Entrepreneur

300 гаруй сая хэрэглэгчтэй компанийн тулаанч захирал

0

Фортун сэтгүүлээс зарладаг шилдэг 500 компанийн нэг онлайн төлбөр үйлчилгээний Paypal компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирлыг Дан Шульман гэдэг. Бакалавраа эдийн засгаар төгссөний дараа Нью-Иоркийн Стерний бизнесийн их сургуулийн MBA-г дүүргэв. (Уг сургуулийн MBA хөтөлбөр нь дэлхийд 17-д жагсдаг.) Дараа нь АНУ-ын үүрэн телефоны AT&T компанид 18 жил ажилласны эцэст компанийн удирдах түвшний хамгийн залуу ажилтан болоод амжжээ. Доод түвшнээс эхэлж удирдах түвшин хүртлээ ажилласан AT&T компани нь түүнийг явах үед 40 мянган ажилтан, 22 тэрбум ам.долларын орлоготой компани болж өргөжсөн байлаа. Тэнд хуримтлуулсан туршлага дараагийн шатанд гарахад нь маш том тусыг өгч Шульман аяллын тасалбар борлуулдаг Priceline компанид үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж эхэлсэн байна. Үүний баталгаа нь Priceline компанийн орлогыг хоёрхон жилийн дотор 20 сая ам.доллараас 1 тэрбум ам.доллар болтол өсгөсөн явдал юм.

2001 онд алдарт Virgin group-ын захирал Ричард Брэнсон Шульманыг Virgin Mobile-ынхоо Америк дахь гүйцэтгэх захирлаар ажиллах хүсэлт тавьснаар түүний амьдралын таван жил дахин үүрэн телефоны салбарт өнгөрөв. Ажиллаж байсан компани болгон нь түүний ачаар томорч тодордгийн адил Virgin Mobile ч мөн адил 2007 онд улсынхаа шилдэг харилцаа холбооны компанийн нэг болж таван сая давсан хэрэглэгчидтэй, 1.3 тэрбум давсан ам.долларын орлоготой компани болов. (2007 онд МУ-ын бодит ДНБ 3.1 тэрбум ам.доллар байв.)

Тэрбээр Virgin Mobile-ын захирлаар ажиллахын зэрэгцээ гэр оронгүй хүүхэд залууст утасны дугаар болон бусад зүйлсийг тараадаг “Хүүхдийн төлөө зогсоцгооя” ТББ-ыг хариуцаж байв. Орон гэргүй хүүхдүүдийг ойлгохын тулд Нью-Иоркийн гудамжинд 24 цаг гуйлга гуйж өнгөрөөсөн тухайгаа тэрбээр хожим дурсан ярихдаа “Өөрийгөө би хүмүүстэй харилцахдаа сайн байгаад зогсохгүй чадварлаг борлуулагч гэж боддог байв. Гэтэл Нью-Иорк хотын гудамжинд би таван цаг гуйлга гуйсны эцэст нэг доллар хүрэхгүй л мөнгө  олсон” хэмээн ярьсан юм. Шульман зөвхөн бизнесийн салбарт мөнгөний төлөө улайран ажилладаг бус, нийгмийнхээ төлөө цаг гаргаж, сайн дурын ажил ч мөн хийдэг. Тэрбээр New York Times-д өгсөн нэгэн ярилцлагандаа “Намайг төрөхөд л эд эсэнд минь нийгмийн төлөө сэтгэл нэвт шингэсэн байв. Учир нь өвөө маань Нью-Иорк хотын нэгэн дүүргийн үйлдвэрчний эвлэлийг хариуцдаг, харин ээж маань Вашингтоны талбайд болсон иргэдийн жагсаалд намайг өлгийтэй байхад минь аваад явж байсан” тухайгаа ярьсан юм.       

Америкийн томоохон компаниудыг удирдан ажиллаж байсан, өдгөө 22 мянган ажилтантай компанийг чиглүүлж буй тэрбээр өөрийнхөө амжилтын нууцын тухай ярихдаа “Чи бүх зүйлд чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Өөртөө үнэнч бай” гэлээ. Нийгмийн болоод бизнесийн энэ бүх ажлынхаа хажуугаар амжүүлдаг түүний нэг онцгой хобби нь жүдо, боксын холимог биеэ хамгаалах урлагийн төрөл болох Крав Мага юм. Уг спорт түүний бизнест хэрхэн нөлөөлдөг талаараа “Хэзээ ч битгий сул зогс. Сул зогсох нь өөрийгөө цохиулахыг асууж байгаагаас ялгаагүй. Урагшлах нь эрсдэлтэй ч чи үргэлж урагш ахихын тулд цохиулах эрсдэл авахаас өөр аргагүй” хэмээн зөвлөж байна.

Ихэнх захирлууд өглөөг компанийнхаа төлөвлөгөөг гаргаж эсвэл бизнесийн өсөлтийн стратегиа боловсруулж эхэлдэг. Харин Дан Шульман өглөөг бэлтгэлийн зааланд зэвсэглэсэн этгээдийн хутгыг хэрхэн булаах учрыг бодон эхэлдэг аж. Тэрбээр AT&T, American Express, Virgin Mobile, Priceline болон Paypal Holdings группынхаа ерөнхийлөгч болон гүйцэтгэх захирлаар ажиллахдаа ашигласаар ирсэн манлайллын ур чадвараа Крав Магагийн өдөр тутмын бэлтгэлтэйгээ холбож тайлбарлах аж. “Манлайлал стресстэй үед л тод харагддаг гэж хүмүүс хэлдэг, Крав Мага үүнд л чамайг бэлддэг гэж би боддог”  гэсэн.

Крав Мага нь жүдо, бокс, бөх болон айкидогийн техникүүдийг хослуулсан биеэ хамгаалах, тулалдах урлаг юм. Анх Израилийн армид уг тулааны урлагийг заадаг байсан бөгөөд өдгөө хууль хэрэгжүүлэгч хүчнийхэн болоод бэлтгэлийн зааланд дасгал хэлбэрээр хүмүүс хичээллэцгээх болжээ.

Ноён Шульман өдгөө 59 настай бөгөөд анх 13-тайдаа Израилд очихдоо Крав Магад суралцсан. “Би киббазд амьдарч, залуучуудын цэргийн сургуулилтанд явж байв. Бэлтгэл маш их ачаалалтай ч зөрчил үүсгэх стресстэй нөхцөлд дасгах маш хэрэгтэй дасгалууд байсан” хэмээн шинэ спортоор хичээллэж эхэлсэн ахуйнхаа талаар дурсан ярьж байна.

Крав Магад дайрах болон хамгаалахад хөл, өвдөг, тохой, гар зэрэг биеийн бүх хэсгүүдийг хэрэглэдэг. “Хүмүүс хангалттай зүйл байхгүй гэж гомдоллодог ч хэтэрхий их сонголттой байх нь таны бүтээмжтэй байдлыг зогсоочихдог” хэмээн ярих Шульман коллежоо төгссөнөөсөө хойш Крав Магаг амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгожээ. Гэхдээ гэр бүлдээ цаг гаргахаа мартдаггүй.

Б. Билэгт

“Business.mn сэтгүүл удирдагч таны бизнесийн хөтөч байна”

Өмнөх нийтлэл

“Казахстан улс монголчуудад зориулан бизнесийн хамгийн таатай орчинг бүрдүүлсэн”

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com