МенежментТоп нийтлэл

Ш.Нэргүй аялал жуулчлалд 40 жил: Одоо л миний оргил үе эхэлж байна

0

(Business.mn сэтгүүлийн 2018 оны тавдугаар сарын дугаараас)

Аялал жуулчлалын бизнес эрхэлнэ гэдэг салхин дор хөзрөн байшин босгохтой адилхан. Хүнийг тогтвортой ажиллуулах, хямд үнийн шуурганд хямарчихгүй байх, төрийн зохицуулалт байхгүй дүрэмгүй зам дээр осолдчихгүй амьд үлдэхийн тулд ихээхэн ур ухаан шаардана. Тэгвэл өршөөлгүй энэ салбарт 38 жил тасралтгүй, тогтвортой, бас ашигтай ажиллаж буй нэгэн хүний тухай энд өгүүлсү.

Ш.Нэргүй анхнаасаа л аялал жуулчлалыг “Амралтаараа зочин дагуулан хөдөө явж боодог идүүлж, наадам үзүүлдэг ажил” гэсэн ойлголтоос хол, үйлчилгээний салбарын мэргэжлийн хүний нүдээр харж, хөгжүүлж ирсэн. Түүнд гурван том баялаг бий. Хүн, байгаль дэлхий, үндэсний түүх соёл. Аялал жуулчлалын энэхүү гурван баганыг эн тэнцүү авч явсан нь түүний амжилтын үндэс юм.

“Үйлчилж” сурсан нь

Хүний үйл хэргийг “хүн-хүнтэй”, “хүн-техниктэй”, “хүн-текстэй” гэж ерөнхийлөн ангилдаг шинжлэх ухаан бий. Энэ гурвын эхнийхэд нь хамаарах үйлчилгээний салбар мөнгө, хөрөнгөнөөс илүү тэр чигээрээ хүний хүчин зүйлс дээр тогтдог ярвигтай ажил. Ш.Нэргүйн жинхэнэ ёсоор олон янзын хүнтэй ажиллаж эхэлсэн цаг үе бол 1981 он. Дөнгөж сургууль төгсөөд яамны захиалгаар ирсэн залууд Гадаадын Жуулчдыг үйлчлэх газрын хуучин дарга нар итгэл үзүүлэн Санхүү хэлтсийн орлогч даргаар томилж, хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өгөхдөө “За миний хүү сайн ажиллаарай” гэж хэлжээ. Үүнээс хойш тэр итгэл хэмээх зүйлийн үнэ цэнийг унагалгүй өдий хүрчээ.

Үзэл суртлын нөлөө хүчтэй байсан ч Гадаадын Жуулчдыг үйлчлэх газрынхан дипломатчдаас дутахааргүй мэдээлэлд ойр, гадаад ертөнцийн талаар илүү бодитой ойлголттой байсан баг юм. Социалист голдуу орноос ирсэн зочдод дээрээс өгсөн төлөвлөгөөний дагуу үйлчилж, сэтгэл дүүрэн буцаах нь тэдний хийдэг гол ажил байжээ.  

Улсын төсөвт ихээхэн хэмжээний валютын орлого өгдөг байсан дээрх газар 1990 онд “Жуулчин” гэдэг нэртэй болов. Энэ үеэс эхлэн Ш.Нэргүй, Г.Батсүх тэргүүтэй Жуулчин нэгтгэлийнхэн эх орноо гадаад ертөнцөд сурталчлах, үйлчилгээний салбарын олон улсын стандартыг Монголд нэвтрүүлэх зоригтой алхмуудыг хийж эхэлжээ. 1990 онд тэд “Holiday Inn” дэлхийн сүлжээ зочид буудлын менежментийг Чингис зочид буудал дээр хэрэгжүүлэхээр гэрээ байгуулж байлаа.  

1980-аад оны төгсгөл хүртэл Монголд ирсэн гадаадын жуулчдын гэрэл зургийн хальсыг цагдаа, хил, гаалийн байгууллагынхан шууд хурааж гэрэл цохиулан устгадаг байв. Тиймээс Ш.Нэргүй тэргүүтэй хүмүүс гадна, дотны жуулчид болон нийт ард иргэдэд зориулан орчин үеийн гэрэл зургийн компани байгуулж, “Кодак” гэрэл зургийн анхны төвийг 1990 онд байгуулав. Мөн жуулчдад зориулсан үндэсний бэлэг дурсгалын зүйлсийн төвлөрсөн худалдаа байхгүй байсан учраас хэсэг зураач, барималч, хатгамалч зэрэг уран бүтээлчидтэй хамтран “Жуулчин” нэртэй хоршоо дэлгүүрийг үүсгэсэн нь анхны бэлэг дурсгалын дэлгүүр болов.

Английн TTG Asia сонины 1990 оны нэгэн дугаарт “Монгол Улс Европын тавцанд анхны алхмаа хийлээ” гэсэн материал нийтлэгдсэн нь манай улс анх удаа олон улсын аялал жуулчлалын ITB Berlin үзэсгэлэнд оролцсон тухай байлаа. Удалгүй Берлинд Жуулчин компанийн төлөөлөгчийн газартай болж Баруун Европт эх орноо сурталчлах үүд хаалга нээгдэв.

Нөгөө талаас Азийн хөгжингүй орнуудын зах зээлд танигдах алхмууд хийж, 1990 онд япончуудтай хамтран анхны гадаадын хөрөнгө оруулалттай “Монго жуулчин тур”, Солонгостой хамтарсан “Монгол жуулчин” компани зэргийг байгуулж, эдгээр улсад Монголын соёлын арга хэмжээг зохиодог болов. Ийнхүү 1989-1995 онд Англи, Хонконг, Япон, Хятад, Солонгосын хөрөнгө оруулалттай таван компани, Япон, Солонгос, АНУ, Германд Монголоос хөрөнгө оруулсан дөрвөн компани байгуулжээ.

1991 онд Жуулчин нэгтгэл 10 орчим бие даасан хувьцаат компани болон задрав. Энэ үеэр Гадаадын Жуулчдыг үйлчлэх газрын зарим хуучин орчуулагч, хөтөч нар хувьдаа компани байгуулав. Ингэснээр Монголын аялал жуулчлалын салбар орчин үеийн дүр төрхтэй болжээ. Гэхдээ хамгийн туршлагатай, мэдлэгтэй, чадвартай удирдах баг Жуулчин ХК-д үлдсэний нэг нь Ш.Нэргүй байлаа.

Үүнээс хойш 2002 оныг хүртэл түүний нэр “анхны” гэсэн тодотголтой олон зүйлтэй холбоотой байв. Тухайлбал, анхны валютын дэлгүүр, анхны Бенз, Ниссан, Ланд круйзер машинууд, анхны чартер нислэгүүд, анхны хувийн зочид буудал болон нислэгийн компани, АНУ дахь анхны монгол компани, анхны япон хоолны газар гэх мэт 20 гаруй “анхны” зүйл хийж салбартаа жим гаргаж явав.

Тэрбээр салбарын компаниудын хамтын ажиллагааг хангахын тулд Монголын аялал жуулчлалын холбоог байгуулж, Аялал жуулчлалыг 1995-2005 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлуулжээ. Олон нийт орчин үеийн аялал жуулчлалын талаар ямар ч төсөөлөлгүй байхад тэр аялал жуулчлалыг цогцоор нь хөгжүүлэх алхмууд хийж байв. Ингэхдээ Монгол шиг өргөн уудам нутагтай газарт аялал жуулчлалыг бүх чиглэлд зэрэг  биш, харин тодорхой зах зээлийг сонгож аваад хөгжүүлэх хэрэгтэй гэсэн зарчим барьж байлаа.

Тэр Жуулчин компани гэдэг том айлын хаалгыг татан орсноос хойш тэнд 20 гаруй жил  ажиллахдаа аялал жуулчлал гэдэг ямар зорилго, утга агуулгатай вэ гэдгийг гүн гүнзгий ойлгож, асар их туршлагатай болсон байлаа. Ингэж тэр жинхэнэ “үйлчилгээний мэргэжилтэн” болсон юм.

Буулт хийж өсөх стратеги

2000-аад оны эхнээс “Жуулчин” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн дунд арга барилын зөрүү үүсч, цаашдаа хоёр хэсэг болон салах тал руугаа болжээ. Улмаар 2002 онд зарим томоохон хувьцаа эзэмшигч тусгаарлаж шинэ компани байгуулав. Ингээд 2004 он гэхэд “Нью жуулчин” болон “Жуулчин” хэмээх хуучин нэрээ хадгалж үлдсэн хоёр компани зах зээлд бий болсон байв.

“Нью жуулчин”-г санаачлан байгуулсан Ш.Нэргүйн дор дөрөвхөн хүнээс бүрдсэн баг үлдэж, урьдахаасаа илүү хөдөлмөрлөх хэрэгтэй болов. Зах зээлд танигдаагүй компани байсан учир олон жуулчин авчирна гэсэн хүлээлтгүй байв. Тиймээс үндэсний аялал жуулчлалын өвөрмөц бүтээгдэхүүнийг гадны зах зээлд танилцуулах зорилго тавьжээ.

Шинэ компанийг бэрхшээл зовлон анхнаас л мөшгөв. 2003 онд үйл ажиллагаагаа дөнгөж эхлүүлээд байтал САРС өвчин гарч төлөвлөсөн жуулчдаа авчирч чадсангүй. Дараа жил нь Монголд Хөгнө хаан уул, Элсэн тасархайн орчим Францын Континенталь компанийн удирдах ажилтнуудын дугуйн интенсив аяллыг зохион байгуулав. 250 орчим гадаадын зочин зэрэг оролцсон анхны олон улсын уг эвентийг хийхэд 50 жип машин хэрэгтэй болсон нь тухайн үедээ маш хэцүү ажлын нэг байв. Арга хэмжээнээс гурван хоногийн өмнө Ш.Нэргүй хоолны хордлогод орж, шүд зуун зүтгэж аялалаа эхлүүлсний дараа Улаанбаатарт нисдэг тэргээр эмнэлэгт хүргэгдэн ирж байжээ.

Гэхдээ түүнд нэгэн том давуу тал байсан нь шинэ компани байгуулан гарахад өмнө түүнтэй харилцаж байсан гадна, дотны түншүүд түүнийг сонгож, шинэ компанийнх нь хуучин хамтрагчид болов. Эндээс тэр түнш, найз нөхөд, танилуудынхаа итгэлийг алдаагүй байснаараа өөрийгөө “баян” хүн гэдгийг мэдэрчээ. Нөгөө талаас тусдаа гарч том өрсөлдөгчтэй болсон нь түүнийг улам хурцлав.

Анхнаасаа чанартай үйлчилгээ, илүү сайжруулсан бүтээгдэхүүн гэсэн зорилт тавьж, энгийн ярианы толь бичиг зохиохоос эхлээд ажлынхаа бүх талыг жижиг, том гэлтгүй аажмаар тордож явав. Хоёрдугаарт, алсдаа аялал жуулчлалын үйлчилгээг цогцоор нь хүргэх өөрийн сүлжээг бий болгох төлөвлөгөө боловсруулав.

Компанийн өмнө овоорсон ажлуудаас хамгийн ярвигтай нь шинэ аяллын бүтээгдэхүүн гаргах явдал байлаа. Эхлээд санаагаа судалж боловсруулна, дараа нь гадаадын компаниудад танилцуулна, бас дотоодын үйлчилгээний газруудтай тохиролцоно. Өөрөөр хэлбэл, Нью жуулчин, гадаадын компани, Монголын үйлчилгээний байгууллага нийлж байж сая нэг шинэ бүтээгдэхүүн бий болно. Үүнээс гадна, Монгол шиг байгалийн, зан заншлын, соёлын аяллыг зургаар тайлбарлаж ойлгуулах амаргүй учраас гадаадын компанийн төлөөлөгчдийг голдуу урьж авчран нүдээрээ харах боломжийг өгдөг. Энэ нь их зардал шаарддаг.

Нью жуулчин компани зах зээлд тэргүүлэх байр суурийн төлөө тэмцэлдэж байхад аялал жуулчлалын салбар төрийн бодлогогүй, олон яам дамжсан дүр төрх үргэлжилсээр байлаа. Аялал жуулчлалын компаниуд олноороо байгуулагдаж, олноороо дампуурч байв. Эм Си Эс, Буян, МАК зэрэг том компаниуд аялал жуулчлалын компани байгуулж байсан ч нэг л болсонгүй.

Бид жуулчдыг хямдхан авчраад ирсэн хойно нь бүгдээрээ нийлээд халаасыг нь хоосолж болно

Энэ бүхэн нь үйлчилгээний салбарын өөрийнх нь онцлогтой холбоотой байсан юм. Учир нь үйлчилгээ бол бүхнийг мөнгөөр шийдэж болдоггүй,  хүн гэдэг адармаатай нөөцөд үндэслэдэг маш өвөрмөц салбар. Аялал жуулчлалын бизнес нь цэвэр хамтын ажиллагаа. Нэг жуулчин авахад гучин ажлын байр идэвхиждэг буюу 30 өөр төрлийн байгууллага ажилладаг. Хамтын ажиллагаа сайн байх тусам аялагчийн сэтгэл ханамж өндөр. Харин үйлчилгээний чанар, уялдаа холбоо сул, үнэ өртгийн асуудал цэгцрээгүй Монголын нөхцөлд үр дүнтэй хамтран ажиллах, аялал жуулчлалын зах зээлийн тоглоомын дүрмээр тоглох бэрхшээлтэй. Энэхүү тоглоомын дүрэм нь “Жуулчныг хямдхан ирүүлнэ, ирсэн хойно нь бүгдээрээ нийлээд халаасыг нь хоосолно” гэсэн философитой. Гэтэл бид ирэхээс нь өмнө их мөнгө авах гээд байдаг учраас гадаадад монгол өндөр үнэтэй болчихдог. Хамтын ажиллагааг орчин үед зүгээр нэг уриа болгох биш, үндсэн логик утгаар нь ойлгож хэрэгжүүлэх шаардлагатай болсон. Энэ нь угаас уг салбарын компаниуд цаашид амжилттай явах бизнесийн зарчим болоод байна.

Гэвч үйлчлүүлэгчээ булаалдаж үнээ унагадаг Монголын дүрэм зах зээлийн бүх оролцогчдыг давжааруулдаг үр дагавартай. Ш.Нэргүй нь жуулчны бааз, зочид буудал, авто бааз, олон улсын билетийн касс гэх мэтийг нэгтгэсэн сүлжээ үйлчилгээ бий болгохыг зорьсон нь ч үүнтэй холбоотой.

Нөгөө талаас аялал жуулчлалын бизнест хурдан хугацаанд, их мөнгөөр амжилт гаргах гэсэн хүмүүс бүтэлгүйтэж байв. Тэд ихэвчлэн түнш, ажилчидтай холбоотой хүний нөөцийн нарийн асуудлуудыг орхигдуулдаг байж. Харин Ш.Нэргүйн өнгөрсөн хугацаанд олж авсан гол давуу тал нь хүний итгэлийг яаж алдахгүй байх уу, яавал сэтгэл ханамжтай байлгах уу гэдэг мэдрэмж юм.

Түүний ажил хэргийн арга барил нь зөөлөн. Тэрбээр аялал жуулчлалын бизнес хийж байгаа хүн хүлээцтэй, тэвчээртэй, уучлал гуйж чаддаг байж хүний итгэлийг олно гэсэн зарчимтай. Өөрийн зөв гэдгийг мэдэж байгаа цагт маргалгүй, харин ч зоригтой буулт хийдэг. Тиймээс шинэ түнштэй болохдоо нэлээн том буулт хийдэг. Харин нэгэнт сэтгэл, итгэлийг нь эзэмдээд авсан байхад үйлчилгээнийх нь амтанд орсон түнш үнэ өссөн байсан ч эсэргүүцдэггүй.

Аялал жуулчлалын бизнес бүтэлгүйтдэг дараагийн нэг шалтгаан  нь компаниуд социализмын үеэс уламжилж ирсэн аяллын хуучин бүтээгдэхүүнийг зүтгүүлээд байдагтай холбоотой аж.  Тиймдээ ч Ш.Нэргүй Нью жуулчин компаниа байгуулснаас хойш түрүүлж харна, түрүүлж хийнэ гэсэн амбицтай явж иржээ. “Монгол бол ерөнхийдөө сайхан” гэсэн ойлгомжгүй сурталчилгаанаас зайлсхийж, олон жилийн дадлага, туршлагадаа дулдуйдаж аяллын шинэ санаануудыг зоригтой хэрэгжүүлдэг байв. Үүнийгээ тэр үйлчилгээний салбарын хүн ингэж л ажиллах ёстой гэж тайлбарладаг.

Энэ мэт тэр туршлага, зарчим, арга барилын хүчинд аялал жуулчлал хэмээх хөзрөн байшин шиг хэврэг салбарт 38 жил тогтвортой ажиллаж яваа нь нэгэн төрлийн рекорд болж байна.  

Аавын бийд газар үзүүл

Монголчууд 2004 оны Афины зуны Олимпоос эхлээд захыг нь мушгиж, уухай хашгирах хөгжөөн дэмжигчидтэй болж, энэ наадмаас жудочин Х.Цагаанбаатар тасалдаад байсан олимпийн медаль авсан билээ. Афины цэнгэлдэх хүрээлэнд суусан Монголын хөгжөөн дэмжигчид нь улс орон зах зээлд шилжсэнээс хойш олон улсын жишгээр олимп үзэхээр тусгай байгууллагын үйлчилгээ авсан анхны тохиолдол байлаа.

Ш.Нэргүй 1990 оноос монгол бөхийг гадаадад сурталчилах зорилгоор спорттой ойр явсан бөгөөд 1994 онд “Жуулчин” бөхийг клубыг байгуулж байв. Энэ клубын сурагчид дундаас Асашюру Д.Дагвадорж, Харамафүжи Д.Бямбадорж зэрэг спортын одод төржээ. Нэгэн сонинд “Нэргүй жанжны тамирчид нэрд гарч байна” гэсэн нийтлэл ч гарч байв. Ер нь түүнд спортын чиглэлээр байгуулсан холбоо, клуб олон бий. Дартсын холбоо, Байт сурын харвааны холбоо, Жудо бөхийн холбоо гэх мэт.

2002 онд монгол тамирчид яагаад өөрсдийн гэсэн хөгжөөн дэмжигчидтэй  байж болохгүй гэж гэсэн бодол Ш.Нэргүйд төрж Олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга байсан Ц.Дамдин агсантай уулзаж хөгжөөн дэмжигчдийн Олимпийн аяллыг зохион байгуулах тухай ярилцжээ. Ингээд Олон улсын олимпийн хороонд материалаа явуулан, “Танай компаниар билет борлуулахад татгалзах зүйлгүй” гэсэн хариу авч, Олон улсын, Монголын, зохион байгуулагч орны олимпийн хороотой дөрвөлсөн гэрээ байгуулснаар Афин руу албан ёсны хөгжөөн дэмжигчдийг аялуулжээ.

Монголын аялал жуулчлалын компаниуд дундаас олимпийн билет борлуулах эрхтэй цорын ганц компаниар Нью жуулчин сонгогдсон түүхтэй.

ОУОХ-ны Хартын дүрэм ёсоор хоёр жилийн өмнө гэрээ байгуулж, жил хагасын өмнөөс билетээ борлуулдаг учир монгол хөгжөөн дэмжигчдээс урьдчилгаа мөнгийг авах гэхэд “Биднийг луйвардах нь” гэж хардаж байсан хөгжилтэй түүхийг Ш.Нэргүй ярьсан юм. Монгол компаниуд дундаас олимпийн билет борлуулах эрхтэй цорын ганц компаниар сонгогдсон нь Нью жуулчин компанийг олон улсад үнэлсэн, Ш.Нэргүйн нэр хүндийг харуулсан нэгэн тод жишээ болов. Үүнээс хойш өвлийн гурав, зуны дөрвөн олимп, гурван Хөлбөмбөгийн аваргад хөгжөөн дэмжигчид явуулаад байна.  

Монгол Улс олон улсын эдийн засаг, бизнесийн харилцаанд улам гүнзгий орохын хэрээр үүнийг дагасан аялал жуулчлалын цоо шинэ чиглэлүүд бий болж, Нью жуулчин компани ч тэдгээрийг хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, MICE буюу “Уулзалт, урамшуулал, хурал, үзэсгэлэн”-гийн аялал жуулчлал идэвхжиж, энэ чиглэлд Нью жуулчин компани мөн л анхны шан татаж, 2017 оны байдлаар 3000 гаруй хүнд үйлчилжээ.

2008 онд Ховд аймагт нарны бүтэн хиртэлт ажиглагдахад АНУ, Европын 150 орчим аялагчийг оролцуулж байв. Үүнээс хойш Зүүн хойд Азийн аялал жуулчлалын форум, Дэлхийн монголч эрдэмтдийн хурал, Дэлхийн яруу найргийн наадам зэргийг тус бүр хоёр удаа, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын хурал, Ази номхон далайн JCI байгууллагын их хурал, JP Морган банкны захирлуудын интенсив аяллыг тус бүр нэг удаа гэх мэтээр том арга хэмжээг амжилттай зохион байгуулж, MICE-гийн тал дээр мэргэшсэн байгууллага болов.

Яваандаа олон улсын байгууллагуудын Монгол дахь төлөөлөгчийн газар болон Засгийн газрын харьяа байгууллагууд аливаа том арга хэмжээ зохиохдоо Нью Жуулчин руу утасддаг болов. Тухайлбал, 2018 онд Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хурлыг Тэрэлжид зохион байгуулж тээвэр, бэсрэг наадам, зочид буудал, урлагийн тоглолт, өдрийн аялал зэргийг бүрэн хариуцаж ажиллажээ. Энэ арга хэмжээний зохион байгуулалт ХХААХҮЯ-ны дарга нарын сэтгэлд ихэд нийцэж талархлын бичгээр шагнав. Мөн Азийн хөгжлийн банк ямар нэгэн арга хэмжээ зохиохдоо Ш.Нэргүйд ханддаг болоод удаж байна. Энэ мэтээр дотоод, гадаадын том байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллаж байгаа нь энэ компани олон улсын болон үндэсний шаардлагыг биелүүлж чадаж байгаагийн илрэл аж.

Тус компанийн амжилттай хэрэгжүүлж буй аялал жуулчлалын өөр нэг бүтээгдэхүүн бол боловсролын аялал юм. Ямар ч мэргэжлийн хүн ижил мэргэжлийн туршлагатай хүнтэй уулзаж, суралцахдаа баяртай бөгөөд үүнд нь тусална ихээхэн буянтай ажил юм. Ш.Нэргүй 1990-иэд оны эхээр олон монгол иргэдийг Өмнөд Солонгост зуучилж байсан удаатай. Түүний тусламжтай Солонгос яваад ирсэн хүмүүс хожим уулзахдаа тэндээс бизнесийн санаагаа олсон тухайгаа ярьж, түүнд талархдаг байв. Ялангуяа, гоо сайхны чиглэлээр бизнесийн санаа олж, компаниа амжилттай авч яваа хүн цөөнгүй.

Ш.Нэргүй хожим энэ чиглэлийн аяллыг сэргээжээ. 2017 онд Багануур ХК-тай гэрээ байгуулж, “1100 ажилтан – 1100 санаа” төслийг хамтран хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд Багануур ХК-ийн ажилчдыг Японы All Nippon Airlines, Toyota, Nissan, Asahi зэрэг брэндийн үйлдвэртэй танилцуулан туршлага судлуулж, цогц сургалтуудыг авав. Одоогоор Багануур ХК 1000 гаруй ажилчдынхаа бараг талыг явуулаад байгаа бөгөөд ажлын бүтээмж, хандлага хоёр жилийн өмнөхөөс тэс өөр болсон байна. 

Онгон талын хүү

“Хүн амжилттай явахын тулд эх нутгийнхаа хөрсөнд бат зогсох ёстой” гэж нэг ухаантан хэлсэн байдаг. Ш.Нэргүй Сүхбаатарын дарьгангачуулын зургаан сумын нэг болох Онгон суманд төрсөн. Эдгээр суманд Өнөө хүртэл Дарьгангын өвөрмөц соёл түүх, зан заншил хадгалагдаж ирсэн ч түүхийн явцад гээгдсэн, мартагдсан зүйлс багагүй.

1990-иэд оны эхээр Ш.Нэргүй, яруу найрагч Г.Мэнд-Ооёо нар түүх соёл, ёс уламжлалаа хэвээр хадгалж үлдэх арга замын тухай үе үе яриа өрнүүлдэг байв. Удалгүй тэдний яриа ажил хэрэг болж Дарьгангад “Сувдан сондор” нэртэй соёл, шинжлэх ухааны аяллыг зохион байгуулжээ. Аяллаар урлаг, хэл судлал, түүхийн чиглэлээр олон баг эрдэм шинжилгээний судалгаа хийн үзэсгэлэн гаргаж, ном хэвлүүлж байв.

Хожим үүнээсээ үндэслэн “Ганга нуурын чуулган” хэмээх улам далайцтай аялал зохиодог болж, мартагдсан соёл, уламжлалыг сэргээх арга хэмжээнүүд хийж эхэлсэн нь Сүхбаатар аймгийн хувьд аяллын тун тохиромжтой бүтээгдэхүүн болсон юм.

Ш.Нэргүй 2004 онд хувийн компанитай болсны дараа соёлын эвентүүдийг улам том хэмжээнд зохион байгуулдаг болов. Жишээ нь, Монгол хувцасны олон улсын наадмыг Монгол, Буриад, Өвөр Монгол, Тувагийн төлөөлөгчдийн оролцоотой зохион байгуулж байсан нь хожим Дээлтэй Монгол өдөрлөгийн эхлэл болжээ. Мөн Чингис хааны морин цэргийн үзүүлбэр, Үндэсний найрал хөгжмийн өдөр зохиосон нь гадаадын жуулчдын нүдийг хужирлах содон эвентүүд байлаа. “Нью жуулчин” компанийн санаачилсан олон арга хэмжээнээс одоо жил бүрийн наймдугаар сард болдог Алтан наадам тогтмол явагдаж байна.

Одоогоор Ш.Нэргүй соёлын аялал жуулчлалын нэн сонирхолтой, цоо шинэ орон зайд хөл тавьж байна. Дэлхийн ард түмнүүд нэг мэдэхнээ олон улсын брэнд гэгчийн нөлөөгөөр хоорондоо дэндүү ижилхэн болсноо ойлгож, аялагчид алмайрал, гайхшрал, цоо шинэ зүйл эрэлхийлэх болжээ.  

Монголчууд нүүдлийн соёл иргэншлээ хадгалж үлдсэн хамгийн том төлөөлөгч учир байгалиас жинхэнэ кайф мэдрэх гэсэн мөнгөтэй хүмүүс аялахад тун тохиромжтой бүс нутаг болж, дэлхийн аялал жуулчлалын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монголыг заавал очих ёстой газрын жагсаалтад багтаадаг болов.

Тиймээс “Нью жуулчин” компани нутгийн иргэдэд түшиглэсэн аялал хөгжүүлж байна. Компани хэд хэдэн малчин өрхтэй хамтран ажиллаж монгол архи нэрэх, сүү цагаан идээ гаргаж авах технологийг жуулчдад зааж, хамтран туршиж байна. Мөн казах айлд зочлуулж, бөөгийн ёслолд оролцуулдаг. Гэхдээ ийм аяллыг зохион байгуулахдаа зөвхөн малчин айлаар ороод гаргах бус, жуулчин өөрийн биеэр нүүдэлчдийн ажлыг хийж мэдрэх боломжийг өгч байна. Ингэснээр нэг талаар гадны зочдод насан туршдаа хадгалах дурсамжийг бүтээж, нөгөө талаас малчдын орлогыг зузаатгаж байна. Жишээ нь, 2018 онд зургаан малчин айлтай хамтран ажиллаж тэдэнд 65 сая төгрөгний орлого оруулжээ.

Агнуулагчаас хамгаалагч

Социализмын үед гадны зочдоос өндөр төлбөр авч Монголд ан хийлгэх нь валютын орлого олдог томоохон эх үүсвэр байв. Нэг гадаад анчин дунджаар 50 мянган ам.долларын төлбөр төлж, аргал янгир голдуу агнадаг байсан бөгөөд хамгийн их нь 1988 онд 398 анчин ирж байжээ. Эдгээр валютын ачаар Монголын аялал жуулчлал 1978 онд анх удаа нэг сая.ам долларын орлого оруулжээ. Гэхдээ энэ түүх хөгжилтэй. Тэр жил Гадаадын жуулчдыг үйлчлэх газар нэг сая ам.доллар олох амлалтыг Засгийн газарт өгчээ. Гэтэл 10 дугаар сар болж жуулчны улирал дуусч, хүйтэрч эхлэхэд 970 мянган ам.доллар олж, 30 мянга дутаад байв. Тэгэхээр нь тус газрын дарга асан н.Цэрэн-Очир гэдэг хүн АНУ руу явж нэг анчин дагуулж ирснээр амласан орлогодоо хүрч байв.

Гэвч одоо манай улсад 50 мянган ам.доллараар агнуулах аргал, янгир ховор, харин 50 мянган ам.доллараар торгох шалтаг олон. Ш.Нэргүй Гадаадын жуулчдыг үйлчлэх газарт ажилладаг байхдаа засгаас тогтоосон нормын дагуу амьтдыг агнахад тусалдаг байсан бол 2000-оод оноос амьтдыг өмөөрөн хамгаалагч болсон юм. Улмаар 2005 онд нэн ховордсон Мазаалай баавгайг хамгаалах санг байгуулж, мазаалай хамгаалах хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлж, үндэсний хөтөлбөр хүртэл боловсруулан Засгийн газарт хүргүүлж байв. Мөн онд Ховор амьтдыг хамгаалах санг санаачилж, Төв болон Ховд аймагт төсөл хэрэгжүүлж байжээ. Энэ сангууд одоо ч тогтвортой ажилласаар буй.

Дэлхийн тавцан руу

Ш.Нэргүй дотооддоо аялал жуулчлалын тэргүүлэгч компани болно гэсэн зорилтондоо хэдийнэ хүрчээ.  Эдүгээ Нью жуулчин Турс нь өөрийн харъяа жуулчны бааз, зочид буудал, авто тээвэр зэрэг 10 гаруй охин компанитай групп болтлоо томорсон. 2018 онд 28 орноос 8094 жуулчин хүлээн авч 12.6 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Ялангуяа сүүлийн хоёр, гурван жилд компанийн ажил нэлээн амжилттай явж байгаа тухай Ш.Нэргүй ярилаа. Түүнээс компаниар сонин сайхан юутай байгааг асуухад “Бид томоор сэтгэж, томоор төлөвлөж, томоор хөдлөх төлөвлөгөөтэй байгаа” гэж байлаа.

Үндэсний том компани болж чадсан ч үүнээс цааш явахын тулд түүний өмнө бий болсон ээлжит том сорилтуудыг давах хэрэгтэй. Монгол компаниуд саяхныг хүртэл аялал жуулчлалын аюулгүй байдалд гойд анхаарч ирээгүй нь орчин үеийн чиг хандлагад нэгэнт нийцэхээ байжээ. Ш.Нэргүй ч бас монгол зангаараа болно, бүтнэ гэж явах боломжгүй болж, дэлхийн компаниудтай хамтарч, дэлхийн зах зээлд танигдахын тулд энэ талын олон улсын стандартыг компанидаа нэвтрүүлж эхлээд байна. Олон улсын аялал жуулчлалын байгууллагууд “Та энэ хүний эрүүл мэнд, амь насыг хариуцаад явахад бэлэн үү” гэж асуудаг болж, аялал жуулчлалын компаниудад маш том хариуцлага ногдож байна.

Ямар ч мэргэжлийн хүн ижилхэн ажил хийдэг туршлагатай нэгнээсээ суралцах том хэрэгцээ хэзээд байдаг. Нью жуулчин турс аюулгүй байдлын чиглэлд бусдаас илүү байхын тулд холбогдох яамнаас ХААБ-ын сургалтын эрх авсан бөгөөд гадна, дотны түншүүдтэй зориулан сургалтууд хийж байгаа нь үйлчилгээний салбарын компаниудад ихэд таалагдаж нүдээ олсон ажил болов. Энэ нь бас л Ш.Нэргүйн анхдагч байх тэмүүлэлтэй холбоотой.

Үүний зэрэгцээ томоохон үйлдвэр, аж ахуй нэгжүүдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны мэргэжилтнүүдэд чиглэсэн ХЭМАБ-ын сургалт хөгжлийн аялал гэсэн аяллын шинэ бүтээгдэхүүн гаргажээ. Ийм  аялал дээр мэргэжлийн холбоотой хамтран улсын үйлдвэрийн томоохон газруудын хэдэн зуун мэргэжилтэнг хамруулсан тун үр өгөөжтэй ажил болжээ. Үүнтэй зэрэгцүүлэн сүүлийн жилүүдэд ХЭМАБ-ын олон улсын ONSAS 18001 стандартын шаардлагуудыг нэвтрүүлж эхэлсэн нь Ш.Нэргүйн дэлхийн зах зээлд хөл тавих бэлтгэлийн нэг хэсэг нь юм.

Дараагийн том сорилт бол аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн гаргах. Шинэ зүйл хийхэд орчин үед хамтын ажиллагаанаас чухал зүйлгүй. Харин Монголд энэ амаргүй. Гэсэн ч Нью жуулчин турс компани өмнөх шигээ бүгдийг өөрөө хийхээс илүү аливаа ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч, салбартаа хамтын ажиллагааг хөгжүүлэгч, холбогчийн үүрэг гүйцэтгэх нь их болжээ. Жишээ нь, дугуй, мотоцикл, авто, шувуу гэх мэт тусгай аяллыг хийхдээ мэргэжлийн компаниудад ханддаг болсон нь аялал жуулчлалын салбарын өнөөгийн чиг хандлага юм. Мөн орчин үеийн технологи, менежментийг гадна, дотны зөвлөх компаниудтай хамтран нэвтрүүлж байна.

Гурав дахь том сорилт нь аялал жуулчлалын мөнхийн асуудал болох хүний нөөц. Энэ салбарын хүний нөөц маш өвөрмөц бөгөөд эмзэг. Нэг менежер ажлаасаа гарахад түүнд зааж өгсөн бүхэн, тэр хүнээр дамжсан харилцагч, үйлчлүүлэгчид хамт гараад явчихдаг. Ахиад шинэ хүн бэлдэхэд багадаа 2-3 жил ордог. Харин үйлдвэрт бол тоног, төхөөрөмж нь үлдэнэ. Эсвэл тухайн хүн нэг компанид хэдэн жил ажиллаж туршлага суунгуутаа тэндээсээ гараад өөрөө компани байгуулчихдаг тохиолдол олон.

Хүний нөөцийн тал дээр илүү найдвартай байхын тулд Нью жуулчин гурван жилийн өмнө Голландын засгийн газартай хамтраад ур чадварын төв байгуулж, аялал жуулчлалын компаниуд анх удаа Мэргэжлийн боловсролын эрх авсан. Энэ нь дэлхийн зах зээлд гарахад хоёр дахь бэлтгэл ажил нь юм.

Ажилтны итгэлийг хэрхэн олж, тогтвортой ажиллуулах вэ гэдэг нь компани болгоны толгой өвтгөсөн сэдэв  болдог.  Гэхдээ Нью жуулчингийн хувьд нэг ялгарах онцлог нь хүний нөөц харьцангуй тогтвортой, оролт гаралт багатай явсаар ирсэн. Ялангуяа топ удирдлагууд тогтвортой учраас, компанийн бодлого ч савлаад байдаггүй. Энэ нь бас л Ш.Нэргүйн хүнтэй ажиллах арга ухаантай холбоотой. Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээлд гарах нүсэр ажлын хүрээнд хүний нөөцөө эрс зузаатгаж, 2019 онд л гэхэд орон тоогоо 40 хувиар нэмээд байна. Энэ компани ажилчдаа голдуу оюутан байхаас нь сургаж бэлддэг уламжлалтай. Тэдгээр нь дараа дэвшээд менежер болдог. Өнөөдөр нийт менежерийн 70 хувь нь ийм хүмүүс байдаг аж. Шууд сайн хүн олно гэдэгт тэр угаас итгэдэггүй бөгөөд шинэ хүнд шууд өндөр шаардлага тавихын оронд эхний хоёр жилийг дасгах, сургахад зарцуулна. Социализмын үед олон хүнийг сургаж байсан туршлага нь “сайн ажилтан” гэдэг нь хэтэрхий бэлэнчилсэн ойлголт, харин зөв, тохирсон ажлыг нь хийлгэх чухал гэдэг зарчмыг суулгаж өгчээ.

Тухайн хүний сонирхсон зүйлийг нь мэдэхгүй байж сайн ажиллуулна гэдэг хүндрэлтэй.

Нэг үгээр хэлбэл, хүний нөөцийн талд ч тэр зөөлөн стратеги хэрэгжүүлдэг. Энэ нь бас үйлчилгээний салбарын хүнд байх ёстой зан чанар гэж тэр үздэг. Түүнээс гадна, үйлчилгээний салбарын хүн өөрөө тухайн технологийг мэдэхгүй байж тэр мэргэжлийн хүмүүсийг удирдана гэж байхгүй гэсэн зарчимтай.  Тиймээс хүнийг ажилд авахдаа шаардлага тулгахаас илүү хүн гэдэг талаас нь ойлгохыг хичээдэг. Буулт хийлээ гээд, зөөлөн байлаа гээд түүнд алдсан зүйл байсангүй. Харин олсон нь их.  Эхний 10 орчим жил би бүгдийг нь босоо тогтолцоогоор удирддаг байсан бол одоо менежерүүддээ илүү  эрх мэдэл, итгэл өгдөг болжээ.

“Мэдээлэлд ойрхон байж, түүндээ дүн шинжилгээ хийж чаддаг байсан болохоос би мундаг эдийн засагч биш шүү дээ. Миний амжилт бол ердөө миний хамт олон. Баггүй ганцхан мундаг дарга байгаад бүтэхгүй” гэж даруухан ярих Ш.Нэргүйн аялал жуулчлалын салбарт хийж, хэрэгжүүлсэн нь хэдэн боть ном болохоор түүх юм. Тиймээс ч “Үйлчилгээний гавьяат ажилтан” гэдэг цолыг төрөөс өгчээ. 40 шахам жил нэг салбарт ажиллаж, хүн голдуу үр хүүхэддээ бизнесээ өвлүүлж, гавьяаны амралтанд гарах тухай ярьдаг. Гэвч тэр “Одоо л миний оргил үе эхэлж байна” гэж хэлсэн юм. Учир нь түүнд эх орноо, хамт олноо дэлхийн тавцанд таниулах өөртөө өгсөн амлалт бий. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Г. Даваадорж

Энтрепренершипийг хэрхэн аврах вэ

Өмнөх нийтлэл

Энэ сард болох арга хэмжээ

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.