МенежментСтратеги

Тархиар наадагчид

0

Бурхны шашинтай монголчууд шоронгийн хувцас өмсөх, авс ухах, гартаа гав зүүх зэргийн үйлдлийг муу ёр гэж үзэх нь дамжиггүй. Тэгвэл Улаанбаатар хотын нэгэн тоглоомын газарт эдгээр үйлдлийг хийж болно. Энд шоронд хоригдож, түүнээсээ оргож, банк ухаж гэмт хэрэг үйлдэхээс гадна галзуугийн цамцнаас мултарч, гэмт хэрэгтнүүдээ ч мөрдөн мөшгөнө.

Хүний айдас, сониуч занд үндэслэсэн энэ бизнес дэлхийн олон оронд ялангуяа Европын улсуудад хүчээ авч байгаа бөгөөд зөвхөн киноноос авах мэдрэмжийг өөрсдийн биеэр, бодитоор мэдрэх учиртай юм. Энэ нь хүний авхаалж самбаа, хурд, сэтгэлгээ, багийн ажиллагааг хөгжүүлэх онцгой ач холбогдолтой.

Монголд Б.Солонго, Э.Гэрлээ гэх хоёр бүсгүй эмульс, будаг, шороо, цементтэй зууралдсаар өөрсдийн “Оньс өрөө” гэх ертөнцийг одоогоос дөрвөн жилийн өмнө бүтээж эхэлжээ. 90 саяын Гэрлээ, Солонгоо хэмээн нэрлэгдэх болсон Шарк Танкийн амжилттай төслүүдийн нэг хоёр өрөөтэй байсан тэдний тоглоомын төв өнөөдөр 400 ам.метр талбай бүхий долоон өрөөний сонголттой болоод байна. Тун удахгүй хоёр дахь салбараа нээх гэж буй. Улмаар Оньс өрөөний жилийн орлого 57 сая төгрөг байсан бол өнөөдөр хоёр дахин нэмэгджээ.

Баруун гар талаас “Оньс өрөө” тоглоомын төвийн үүсгэн байгуулагч Б.Солонго, Э.Гэрлээ нар

Анх өөрсдөө 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн, орон сууцны подвалд нууцлаг өрөөгөө төвхнүүлж, гэхдээ нээлтээ хийх өдрийн өмнө дээд айлаас ус алдаж хамаг засварыг нь баллаж байлаа. Эхлүүлэх ёсгүй байсан юм болов уу, “хувь заяа” хэмээн үгээ хэлж байв. Харин өнөөдөр эргэн санахдаа “Энэ бол байдаг л зүйл ш дээ” гээд инээлдэн сууна.  

Солонго жирэмснийхээ амралтыг авах хугацаандаа хүүхэд залуучуудын цагаа өнгөрөөх бүтээлч газар байхгүйг анзааран, энэ төрлийн тоглоомыг бие даан судалж, найз Гэрлээг Оросоос дөнгөж ирээд байх үед санал тавьжээ. Гэрлээ энэ тоглоомоор ирэхийнхээ өмнөхөн тоглоод үзчихсэн тохиол таарах нь тэр. Түүнд ч энэ нь маш их таалагджээ. Ингээд хоромхон хугацаанд хаалт, хормогч зүүн түрээсэлсэн өнөөх подвалоо тохижуулж, барилгачин болох нь холгүй болов. Солонго, “Дотор заслаа өөрчлөх гэж байгаа бол ямар материал ашиглах, яаж хийх зэргээ биднээс асууж болно шүү” хэмээн хошигноно. Эднийх хаа ч байхгүй өрөөний тохижилтыг бүрдүүлсэн тул элдэв зураг авалт хийх санал байнга ирнэ. Кино зургийн хэсгийг ч энд авч байлаа. Мөн гэрлэх саналаа хүртэл энд тавьж, бөгжөө хамгийн сүүлийн даалгавар болгон өгч байжээ.

Дуртай зүйлээ бизнес болговол бүр сайн. Өглөө бүр босоод яаж ажлаа хийнэ ээ гэж бодох шаардлагагүй болно шүү дээ.

Гэрлээ, “Хамтрагчаа зөв сонгох нь чухал. Хэдий салшгүй сайн найзууд байлаа ч бизнес хийхэд зөв хүн мөн үү гэдгийг нухацтай авч үзэх хэрэгтэй. Ижил зан чанартай эсвэл хоёр амбицтай хүн байх ч тохиромжгүй. Нэг нэгнийгээ нөхдөг байх хэрэгтэй” гэв. Солонго компанийнхаа гадаад маркетинг, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг хариуцаж, харин Гэрлээ арын ажлыг амжуулдаг, олны өмнө ил гарах дургүй нэгэн. Солонго түүнийг “нууц ноёнтон” гээд цааш “Гэрлээ бол энэ бизнесийн зүрх, харин би тархи нь. Хоёулаа нэгдмэл байх ёстой” гэлээ.

Гадаадад “Escape room” гэж нэрлэдэг энэ төрлийн тоглоомын газар нь Монголд шинэ бизнес байсан тул эхний ээлжид зөвхөн таниулах ажил хийгдэж байв. Фэйсбүүкээр сурталчилгаагаа голчлон явуулна. Сүүлийн үед влог хийдэг залуустай хамтран сурталчилгаагаа хийж байгаа аж. Тэдний хамгийн гол PR нь хэрэглэгчийн амнаас ам дамжин явагддаг. Учир нь нэг удаа тоглож үзсэн хүн заавал дахин ирдэг. Мөн олны танил залуучууд тоглох нь элбэг. Тэд санаандгүй байдлаар сэтгэгдлээ өөрсдийн онлайн хуудаснаа нийтэлснээр сурталчилгаа болчихдог гэнэ.

Өнгөрсөн онд “Escape room” буюу хугацаанд амжиж нууцыг тайлж гарах адал явдалт кино Монголд нээлтээ хийсэнд тэдэнд маркетинг хийх маш том орон зай гарч ирж байгааг соргогоор мэдэрчээ. Киноны Escape room гэсэн нэрийг хэрхэн орчуулах тухайд гайхширч байх хугацаанд бүсгүйчүүд “Оньс өрөө” гэж нэрлэвэл хэмээн тоглоом болгон хэлсэн нь биелэлээ олсон юм. Ийнхүү тус кино нь Оньс өрөө тоглоомын төвийн дэлгэрэнгүй танилцуулга болж өгчээ. Кино бүх кино театруудаар гарсан бөгөөд тэдгээрээс Өргөө кино театрын хотын гурван салбар, Зайсангийн Prime Cineplex кино театртай хамтран ажиллав. Оньсынхон стендээ засаж, танилцуулгаа тараах болов. Харин Prime Cineplex кино театрын 4D танхимд үзсэн хүмүүсийг таван минут түгжээд өөрсдөө оньсыг тайлж гарах даалгавар өгч байсан нь хүмүүст өндөр сэтгэгдэл үлдээсэн юм. Мэдээж энэ үед орлого нь хэд дахин нэмэгдсэн. Үйлчлүүлэгчдийнхээ тоог ч эрс тэлсэн.[SB3] 

Өнөөдрийн байдлаар Оньс өрөөнд 2400 орчим тоглолт хийгдэж, 15 мянган хүн үйлчлүүлсэн байна. Үйлчлүүлэгчдээ эхэндээ анкет бөглүүлж, санал сэтгэгдлийг нь авдаг байсан ч сүүлд аппликейшнтэй болж, бүх захиалга, бүртгэлээ үүгээрээ дамжуулж хийдэг болжээ.

Албан байгууллагууд ажилтнуудынхаа овсгоо самбаа, зан чанарыг тандах, Q-ийн чадварыг шалгахаар зориуд тоглуулдаг.

Тоглоомын дүрэм маш энгийн. Шоронгийн, аймшгийн, галзуугийн эмнэлэг, мумми, Харри Поттерын, Дракула, мөрдөнгийн гэсэн өрөөнүүдийн аль нэгийг сонгон багаараа орж, 60 минутын дотор нууцыг тайлан, өөрсдийгөө суллан гарах учиртай. Тоглоомын төвийн ажилтнаас богино холбоогоор дамжуулан хоёр асуулт асуух боломжтой. [SB4] Даалгавар нь биелэх дөхсөн байвал тэдний зүгээс оньсыг тайлах битүүхэн хариулт өгчихдөг гэнэ.

Сонирхолтой нь 25-аас дээш насны оффисын ажил эрхэлдэг хүмүүс даалгавар гүйцэтгэхдээ хүүхэд залуусаас тааруу байдаг аж. Тэдэнд албан байгууллагууд олонтоо хандаж, шинэ ажилтнуудынхаа овсгоо самбаа, зан чанарыг тандах, Q-ийн чадварыг шалгахаар зориуд захиалж, ажилд тэнцэх эсэхийг нь хүртэл шалгуулдаг.

Солонго, Гэрлээ оны өмнө бүтэн жилийнхээ төлөвлөгөөг гаргадаг. Ямар өрөө нь хэдий хугацаанд солигдох, даалгавар нь ямар болох, засвар үйлчилгээ, маркетингийн идэвхжүүлэлт гээд л бүгдийг нарийн төлөвлөдөг. Даалгавар бүрээ зургаан сар тутамд сольдог ч сүүлийн жилд үйлчлүүлэгч багууд хэдхэн сарын дотор бүх өрөөнд тоглоод дуусгачихдаг болсон тул дөрвөн сар болоод солих болжээ. Энэ бүхнийг адал явдал хайгч, дүрсгүй хоёр бүсгүй өөрсдөө зохиодог. Даалгавар бүр хоорондоо уялдаа холбоотой, тайлбарлах шаардлагагүй, ойлгомжтой байх ёстой. Шинээр даалгавар болон өрөө үүсгэх үедээ заавал туршилтын багууд оруулж шалгана. Орголт өрөөний санаа л гэхэд шуугиан үүсгэж, албаны хүмүүсийг чичрүүлдэг хүнд гарын гэмт хэрэгтнүүд, мафийн толгойлогч нараас сэдэл авч хийжээ. Шоронд хоригддог ч, хэний ч санаанд буухгүй, итгэмээргүй аргаар оргож чадсан нь тэднийг цуутай болгодог. Хүмүүсийг тэдэн шиг сэтгэж, нууцлагдмал аргаар зугтаж чадах эсэхийг сорьдог байна.

Үйл ажиллагаа явуулаад удаагүй байхдаа цагдаад гаваа хураалгаж байжээ. Гав хэрэглэх нь хуульд харшлах зүйл байхгүй ч энэ тоглоомын тухай ойлголтгүй байсан үе юм. Гэсэн ч тайлбар хийн, таниулсны хүчинд Цагдаагийн хүсэлтийн дагуу А4-ийн бичгийн цаас авч өгч байж гаваа буцаан авсан хөгжилтэй ч явдал тохиолджээ.

Төвийнхөө үйл ажиллагааны гадуур Оньс эвент буюу албан байгууллага, хамт олны захиалгаар очиж, оюуны түгжээг нь мултлах ажил хийнэ. Нэг эвентийг зохион байгуулахад даалгавар, хүмүүсийн тоо, байршил зэргээс хамааран багадаа сар бэлтгэдэг.

Дээр дурдсанчлан Монголдоо анхдагч төдийгүй цорын ганц тоглоом. Тэд Монголд франчайз үүсгэхийг зорьж байгаа. Үйл ажиллагаандаа патент авсан учир яг энэ төрлийн төв нээх бол тэднээс зөвшөөрөл авах шаардлагатай.

Бусад компанийн бизнес модель нь тогтсон байдаг бол тэдний бизнес байнга шинэчилж өөрчлөгддөг онцлогтой. Нөгөөтэйгүүр урсгал зардал өндөртэй. Тэдэнд тохирсон бүтэц хэлбэртэй байр байхгүй. Иймд өөрсдөө өрөөний байгууламжийг өөрчилж, ариун цэврийн өрөөгөө шилжүүлж, хаалгаа өөр газар гаргах гэх мэтээр тохируулан засварладаг. Хаа явсан газраа л усны хоолойн асуудалтай тулгарна. Учир нь инженер, сантехникийн байгууламжийн схем зурагтай барилга ховор гэнэ. Шинэ баригдсан барилгад хүртэл энэ асуудал байдаг аж. Дээрээс ус алдах, камер тогтоох гэж байгаад тогоо тасдах, усны хоолойгоо хагалах ч тохиолдол бий.

Анхны байраа бүтэн жилээр гэрээ хийн түрээсэлсэн ч түрээслэгч дундаас нь үнээ нэмсэнд байршлаа сэлгэх, компани хуульчтай болох шалтгаан болсон гэдэг. Харин тэдний хамгийн том бэрхшээл нь үйлчлүүлэгчид цаг барихгүй байх явдал юм. Захиалга ихтэй үед энэ нь маш том асуудал. Иймд захиалгаа таван минут л хүлээдэг байна. Мөн даалгавраа биелүүлж чадахгүй бол хүч хэрэглэн эд юмсыг эвдэж сүйтгэх тохиолдол багагүй. Энэ мэт өнгөрсөн дөрвөн жил гашуун, хөгжилтэй ч гэмээр үйл явдлаар дүүрэн өнгөрчээ.

Бүсгүйчүүд яг одоогийн байдлаар шинэ Оньс энтертаймент салбараа нээхээр шаргуу ажиллаж байгаа бөгөөд цаашид монгол оньсон тоглоомууд ашигладаг монгол хэв маягтай өрөө нээх төлөвлөгөөтэй байгаа аж.

Тэд өөрсөд шигээ гарааны бизнес эрхлэхээр төлөвлөж буй залууст хандан, “Хүн хараагүй зүйлээ мөрөөддөггүй. Тиймээс гадаад дотоодоор явж, эхлээд өөрсдийгөө сайн боловсруулж бэлдэх хэрэгтэй. Мөнгөн хуримтлал маш чухал. Бага ч болтугай заавал хуримтлал руугаа хийж зуршаарай. Тэгээд ганцаараа бус хамтдаа бизнесээ эхлүүлэх нь та бүгдийн эрсдэлийг багасгаж, илүү хурдан амжилтад хүрэхэд тусална. Цэвэр ашгийн ардаас хөөх нь хүнийг хууран мэхлэх тал руугаа хэлбийдэг. Бизнес гэдэг нийгэмд эерэг үр нөлөө л авчрах ёстой. Дуртай зүйлээ бизнес болговол бүр сайн. Өглөө бүр босоод яаж ажлаа хийнэ ээ гэж бодох шаардлагагүй болно шүү дээ” хэмээн зөвлөж байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
С. Баярмаа

ЦӨЛ, АМЬДРАЛ ХОЁРЫН ТЭМЦЭЛ

Өмнөх нийтлэл

BSB компанийн Ерөнхий захирал Б.Жаргалсайхан: Хүн эхлээд өөрийгөө голж сурах ёстой

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like