0

Та эргэн тойрныхоо эмэгтэйчүүдийн барьсан цүнхийг анзаарч харвал Coach брендийн цүнхийг төвөггүй олж харах болно. Магадгүй найз эсвэл гэр бүлийн хүн тань ч энэ брендийн цүнхийг барьж байж болох юм. Харин тэдгээр цүнхтэй хамт энэхүү брендийн сонирхолтой түүх үргэлж хамт явж байдаг.

Лилиан Кан анх нөхөртэйгээ хамт Coach арьсан эдлэлийн компаниа 1961 онд үүсгэн байгуулж байв. Анхандаа компанийн гол бүтээгдэхүүн эрэгтэйчүүдийн арьсан хэтэвч байсан ч удалгүй эхнэрийнхээ зөвлөсний дагуу ноён Кан эмэгтэйчүүдийн цүнх хийж эхэлсэн юм. Энэ тухайгаа тэрбээр “Тухайн үед Нью-Йорк хотод маш олон цүнхний дэлгүүр Европт хийсэн цүнхийг оруулж ирж зардаг байсан тул би эхнэрийнхээ зөвлөснийг эхлээд тоогоогүй ч тэр маань эцэстээ намайг ятгаж чадсан юм” гэж дурссан байдаг. Сонирхолтой нь бейсболын бээлийний загвар тэдэнд үргэлж таалагддаг байсан тул цүнхээ уг бээлийг хийхэд ашигладаг зузаан арьсаар хийж байв. Үүнээс гадна Лилиан багадаа гэр бүлийнхээ бизнест тусалж хоол хүргэдэг байсан ууттайгаа адилхнаар Coach брэндийн цүнхийг нэг талдаа барьдаг хэв маягаар хийсэн нь амжилт олсон аж. Энэ загвар удалгүй классик болсноор нэг л мэдэхэд тэд үнэнч хэрэглэгчидтэй болсон байлаа.

 

Хосууд цүнхнийхээ сонголтыг өргөжүүлж, Лилиан компанийнхаа зар сурталчилгааг хариуцаж эхэлснээр загварын талаар бичдэг олон хүмүүстэй найзалж эхэлсэн гэдэг. Coach бренд нь Нью-Йорк хотын Төв номын сан болон Food Bank зэрэг бусад сайн үйлсийн байгууллагуудтай хамтран нийгмийн төсөл хэрэгжүүлснээр олон нийтийн дунд нэр хүнд нь ч өсөв. Компани 1962 онд Бонни Кашиныг ажилд авсан нь компанид шинэлэг өөрчлөлтийг авчирсан юм. Түүний уриа “Хамгийн хөнгөн, хамгийн дэгжин, хамгийн энгийн, хамгийн үнэ багатай” байлаа. Тийм ч учир Боннигийн санаачилгаар Coach-ын цүнхнүүд олон өнгийн загвартайгаар хийгдэж эхэлсэн байна. 1980 онд компанийн жилийн орлого 20 сая ам.долларт хүрч, үүнээс таван жилийн дараа эхнэр, нөхөр хоёр 30 сая ам.доллараар өөрсдийн компаниа Сара Лий корпорацид заржээ. Ийнхүү тэдний хөдөө ферм дээрх амар жимэр амьдрал эхэлсэн түүхтэй. 

Үүнээс хойш Coach-ыг худалдаж авсан шинэ компани гол бүтээгдэхүүн цүнхний хажуугаар эмэгтэйчүүдийн түрийвч, утасны гэр зэрэг олон төрлийн шинэ зүйлсийг хийж эхэлсэн юм. Хожим 1996 он гэхэд Coach брэнд өөрсдийн гэсэн онцлогтой, тансаг хэрэглээний цүнх хийдгээрээ хэдийнэ зах зээлээ олсон байлаа. Гэвч цаашид өргөжихийн тулд тэд өөрчлөгдөх хэрэгтэйгээ ойлгож байв. Ингэснээр бүтээлч сэтгэлгээгээрээ алдартай дизайнер Рийд Кракофтой хамтарч хэрэглэгчдэд сэтгэлд хоногшсон загвараасаа гадна  орчин үеийн хэв маягтай цүнх хийж эхэлсэн нь тэдэнд эргэлтийн цэг болсон аж. Улмаар дотоодын зах зээл дотроо саяар хэмжигдэх ам.долларын орлоготой компани дэлхийд гарч ашиг нь тэрбумаар хэмжигдэх болов. 

2001 онд Coach өөрийн гэсэн өнгө төрх, хэв маягтай бренд цуглуулгаа гаргав. Үүнээс таван жилийн дараа Кракоф зоримог шийдвэр гарган ягаан, ногоон, улбар шар өнгийн цүнх нэмж хийсэн юм. Ийнхүү 1980 оноос хойш Coach олонд танигдсаар эцэстээ тансаг гэх дүр төрхөө аажмаар алдсан юм. Тийм ч учир компанийн удирдлага сүүлийн 4-5 жил брендийнхээ үзэмж, өнгө төрхийг шинэчлэхээр ажиллаж байна. Үр дүнд нь Coach бренд 2015 оны тавдугаар сард цүнх, гутал, гоёлын бренд Kate Spade-ыг худалдаж аваад зогсохгүй тансаг гуталны бренд Stuart Weitzman-ыг ч өөрийн болгоод амжсан юм. Ингэснээр Coach бренд нэрээ шинэчилж Tapestry болсон бөгөөд үүний талаар Ерөнхий захирал Виктор Льюс “Бид компанийнхаа бүтээлч, шинэлэг, олон зүйлийг багтаасан өнгө төрхийг илэрхийлсэн брендийн нэрээ олсон гэж бодож байна” гэсэн юм. 

Өдгөө Coach таван тивд 20 гаруй улсад 900 гаруй салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 

Coach брендэд томоохон өөрчлөлт, шинэчлэлт гарсан жилүүд

1940-Бейсболын бээлийнээс анхны санаагаа авч арьсан цүнх хийж байв. 

1962- Бонни Кашин Coach-д ажилд орсноор цүнхнүүдийн загвар дизайн нь шинээр өөрчлөгдөж байв. 

1979- Өдгөө ерөнхий захирлаар нь ажиллаж буй Лью Франкфорт компанид анх орж Coach брендийг дараагийн түвшинд тансаг бренд болоход гол үүрэг гүйцэтгэжээ. 

1988- Coach брендийн эрэгтэй, эмэгтэй цаг зах зээлд гарав.

1993- Tommy Hilfiger-т ажиллаж байсан туршлагатай Рийд Кракоф Coach-д нэгдсэнээр шинэлэг өнгө төрх бий болж, шинэ бүтээгдэхүүнүүд гаргаж эхэлснээр компанийн борлуулалт ихээр нэмэгдэв. 

2001- Coach бренд алдарт цуглуулгаа гаргав. 

2015- Тансаг хэрэглээний гуталны бренд Stuart Weitzman-ыг худалдаж авав

2017- Цүнх, гутал, гоёлын бренд Kate Spade-ыг худалдаж аван нэрээ Tapestry болгож өөрчлөв. 

Б. Билэгт

Технологи таныг дижитал болгохгүй

Өмнөх нийтлэл

Д.Бат-Октябрийн СТАРТАП буюу Монголоос Азид хүрсэн нь

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох