Мэдлэг

Би юун төлөө ажилдаа явдаг вэ?

0

Бүх хүмүүсийн өмнө хэзээ нэг цагт би зөв ажлаа хийж байна уу эсвэл зөв компанидаа хүчин зүтгэж байна уу хэмээх асуулт гарч ирдэг. Ийм төрлийн асуултууд сэтгэл хангалуун амьдрахыг хүсдэг, тэр дундаа гэр бүлийн үүрэг хариуцлага хүлээхийн зэрэгцээ мөнгө олох гээд мунгинаж байгаа дунд насны мэргэжилтнүүдийг зовоож байдаг. Энэ хямралыг хэрхэн даван туулах вэ? Ажил мэргэжлээсээ сэтгэл ханамж авахын тулд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ? Уйтгартай бас ядармаар ажлын өдрүүдтэй хэрхэн тэмцэх вэ? Шийдэмгий арга хэмжэ авах цаг нь ирчихээд байгаа бол яах вэ?

Мэргэжилтнүүд юу гэж хэлэв?

Карьерын дунд үеийн хямрал гүнзгий шалтгаантай байдаг. Энэ нь олон удаагийн бүтэлгүйтэл юм уу таны хамаг эрч хүчийг сорж орхидог онцгой хүнд төсөл бус “би ямар нэг зүйлийг алдаж өнгөрүүлээд байнх шиг байна” гэсэн нэршилтэй сунжралдаж удааширсан нөхцөл байдл юм хэмээн INSEAD бизнесийн сургуулийн зохион байгуулалтын зан байдал тэнхимийн профессор тайлбарлаж байна. Түүний хэлж буйгаа энэ төрлийн бухимдал дунд насны ажилтнуудын дунд элбэг тохиолддог үзэгдэл гэнэ. “Дунд эргэм нас бол үхэшгүй байдлын төсөөллөө алддаг үе. Боломжууд хязгааргүй ч цаг хугацаа хязгаартай гэдгийг хүмүүс ойлгож эхэлдэг” хэмээн тэрбээр хэлсэн юм. Хэд хэдэн номны зохиолч, амжилтын дасгалжуулагч Уитни Жоонсоны үзэж байгаагаар амжилттай яваа хүмүүсийг ч энэ бодол тойрдоггүй гэнэ. Тэр өөрсдөөсөө: “Энэ үнэхээр миний хийхийг хүсч буй зүйл мөн үү?” гэж асуудаг. Жоонсон: “Мэргэжлийн сэтгэл түгшүүр мэдрэх хэдий жам ёсны зүйл ч гэлээ хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй, асуудлыг урьдчилан таамаглаж, түүнтэй хэрхэн тэмцэхийг мэддэг байх хэрэгтэй.” Иймэрхүү нөхцөл байдалд яах хэрэгтэйг цааш үргэлжлүүлэн ярилцацгаая.

Асуудлыг дахин авч үзэх

Хамгийн эхлээд мэргэжлийн сэтгэл гутрал, бухимдлынхаа шалтгааныг олж тогтоогоорой. “Ямар үед та гутралд автаж бүхий л зүйлд эргэлзэж эхэлдэг вэ? Асуудлыг хэдэн хэсэг болгон хуваагаад нэн тэргүүнд өвчний үүсгүүрийг дарж авах хэрэгтэй. Энэ нь яг таны ажил мөн үү? Эсвэл компани уу? Хариулт бүр тус тусын эмчилгээтэй” хэмээн Петрильери дурдсан юм. Мэргэжлийн замналаа дунд эргэм насандаа буюу хойшлуулшгүй үүрэг хариуцлага болох орон сууцны зээл, өөрийн гэсэн хувийн карьертай нөхөр эсвэл эхнэр мөн сургуулийн насны хүүхэдтэй болсон үедээ эргэн авч үзэх мэдээжийн хэрэг амаргүй. Хэрэв тэд таныг барьж байгааг олж мэдвэл оршин байгаа хязгарлалтуудыг дахин авч үзэхийг Жоонсон зөвлөж байна. Хэрвээ та залуу бөгөөд дэлхийн хаана ч ажиллаж амьдрах боломжтой бол карьераа төлөвлөх хүнд байх болно. “Гэтэл дунд насанд энэ бүхэн хязгаарлагддаг. Та газарзүйн хувьд тодорхой нэг цэгт амьдран амьдралынхаа төлөө тодорхой хэмжээний орлого олох хэрэгтэй гэдгээ мэддэг. Хязгарлалтууд тустай шүү” гэж мэргэжилэн өгүүлж байна.

Багахан хэмжээний завсарлага

Ажиллаж буй байгууллагаад сэтгэл хангалуун ч ажлын байрандаа сэтгэл хангалуун бус байх нь тийм ч ховор үзэгдэл биш. Энэ тохиолдолд  ажлаа сайжруулахын тулд багахан өөрчлөлтийн талаар бодож үзэх нь нэг төрлийн эмнэл болно” хэмээн Петрильери үздэг байна. Та нөхцөл байдлаа даван туулж чадахгүй байсан ч та ажиллаж буй орчныхоо бичил уур амьсгалыг өөрчилж болно. Жишээлбэл, та сонирхолтой төсөл олж өөр өөр туршлагатай хамтран ажиллагсдаа нэгтгэж, та нарыг шинэ чиглэлд хөгжүүлэх дотоод хороо эсвэл багтай нэгдэж болно шүү дээ. Мөн түүнчлэн та удирдлагатайгаа янз бүрийн төсөл төлөвлөгөөний талаар ярилцаж өөр алба руу шилжих хүсэлт ч тавьж болох юм. Амьдралын тогтсон хэвшлээ өөрчилж үүрэг хариуцлагаа шинэчлэх нь таны ертөнцийг үзэх үзэл  болон хэтийн төлөвт тань хүчтэй нөлөө үзүүлж чадна. Гол учир нь ажил мэргэжлийн төрөл, хамт олон ба ажлын газраа бодож байж сонгох явдал юм.

Суралцахад анхаарлаа төвлөрүүл

Уйтгарлал бол ажил мэргэжилдээ урам хугарах гол шалтгаануудын нэг юм. “Таны амьдрал ба таны карьер бол тасралтгүй суралцах талбар” гэж Жоонсон хэлсэн юм. Дөч хүрээд ирэхийн цагт ажлаа мэддэг, сайн ч хийдэг гэдгээ мэддэг болоод ирдэг учраас таны дотор уйтгар төрж эхэлдэг. Шинэ хүсэл зорилготой болох эсвэл түүнийгээ биелүүлэх үед ялгардаг дофамины тэсрэлтийг мэдэрсэн үед та уйтгарлахгүй. Даргаасаа тушаал ахихыг хүсэж өөр дээрээ шинэ даалгавар, үүрэг хариуцлага авах нь асуудлыг шийдвэрлэх бас нэгэн хувилбар юм. Гэсэн хэдий ч Жоонсон хэвтээ хөдөлгөөнийг бодож үзэхийг зөвлөсөн: “Өөрөөсөө ийн асуугаарай: карьерын хувьд өсөх нь цорын ганц гаргалгаа мөн үү? Суралцаж, өсөж дэвших бололцоо олгох өөр ямар нэг сонирхолтой зүйл хийж болох бол заавал карьерын шатаар дээш өгсөх шаардлагагүй ч юм билүү?”

Хэрэв тохирох ажлын байр сул байхгүй бол өөрийнхийгөө бий болгохыг Жоонсон санал болгож байна: “Байгууллагынхаа доторх асуудлыг олж харан тайлбарлаад яагаад та л үүнийг шийдэж чадна гэж бодож байгаагаа ойлгуул”. Хамт олон тань ямар бэрхшээлүүдтэй нүүр тулдаг эсвэл үйлчлүүлэгчдийг юу бухимдуулдаг талаар өөрөөсөө асуу. Мөн өөрөөсөө асуух бас нэгэн асуулт бол: “Хүмүүс намайг үргэлж юу гэж магтдаг вэ? Бусдын хувьд хэцүү санагддаг юуг би хялбархан зохицуулж чаддаг вэ?” Бүтээлч байгаарай. Өөрийн давуу талаа хаана, хэрхэн ашиглаж компанидаа мөнгө татаж чадах вэ гэдгийг эргэцүүлж үзээрэй. Тэгсний дараа: “Бид үүнийг туршаад үзэх хэрэгтэй” гэж хэлээрэй.  “Хэн нэгэн танд шинэ ажил санал болготол хүлээх хэрэггүй. Явж өөрөө бий тэр ажлаа бий болго” хэмээн Жоонсон зөвлөж байна.

Ухамсартайгаа амьдралынхаа утга учрыг эр

Үр дүнд хүрэхийг үйл хэрэггүйгээр хүсэх нь мэргэжлийн гутрал, бухимдал үүсгэх бас нэгэн шалтгаан юм. Та ажлаа хийж байх хугацаандаа энэ бүхэн юунд хэрэгтэй гэж хэмээн бодон суух цаг үетэй тулгарах болно. “Амьдралын утга учир үүдийг тань тогшоод ороод ирэхгүй” гэдгийг санаж явахыг Петрильери зөвлөж байна. “Энэ яг л хайртай ижил. Танд түүнийг хайж олох, хүчин зүтгэл гаргах хэрэгтэй. Мөн “албатай” юм  шиг хүлээж авч болохгүй” хэмээн мэргэжилтэн тайлбарлаж байна. Тэрбээр таны хийж буй ажлаас шууд ашиг тус хүртдэг хүмүүсийг олохыг санал болгосон юм. Тэд хэрэглэгч, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсад гээд хэн ч байж болно. “Таны хөдөлмөрийн үр шимийг бусад хүмүүс хүртэж байгааг олж харсан үед ажлынхаа утга учрыг алдах хэмээх ойлголт таны хувьд замхран одох болно”.

Harvard Business Review Russia. 

Бизнес сэтгүүл

2019 оны олон нийтийн сүлжээний 7 чиг хандлага

Өмнөх нийтлэл

Онлайн орчинд маркетингаа амжилттай эхлүүлэх 6 алхам

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Мэдлэг