Техник технологийн дэвшил, нийгэм, эдийн засгийн хөгжлийг даган бидний амьдрал, оршин буй хэв маяг урьд байгаагүйгээр асар хурдтай хувьсан өөрчлөгдөж байна. Ийн хувьсан өөрчлөгдөж буй дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхахын тулд бид тасралтгүй, насан турш өөрсдийн мэдлэг чадвараа сайжруулах хэрэгцээ нэгэнт бий болжээ. Олон улсын боловсролын энэхүү чиг хандлагыг Монголд анхлан нутагшуулж буй СЭЗИС-ийн Тасралтгүй боловсролын төвийн эрхлэгч Б.Гантуяатай ярилцлаа. 

– Энэ цаг үед яагаад насан туршийн боловсролыг илүү чухалчилж буй талаар яриагаа эхлэх үү?  

– Мэдлэг өөрөө маш хурдацтай хуучирч байгаа энэ цаг үед тасралтгүй өөрийгөө хөгжүүлж, системтэй, зөв мэдлэгийг богино хугацаанд эзэмшин, дэлхийтэй хөл нийлүүлэн алхах, ур чадвараараа гологдохгүй байхад тасралтгүйгээр өөрийгөө боловсруулах эрэлт ихээр бий болж байна. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан, технологийн хөгжил, мэдээллийн эринд амьдарч буй иргэд амьдралынхаа чанарыг дээшлүүлэхэд шаардагдах боловсролыг зөвхөн зэргийн сургалтаар эзэмших нь хангалтгүй. 

Нөгөө талаас ажил олгогчдын зүгээс мэргэжилтэнд тавих шаардлага нь улам өндөр болж, шинээр гарч ирэх мэргэжил, түүнд шаардагдах ур чадварыг урьдчилан таамаглахад хэцүү болж байгаа юм. Тухайлбал, компаниудын үйл ажиллагаанд өндөр хурдны мобайл интернет, хиймэл оюун ухаан, их өгөгдөл, үүлэн технологи зэрэг нь хамгийн ихээр нөлөөлж байгаатай холбоотойгоор ирээдүйн мэргэжлийн чиг хандлагад өөрчлөлт орж байна.

Үүнтэй нийцүүлж аль хэдийнэ эзэмшсэн мэргэжилд хэрхэн богино хугацаанд өөрийгөө хөгжүүлж, нийцүүлэх вэ гэдэг асуудал үүсч буй учир тасралтгүйгээр, насан туршдаа боловсрол эзэмших асуудал улам чухал гэдгийг дахин хэлмээр байна.

Хамгийн ойрын жишээ гэвэл бидний хэлж заншсанаар шинэ мянганыхан амьдралынхаа туршид 17 удаа ажил мэргэжлээ солино гэж үздэг учир шинэ орчинд дасан зохицож чаддаг, технологийг ойлгодог, тасралтгүйгээр өөрийгөө хөгжүүлдэг чадварууд чухалд тавигдана гэсэн үг.

– СЭЗИС-ийн Тасралтгүй боловсролын төв яг үүнд чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна гэж ойлгож болох уу?

– СЭЗИС-ийн хувьд нийгэм, эдийн засгийн тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, түүнд тохирсон шийдлийг эрэлхийлж, үнэ цэнийг бүтээдэг, энтрепренер хандлагыг сургуулийн бүх түвшинд төлөвшүүлэн, сургалт болон судалгааны энтрепренер их сургууль болох зорилтыг дэвшүүлсэн.  Энэхүү шинээр дэвшүүлсэн алсын хараа, стратеги зорилтод нийцүүлэн тасралтгүй боловсролыг түгээхэд нийгэмд чиглэсэн томоохон ажлуудыг хийж эхлээд байгаа.

Ирээдүйд биднийг ямар сорилт хүлээж байна вэ гэдгийг судалж тооцож энэ салбарт оролцогч талууд бүгд бодлогоо тодорхойлох хэрэгтэй гэж боддог. Яагаад гэвэл бидний ирээдүй бидний өнөөдрийн гаргаж буй шийдвэрээс ихээхэн хамааралтай тул олон талаас харж, урт хугацаанд тогтвортой хэрэгжих бодлого, зорилтыг дэвшүүлэн үйл ажиллагаагаа уялдуулж энэ салбарт түүчээлэх, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай зөв монгол иргэнийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулна хэмээн харж тасралтгүй боловсролыг чухалчилж энэ төвийг нээсэн. 

– Одоогоор ямар ямар чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

СЭЗИС нь 95 жилийн түүхэн уламжлал, үнэт зүйлдээ тулгуурлан улс орны тулгуурлан улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг дижитал шилжилтэд манлайлах “UFE EXECUTIVE PLATFORM” буюу бизнес, эдийн засгийн салбарын манлайлагчдын платформыг үүсгэн, холбоосыг бий болгохоор ажиллаж байна.  Гол зорилго нь судалгаанд суурилсан системтэй мэдлэгийг олгодог сүүлийн үеийн бизнесийн чиг хандлага руу чиглүүлэгч нь болж, олон улсын шилдэг туршлагуудыг монголынхоо зах зээлд хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлүүдийг даван гарахад туслах, бизнесийн салбарыг удирдаж буй манлайлагчдаа холбоход оршиж байна.

Мөн “Extrapreneurship” хөтөлбөр, энэ нь олон улсын чиг хандлагын дагуу сургалтын олон хэлбэрүүдийг ашигласан коучинг, менторинг, шилдэг туршлага судлах “study tour”, эвэнт, форум, богино хугацааны холимог сургалтуудыг хослуулсан цогц хөтөлбөр юм. Мөн улирал болгон мэдлэгт суурилсан инновацийн чиглэлээр тухайн цаг үеийн нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон улсын эвэнт, формуудыг тогтмол зохион байгуулна. Мөн шинээр гарч ирж буй технологийн дэвшлийг танилцуулах, үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд нь мэргэжлийн туслалцааг үзүүлэх зорилгоор өндөр хөгжилтэй орнуудын сургалт, судалгаа, бизнесийн байгууллагууд, экспертүүдтэй хамтарсан богино хугацааны технологид суурилсан сургалтуудыг зохион байгуулна гэх мэтийг дурдаж болно.

Сүүлд гэхэд, дижитал шилжилтийн хичээл орсноос гадна энтрепренерын хөтөлбөр, MBA-ын хөтөлбөр орж байна. Тухайлбал  санхүүгийн шийдвэрээ яаж гаргахаа мэдэхгүй байгаа бизнес эрхлэгчдэд зөвхөн тэр сэдвээр хичээл үзэх боломжийг ч олгож байгаа. Мөн экстрапренер хөтөлбөр бас орж байгаа. Үүнээс гадна soft skill буюу хувийн ур чадварыг хөгжүүлэх сургалтууд ч ордог. Уг хөтөлбөрийг заах хүмүүс нь зөвхөн их сургуулийн багш нар биш тухайн салбарын мэргэжилтнүүдтэй хамтарсан хөтөлбөрүүдийг бас гаргаж байгаагаараа онцлог. Улирал бүр UFE Executive Platform гэсэн үйл ажиллагаа зохиож байгаа. Эхний удаадаа хөрөнгө оруулалт хэрхэн татах сэдвээр 10-р сарын 14-ний өдөр зохиогдох гэж байна.

– Энэ удаагийн “UFE Executive Platform” арга хэмжээний онцлог юу вэ?

– “Платформд суурилсан бизнес модель”  сэдэвт анхны форумыг 2019 оны зургаадугаар сарын 28-ы 16:00 цагт Corporate Convention Center event hall-д зохион байгуулсан. 

Энэ удаагийн арга хэмжээ нь бизнес болгонд түгээмэл гардаг нэг бэрхшээл бол санхүүжилт босгох стратегийн сэдвээр үргэлжилж байна. Дөнгөж байгуулагдаж буй старт-апаас эхлээд хэдийн өсөлттэй явж буй бизнесд ч учирдаг нэг том санаа зовоосон асуудал яах аргагүй мөн гэдгийг бизнес эрхлэгч болгон хэлдэг. Тэгвэл хэрхэн санхүүжилтийг зөвхөн дотоодоос гэлтгүй гадаадын зах зээлээс ч босгох боломжийн талаар дотоодын туршлагатай хөрөнгө оруулагчид, мөн Оксфордын Их сургуулийн өрсөлдөөний тухай хууль болон бодлогын эрдэм шинжилгээний мэргэжилтэн Хассан Хаккаяа болон Америкийн “Shark Tank” нэвтрүүлгийн оролцогч хөрөнгө оруулагч нарт чиглэл өгч ажиллаж байсан, краудфандингаар 1 сая ам.доллар босгосон туршлагатай Майкл Буртов нар илтгэл тавина. 

Ер нь үйл ажиллагаа маань хоёр үндсэн хэсэгтэй. Эхнийх нь том төсөл дээр хөрөнгө оруулж байгаа байгууллагууд туршлагаа хуваалцана. Их хэмжээний хөрөнгө оруулалтыг татахдаа байгууллагуудад юун дээр алдаа гаргадаг, хэрхэн сайжруулж болох талаар зөвлөнө. Харин нөгөө талд үйл ажиллагаагаа явуулж буй бизнесүүдэд санхүүжилт дээр гацах үед хэрхэн гаднаас хөрөнгө оруулалт татах хэрэгтэй талаар зааж сургана. Мөн бизнесийн хэлэлцээр хийхдээ хэрхэн тохиролцдог талаар ч мөн ярилцах юм.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Салбартаа хэрхэн хамгийн шилдэг нь болох вэ

Өмнөх нийтлэл

Та зорилтот хэрэглэгчдийнхээ ПЕРСОНА-г тодорхойлсон уу

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох

More in Entrepreneur