Макс Группийн сургалт хөгжлийн менежер,

Зөвлөх, Сургагч багш Г. Батханд зөвлөж байна

 

Аливаа бизнес орцыг оновчтой, үр ашигтай байдлаар удирдан хүссэн гарцыг гаргах замаар үйл ажиллагаагаа явуулдаг. Бизнесийн байгууллага дахь ХҮН-КАПИТАЛ-ТЕХНОЛОГИ, САНХҮҮ гэх мэт нөөцүүдээс ХҮН бол байгууллагын амжилт, хөгжилд хамгийн их нөлөө бүхий гол нөөц мөн.

Хүн гэдэг нь байгууллагын ажилтан, байгууллагын иргэн. Ажилтан бол чадвар потенциаль нь хэзээ ч шавхагддаггүй, тасралтгүй хөгжиж өөрчлөгддөг.  Мөн байгууллагад боломжийг бий болгохын зэрэгцээ бас эрсдлийг бий болгож байдаг.

Бизнесээ томруулъя, байгууллагаа хөгжүүлье гэвэл ажилтнаа хөгжүүлэхээс гадна ажилтныхаа хандлага, байгууллагадаа, ажилдаа сэтгэлтэй болгох тал дээр нь анхаарах цаг болсоныг аль ч түвшинд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байгаа.

Орчин үед байгууллагууд “Engaged employee” буюу ажилтныг байгууллагад нь дурлуулах, сэтгэлийг нь татах, тогтоох бодлогыг хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааныхаа нэг хэсэг болгон хэрэгжүүлж байна.

Байгууллага, компани зөвхөн хүнийг ажиллуулаад цалин хөлс өгөхөөс гадна сургаж, хөгжүүлдэг “СУРГУУЛЬ” эерэг өөрчлөлт рүү хөтөлж, амьдралыг нь өөрчилж, шинэ шинэ боломжуудыг нээж өгдөг “БУЯНЫ БАЙГУУЛЛАГА” юм.

Харин энэ бүхнийг ажилтан тань хэр сайн ойлгодог вэ?

Ажилтан байгууллагынхаа өөрт нь зориулж байгаа хөрөнгө оруулалт, үнэ цэнийг ойлгож гэмээ нь байгууллагаа илүү их хайрлан, түүний төлөө гэсэн сэтгэлээр ажиллах боломжтой.

Компани, Ажилтан хоёрын харилцаа маш тодорхой байх ёстой. Бие биедээ юу өгч байгаа нь, харилцан ямар үнэ цэнийг бүтээж байгаа нь маш тодорхой байх ёстой. Байгууллага, Ажилтан хоёрын хооронд “хайрын” харилцаа байдаг бөгөөд байгууллагаа хайрлах сэтгэл ажилтан бүрт байдаг гэдэгт би итгэдэг.

Ажилтан тэр хайраа яагаад сайн илэрхийлэхгүй байна, эсвэл хэрхэн илэрхийлэх аргаа мэдэхгүй байна уу?

Компанийн эзэд өнөөдөр ажилтнуудаасаа эерэг хандлага, чин сэтгэлээсээ ажиллахыг л хүсээд байдаг атлаа хэрхэн сэтгэлтэй болгох тал дээр бага анхаардаг.

Судалгаагаар өнөөдөр монгол ажилтны нэг өдрийн хөдөлмөрийн бүтээмж 40,3 хувьтай гарч байгаа нь маш хангалтгүй үзүүлэлт бөгөөд үүнд хоёр тал, өөрөөр хэлбэл компанийн удирдлага, ажилтан аль аль нь буруутай.

Буруутгах хамгийн эхний шалтгаан компани, ажилтан хоёрын харилцаа анхнаасаа тодорхой биш, хоёр дахь шалтгаан нь компани өөрийн соёлд таарах ажилтнаа аваагүй, гурав дахь шалтгаан компанийн бизнесийн үнэт зүйлс тодорхой биш, дөрөв дэх шалтгаан компани ажилтандаа ажилдаа, байгууллагадаа сэтгэлтэй хандах хандлагыг зааж өгөөгүйд байгаа юм.

Компанид ур чадвартай, туршлагатай ажилтан хэрэгтэй ч түүнтэй зэрэгцээд эерэг хандлагатай, сэтгэлтэй ажилтан хэрэгтэй.

Компанид сайн ажилтан, сэтгэлтэй ажилтан гэх хоёр төрлийн ажилтан байдаг.

Сайн ажилтан:

  • Өөрт оногдсон ажлаа сайн хийдэг,
  • Бүтээмж өндөр,
  • Санаачлагын хүрээ бага, сайн ҮЙЛДЭГЧ
  • Үүрэг даалгавар сайн биелүүлдэг,
  • Өөрт тохиолдсон боломжоос буцдаггүй,
  • Head-hunting-д амархан өртөмтгий,
  • Байгууллагынхаа талаар сэтгэгдэл нь янз бүр байдаг,

Сэтгэлтэй ажилтан:

  • Өөрт оногдсон ажлаа төгс хийхээс гадна өөртөө ажлыг бий болгодог,
  • Ажилдаа өөрийгөө 100% зориулж бүтээмж өндөртэй ажилладаг,
  • Бүтээлч хандлагатай,
  • Үүрэг даалгаврыг биелүүлэхдээ өөрийн шилдэг санааг тусгадаг,
  • Өөртөө болон байгууллагадаа үнэнч сэтгэлээр ханддаг,
  • Өөрт тохиолдсон боломжийг өөрийн удирдлагуудад танилцуулж зөвшилцөж зөв шийдвэр гаргадаг,
  • Head-hunting-д амархан өртдөггүй, ямар ч ашигтай гэх саналд ул суурьтай ханддаг,
  • Байгууллагын нууцлалыг чанд барьдаг,
  • Ажлынхаа бүхий зүйлд сэтгэлээсээ ханддаг, жинхэнэ СЭДЭН ҮЙЛДЭГЧ

Сэтгэлтэй ажилтан бусад ажилтныг бодвол ажлаас гарах магадлал 25% бага, ажил дээрээ алдах гаргах магадлал 60% бага, бусадтай харьцуулахад бүтээмж нь 18%-иар их, сэтгэлтэй ажилтантай байгууллагын харилцагч, хэрэглэгчдийн сэтгэл ханамж 37%-иар илүү өндөр байдаг тухай судалгаа бий.

Сэтгэлтэй ажилтнууд байгууллагадаа дээрхээр хязгаарлагдахгүй өндөр үр дүн, үнэ цэн өгч байдгийн нэг жишээ нь тэдний ЁС ЗҮЙТЭЙ байдал юм.

Сэтгэлтэй ажилтнаас л үнэнч шударга, ёс зүйтэй зан чанар үйлдэл бүрт нь илэрдэг. Хүний нөөцийн салбарт ажиллах хугацаанд миний олж харсан, бас сэтгэл эмзэглэдэг зүйл бол ажилтнуудын ёс зүйгүй байдал болон аливаад хоёр сэтгэлээр хандах явдал.

Компанийн эзэн, удирдлагуудын оюуны болон сэтгэлийн хүчээ зориулан олж ирсэн хөрөнгө, бүтээсэн баялагийг хөгжүүлээд улам үнэ цэнэтэй болгоод явах, аль эсвэл баллаж орхих нь Ажилтан л байдаг.

Тиймээс компанийн эзэн та хол явъя гэж хүсэж л байгаа бол ажилтнуудаа байгууллагаа, ажлаа гэх сэтгэлтэй болго. Яаж гэж үү?

Компанийн удирдлага, үүсгэн байгуулагч та:

  • Компанийн соёлд таарах хүнийг ажилд ав
  • Компанийн тань эрхэм зорилгыг ойлгож түүнд хувь нэмрээ зориулах хүсэл тэмүүлэлтэй хүнийг ажилд ав
  • Компанийн үнэт зүйлсийг өөрийн үнэт зүйлстэй нэг шугам дээр тавьж чадах хүнийг ажилд ав.
  • Ажилтнуудаасаа бүтээмж, үр дүнг шаардахаасаа өмнө хэрхэн ажилдаа сэтгэлээ зориулж ажиллах талаар хичээл заа, мэдлэг олго. Захирал та өөрөө энэ хичээлийг зааж болно. Тэгвэл улам л үнэ цэнэтэй болно. Японы Dentsu корпорацийн ерөнхийлөгч Тадаши Иши компанийнхаа ажилтнуудад “Ажилдаа хэрхэн сэтгэлээсээ хандах тухай 12 зарчим”-ыг өөрийн биеэр заадаг нь компанид юу чухал вэ гэдгийг илэрхийлж байна.
  • Ажилтандаа “Ажил бол урамшуулал авах хэрэгсэл биш ажилтай байгаа минь урамшуулал” гэсэн талархах хандлагыг бий болго.
  • Компанид тань хэдэн COP /cost only person/ буюу “зөвхөн зардал гаргадаг” ажилтан байгааг олж тогтоо, тэднээсээ сал. Учир нь компани СОР ажилтныхаа өмнөөс оффисын талбайн зардал, цалин, өдрийн хоол, унаа, бусад нэмэлт хөнгөлөлт, тог, усны зардлыг сар бүр төлдөг. Эдгээрээс ажил хугацаандаа бэлэн болоогүйгээс үүссэн харилцагчийн сэтгэл ханамжгүй байдал, хамтран ажиллагчдын сөрөг мэдрэмж байгууллагын өөдлөн дэвжих замд маш том саад болж, заримдаа бодит хохирлыг ч учруулдаг.

Сэтгэлгүй болон ажилдаа дундуур сэтгэлээр ханддаг ажилтнуудыг таних амархан. Тамхи татахад зориулж байгаа цаг хугацаа, үдийн цайны цагаа тогтмол хэтрүүлэх, ажлын цагаар утсаар хувийн яриандаа хязгаар тавьдаггүй байдал, интернет, цахим орчинд байнгын идэвхитэй байдаг цаг хугацаа, ажилдаа гаргасан алдаагаа давтан гаргадаг, ажилдаа зөвхөн гүйцэтгэгчийн түвшинд ханддаг, ямар нэгэн санаачилга гаргахгүй, ажлынхаа үнэ цэнийг өсгөхийн тулд санаачилгаараа өөрийгөө хөгжүүлэхгүй байгаа бол тэр сэтгэлгүй ажилтан. Компанидаа, ажилдаа сэтгэлтэй хандана гэдэг зөвхөн гоё ярих биш сэтгэлээ зориулж, биеэр хийх үйлдэл юм.

Компанийн эзэд өнөөдөр ажилтнуудаасаа эерэг хандлага, чин сэтгэлээсээ ажиллахыг л хүсээд байдаг атлаа хэрхэн сэтгэлтэй болгох тал дээр бага анхаардаг.

Ажилтан ажлынхаа ач холбогдол, өөрийнх нь амьдрал, хувийн өсөлт хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг дараах байдлаар:

  • АЖИЛ бол миний зорилгодоо хүрэх шат
  • АЖИЛ бол миний амьдралын баталгаа
  • АЖИЛ бол миний санхүүгийн эрх чөлөө
  • АЖИЛ бол миний ертөнцийг таних хил хязгааргүй аялал
  • АЖИЛ бол миний хөгжил дэвшлийн түлхэх хүч гэж ойлгодог бол өөрийн нөөц боломжоо шавхан ажилладаг.

Танай компанид сэтгэлтэй ажилтнууд олон байх тусмаа хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн багасана, хэрэглэгч, харилцагч нарын сэтгэл ханамж өндөр байна, компанид шинэ санаачлагууд ундарсаар, та байхгүй ч ажил хэвийн явагдана. Хамгийн сайхан нь таны бүтээсэн брэндингийг улам гялалзуулна.

Ажилтнуудаа компанидаа,  ажилдаа сэтгэлээсээ хандаасай гэж хүсэж байгаа бол удирдагч таны ажилтнууддаа хэлдэг үг, хийдэг үйлдэл, зориулдаг сэтгэл хамгийн чухал нөлөөтэй.

Өнөөдөр Монголын төрийн ба хувийн хэвшлийн байгуулага, компаниудын бүх ажилтан юу юунаас илүү “Ажил бол урамшуулал авах хэрэгсэл биш, ажилтай байгаа минь өөрөө урамшуулал” гэсэн сэтгэлгээтэй болж, хийж байгаа ажлынхаа бусдад өгөх үнэ цэнийг ойлгодог болвол энэ их шилжилт хөдөлгөөн, ажлын байрны стресс бухимдал, үл ойлголцол, бүтээмжгүй байдал багасах нь гарцаагүй.

Хөрөнгө оруулалт байгууллагын хөгжлийг хөдөлгөх хүч ч гэсэн чин сэтгэлтэй, ёс зүйтэй ажилтнуудынхаа хүчээр компани хөгжлөө бүтээнэ.

Компани хямралыг сэтгэлтэй ажилтнуудынхаа хүчээр давна. Энэ мэтчилэнгээр сэтгэлтэй, ёс зүйтэй ажилтнууд байгууллагадаа хэмжиж баршгүй их үнэ цэнийг бүтээдэг.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (7 votes, average: 4.57 out of 5)
Loading...
Бизнес сэтгүүл

Энэ сард болох арга хэмжээ

Previous article

Алдаандаа шаналахаа хэрхэн болих вэ

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like