээс туслалцаа авах хэрэгтэй.