0

Та бүхэндээ Business.mn сэтгүүлийн редактор Г.Даваадоржийн Лондон хот явсан аяллын тэмдэглэлээс хүргэж байна. 

Лондон өртөг өндөртэй хот гэдгээс өөр ойлголт, төсөөлөлгүй миний зорчсон онгоц газардах дөхөж байна. Онгоцны цонхоор доор мэлтийх их усан дунд салхин сэнснүүдийн зах хязгаар үл үзэгдэнэ. “Ямартаа ч сэргээгдэх эрчим хүч хэрэглээ сайтай хот юм байна” гэх анхны бодол төрлөө. Лондонгоос өмнө зүгт 50-аад км зайд оршдог Гэтвик онгоцны буудалд газардахад зүсэн ажилтан бүсгүй торжигносон аялгаар ямар зорилготой ирсэнийг маань хэсэг шалгаав. Таксинд суухад мөн л ижил дүр төрх, аялгатай жолооч таарав. Тэрбээр Их Британид нийт 1.5 сая пакистан байдаг гэлээ.

Нэгдүгээр сарын дунд үеийн Лондонгийн өдөр Монгол нутгийн аравдугаар сарын бүрхэг оройг санагдуулав. Зам дагуу намхан хашаагаар хүрээлсэн эдлэн газруудад их үстэй хонь цөөн тоогоор идээшлэх нь харагдана. Хотын төв орох замд таксины жолоочтой яриа дэлгэж Лондонд амьдрал ямар байдаг талаар бага сага мэдээлэл авлаа. Хариуд нь Монголынхоо тухай сонирхуулж манайх гуравхан сая хүнтэй гэхэд
“Тийм том газар нутагтай юм чинь газар ч мөн хямдхан байх даа” гэж шүүрс алдана.

Thomson Reuters сангийн шугамаар надтай нийлээд Монгол, Казахстан, Орос,
Армени, Украйн улсаас ирсэн 10 сэтгүүлчийг Лондонгийн зүүн хэсгийн Канари Варф
хэмээх бизнесийн районд байрлах зочид буудалд байрлуулав. Канари Варф дүүрэг Темза мөрний нэгэн том тохойн хэд хэдэн арлаас бүрдэх бөгөөд цонхоор харахад газар бус зөвхөн ус харагдах нь өндөр барилгуудыг усан дээр барьсан мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хотын энэ хэсэг өнгөрсөн зууны дунд үе хүртэл ажилчдын дүүрэг байснаа одоо Их Британийн санхүү, бизнесийн том төв болжээ. Энд Barclays, Credit Suisse, HSBC, Citigroup, JP Morgan Stanley хэмээх Их Британийн банк, санхүүгийн томоохон байгууллага, Thomson Reuters, The Daily Mirror, The Economist Group гэх мэт хэвлэл мэдээллийн аваргуудын сүрлэг оффисууд сүндэрлэнэ.

Оршин суугчгүй хотын төв

Лондон хотын хуучин хэсэг “Лондон сити”-д шөнө оройн цагаар хачин жигтэй гэмээр эл хуль, эзгүй. Банк, санхүүгийн байгууллагын том барилгууд дүнхийх агаад цөөн тооны цонх л гэрэлтэй харагдана.

Смитфильд хэмээх харахад галт тэрэгний буудалтай тун төстэй махны захын ойролцоо өглөөний 06:30 хүртэл ажилладаг цорын ганц уушийн газар бий. Тэндээс шөнө дундын хэрд халамцуу залуучууд эхнээсээ гарч эхэлнэ. Тэдэнтэй зөрөөд цагаан халаат өмссөн эрчүүд махны захыг зүглэнэ. Тэд орой хүргэж ирсэн аварга хөргөгчнөөс гулууз махнуудыг жижиг машинаар Смитфильдын лангуунуудаар тараана. Сонирхолтой нь 900 жилийн өмнө байгуулагдсан энэ зах шөнийн 02:00-оос өглөөний 08:00 цаг хүртэл ажилладаг. Энд гол төлөв хэдэн удмаараа махны бизнес хийсэн
хүмүүс наймаа хийх бөгөөд гадаа гудамжинд анир чимээ багатай байхад зах дотор махны худалдаачид, худалдан авагчид шоргоолж шиг бужигнана.

Лондон Сити өдөр нь банк, хөрөнгө оруулалтын газруудын олон мянган ажилтнаар дүүрнэ. Харин орой болоход бүгд гэртээ харьцгааж, орон сууцны хороололгүй энэ хэсэгт нам гүм. Ийм байдлаар Лондон Ситигийн амьдрал үргэлжилнэ.

Одоогоос 400 жилийн өмнө энэ хэсэг Лондон хотын зах байжээ. Харин 1100 жилийн өмнөөс мал, мах зарж эхэлсэн аж. XII зуунд Лондонгийн хүн ам эрс өсөж Смитфильд нь бум бужигнаж, түм түжигнэсэн газар болж даавуун эдлэл, малын худалдааны төв болжээ. Эдүгээ Лондон Ситид тэр үеийн түүхэн гэрч болсон барилга, эд зүйлс цөөнгүй. Тухайлбал, дээр үед тэрэгний морь усалдаг байсан чулуун онгоц жуулчдын
амардаг сандал болон “хэвтэж” байна. Дэргэд нь “Шерлок” олон ангит кинонд Холмс, Ватсон хоёрын анх танилцаж, төгсгөлийн ангидаа гол дүрийн баатар дээврээс нь үсэрдэг байшин байрлажээ. Харин нөгөө талд нь “Жеймс Бонд” кинон дээрээ тагнуулын барилга руу орж буйгаар харуулдаг ч үнэндээ махны захын газар доорх машин зогсоол байрлана.

Лондон Ситигийн баялаг түүх махны захаар хязгаарлагдахгүй бөгөөд мэдлэгтэй
хөтөчтэй явбал олон сонирхолтой баримт, түүх сонсож болно. Лондонгийн сонирхолтой түүхээс өгүүлэх өөр нэг объект бол Лондонгийн Эрүүгийн шүүх буюу хуучнаар Ньюгэтийн шорон юм. Нар жаргахын өмнө биднийг очиход энэ барилгын архитектур нь сүрлэг хэрнээ цаанаа жихүүдэс төрүүлэм байв. Энд 1188-1902 онд 700 жилийн турш эрүүгийн гэмт хэрэгтнүүдийг хорьдог, цаазаар авдаг байжээ. Тэдний дунд Хатан хааны Засгийн эсрэг тэрсэлсэн зохиолч Дефо, Оскар Уайльд тэргүүтэй алдар цуутнууд байв. Хотын иргэд ялтан цаазлахыг харах дуртай байсан учраас 1783 онд уг шоронгийн дэргэд гудамжинд цаазын тавцан байрлуулжээ. Ялтныг цаазын тавцан руу хүргэхдээ аажмаар нарийссаар төгсгөлдөө нэг хүн багтахаар зайтай болдог урт хонгилоор тууж явдаг байсан аж. Хэн нэгнийг цаазлах болоход сүм дугана шиг хонх дуугаргаж хүмүүс цуглардаг байж. Хамгийн сүүлд 1868 онд олны нүдэн дээр цаазын ял гүйцэтгэхэд тэнд ирсэн 3000 хүний талаас илүү нь метрогоор ирсэн байжээ.

Бас нэгэн сүрлэг барилгатай танилцсан нь Хатан хааны шүүх цаазын Ордон байв.
Энд гол төлөв захиргааны шинжтэй дуулиант хэргүүдийг шийддэг бөгөөд тэдний дунд Поло Маккартнагийн гурван жил үргэлжилсэн гэр бүл салалтын хэрэг байв. Тиймээс шуугиант хэргийн оролцогчдыг хүлээж шүүхийн барилгын үүдэнд эргэлдэх сэтгүүлчидтэй олон таарна.

Лондон Ситигээр аялж явахад өнгөрсөн одоо хоёр, шинэ хуучин хоёр нэг хэсэгтээ тэмцэлдэж байгаад эцэстээ эвлэрсэн мэт санагдана. Сүрлэг том сүм хийд, шүүхийн барилгууд, утасны улаан бүхээгнээс өнгөрсөн зуунуудын үнэр ханхалж, Лондонгийн хөрөнгийн бирж, “Голдман Сакс” зэрэг байгууллагын оффис орчин үеийн Их Британийн эдийн засгийн хүч чадлын илэрхийлэл болжээ.

Үмхийрсэн ч, угаартсан ч, хөгжсөн ч
Лондон цаанаа л ихэмсэг, чамин. Тюдорын удмын хаадууд (1485-1603) болон Виктория Хатан хааны (1837-1901) үед голчлон баригдсан сүрлэг орд харш, сүм хийд, хөшөө дурсгал, цэцэрлэг талбайнууд орчин үеийн шил толь болсон оффис барилгуудтай гайхалтай хосолжээ. Хотын төв хэсэг 1666 оны Их түймрээр бараг юу ч үгүй шатаж, дэлхийн хоёр том дайнаар бөмбөгдүүлсэн ч XVI-XVII зууны үеийн хуучин барилга хааяа нэг тааралдана. Түүхээс харахад англичууд дахин төлөвлөлт хийх дуртай бөгөөд “барилаа-нураалаа- барилаа” гэсэн олон зуун жилийн бодлогын үр дүнд өнөөгийн Лондон дүр төрхөө олжээ.

Лондон нь дэлхийн хамгийн түрүүнд аж үйлдвэржсэн хотуудын нэг бөгөөд үйлдвэрлэлээс улбаатай өнөөгийн манай Улаанбаатарт тулгараад буй олон бэрхшээлийг тойрч бус туулж гарсан. Одоогоос 160 жилийн өмнө төвлөрсөн бохир усны шугам байхгүйгээс Темза гол руу хаясан бохир хаягдал хэрээс хэтэрч Лондон тэр чигээрээ үмхийрчээ. 1859 оны зуны нэгэн халуун өдөр үмхий үнэрээс үүдэж Парламентын гишүүд хүртэл хуралдаа суухад төвөгтэй болж, уг асуудлаас болж тэр
чигээрээ огцорч байв. Түүхэнд “Их үмхийрэл” (The Great Stink) гэж нэрлэсэн энэ явдлын улмаас халдварт өвчин олон зуун хүн амь насаа алдаж байжээ.

Мөн аж үйлдвэрээс үүдэлтэй, “Их” хэмээх тодотголтой өөр нэгэн явдал бол 1952 оны
өвөл тохиолдсон “Их утаа” билээ. Өтгөн манан, хүйтэн хэрнээ тогтуун агаарын улмаас айлуудын яндан, цахилгаан станциас гарсан нүүрсний утаа олон мянган хүний амийг
авч одсон. Тэр үед утаанаас болж театр, кино театрт сууж байсан үзэгчид тайз, дэлгэцээ харж чадахгүй байсан гэдэг.

XIX зуунд Лондон нь олон төрлийн эрс тэс ялгааг агуулсан хот байлаа. Нэг талаас Британийн эзэнт гүрний нийслэл, дэлхийн улс төр, эдийн засгийн төв байсан ч нөгөө талаас Диккенсийн бүтээлүүдэд өгүүлсэнтэй адил олон сая үгээгүй ядуучууд амьдардаг хот байсан аж.

Хэрэв London Eye гэх алсыг харагч, Tate Modern хэмээх музей, цэнгээний газар хосолсон барилга дээрээс орчин үеийн Лондонг харвал бүр сүртэй. Мөн хөлөг онгоцоор гурван буудал явж Таур гүүр, Лондонгийн гүүр хоёрын доогуур шөнийн цагаар зорчвол Шексперийн жүжгээ тавьж байсан Глобус театраас эхлээд түүхэн дурсгалтай олон барилга байшин, Лондонгийн шөнийн амьдралын сонирхолтой дүр төрхийг ажиж болно.

Бид Лондонд ирсэн жуулчдын жишгээр хоёр давхар автобусаар зорчив. Дээд давхарт,
урд талын суудалд сууж автобусны өргөн цонхоор хотын амьдралыг сонирхож явахад жижигхэн хэмжээний театрын суудалд сууж буй мэт санагдана. Замын түгжээ бага үед эдгээр автобусны жолооч нар нарийн гудмаар “Шумахерын хурдаар”(Формула 1-ийн нисгэгч) давхина. Зүүн гарын хөдөлгөөнтэй замаар нэг минутад гурван удаа эгнээгээ солин хурдлахад яг л одоо байшингийн булан, замын тэмдэг мөргөх нь гэж бодогдоно.

Лондонд очсон хүн энэ хотын гудамжны амьдралын өвөрмөц төрхийг мартахгүй.
Монголтой адил хүйтэн газрын хүмүүст өвлийн дунд сард гудамжинд цэцгийн
мандал, ногоон зүлэг харахад сонин. Нийтийн тээврийн чиглэлийг зарлах чанга яригчийн дуутай зэрэгцэн гудамжны хөгжимчдийн дуулах сонсогдоно. Хаа ч явсан зузаан гэгч нь давхарлаж тавьсан үнэгүй сонин гарт өртөнө. Хийн дэнлүү, look left, look right гэсэн замын тэмдэглэгээ Лондонгийн гудамжнуудын нийтлэг төрх.

Англи эелдэг зан гэдгийг Лондонгийн гудамжинд явахад хамгийн түрүүнд анзаарна. Олон цугласан хөл ихтэй газруудад шүргэлцэх, зөөлөн мөргөлдөх тохиолдол олон гарах бөгөөд тэр болгонд “Sorry” гэх үгийг сонсоно. Энэ үгийг давтамж маш өндөр бөгөөд англичууд ялихгүй зүйлд уучлал гуйхаас залхдаггүй байх гэсэн сэтгэгдэл төрүүлмээр. Уг эелдэг зан Викториа Хатан хааны үеийн “Жентелмений ёс” хэмээх ёс суртахууны хүмүүжил, үзлээс үлдсэн гэж судлаачид үздэг.

Лондонгийн оройн амьдралын бас нэгэн салшгүй хэсэг бол уушийн газрууд. Уушийн газарт ороход чих дөжрөм чимээ нийтлэг. Ихэвчлэн “Эль” хэмээх түргэн хугацаанд исгэж гаргасан шар айргаар үйлчлэх бөгөөд тэр нь царван шиг гашуунаас эхлээд алим шиг чихэрлэг зөөлөн хүртэл маш олон янз.

Лондонд очсон жуулчин бүр Хатан хааны амьдардаг газар буюу Букенгэмийн Ордныг
үзэж, хүндэт харуул солигдохыг харахыг хичээдэг. Хатан хааны хүндэт харуулууд энгийн үедээ шилэн бүхээгний цаана байгаа модон тоглоом шиг сонин харагдана. Букенгэмийн Ордныг Их Британийн Гвардын явган цэрэг болон Хатан хааны морин Гвардаас бүрдсэн дивиз хамгаалдаг. Нэгээс наймдугаар сард өдөр бүр хүндэт харуул солигдох ёслол болдог бөгөөд энэ нь олон мянган жуулчдыг татдаг. Зарим тоо баримтаар жилд 50 мянган зочин Хатан хааны нуур, хүрхрээ бүхийн цэцэрлэгт зохион байгуулдаг хүлээн авалтад оролцдог аж.

Б. Билэгт

Балетын сургуулийн бизнесмэн

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох