Хөдөлмөрийн зах зээлд ажиллах боловсон хүчин жил бүр бэлтгэгдэн гарч байгаа хэдий ч чадварлаг ажилтан олох гэдэг нь ажил олгогч нарын толгойны өвчин болоод байна. Тэд чухамхүү ямар ур чадвартай хүнийг хайж, хамтран ажиллах сонирхолтой байна вэ? Энэхүү асуултад хариулах таван зөөлөн ур чадварыг хүргэж байна. Эдгээр ур чадварыг өөртөө бий болгосноор ажлын карьерт том түлхэц болох юм.
1. Өөрийн дотоод карьераа олох
Хүнд гадаад болон дотоод карьер гэж бий. Ихэнх хүмүүс гадаад карьерыг мэддэг бөгөөд нийгэмд эзлэх байр сууриа чухалд тооцдог. Гэвч дотоод карьергүйгээр таны хүссэн албан тушаал, мөнгө санхүүгийн байдал, боловсролын түвшин өөрчлөгддөггүй. Харин өөрийнхөө алсын хараа,үнэт зүйлээ тодорхойлж, дотоод би-гээ таньж чадсан хүнд нийгэмд эзлэх байр суурь нь тогтвортой байж амжилтыг үзүүлдэг аж. Энэхүү дотоод карьераа олохын тулд өөрийгөө маш том үйлдлийн систем нь хөгжсөн байгууллагатай зүйрлэж, одоогийн нөхцөл байдлаа нэг бүрчлэн дүгнэж, хийхийг хүссэн зүйл хүрэхийг хүссэн амжилтаа тодорхойлно. Үүний дараагаар ажиллах салбар, байгууллагаа сонгоорой. Дотоод карьераа тодорхойлсон хүн байгууллагадаа тууштай ажиллаж, өөрөө өөрийгөө дайчлах чадвартай байх нь тогтоогджээ. Тиймээс карьерын газрын зурагаа ажилд горилохоосоо өмнө гаргах нь зүйтэй.
2. Сэтгэл хөдлөлийн чадамж өндөртэй байх
Хүнд сэтгэл хөдлөлийн ой санамж маш чухал үүргийг гүйцэтгэж, тухайн хүний шийдвэр гаргалтад шууд нөлөөлж амьдралын хүрдийг эргүүлж байдаг. Өөрийнхөө сэтгэл санааны эмоцийг таньж мэдсэнээр зөвөөр удирдан хаана, хэрхэн илэрхийлэхээ удирдаж чаддаг байна. Ингэснээр бусдын сэтгэлзүйг ч мөн ойлгож мэдрэх чадвартай болдог. Энэхүү чадварыг хөгжүүлэхийн тулд та эхлээд өөрийн үндсэн сэтгэл хөдлөлийн мэдрэмжээ тодорхойлж, түүнийг удирдах, бусдыг ойлгож сурах гэсэн үндсэн чухал алхмуудыг хийх нь зүйтэй.
Сэтгэл хөдлөлөө зөв таньж, илэрхийлж сурсан хүн зорилгодоо хүрэхэд саадгүй байдаг бөгөөд нийгмийн харилцаанд орж буй хүн бүхний суралцах үндсэн чадвар юм. Энэ чадвар цаг хугацаа өнгөрөх тусам улам үнэ цэнээ өгөх нь гарцаагүй. Учир нь техник технологи хөгжсөөр байгаа 21-р зуунд роботууд хүний ажлыг гүйцэтгэж эхэлсэнтэй холбоотой эрдэмтдийн үзэж буйгаар 2050 он гэхэд дэлхийд хүн төвтэй, хүний сэтгэл зүрхтэй нягт холбогддог ажил мэргэжлүүд дээд давхаргад багтах талаар дурдаад байгаа юм.
3. Ажлын ёс зүйтэй байхад суралцах
Ажлын өндөр ёс суртахуунтай ажил горилогчид удирдлагадаа хаан ур чадвартай гэдгээ баталж чаддаг. Ийм хүмүүс ажилдаа цагтаа ирж, даалгавраа цаг тухайд нь хийж, бие даан ажиллаж, анхаарлаа төвлөрүүлж, өдөр тутмын үүрэг даалгавраа биелүүлэхдээ цагийн зохион байгуулалттай хандаж гүйцэтгэлийг өндөр түвшинд биелүүлж чаддаг. Энэхүү нэн чухал ажлын ёс зүйг ажилтанд шууд сургалтаар зааж сургах нь хүндрэлтэй байдаг тул энэ ур чадвараа бие даан хөгжүүлж, илэрхийлж чадвал хамтран ажиллагсдын дунд нэр хүндтэй байх болно.
4. Санаачилгатай байх
Санаачлагатай байх нь хийх зүйлсээ бусдаар хэлүүлэлтгүй, өөрийгөө дайчлан хийж чаддаг чухал нөөц чадвар юм. Санаачилгатай хүмүүс, шаардлагатай алхмуудыг тухайн цагт нь хийж чаддаг хөдөлмөрч байх нь олон. Энэ чадварыг бий болохын тулд илүү их үүрэг хариуцлагыг хүлээж, хамтран ажиллагсадтайгаа нөхөрсөг харилцаа үүсгэн, хэн нэгэн завгүй эсвэл эзгүй үед ажлыг нь авдаг ,шинэ санаа үргэлж гаргадаг байхыг хэлнэ.
5. Шүүмжлэлт сэтгэлгээтэй байх
Тухайн орчин нөхцөл, үйл явдалд дүн шинжилгээ хийж, үндэслэлтэй шийдвэр гаргаж шүүмжлэлтэй хандах нь байгууллагын өсөлт хөгжилд сайнаар нөлөөлдөг. Та ямар ч төрлийн ажил эрхэлдэг байсан асуудлыг ойлгож, шүүмжлэлтэй сэтгэж, түүнд тохирсон шинэ шийдлийг гаргах чадвартай байхад суралцаарай. Шүүмжлэлт сэтгэлгээтэй холбоотой ур чадварууд нь бүтээлч байдал, уян хатан байдал, сониуч зан зэргийг агуулдаг тул эргэн тойрноо ажиглан анхааралтай байхаас эхлээрэй.