Анхаар, одоо би өөрийгөө өмөөрөх гэж байна. ‘X’ компанийн ажлын гүйцэтгэл нь хоёр сар дараалан 34-35%-ийн гүйцэтгэлтэй байсны дараа миний тэдэнд итгэх итгэл алдарч эхэлж байлаа. Тэгээд л тухайн үед эдэнтэй арай өөрөөр харилцах шаардлагатай гэж үзсэн. Өмнөхөөс илүү хатуу хандаж, бас шаардлагууд ч нэмэгдсэн. Тэр эрчиндээ үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал хоёр луу нь маш ойрхон давтамжтай хатуу гэхэд дэндүү зөөлдөхөөр үгнүүд чулуудчихсан. Үүний дараа тэд надтай ажиллахаас татгалзсан юм. Надад маргах хүсэл байсангүй.
Гэхдээ миний маргах хүсэлгүй байсан нь ажлын гүйцэтгэл биш, хэрүүл ч биш. Харин “хүлээж байсан” зүйл гэж хэлж болно. Маргах хүсэл ч төрсөнгүй. 2-3 сарынхаа хөдөлмөрийг хэрхэн үнэлэх тухай л бодогдож байлаа. Ёсоор ч болсон. Уг нь тэдний консепци, баг, хамтын ажиллагаа маш хөөрхөн, өсөлтийн потенциал байгаа ч гэдэгт итгэдэг. Гол асуудал нь тэд барьцгүй байв.
Харин одоо өөрийгөө муулна. “Y” компанитай хамтран хэрэгжүүлэх төслийн бэлтгэлийн явцад манай өөрсдийн дотоод нөхцөл байдал гэнэтийн асуудлаас шалтгаалан хүндэрч, энэ удаад бид өөрсдөө барьцгүй этгээд нь болж хувирсан юм. Энэ асуудлаас шалтгаалан манай ажлын гүйцэтгэл унаснаас гадна нөгөө талын ажлын гүйцэтгэлтэй хутгалдаж, мөн тэдний өмнөх өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэх нэмэлт ажлууд хийсэн нь процессын хувьд том алдаа болсон юм. Сүүлийн хэсэг нь сайхан сэтгэлийн гай. Асуудал хөвөрсөөр ярилцаж ойлголцох орон зай байсан ч хүсэлгүй болсон үе ирчихсэн. Тэгээд л дуусгасан даа.
Эцсийн жишээ нь “Z” компанитай хамтран ажиллаад жил гаруйн дараа нэг захирал нь гэнэтийн шийдвэр гарган ажлаасаа гарч, бидний санаачилгууд нуран унасан. Сэтгэл байхгүй бол бие нь юу юу ч билээ. Татгалзах боломжгүй байв. Ингээс бас нэг fail үр дүнгийн эхлэл болж, энийг гэхдээ анх хүлээснээс өөр төрлийн эерэг үр дүн хүлээх шалтгаан болгож хувиргасан. Барьцгүй гаруудыг хүлээсээр.
Ихэнх тохиолдолд энэ мэт үл ойлголцлыг ярилцаад шийдвэрлэх боломжтой гэж үздэг. Бид процессын тодорхой асуудлыг ярилцаад шийдвэрлэж болох байх. Харин ярилцаад ойлголцож болдоггүй асуудал гэж бий. Энэ нь хамтын ажиллагааны бодлого, зарчим юм. Ялангуяа урт хугацааны хамтын ажиллагаанд урт хугацааны бодлого зарчмыг тавьж байж үр дүнд хүрнэ. Харин бодлого, зарчим нь урт хугацааны хөгжлийн төлөвлөлттэй уялддаг зүйл. Энэ зүйл байхгүйгээр бид өөрсдөө барьцгүй хүмүүс болж хувирдаг.
Эхэнд дурдсан “Х” компанийн үүсгэн байгуулагч иргэн А нь ер нь томоохон хамтран ажиллагчид, хөрөнгө оруулагчдадаа хандах хандлага нь сэтгэл зүйгээсээ хамаарч өдөр бүр өөрчлөгддөг зуршилтай. Тэрхүү өөрчлөлтийн санаачилгуудаа гаргахдаа тэрээр бодлогын бичиг баримтууд, гэрээ контракт, төлөвлөлтүүдийн тухай бодохыг ч хүсдэггүй байв. Хэзээ нэгэн цагт миний ээлж ирнэ гэдгийг би гадарлаж байсан. Тиймээс хамтарч ажиллах гэрээний төслүүдийг ураад хаячихсан байсан нь гайхаагүй. Түүнийг надад учруулсан хохирлын тухай ч огт бодохгүй гэдгийг ч мэдэж байлаа. Үүнийг Behavioral spillover гэх буюу тодруулбал нэг нөхцөлд (жишээ нь, нэг хамтын ажиллагаанд) гаргасан хандлага, зан төлөв дараагийн нөхцөл (өөр хамтын ажиллагаа) руу ухамсаргүйгээр “үсэрхийлэх” үзэгдэл юм. Харин надад яаж үргэлжлэх, би хэрхэн засаж болох вэ гэдэг нь ажлаас илүү сонирхолтой санагддаг байлаа. Харин “Y” компанитай хамтран ажиллах явцад гарсан өөрчлөлт нь нэг хамтын ажиллагаа нь нөгөө талдаа нөлөөлснийг Path dependence theory гэдгээр тайлбарлаж болно. Энэ асуудлаас хүмүүс ихэвчлэн бусдад буруугаа өгөх байдлаар “аргалдаг”. Би ч хэлэлцээрийн ширээнд энэ шалтгаанаас болоод суухыг хүсээгүй юм.
Дээрх хэсгээр “барьцгүй” хүмүүс хэрхэн үүсдэг, ямар нөлөө үзүүлдэг тухай тайлбарлахыг хичээлээ. Хүн муулалтгүй бид өөрсдөө ч барьцгүй этгээд болсон байхыг үгүйсгэхгүй. Энэ нь цаг хугацаа, мөнгө, мөн нэр хүндийн эрсдэлийг бидэнд дагуулдаг. Түүнчлэн бодлогогүй хамтын ажиллагаа нь зан төлөв болж тогтдог. Ярилцаж ойлголцоход маш хүндрэлтэй. Одоо хар тойрог шиг санагдаж байна уу?
Тэгвэл барьцтай болохын тулд бидэнд “хамтын ажиллагааны бодлого” шаардлагатай. Энэ нь товчхондоо нөгөө талаасаа хүлээж байгаа зорилго, үр дүн, хариуцлага, KPI, мэдээлэл солилцоо ба маргаан шийдвэрлэх журмаа нээлттэй илэрхийлж, түүнийгээ мөрдөх, тодорхой зарчмын асуудлаа хадгалахтай холбоотой цогц ойлголт юм. Хамтын ажиллагаа бүр хугацаа, хэлбэр гэх мэтийн хувьд өөр тул үүнд нэгдсэн жор гэж үгүй ч дээрх хэлбэрийг хадгалах ёстой нь зарчим юм. Зарчмаас илүү үйлдэл гэж үгүй. Энийг санаж явбаас бид барьцтай хүмүүс болж, түншүүдийн өмнө итгэлтэй нэгэн болно.