Монголын маркетингийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг креатив салбарын хамгийн том чуулган Smart Marketing Conference арга хэмжээ есдүгээр сарын 24-ний өдөр Steppe Arena-д найм дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа. Уг чуулганд Австрали, Япон, Грек, Сингапур, Герман, Энэтхэг зэрэг улсаас найман илтгэгч хүрэлцэн ирж Creativity, Content marketing strategy, Marketing in 2025, B2B/B2C Marketing best practices and crossover opportunities зэрэг сэдвээр олон сонирхолтой илтгэлийг хүргэсэн юм.
Салбартаа мэргэшсэн дэлхийн хэмжээний экспертүүд болон Монголын бүтээлч салбарынхан, маркетерууд, бизнес эрхлэгчид, багш, оюутан залуус гэх зэргээр нийт 1500 гаруй оролцогч Smart Marketing Conference-2024 арга хэмжээнд оролцсоныг зохион байгуулагчид мэдээлж байв.
Тус арга хэмжээнд олон шинэлэг зүйл анзаарагдсаны нэг нь байгууллагууд өөрийн онцлогийг шингээсэн Experience booth-үүдийг засаж байршуулсан ажил бөгөөд оролцогчдын анхаарлыг ихээхэн татаж байсан юм.
Дэлхийн креатив салбарын шилдгүүд Монголд
Монголын маркетингийн холбооныхон Smart Marketing Conference -д оролцох илтгэгчдээ чамгүй судалгаа хийсний үр дүнд сонгожээ. Олон улсын маркетингийн 5-6 байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг тус холбоо энэ хүрээнд хамгийн чадварлаг илтгэгчдийг хайж судалсны үндсэн дээр World marketing forum, Cannes lions, Азийн маркетингийн холбоо, Олон улсын зар сурталчилгааны холбоо гэх зэрэг байгууллагатай нетворкинг үүсгэж, албан ёсоор хүсэлт гаргасны дараа экспертүүдээ сонгожээ. Ингэснээр тэд олон улсад брэндинг бүтээж чадсан, тухайн улсынхаа нэр хүнд бүхий компаниудад маркетингийн зөвлөхөөр ажилладаг, маш чадварлаг, томоохон агентлагуудын захирлууд, экспертүүдийг урьж авчирч чадсан байна.
Бид олон улсын маркетингийн 5-6 байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж, харилцаа холбоогоо сайжруулж чадсан тул хамгийн шилдэг экспертүүдийг эх орондоо урьж авчрах боломжтой болсон.
Тэр дундаа, Япон улсын томоохон брэндүүдтэй хамтран ажилладаг, улсдаа хоёрт эрэмбэлэгдэж буй маркетингийн агентлаг болох Hakuhodo компанийн креатив захирал Кожи Сүзүки хүрэлцэн ирсэн юм.
Үндэсний брэндүүд “амжилтын жор”-оо хуваалцав
Энэ жилийн арга хэмжээнээс онцлох өөр нэг зүйл нь үндсэн тайзнаас гадна Forum stage гэсэн шинэ тайз, шинэ орон зайг бий болгосон алхам байв. Гол тайзнаа олон улсын илтгэгчид дэлхийн маркетингийн чиг хандлага, шинэ трэндийн тухай ярьсан бол Forum stage тайзнаа Монголын үндэсний брэндүүдийг үүсгэн өргөжүүлж яваа туршлагатай маркетерууд өөрсдийн брэндийн түүх, алдаа оноо болон “Бид хэрхэн маркетинг хийдэг вэ?” гэх зэрэг сэдвийн хүрээнд сонирхолтой илтгэлийг хүргэсэн билээ.
Учир нь зохион байгуулагч багийнхан жилээс жилд энэ салбарт идэвхтэй ажиллаж буй маркетеруудын оролцоо нэмэгдэхийн зэрэгцээ ирээдүйд креатив салбарт хүч нэмэх оюутан залуус болон академик боловсролыг түгээгч багш нарын оролцоо өсөж буйтай холбогдуулан үндэсний томоохон брэндүүдийн амжилтын түүх, туршлагаас хуваалцахыг хүсчээ.
Энэ хүрээнд дотоодын нийт 12 илтгэгч бүтэн өдрийн турш Forum stage тайзнаа илтгэл тавьсан юм. Хэдий өөр өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ч бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудлууд хоорондоо төстэй, давтагдах тохиолдол цөөнгүй тул илтгэгчдийн туршлагаас суралцаж, шууд хэрэгжүүлэх боломж арга хэмжээнд оролцогчдод нээлттэй байсан юм.
Smart Marketing Conference-2024 -т креатив салбарынхан, маркетеруудын төлөөлөл болсон 1500 гаруй оролцогч цуглалаа.
Үүнээс гадна Smart Marketing Conference -ийн үеэр бүтээлч салбарынхан өөр хоорондоо нетворкинг үүсгэж, халуун дулаан яриа өрнүүлэх, багийн шинэ гишүүнээ олох, хамтран ажиллах гэх зэргээр нөхөрсөг уур амьсгал бүрддэгээрээ онцлог.
Монголын маркетингийн холбооны ерөнхийлөгч Т.Баттулга:
“Миний хувьд нийт есөн жилийн хугацаанд Монголын маркетингийн холбоонд сайн дурын ажилтнаас эхлээд холбооны ерөнхийлөгч болтлоо шат дараатай ажил үүргийг гүйцэтгэж ирсэн байна. Жил бүр зохиогддог уг арга хэмжээг хэрхэн сайжруулж болох талаар бодож явсаар энэ жил Experience boot болон Forum stage хоёрыг нэмж өгсөн. Үүгээрээ зөвхөн гаднын экспертүүдийг сонсох бус дотоодын маркетеруудынхаа ч ур чадвар, өсөлт хөгжлийг харуулахыг зорьсон.
“Өнөөдөр бол нөхөрлөх, суралцах, туршлагаа хуваалцах, урам зориг авах өдөр” хэмээн үйл ажиллагааны талаар дүгнэж байлаа.
Цаашид Монголын маркетингийн холбооны үйл ажиллагааг илүү хүртээмжтэй болгож, илүү олон хүнд таниулахыг тэд зорьж буй. Мөн шинэ концепцуудыг нэвтрүүлэхийн зэрэгцээ одоо хийж буй ажлуудаа улам чанаржуулахад давхар анхаарна гэдгээ онцолж байв.
Smart Marketing Conference 2024 -д хүрэлцэн ирсэн гадаадын илтгэгчдээс сэтгэгдлийг нь сонирхлоо.
XYZ Lab and TTMB компанийн үүсгэн байгуулагч Сотириос Серидис “Хайлтын системийн оновчлол” сэдвээр илтгэлээ танилцуулсан бөгөөд тэрбээр маркетеруудад хандаж “Сүүлийн үед хурдацтай хөгжиж буй ChatGPT, Open AI зэрэг технологийн дэвшлийг айлгүй ашиглаарай. Энэ нь бүтээлч салбарынхны ажлыг хөнгөвчилж илүү креатив байхад туслах болно” хэмээн зөвлөлөө.
Монгол Улсад анх удаа ирсэн туршлагатай илтгэгч тэрбээр илтгэлээ танилцуулахаасаа өмнө хүмүүс хэр хүлээж авах бол гэсэн айдастай байжээ. Гэтэл Монголын бүтээлч салбарынхан маш элгэмсэг, халуун дулаан угтан авсан нь түүнд хамгийн их таалагдсан тухайгаа хэлж байв.
Харин Азийн орны чадварлаг эмэгтэй маркетеруудын төлөөлөл болсон хатагтай Никита Мишра “Монголын байгаль үнэхээр сайхан санагдлаа. Өнөөдөр зохиогдож буй энэ арга хэмжээ маш өргөн цар хүрээнд болж буй нь таалагдаж байна. Smart Marketing Conference-2024 арга хэмжээнд тавьсан илтгэлээрээ Азийн маркетингийн зах зээлд тулгамдаж буй олон талт байдал, жендэрийн тэгш оролцооны тухай хөндлөө. Тэгш оролцоо гэдэг нь ажлын байранд зөвхөн 50 хувь нь эмэгтэй, 50 хувь нь эрэгтэй байхыг хэлэхгүй. Харин менежментийн салбарын бүх шатанд эмэгтэйчүүдийн оролцоо чухал. Үүнээс гадна хувь хүний хөдөлмөрийн чадамжаас шалтгаалан тохирсон арга барилыг ашиглах ёстой болж байна” хэмээв.
Smart Marketing Conference-2024 -ийн Forum stage-д илтгэлээ танилцуулсан үндэсний брэндүүдийн төлөөллийн онцлох эшлэлийг хүргэж байна.
“АПУ Дэйри” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярмагнай:
“Аливаа брэнд үнэ цэн, өвөрмөц байдал, ялгарал гурваас шууд хамаардаг. Бид энэ гурван хослолыг эн тэнцүү цогцлоосон MONT-YAК брэндийг хэрэглэгчдэд хүргэж байна”.
“Жак Интернэйшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвжаргал:
“Брэнд өөрөө амьтай. Яг хүн шиг, өөрийн гэсэн зан төлөв, ааш араншинтай. Jack’s Coffee бол шинийг эрэлхийлэгч, адал явдалд дурлагч, бүтээлч, эрч хүчтэй, өөрийн гэсэн үзэл бодолтой, бас сахилгагүй брэнд”.
“ТЭСО Фүүдс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Түвшинжаргал:
“Брэндинг бол тодорхой хэрэгцээг илүү зөв хангаж чадах амлалт”.