0

Лувсандоржийн Дулмаазул. Тэрбээр Прагийн Карлын их сургууль, Токиогийн Гадаад харилцааны их сургуулийг төгссөн. Мөн Оксфордын их сургуулийг санхүүгийн бодлого чиглэлээр магистрын зэрэгтэй дүүргээд үргэлжлүүлэн Охфордын Бизнесийн сургуульд сурч, Executive MBA хамгаалсан. Сүүлийн 10-аад жил Их Британийн санхүүгийн төв дүүрэгт Японы SMBC банкны Лондон салбарт банкираар ажиллаж байгаа. Европ, Дундад Ази, Орос, Казакстан, Туркменстан, Азербайжан болон хөгжиж буй зах зээлийн орнуудад хэрэгжүүлж буй төслүүдийг санхүүжүүлэх, хөрөнгө оруулалтыг хариуцахын зэрэгцээ өнгөрсөн жилүүдэд Оюу толгой, Таван толгойн төслүүдийн санхүүжүүлэлт дээр ч мөн ажиллаж байсан туршлагатай. Түүний хэрэгжүүлсэн төслүүд Euromoney, Project Finance сэтгүүлүүдийн шилдэг төслөөр шалгарч байв. Харин одоо тэрбээр Монголдоо эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний болон дэд бүтцийн төслүүд дээр хөрөнгө босгох чиглэлээр ажиллаж байна.

1.76 их наяд ам.долларын активтай, 29 мянган ажилтантай, дэлхий даяар 570 салбартай олон улсын том банканд ажилладаг банкирын ажил ямар байдаг бол? Өөр өөр тивд, өөр өөр бүс нутагт бүхэл бүтэн улсыг эхлээд судална. Дараа нь эдийн засгийг нь судална. Дараа нь төсөл хэрэгжих гэж буй тухайн салбарыг судална. Ингэсний хойно бараг 200 шахам хуудас задлан шинжилгээ хийнэ. Нэг ёсондоо асар богино хугацаанд докторын диссертаци бичих дайны юм болно. Эцэст нь энэ бүхнээ банкныхаа Зээлийн комиссын өмнө тайлагнаж хамгаалдаг. 

Ийм банкирын үйлчилгээг авч буй субъектууд нь эрчим хүч, уул уурхай, байгалийн хий, тос газ, сэргээгдэх эрчим хүч зэрэг олон зуун сая ам.доллараар хэмжигдэх төслийнхөө санхүүжилтийг олон улсын супер банкуудаас авах гэсэн баян, ядуу, том, жижиг янз бүрийн улс орны мунхаг эсвэл ухаалаг Засгийн газрууд байдаг. Ихэнхдээ олон жилээр үргэлжилдэг иймэрхүү ярвигтай төслүүдийн санхүүжилт, хөрөнгө оруулалттай холбоотой ихэнх ажлыг нугалдаг хүмүүсийн нэг бол Л.Дулмаазул.

Анх есөн настай байхдаа гэр бүлээрээ Чех рүү нүүснээс хойш тэр гадаадад амьдарч байна. Аав нь Чехийн нийслэл Прага хотын Карлын Их Сургуульд багшилдаг байсан бөгөөд тэнд Зулаа 20 нас хүртлээ амьдарчээ. Аавынхаа ажилладаг сургуульд дээд боловсрол эзэмшсэний дараа Япон улсад Токиогийн Гадаад харилцааны их сургуулийг төгсчээ. Мөн Оксфордын их сургуулийг санхүүгийн бодлого чиглэлээр магистрын зэрэгтэй дүүргээд үргэлжлүүлэн Оксфордын Бизнесийн сургуульд сурч, Executive MBA хамгаалжээ. 2008 оноос Японы SMBC олон улсын банкны Лондон дахь салбарт ажиллах болжээ. Энэ салбарт ОХУ, Зүүн Европыг хариуцан ажиллаж эхлэхэд мэргэжлийн мэдлэг, чадвараас гадна орос, чех хэлний мэдлэг нь давуу тал болсон байна. Хэдэн зуун сая ам.долларын өртөгтэй үндэсний төслүүдийг хэрэгжүүлэхэд нэг банк биш, олон том банк хамтарсан буюу синдикат зээл олгох маягаар санхүүжилтийг шийддэг. Дэлхий дахинд ийм зээл олгох чадалтай 10 орчим банк байдгаас SMBC нь сүүлийн жилүүдэд хөгжиж буй орнуудын мега төслүүдэд идэвхитэй санхүүжилт олгодог болжээ.

Зулаагийн хийдэг ажил нь нэг талаас нэр хүндтэй ч, нөгөө талаас асар их хөрөнгө мөнгөний асуудалтай холбогддог маш хариуцлагатай, энгийнээр хэлбэл, зовлонтой ажил. Зүүн Европ, Дундад Ази, Ойрхи Дорнод, ОХУ, Африкийн дэд бүтэц, эрчим хүч, газрын тосны төслийг хариуцахад газар дээр нь очиж, зах зээлийн судалгаа хийснээр санхүүжилт өгөх эсэхээ шийднэ. Тэгэхээр түүний ажлын цагийн багагүй хэсэг нь онгоцонд өнгөрнө. Нэг хэсгийнх нь зээл амархан бүтдэг байхад нөгөө хэсэгт нь зээл олгуулахын тулд ихээхэн хүчин зүтгэл гаргах хэрэгтэй. Ялангуяа хөгжиж буй орнуудын том төслүүдэд банкууд баталгаа л байхгүй бол зээл олгодоггүй. Харин тэр баталгааг нь бий болгохын төлөө Зулаа шиг банкирууд тухайн орны төслийг хэрхэн хийвэл санхүүжүүлж болох санааг гарган, Дэлхийн банк, агентлагууд болон хувийн даатгалын компаниудын баталгааг гаргуулах нөхцөл бүрдүүлэх, эрсдлийг бууруулан зээл өгөх үүдийг нээж төсөл хэрэгжих замыг нь засч өгөх ажил хийдэг. Нэг үгээр мега төслүүдэд яаж санхүүжилт олох вэ гэдэг арга барилыг нь зааж өгдөг байна. Харин энэ бол банкир болгоны хийж чадах ажил биш. 

Дулмаазул SMBC банканд 10 гаруй жил ажиллахдаа олон Засгийн газар, сайд дарга нартай учирч явжээ. Зарим төсөл маш хурдан шийдэгдэнэ. Жишээ нь Туркмэнистанд гурван тэрбум ам.долларын өртөгтэй байгалийн хийн мега төсөл хэрэгжихэд олон улсын синдикат зээлийн санхүүжилт нь ердөө гуравхан сарын дотор буюу 2015-2016 онд шийдэгдэж байв. Эндээс тэр хэрэв улстөржилт байхгүй бол аливаа төсөл маш хурдан бүтдэгийг харжээ. Үүнтэй нэгэн адил Арабын Нэгдсэн Эмират Улсын “Abu Dhabi” үндэсний газрын тосны компани, Оросын нүүрсний SUEK, мөн Москвагийн Шереметьевын нисэх онгоцны буудлын D терминалын төсөл зэрэг дээр шийдвэр нь хурдан гарч, ажиллахад урамтай байв. Гэхдээ үүний эсрэг шинжтэй төсөл дээр ч ажиллаж байв. Зүүн Африкийн Танзани улс эрчим хүчний олон жил үргэлжилсэн дутагдал, доголдлоо арилгах байгалийн хийд суурилсан Кинерезигийн ДЦС ийн төслийг эхлүүлэх гэж олон жил мунгина. SMBC банкнаас голчлон санхүүжүүлсэн, 240 мегаваттын хүчин чадалтай, 400 орчим сая ам.долларын өртөгтэй энэ төслийг хариуцаж ажиллах явцад Дулмаазул дөрвөн удаа Танзанийн виз авах шаардлагатай болж байв. Одоо л бүтэх нь, гарын үсэг зурах нь гэж байтал улс төрийн шалтгаанаар хойшилчихдог байлаа. Үүн шиг 10 жил сунжирч байж гарын үсэг зурсан төсөл ч байдаг аж.

Буурай орнуудын төсөл дээр ажиллахад харилцаа холбоо, газрын тос, газ, дэд бүтэц гэх мэтээр бүхий л салбар луу орж ажиллах хэрэгтэй болдог байв. Яагаад гэвэл эрсдэл ихтэй учир маш гүнзгий судалгаа хийж, маш их материал унших хэрэгтэй болдог. Оксфордын Бизнесийн сургуулийн Executive MBA хөтөлбөрт суралцагчдын профайлд бичсэнээр Дулмаазул SMBC банканд ажиллах хугацаандаа Европ, Ойрхи Дорнод, Африкийн орнуудад нийт 20 гаруй тэрбум ам.долларын төслүүдийг хариуцан ажиллаж, Дундад Ази, Орос, ТУХН-ийн орнуудад төслийн анхан шатыг эхлүүлжээ. Мөн Дэлхийн банк, АХБ, ОУСК зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудтай ажил хэргийн ойр харилцаатайг дурджээ. Түүнчлэн, түүний хэрэгжүүлсэн төслүүдээс Euromoney, Project Finance сэтгүүлүүдийн шилдэг төслөөр шалгарч байжээ. 

Итгэлцлийн гүүр 2010-аад оны эхээр Монголд уул уурхайн бүүм болж байхад Дулмаазул анх банкныхаа төсөл хариуцан ажилладаг англи бүсгүйн хамт Монголд ирж тэр үеийн Эдийн Засгийн Хөгжлийн Яам, Хөгжлийн банк болон зарим арилжааны банк, том компаниудтай уулзаж Монголын мега төслүүдийг санхүүжүүлэх боломж, нөхцлийн талаар ярилцав. Дараа нь Зулаа Монголын эдийн засаг, бизнесийн орчин, хөрөнгө оруулалт, том компаниудын тухай сурвалжлага бичиж SMBC банкны дэлхийн бүх салбарт тараажээ. Үүнээс хойш энэ банк Монголыг ихэд сонирхох болж, Сингапур, Токио, Нью-Йоркийн салбарынхан байнга энэ тухай асуудаг болжээ. Ийнхүү хоёр жилийн дотор 10 удаа банкны төлөөлөгчдөө Монголд дагуулан ирж, хэд хэдэн том компанитай хамтын ажиллагаа эхлүүлэв.

Тэр үед Moody’s болон Standart and Poor’s зэрэг зээлжих зэрэглэлийн агентлагууд Монголын зээлжих зэрэглэлийг өсгөх биш, бууруулж байхад SMBC банк “Монголд ирээдүй бий” гэсэн дүгнэлт хийжээ. Энэ нь олон улсын том банкны өмнө улсынхаа нэр хүндийг өсгөж чадсан Зулаагийн гавьяа байв. Үүний үр дүнд SMBC банк 100 сая ам.доллараас дээш өртөгтэй мега төслүүдийг санхүүжүүлэх, цаашдаа салбараа нээх сонирхлоор Монголд төлөөлөгчийн газраа нээв. Ингэснээр Монголд дэлхийн дөрөв дэх том банк төлөөлөгчийн газартай болов. Үүнд мэдээж Дулмаазул гол үүрэгтэй оролцов.

Олон жил олон улсын төслүүд дээр ажиллахдаа ямар ч тохиолдолд мөнгө гэхээс илүү хөрөнгө хүсэгч, хөрөнгө оруулагч хоёрын дунд итгэлцэл бий болсон байхад ажил бүтдэг болохыг сайн ойлгож авчээ.

SMBC банк Оюутолгой, Тавантолгой гэсэн хоёр төсөлд оролцох зорилт тавьснаас бүтсэнээс бүтээгүй нь их. Монголын Засгийн газрын зөвлөхөөр ажиллаж байсан Зулаагийн хувьд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад банкнаасаа 200 сая ам.доллар зээл олгох төсөл дээр ажиллажээ. Гэвч түүний гол хүсэл, мөрөөдөл нь Тавантолгойн ДЦС-ийн төслийг санхүүжүүлж, Оюутолгойн Хятадаас цахилгаанаа авахдаа өгдөг тэр их мөнгөний урсгалыг дотогшоо чиглүүлэх явдал байв. Олон жил олон улсын төслүүд дээр ажиллахдаа ямар ч тохиолдолд мөнгө гэхээс илүү хөрөнгө хүсэгч, хөрөнгө оруулагч хоёрын дунд итгэлцэл бий болсон байхад ажил бүтдэг болохыг сайн ойлгож авчээ. Тиймээс Монгол Улсын Засгийн газар болон олон улсын банкны хооронд ажил хэргийн итгэлцэх бий болгох, өөрөө тэрхүү итгэлцлийн гүүр нь болох чин хүсэл Дулмаазулд байв. Харамсалтай нь, өнөөдөр мега төслүүдийн байдал ямар байгааг бид мэднэ. Ихэнх нь сунжирсан, удааширсан үзүүлэлтээрээ дэлхий дахинд рекорд тогтооход ойрхон байгаа. Ийм нөхцөлд Дулмаазул ажил хэргээсээ ухарч, “зүгээр л банкандаа ажиллаад явъя” гэсэнгүй. 2011 оноос хойш тэр Монголдоо үе үе ирдэг амьдралтай болсон.

Тэрбээр өөрийн сурсан мэдсэнээрээ улсдаа хэрэгтэй юм хийх бодлоосоо ухраагүй бөгөөд 2015 оноос эхлэн эрх зүйн орчин хамгийн боломжтой бүрдсэн гэдэг утгаар нь сэргээгдэх эрчим хүчний салбарт ажиллах болжээ. Сүүлийн үед тэр банкныхаа ажлаас жаахан хөндийрч, Монголдоо өөрийн компанийг байгуулж, сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд дээр ажиллаж эхэлжээ. Тэрбээр Монголынхоо сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд анхан шатны хөрөнгө оруулан, бүтээн байгуулалт дээр ажиллаж буй. Түүний эхлүүлсэн эхний төсөл нь oдоогоор төсөл боловсруулах үе шат дуусаад, барилгын ажил руугаа орох гэж байна. Бүтээн байгуулалтдаа зориулан өөрийн мэдлэг, туршлагыг ашиглан 60 сая ам.долларын санхүүжилтыг синдикат зээлийн шугамаар босгожээ. Одоо тэр том банкны ажилтан гэхээсээ илүү жижиг хөрөнгө оруулалтын компанийн захирал болсноор хийх ажил нь улам томорч ирэв.

Өмнө нь ажиллаж байсан том төслүүдийн ихэнх нь цаанаасаа улсаас дэмжигдсэн, тодорхой хугацаанд хэрэгжчихсэн, зөвхөн санхүүжилтаа хүлээж буй төслүүд байв. Харин өөрөө компани байгуулснаар санхүүжилт авах хүртэл ямар их зам туулдгийг биеэрээ мэдэрч байна. Хуулийн дагуу явсан ч гэсэн бүтэн жил болж байж газраа авах жишээтэй. Гэвч түүнд шинэ ажил нь улам сонирхолтой санагдаж, энэ салбарт мөрөө үлдээх зорилго тавьжээ. Эрчим хүч болон сэргээгдэх эрчим хүчний салбарт Монголд том ирээдүй бий. Энэ салбарт хөрөнгө оруулснаар эрчим хүчний салбарт олон улсын стандартыг нэвтрүүлэн синдикат зээл богино хугацаанд татахуйц болгох нь түүний зорилго юм.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

BSB группын Ерөнхийлөгч Б.Жаргалсайхан: АРАЛ РУУ ЗУЗААН Л НОМ АВЧ ЯВНА ДАА

Previous article

Google компани таныг яагаад ажилд авахгүй вэ?

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like