Монголын сэтгүүл зүйн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Ган үзэг-2019” наадмаас Business.mn сэтгүүл 2019 оны сэтгүүлийн шилдэг бүтээлээр шалгарлаа.

Бизнес.мн сэтгүүл 2018 оны 12 дугаар сард анхны дугаараа гаргаснаас хойш сар тутам бизнес эрхлэгчдэд ашигтай туршлага, мэдлэг болох контентыг тасралтгүй хүргэсээр байна. Нэг жилийн өмнө бид редакцийн зурвасдаа “Манай гол зорилго бол Монголын бизнес эрхлэгч, энтрепренэрүүдэд ажил амьдралын зөвлөгч, түшиг болсон ширээний сэтгүүл байх явдал” гэж бичиж байсан. Харин нэг жилийн дараа уг зорилгынхоо цулбуур, жолооноос алдахааргүй чанга атгасан гэж үзэж байна.

Хэрхэн атгасан талаар зарим нэг тоо хэлэхэд 12 дугаарт Business.mn сэтгүүлийн сэтгүүлчид, зөвлөхүүд нийт 270 гаруй материал дээр ажиллаж, Монголын болон гадаадын 90 орчим бизнес эрхлэгч, энтрепренертэй ярилцан тэдний бизнес түүхийг бичиж, Герман, Хятад, Сингапур, Өвөр Монгол, Төвдөд сурвалжлагын аялал хийжээ.

Бид өнгөрсөн нэг жилийн хугацаанд Монголын бизнесийн ертөнцөд салбар бүртээ манлайлж яваа 11 хүнийг сэтгүүлийнхээ нүүр хуудсанд зочноор урив. Тэдний бие хүн, сэтгэл хөдлөл, уналт амжилт, туршлага мэдлэгээр дамжуулан зөвхөн нэг хүний тухай биш, харин нэг салбарын тухай, бүхий л эдийн засгийн тухай, нийт монголчуудын хүсэл мөрөөдлийн тухай нээж гаргахыг хичээлээ.

Сэтгүүлийнхээ агуулгаар дараах гол мэссэжүүдийг уншигчдад, компаниудад хүргэхийг зорилоо.

  • Бизнест хар ухаанаар, таамгаар бус системтэй, процессын дагуу ажиллахгүй бол амжилтад хүрэхгүй,
  • Дижитал шилжилтэд удирдлагаасаа эхлэн ул суурьтай бэлдэж, “Харж байгаад болно” гэвэл хожигдож, хөгжлийн галт тэрэгнээс хоцорч өртөөн дээр үүрд үлдэх аюултай,
  • Эдийн засаг, нийгэмд эмэгтэйчүүдийн нөлөө улам ихсэж “woman factor”-ыг алхам тутамдаа анхаарч, жендерийн мэдрэмжтэй байхгүй бол орчин үеийн компани биш болно,
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээг гоё сайхан үгэнд боож, аргацааж бизнес хийх нь явцгүй болж, байгаль орчин, нийгмийн өмнө хүлээсэн үүрэгтэй, хийсэн ажилтай байхыг цаг үе шаардаж байна,
  • Эдүгээ тэс өөр хэрэгцээ, хүсэл сонирхол бүхий хэрэглэгчид, үйлчлүүлэгчдийн цоо шинэ үе төрөн гарч байна. Тэдний хувцас нь төдийгүй ажиллах хэв маяг, орчин нь тэс өөр бөгөөд компаниуд шинэ хэрэглэгчдэд зориулж бизнесийнхээ загварт “тохиргоо хийх” шаардлагатай болсон,
  • Алт, зэс, нүүрс, төмрийн хүдрээс гадна соёл, уламжлал хэмээх эдийн засгийн шавхагдашгүй нөөцийг судалгаатай, зөв менежментэй ашиглаж чадвал бид дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой. Үүний тод жишээ нь Hu хамтлаг байв.

Business.mn платформ болон өргөжлөө

Нэг жилийн өмнө бид редакцийн зурвасдаа “Business.mn бизнес эрхлэгч, энтрепренэрүүдийн ажил, бизнестээ шинэ санаа, мэдлэг олж авдаг, туршлагаа хуваалцдаг талбар байх болно” гэж бичсэн. Энэ зорилтууд биелж сэтгүүл маань вэб сайт, подкаст, бизнесменүүдэд зориулсан цуврал сургалтаар бүл нэмлээ. Өөрөөр хэлбэл, business.mn брэнд платформ хэлбэрээр хүрээгээ тэлж, бизнес эрхлэгчдийн нэг удаа ороод гарах бус харин дахин захин зочилдог мэдлэгийн том өргөө болохыг зорьж байна.

Business.mn вэб сайт өнгөрсөн дөрөвдүгээр сард нээгдэж эдүгээ бизнес контент сонирхогч 125 мянган уншигчтай болоод байна. Үргэлж завгүй, тэр болгон сэтгүүл уншаад суух цаггүй бизнес эрхлэгчдэд зориулж “Бизнес цэнэг” подкастыг одоогоор 10 дугаар гаргаад байгаагаас нэг подкастын сонсогчдын дундаж тоо 3000-д хүрлээ. Мөн захирлууд, менежерүүдэд зориулж стратеги, санхүү, хүний нөөц, технологи, засаглал, маркетинг, менежментийн чиглэлээр “Бизнес цэнэг” цуврал сургалтыг сар бүр зохион байгуулж нийт 500 орчим бизнес эрхлэгч хамрагдаад байна.

2019 онд сэтгүүлд гарсан бас нэгэн том өөрчлөлт бол World Plus, Mplus хэмээх сүүлийн үед уншигч, сонсогчдын дунд моодонд ороод буй платформуудад Business.mn сэтгүүл цахим хэлбэрээр тавигдсан явдал юм. Ингэснээр сэтгүүлийн шинэ дугаарыг хэвлэгдсэнээс нь долоо хоногийн дараа цахимаар, өрөлт дэглэлтийн өвөрмөц шийдлээр унших боломжтой боллоо.

Түүнчлэн дижитал эриний бизнес эрхлэгч, энтрепренерүүдэд зориулсан сургалтын Karakorum.Digital сошиал сүлжээ нээгдсэнийг энэ дашрамд дуулгая. Энэ платформ нь бизнес эрхлэгчдэд сургагч багш, туршлагатай ментор, чиглүүлэгч нараас суралцаж, мэргэжлийн зөвлөгөө авч, тасралтгүй сургалтын онлайн сүлжээнд нэгдэж, хамтран ажиллах боломжоор хангах зорилготой юм.

2020 онд Business.mn сэтгүүлээс юу хүлээх вэ?

Бид сэтгүүлийнхээ агуулгад тасралтгүй сайжруулалт хийхийн зэрэгцээ зарим шинэ булангаар баяжуулах болно. Гарааны бизнec, Green Entrepreneur, Woman Entrepreneur, Франчайзинг, Манлайлагч, Эрүүл амьдрал, CEO бичиж байна гэх зэрэг буландаа бизнесийн сонирхолтой түүхүүдээ үргэлжлүүлэн бичнэ. Сэтгүүлийн зөвлөхүүд ч бас технологи, хүний нөөц, стратеги, санхүү, менежмент, маркетинг, засаглал зэрэг уламжлалт сэдвүүдээр цаг үе, бизнес эрхлэгчдийн хэрэгцээнд нийцсэн материалууд нийтэлсэн хэвээр байна.

Гэхдээ 2020 оны хувьд юун түрүүнд манай редакци “Захирлууд энэ сэтгүүлээс ямар шинэ зүйл мэдэж авах вэ?” гэсэн хэмжүүрээр агуулга бэлтгэнэ гэдгийг онцолж байна. Энэ нь сэтгүүлчид асуудлыг хөндлөнгөөс бус дотроос нь зүсэлтээр харуулж, гол нь бизнесмэнүүд, энтрепренэрүүдэд ойр контент бэлдэнэ гэсэн үг. Үүний зэрэгцээ “дижитал цунами”-д компаниуд яаж бэлдэх, хэрхэн тэнцвэрээ олж гүнд живэхгүй байх талаар байнга сануулах болно.

Мөн 2020 business.mn гар утасны аппликэйшн хэлбэрээр уншигчиддаа хүрэхээр төлөвлөж байна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Г. Даваадорж

Дэлхийн хэмнэлд хөтлөгч

Previous article

Ачааны хүндийг үүрэгч

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like