Нарны гүүр орчим дахь буйдхан орон зайд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид төвлөрсөн хэн ч анзаарамгүй хэсэгхэн газар бий. Орчин үеийн орон сууцны хороололтой зэрэгцэн байрлах хуучин барилгын нэг давхраас цахилгаан хөрөөний шунгинах дуу сонсогдож, агаарт модны үртэс бужигнах нь энд ажил хэрэг эрчтэй өрнөж буйг илтгэнэ. Бичил үйлдвэрийн том, жижиг машинууд дор бүрнээ хүнгэнэн дуугарах нь тэд ч бас завгүй гэдгээ илтгэх мэт. Хаалган дээрээ “Magic Design” гэх даруухан хаяг хадсан энэ компанийнхан удахгүй нүүж, хотоос зайдуу өөрийн гэсэн үйлдвэрийн байранд төвхнөхөөр зэхжээ.

Өнгөрсөн онд Швейцарийн SECO стартап сан (SSF) –аас санхүүжилт авч, 50 мянган швейцарь франк (134 орчим сая төгрөг) халаасалж чадсан Д.Эрдэнэсайхан, гэргий Ч.Эрдэнэчимэгийн хамт компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэхээр ханцуй шамлан зүтгэж эхлээд байна.

Цэцэрлэгийн анги, танхимд зориулж эрүүл мэндэд хоргүй, авсаархан, өнгө, загвар сайтай олон төрлийн модон эдлэл, тавилга голчлон үйлдвэрлэдэг “Magic Design” нэртэй цомхон баг хамгийн сүүлийн тооцоогоор хот, хөдөөгийн 300 гаруй цэцэрлэгт бүтээгдэхүүнээ нийлүүлжээ.

Ердөө жил гаруйн өмнө л тэд ачааллаа дийлдэггүйгээс нийт захиалгынхаа тал хувийг л авдаг байсан бол өдгөө бүх захиалгаа хэдхэн хоногт багтаан харилцагчдадаа хүлээлгэн өгч буй. Тодруулбал, үйлдвэрээ бүхэлд нь шинэчилж, хүчин чадал багатай, хуучин “туслах”-уудаа Итали улсын нэн шинэ үеийн тоног төхөөрөмж, машинаар сольж, бүрэн автоматжуулснаар өмнө нь нэг цагт гүйцэтгэдэг байсан ажлаа 25 минутад л амжуулах болжээ. Мэдээж хэрэг үүнийгээ дагаад тус компанийн борлуулалт ч эрс нэмэгдээд байна.

 

“Magic Design” компани бүтээгдэхүүнээ төрөлжүүлж, цэцэрлэгийн тавилгаас гадна хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх цэвэр модон тоглоомууд хийхээр төлөвлөжээ.

“Хөрөнгө оруулалт авснаар тоног төхөөрөмжийн хүчин чадал хангалттай хэмжээнд хүрсэн. Хувиар тооцвол бараг 70-80 хувьд хүрсэн болов уу. Тоног төхөөрөмжийн хувьд бүрэн автоматжиж, аюулгүй ажиллагаа сайжирсан” хэмээн Ч.Эрдэнэчимэг сэтгэл хангалуун өгүүлсэн бол тус компанийн гүйцэтгэх захирлын албыг нугалж буй Д.Эрдэнэсайхан “Бид жилийн тодорхой үед захиалгагүй болчихдог байсан бол одоо захиалгадаа дарагдаад амрах ч завгүй ажиллаж байна. Ер нь амрах тухай ч бодогдохоо больсон” гэж хэлсэн нь ганцхан жилийн дотор бизнесээ хасахаас нэмэх цэнэг рүү шилжүүлж чадсан тэдний хөдөлмөрийн үр шим гэлтэй. Өнгөрсөн хугацаанд “Magic Design” компани багаа ч өргөжүүлж, үйл ажиллагаагаа ч тэлж чаджээ.

Асар богино хугацаанд бизнесээ өргөжүүлж чадсан “Magic Design” компани гадаадын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахаар онилж эхэллээ.

Хөгжиж буй орнуудад тодорхой хугацааны дараа эргэн төлөх нөхцөлтэйгөөр жилийн маш бага хувийн хүү санал болгодог дээрх санхүүжилтийг олгох ажлыг Швейцарийн эдийн засгийн хэрэг эрхлэх газраас анх санаачилжээ. Энэ хүрээнд SECO стартап сан байгуулагдаж, Индонези, Вьетнам, Бангладеш, Мьянмар, Балба зэрэг нэр заасан цөөн улсын гарааны бизнес эрхлэгчдээс сонгон шалгаруулж, 500 мянга хүртэлх швейцарь франк (CHF) -ийн санхүүжилтийг олгож эхэлсэн байна. Эхний шатны хөрөнгө оруулалтаа заасан тодорхой хугацаанд амжилттай эргэн төлсөн тохиолдолд дараагийн шатны санхүүжилтийг авах боломж нээгддэг нь стартапуудын хувьд нэг төрлийн сорилт болж, бизнесээ хурдан цэцэглүүлэхэд үр нөлөө үзүүлдэг аж. Гэхдээ тус сангаас гаргасан нэр бүхий цөөн улсын жагсаалтад Монгол Улс нэлээд хожуу буюу 2017 онд л багтах болжээ. Багагүй хүч хөдөлмөр шингэсэн энэ ажлыг Д.Эрдэнэсайханы эгч Н.Батчимэг нугалжээ. “Magic Design” компани анх байгуулагдахад хөрөнгө оруулж байсан тэрбээр Япон болон Швейцарь улсад өндөр боловсрол эзэмшиж, эцэст нь Швейцарийн Цюрих хотод суурьшиж, UBS банкинд ажиллан амьдралынхаа багагүй хугацааг хилийн чанадад өнгөрүүлж буй нэгэн. SECO стартап сан санхүүжилт олгох компаниуддаа дор хаяж гурван жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх, зээлдэгч тал эсвэл тухайн стартапийн хөрөнгө оруулагчдаас хамгийн багадаа нэг хүн Швейцарьт оршин суудаг байх зэрэг шаардлагыг тавьдаг талаар тэр хуваалцлаа.

 Үндэсний онцлогийг илүүтэй шингээсэн тоглоомууд үйлдвэрлэн экспортод гаргах нь “Magic Design”-ийн цаашдын төлөвлөгөөний нэг хэсэг.

“Magic Design” компанид санхүүжилт авахад тулгарсан гол сорилт нь Монгол болон Швейцарийн нийгмийн хөгжил, бүтэц зохион байгуулалтын ялгаатай талыг тус сангийн ажлын хэсэгт ойлгуулах явдал байжээ. Монголд улсын цэцэрлэгийн тоо хувийнхаас олон ба тэдгээр цэцэрлэг төрөөс санхүүждэг бол Швейцарьт ихэнх цэцэрлэг хувийнх байдаг. Тиймээс швейцарьчуудад зориулан төсөл бичиж байхдаа санхүүжилтийн хэмжээ болон бодит эрэлт хэрэгцээний хоорондын зөрүүг тайлбарлах шаардлагатай тулгарчээ. Түүнчлэн дэд бүтцийн шийдэлгүй баригдсан хотхон, байрнууд ихэссэнээс цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй болсны дээр орон нутгаас хот руу чиглэсэн урсгал нэмэгдсэн, мөн хүн амын өсөлтөөс шалтгаалж, цэцэрлэгийн насны хүүхдийн тоо өссөн  зэрэг хүчин зүйлийг төсөлдөө тусгаж өгсөн байна. Үүнийг дагаад Монголд ойрын жилүүдэд олон цэцэрлэг нэмж баригдах төлөвтэй байгааг тодотгож өгөхөө тэд мартсангүй.  Өөрөөр хэлбэл, тус компани эрэлттэй бизнес эрхэлдгээ баталж, энэхүү санхүүжилтийг авч чадсанаар бизнесээ өргөжүүлэх томоохон алхмуудыг хийх боломж бүрдсэн байна.

“Бид SECO стартап сангийн хөрөнгө оруулалтыг авсан анхны монгол бизнес эрхлэгчид болсон. Хэрэв төлөвлөгөөнийхөө дагуу бүх ажлаа гүйцэтгээд явбал дараа дараагийн удаа тэдэнд хандах нутаг нэгт бизнес эрхлэгчдэд маань өргөн боломж нээгдэх юм билээ. Тиймээс болж өгвөл  хугацаанаас нь өмнө хөрөнгө оруулалтаа эргүүлэн төлчих юм сан л гэж бодож байна” хэмээн Д.Эрдэнэсайхан ярьж байна. Хэрэв тэд шинэхэн үйлдвэрийн байраа ашиглалтад оруулж, тэндэх үйл ажиллагаагаа тогтворжуулбал дараагийн шатны хөрөнгө оруулалтаа авах эрхтэй болох юм.

“Magic Design” компани манай улсын зах зээлд давамгайлж буй эрүүл мэндийн шаардлага хангаагүй импортын хуванцар бүтээгдэхүүнийг орлох өндөр чанартай, эко бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэж буй цөөхөн аж ахуйн нэгжийн нэг гэдгээрээ онцлог. Герман технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, дэлхийд нэр хүндтэй EGGER брэндийн OSB буюу Европын орнуудад ашигладаг E1 стандартад нийцсэн хавтан болон цэвэр байгалийн гаралтай түүхий эдээр тэд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж буй. Үйлдвэрийн хаягдал барагтай гардаггүй ч багасгах үүднээс жижиг хаягдлуудаа ашиглан зөгийний үүр хэмээн нэрлэсэн зургаан талт тавиурыг урлаж, захиалагчдадаа бэлэглэж эхэлжээ. Тэд номын тавиур, шүүгээ болон цэцэрлэгийн насныханд зориулан гал тогоо, дэлгүүр, эмнэлэг, гоо сайхны салон, явуулын театрын жижигрүүлсэн хувилбар бүхий сэдэвт тоглоом зэрэг цөөнгүй нэр төрлийн бүтээгдэхүүнийг урлан зах зээлд нийлүүлж буй. 2017 онд “Magic Design”-ийн баг Швейцарьт краудфандинг зохион байгуулж, босгосон хөрөнгөө ашиглан сэдэвт тоглоом үйлдвэрлэж, нийслэлийн захын хорооллын цэцэрлэгүүд болон “Ид шидийн орон”-д бэлэглэжээ. Цаашид бүтээгдэхүүнээ төрөлжүүлж, хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх цэвэр модон тоглоомууд хийхээр зорьж буй тэдний төлөвлөгөө тоглоомоор дамжуулан хүүхдийг бүхий л талаар хөгжүүлж, зөв хандлагатай бие хүн болгох зорилгоор БСШУЯ-аас хэрэгжүүлж буй “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийн агуулгатай яв цав нийцжээ. Бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд нийлүүлэхээс гадна үндэсний онцлогийг илүүтэй шингээсэн тоглоомууд үйлдвэрлэн экспортод гаргах нь тус компанийн цаашдын төлөвлөгөөний нэг хэсэг. Энэ хүрээнд Өвөр Монгол, ОХУ болон Казахстаны зах зээлийг тэд онилжээ. Хэрэв хил хязгааргүй онлайн худалдааны зах зээлд нэвтэрч чадвал Европын орнууд руу ч бүтээгдэхүүнээ илгээх боломжтой гэж үзэж буй.

Эрүүл мэндийн шаардлага хангаагүй импортын хуванцар бүтээгдэхүүнийг орлох өндөр чанартай, эко бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэж байна.

2015 онд “Magic Design” компани албан ёсоор байгуулагдсан ч одоогийн бүрэлдэхүүнээрээ үүнээс ч өмнө үйл ажиллагаа явуулж эхэлжээ. “Бид найм дахь жилдээ энэ цар тавгийг хийж байна” хэмээн Д.Эрдэнэсайхан тавиур дээрх модон царыг заангаа өгүүлэв. Ямар ч үлдэгдэлгүй зарагддаг уг бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ “Magic Design” компани түр зогсоосон нь хүмүүсийн дунд эрэлт үүсгэж, одоо ч эрж сурсаар байдаг гэв.  Харин үүнээс өмнө тэд хэвлэлийн чиглэлээр хувиараа бизнес эрхэлж байгаад яваандаа модон эдлэлийн үйлдвэрлэл рүү хөрвөжээ.

Охидынхоо цэцэрлэгийн ангид зориулан анхны тавилгаа хийсэн нь хүмүүсийн сонирхлыг татаж, захиалгууд ар араасаа ундрах болсноор үүнийгээ цааш хөгжүүлж, бизнес болгох санаа гэр бүлийн хоёрт төрсөн гэдэг. Тэдний энэ санаа амжилттай хэрэгжсэн ч захиалга нэмэгдэх тусам ачааллаа дийлэхээ больжээ. Эндээс цааш та бидэнд хэдийнэ танил болсон түүх эхэлнэ.

/Энэхүү нийтлэл Business.MN сэтгүүлийн 2019 оны зургадугаар сарын дугаарт нийтлэгдсэн болно/

 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Х. Цолмон

Тэтгэврийн шимтгэл төлөгч миний хариулт авмаар байгаа 13 асуулт

Previous article

ЖДҮ сангийн ЖДҮ эрхлэгчдэд өгч буй гол мэссэжүүд

Next article

1 Comment

  1. Сайн байнаа

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like