Life style

АМЕРИК ҮЙЛДВЭР баримтат кино бүтсэн баримтууд

0

2013 он, Охайо муж, Дейтон хот (нийт хүн ам 140 мянга). Женерал Моторсын хаагдсан үйлдвэрийг нэгэн хятад тэрбумтан худалдаж авав. Автомашины шилний үйлдвэр нээгдэж хотынхон ажилтай болох гэж буй уг мэдээ нутгийнханд итгэл найдвар төрүүлж байсан юм. Учир нь 2009 онд Женерал Моторсын үйлдвэр хаагдахад 2400 гаруй хүмүүс ажлаа алдаж хотынхны амьдрал доройтоход хүрч байв. Америк дахь хятад үйлдвэр нээлтээ хийн үйл ажиллагаагаа явуулж эхлэв. Гэвч хятад эзний америк ажилтнууддаа өгөх цалин болон соёлын ялгаанаас болж зөрчил үүснэ. Уг түүхийг камернаа буулгаж үзэгчдэд хүргэсэн кино найруулагч хосууд уг хотын оршин суугчид юм. Хотынх нь машины үйлдвэр өмнө нь хэрхэн хаагдаж байсан тухай тэдний баримтат кино 2009 онд Оскарт дэвшиж байв. Хосууд энэ удаа хаагдсан үйлдвэрийн ажилтнуудын амьдрал хэрхэн хямарснаас эхлээд бүх л түүхийг 1200 цагийн кино хальсанд гурван жилийн турш буулгаж авсан юм. Эцэст нь “Америк үйлдвэр” кино гарч Sundance кино фестивалд шилдэг баримтат кино найруулагчийн шагналыг хүртэв. Үүний дараа Обамагийн гэр бүлийн үүсгэн байгуулсан Higher Ground компани уг киног 8-р сарын 21-нд буюу өнгөрсөн долоо хоногт Netflix-ээр цацсанаар олон нийтийн хүртээл болсон юм. 

Хуучин Ерөнхийлөгч болон Тэргүүн хатагтай өөрсдийн нээсэн кино компанийнхаа эхний бүтээлээр уг киног сонгож гаргах болсон нь хэд хэдэн шалтгаантай. Дундаж ажилчин ангид төрж өссөн Мишел Обама уг киноноос аавынхаа амьдралыг олж харсан аж. Мөн киноны найруулагчидтай уулзах үеэрээ Барак Обама “Сайн түүх бол сайн түүх л байдаг. Яг л энэ баримтат кино шиг бусдад мэдэхгүй зүйлсээ ойлгох боломжийг олгож буй түүх ч мөн адил” гэж хэлсэн юм. АНУ-ын экс ерөнхийлөгч Netflix-тэй цаашид кино хамтарч гаргах гэрээнийхээ дагуу өөр олон олон баримтат кинонууд гаргах аж. Хятад, Америкийн худалдааны дайн өрнөж байх үеэр энэ кино гарч байгаа нь уг сэдвээр сонирхсон хүмүүст шинэ өнцгөөс харах боломжийг олгоно. “Америк үйлдвэр” баримтат кино дэлгэцний өмнө тэр бүр гараад байдаггүй эгэл жирийн ажилтан ангийн түүхийг өгүүлснээрээ онцлог юм. Үйлдвэрийн ажилтнуудын сайхан амьдралын төлөөх тэмцлийн бодит түүх ямар ч супер баатрын түүхээс дутахгүй сонирхолтой. Уг киног бүтээгсэд тэдгээр эгэл бор амьдралтай ажилтнуудын дуу хоолой нь болохыг хүссэн юм.  Нэг л хот, улс, дэлхийд амьдарч байгаа ч нэгнээ ойлгоход улам бэрх болж буй өнөө цагт бусдын амьдралыг өөрсдийнх нь өнцгөөс хүүрнэн бодитоор харуулсан кино улам үнэ цэнэтэй болж буй. Киноны үйл явдал өрнөж буй Охайо муж нь улс төрийн аль ч нам гарах боломжтой мужуудын нэг юм. Ийм ч учраас кино найруулагчид өнөөгийн улс төрийн хуваагдал дунд бодит амьдралыг хүмүүст байгаагаар нь харуулах зорилготой байв. Тэд ч энэ зорилгодоо амжилттай хүрсэн юм.

Fuyao үйлдвэрт ажиллаж буй ажилтнууд

Кинонд соёлын ялгаа маш тодоор харагдана. “Aмерик үйлдвэр” ямар ч хүүрнэн өгүүлэгчийн дуу хоолойгүйгээр өрнөх ба зөвхөн ажилтнуудын дуу хоолойг л бид 110 минутын турш сонсох юм. Гэр бүлээ тэжээхийн тулд төрсөн нутгаасаа мянга мянган километр хол ажиллах хятад ажилтан. Түүний өдөр болгон яг л нэг янзаар эхэлж, тогтмол ажлаа хийсээр нэг л янзаар дуусна. Гэрийнхнээсээ хол хүний нутагт байгаагаасаа болж, уйлах ч тохиолдол гарах түүний амьдралыг хөндлөнгөөс нь ажиглах боломжийг уг кино олгоно. Мөн урд хөршийн соёл алсын америкчуудаас ямар ялгаатай болох нь тэдний яриа, үйл хөдлөлөөс нь мэдрэгдэнэ. Ажиллах тушаал буусан л бол амралтгүй, илүү цагаар ажилладаг хятадууд ажилдаа баяртай мэт хандах ч америк ажилтнуудын хувьд байдал тэс өөр. Тэд илүү цагаар ажиллах дургүй, амралтын өдрөөрөө амарч, үйлдвэрчний эвлэлд нэгдэж цалингаа нэмүүлэх хүсэлтэй байдаг. Үүнээс болж эцэстээ компани, ажилтан хоёрын хооронд гарах зөрчил цаашид хэрхэн өрнөхийг та уг киноноос олж үзэх болно.

Б. Билэгт

Монголын smart ХАА тун удахгүй…

Өмнөх нийтлэл

Бизнесийн томчууд байгууллагын соёлыг онцгойлон анхаардаг болсны шалтгаан

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

WP2Social Auto Publish Powered By : XYZScripts.com