Крис Гарднер. Магадгүй энэ нэрийг хүн бүр сонсоогүй ч “Аз жаргалын эрэлд” киног үзээгүй хүн ховор. Гол дүрд нь Вилл Смит хүүтэйгээ тоглосноор Крис Гарднерын амьдралын түүхийг дэлгэцнээ мөнхөлжээ. Номонд тавь гаруй жилийн түүний түүх гардаг бол кинонд амьдралынх нь ердөө нэг жилийн хэсгийг л гаргадаг аж. Гудамжинд хоног төөрүүлэхдээ тултал амьдрал нь доройтсон ганц бие аав компанийн захирал болтлоо дэвшсэн амьдралынх нь намтар болох номонд түүний амьдралын философи нэвт шингэсэн санагдана. Тэрбээр өөрийнхөө амьдралаас авсан 44 сургамжаа зургаан бүлэг болгож оруулсан нь дэд бүлэг бүрийг уншихад цэгцтэй аж.

Яг одоо та хаана байна? Юунд хүрмээр байна? Түүндээ хүрэхийн тулд зөв хүмүүсээс зөв цагтаа зөв асуултыг асуухын чухлыг зохиолч номын эхэндээ онцолж өөрийн түүхийг хуваалцдаг. 28 настай байхдаа Боб Бриж гэх хувьцааны брокероос яг юу хийдэг, түүнийгээ яаж хийдэг талаар нь асууж байв. Хэдий Боб өөрийг нь таньдаггүй байсан ч кофе уунгаа асуултад нь хариулаад барахгүй таньдаг хүмүүстэйгээ холбож өгсөн аж. Энэ бүхэн ирээдүйд Гарднерын Уал Стрийтэд ажиллах ажлын гарааны эхлэлийн цэг болсон байдаг. Хүүтэйгээ хоёулаа орон гэргүйгээс гадна бүтэн цагаар ажиллаж байсан түүнд Боб Брижийн ачийг хариулах боломж байгаагүй юм. Гэч тэрбээр ирээдүйд өөртэй нь адил тус хэрэг болсон хүн бүрт амьдралынхаа зөвлөгөөг харамгүй өгч түүний ачийг хариулна гэж өөртөө амлаж байлаа. Харин та яг одоо түүний энэхүү амлалтын үр дүнд бий болсон номын тэмдэглэлийг уншиж байна.

Багадаа аавынхаа нөмөр нөөлөгт өсөх боломж олдоогүй жаалхүү зургаан настайдаа ирээдүйд хүүгээ хэзээ ч орхиж явахгүй хэмээн  өөртөө амлаж байсан аж. Түүний амьдрал бэрхшээлээр дүүрэн байсан ч тэр бүхнийг даван гарсны дараа тэрбээр “Бид зөвхөн өөрсдийнхөө хандлагыг л өөрчлөх боломжтой” байдгийг уг номондоо онцолсон юм. Өдөр бүр дэлхийн өнцөг булан бүрээс амьдралдаа юу хийхээ мэдэхгүй зуу зуун хүн түүн рүү и-мейл бичдэг байв. Харин “Аз жаргалын эрэлд” кино гарсаны дараа өдөр бүр ирэх захианууд улам ихэссэн гэдэг. Өөрөөс нь тусламж гуйх, амьдралдаа юу хийхээ мэдэхгүй “гацчихсан” хүмүүст зориулж энэ номыг бичсэн юм. 

Эхний бүлэг “Байгаа газраасаа эхэл” гэх нэртэй бөгөөд ямар нэгэн зорилгод хүрэхэд ямар алхмууд хийх хэрэгтэй талаар өгүүлдэг. Түүний дараагийн бүлэгт хүн өнгөрснөөсөө хэрхэн суралцдаг тухай гардаг. Амьдралдаа элдвийг үзэж туулахдаа ойлгосон сургамжуудаа өөрийн амьдралын жишээгээр баяжуулж уншигчдад аль болох ойлгомжтой болгож бичсэн нь бүлэг бүрийн дэлгэрэнгүй тайлбараас харагдана. Гэвч тэрбээр хэцүү нөхцөл байдлаас хэрхэн гарсан тухай л өөрийнхөө жишээг бичсэн юм. Иймээс тэрхүү хэцүү нөхцөлд бусад хүн яаж орохгүй байх талаарх системийн талаар илүү сонирхдог хүмүүст түүний намтар зарим талаараа дутмаг санагдаж болзошгүй. 

Онцлох ишлэлүүд

“Төлөвлөгөө байхгүй мөрөөдөл бол зүгээр л хий хоосон мөрөөдөл”

“Чиний цор ганц өөрчилж чадах зүйл бол өөрийн чинь хандлага” 

“Өнгөрснөөсөө суралцаж чадаагүй бол өнгөрсөн дэх алдаагаа давтах нь дамжиггүй”

“Хэлэх гэсэн санаагаа товч тодорхой илэрхийлж сур. Ингэснээр чи өөрийн болоод бусдын цагийг үнэлж эхэлнэ” 

“Одоо биш бол хэзээ? Чи биш бол өөр хэн гэж?”

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 4.50 out of 5)
Loading...
Б. Билэгт

Компанийн хэмжээг дөвийлгөх шаардлагагүй

Previous article

ДЭЛХИЙГ ДАЙЛААР МОРДОХУЙ 2.0

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like

More in Ном