Үе үеийн тоглоомонд дурлагсдыг “нүд үзүүрлэх” хандлага нийгэмд давамгайлж байсан бол өдгөө цаг үе өөрчлөгдөж, виртуал тоглоомын эзэнт гүрэн минут, секунд тутамд хил хязгаараа тэлж, олон тэрбум ам.доллар эргэлдсэн өсөлттэй зах зээл болон хувираад байна. Энэ оны эцэс гэхэд олон улсын хэмжээнд гар утасны тоглоом тоглогчдын тоо 2.4 тэрбумд хүрч, салбарын нийт орлого 148 тэрбум ам.доллараар хэмжигдэнэ хэмээн энэ чиглэлээр тэргүүлэгч “Newzoo” судалгааны фирм хэдхэн сарын өмнө мэдээлсэн юм. Интернэт сүлжээ дэлхий даяар цар хүрээгээ тэлж, ухаалаг гар утасны үнэ жил ирэх тусам буурч буй нь онлайн хүн амын тоо хурдтай нэмэгдэхэд нөлөөлж, тоглоомын зах зээл урьд хожид байгаагүй өндөрлөгт хүрээд байна.

Ухаалаг утасны дэлгэцийг эзэгнэснээр улам бүр хүчирхэгжиж буй уг нүсэр зах зээлийн хөшигний ард сая сая хүний анхаарлыг татах амжилттай бүтээгдэхүүн гаргахаар тоглоом хөгжүүлэгчдийн дунд ширүүн өрсөлдөөн өрнөсөөр байна. Өрсөлдөөний гол хэмжүүрийг сайн гүйцэтгэлээс гадна хурд гэж тодорхойлж болно. Трэндүүд байнга хувьсан өөрчлөгдөж байдаг тоглоомын зах зээлд компаниуд богино хугацаанд бүтээлээ хөгжүүлж, үр дүнгээ ч хурдан харах боломжтой байдаг. Мөн бизнесийн орлогоо ч нүд ирмэхийн зуур өсгөж болно. Тухайн тоглоом хөгжүүлэгч хаана байрлан ажиллаж буйгаас үл хамааран бүтээлээ App Store-д байршуулсан л бол дэлхийн зах зээлд хөл тавилаа гэсэн үг. Тэгэхээр гадаад, дотоодын зах зээл гэж ангилж, ялгах шаардлага тоглоом хөгжүүлэгчдэд тулгардаггүй. Товчхондоо, эх орондоо ажиллаад дэлхийн хэмжээний брэнд бүтээгдэхүүн гаргах боломж монголчуудад бий.  

“Гар утасны тоглоом бол сэтгэл зүйн эцэс төгсгөлгүй хоол. Ялангуяа бидний хөгжүүлж буй шиг Hyper Casual төрлийн тоглоом хэцүү биш хэрнээ тоглох тусам хүнийг автуулж, ялалтаас ялалтын хооронд бяцхан аз жаргал, таашаал өгч чаддаг” хэмээн “Nomadic Bear” компанийн үүсгэн байгуулагч Х.Хангай хэлж байна. Гар утасны тоглоомын цаад зорилго ердөө энэ. Түр зуур бодит ертөнцөөс тасран огт өөр зүйл хийнгээ бухимдлаа тайлах, богино хугацаанд сэргэх. Тиймээс ч олон улсад тоглоом тоглогчдын дундаж нас 30 байгаад гайхах зүйлгүй. Энэхүү зорилго байндаа оновчтой тусаж буйг дэлхийн өнцөг булан бүрт өсөн нэмэгдэж буй тоглоом тоглогчдын арми бэлхнээ гэрчилнэ. Сонирхолтой нь тэдгээр тоглогчийн талаас илүү хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж буйг “Newzoo” судалгаандаа дурджээ. Эмэгтэйчүүдийн онцлог нь тууштай, нэг сонирхсон тоглоомоо урт хугацаанд тоглох хандлагатай байдаг. Ер нь тэдний анхаарлыг татаж чадаж буй тоглоомууд амжилт олох магадлал өндөр гэж салбарын мэргэжилтнүүд тэмдэглэж байна. Харин эрэгтэйчүүдийн хувьд буудлагатай, тулаант төрлийн буюу үр дүнгээ хурдан үздэг тоглоомууд илүү эрэлттэй байдаг ба тэр хэрээр сонирхол нь ч хурдан буурдаг аж.

“Nomadic Bear” компанийн үүсгэн байгуулагч Х.Хангай: Багийн тоглолт урт хугацаандаа амжилттай байхад илүү чухал.

2016 оноос хойш энэ чиглэлээр ажиллаж буй дотоодын компани “Nomadic Bear”-ийн хамгийн амжилттай тоглоом “Ball Shoot” нийт 12 сая удаа татагдсанаас дийлэнх хувийг АНУ-ын зах зээлээс, тэр дундаа эмэгтэйчүүд тоглох нь их байгааг тус компанийн үүсгэн байгуулагч онцолж байв. Олон улсад тэргүүлэгч Францын “Voodoo” компанитай хамтран гаргасан богино хугацаанд сэргээх төрлийн энэхүү тоглоомын аппликэйшныг нээхэд эгшигт хайрцгийг санагдуулам ая эгшиглэж, мушгирсан замаар цэнхэр, ногоон, улаан бөмбөлөг өнхрөн орж ирнэ. Өнгөөр ижилсүүлэн буудах буюу устгах замаар үе ахих энгийн функцтэй уг тоглоомын үндсэн өнгө төрх хэдхэн жилийн өмнө Монголын хүүхэд, залуусын дунд эрэлттэй байсан “PopCap Games” компанийн “Zuma” тоглоомыг эрхгүй санагдуулна. Тоглоомын зах зээлийн энэхүү онцлогийн талаар Х.Хангай “Өөрт төрсөн санаагаа нуух шаардлага байхгүй. Мэдээж сайн, шинэлэг санааг дагаад тухайн тоглоомын бусад үзүүлэлт сайжрах боломжтой. Гэхдээ гоц санаа бодож олно гэдэг амаргүй зүйл. Тиймээс ч тоглоом хөгжүүлэхдээ сайн санааг цуглуулж өөр хооронд нь хэлхэх, хуучны шилдэг тоглоомуудын концепцыг сайжруулах, эсвэл илүү энгийн хэлбэрт шилжүүлэх гэх зэргээр бид ажиллаж байна. Ер нь дэлхий дээр хэрэгжээгүй үлдсэн санаа маш цөөн. Гол нь зөв зохион байгуулалтаар одоо байгаа зүйлийг өөр өнцгөөс харж сайжруулах, бага зэрэг энгийн болгоход л сонирхолтой тоглоом болох магадлалтай” хэмээн тайлбарлав. Харин Парист байрлах “gumi Europe” компанийн ахлах инженер Д.Барбаяр “Үнэхээр сонирхолтой тоглоом бүтээлээ гээд маркетингаа сайн байлгаж чадахгүй бол тухайн тоглоомыг хэн ч App Store-оос хайж олж татахгүй. Тиймээс тоглоом хөгжүүлж эхлэхээсээ өмнө хэрхэн маркетинг хийх талаараа нарийн төлөвлөх шаардлагатай. Мөн хөгжүүлээд платформд байршуулчихлаа гээд тогтмол мөнгө олох хэцүү. Байнга шинэ содон зүйл нэмж, тоглоомоо тогтмол хөгжүүлэх нь тогтмол ашиг олох эхний алхам” гэж хариуллаа.

Өдгөө олон улсын зах зээлд хөнгөн хэлбэрийн puzzle болон олуулаа хамтран тоглодог тоглоомууд трэнд болж буй. Дэлхий даяар хамгийн их татагдаж, хөгжүүлэгчдийнхээ халаасыг тэрбум тэрбум ам.доллараар зузаатгасан “Candy Crush Saga”, “Pokémon Go”, “Fortnite” болон “Angry Birds”, PUBG зэрэг тоглоомын өсөлтөөс энэ бүхнийг харж болно. Шведийн “King” компанийн “Candy Crush Saga” тоглоомын тухайд 2012 онд нээлтээ хийснээсээ хойш хамгийн сүүлийн мэдээллээр нийт 2.7 тэрбум удаа татагджээ. Зөвхөн тоглоомоос олох орлогоос гадна дэргэдээ төрөл бүрийн мерчандайзинг бүтээгдэхүүн гаргаснаар шведүүд ашгаа улам арвижуулсаар байгаа юм. Тоглогчийн тоогоороо одоо ч топ байрыг эзэгнэсээр байгаа уг тоглоомыг гар утасны тоглоом сонирхогч гурван хүн тутмын нэг нь тогтмол тоглодог. Харин эдгээр тоглогчийн дийлэнх хувийг мөн л эмэгтэйчүүд бүрдүүлж байна.

Ухаалаг утасны давалгаа тоглоомын бизнесийг хүчирхэгжүүлж эхэллээ.

Швед, Финланд, Норвеги зэрэг Скандинавын орныхон болон израйльчууд үндэсний түүх домог, үлгэрээ бүтээж буй тоглоомын агуулгадаа онцгойлон шигтгэж өгснөөр гар утасны тоглоомын зах зээлд амжилт олж буй тохиолдол цөөнгүй. Яг үүнтэй адил монгол соёлын элементийг тоглоомын зохиолдоо шинэчлэн тусгаж, Монголоос брэнд бүтээгдэхүүн гаргах боломжтой гэдгийг тоглоом хөгжүүлэгчид өгүүлж байв.

Гар утасны тоглоомд шимтэгчид тоглоомын дундуур цацагддаг сурталчилгаанд анхаарал хандуулж, тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах нь өөр төрлийн аппликэйшн (сошиал медиа, онлайн худалдаа) ашиглаж буй хэрэглэгчдээс илүү байгааг сүүлийн үеийн судалгаануудад түлхүү дурджээ. Нэг талаас энэ бүхэн тоглоом хөгжүүлэгчдэд эерэг мэдээ болж буй бол нөгөө талаас брэндүүд болон зар сурталчилгааны агентлагуудад төлбөр төлөх чадвар өндөртэй, цоо шинэ зах зээлийг нээж өгч буй. Тухайлбал, АНУ, Канад, Австрали, Англи, Герман, Тайвань, Хонконг, Япон, Өмнөд Солонгос зэрэг хөгжилтэй улсын хэрэглэгчид төлбөр төлж тоглох хандлага илүү ажиглагддаг байна.

Монголд энэ чиглэлээр тууштай ажиллаж буй “Nomadic Bear” компанийн тухайд тоглоомын зах зээлийн хамгийн өрсөлдөөнтэй хэсэг болох гар утасны жижиг тоглоомын зах зээлийг онилж буй. Тэд нэг тоглоомыг хагас сарын хугацаанд хөгжүүлж, зах зээлд гарган цааш амжилт олох эсэхийг нь туршиж үздэг. Хэрэв туршилт амжилтгүй болбол дараагийн бүтээгдэхүүнээ шууд хөгжүүлж эхэлнэ. Өнгөрсөн хугацаанд ийм зарчмаар тэд хурдтай урагшилж, 40 орчим тоглоом хөгжүүлснээс “Ball Shoot” болон “UP 9 – Hexa Puzzle” тоглоомууд амжилт үзүүлжээ. Японы тоглоомын компаниудад цөөнгүй жил ажилласан туршлагатай Д.Барбаяр энэ талаар “Гар утасны тоглоомын компаниуд бүтээлээ компьютерын  тоглоомтой адил олон жил хөгжүүлэх шаардлагагүй, зургаан сараас нэг жил хүртэлх хугацаанд анхны хувилбараа гаргах боломжтой байдгаараа давуу талтай” хэмээн ярьж байна.

Энэ оны эцэст гар утасны тоглоом тоглогчдын тоо 2.4 тэрбумд хүрч, салбарын нийт орлого 148 тэрбум ам.доллараар хэмжигдэнэ хэмээн “Newzoo” судалгааны фирм мэдээлээд байна.

Нүүдэлчин баавгайнуудын хувьд дахин хэд хэдэн жижиг тоглоом зах зээлд амжилттай нэвтрүүлснийхээ дараа хүмүүсийн эрэлт, хандлагыг илүү нарийн судалж, дараагийн алхмаа маркетингийн боловсронгуй төлөвлөгөөтэй эхлүүлэхээр зэхэж байна. Энэ удаа дунд хэмжээний буюу өмнөхөөсөө урт зохиолтой тоглоом бүтээхээр тэд төлөвлөжээ. Хэрэв залуус хөрөнгө оруулалтын асуудлаа шийдчихвэл энэхүү урт хугацааны төслийн ажилдаа төвлөрөх бодолтой байгаа юм. Тэр үед хүмүүсийн сонирхол ч энэ зүгт хандах болов уу хэмээн найдаж буйгаа тэд илэрхийллээ.  “Монголын экосистем стартап төслүүдээ илүү дэмжиж байна. Стартапын амжилттай жишээнүүд нэгэнт гараад эхэлсэн учраас хөрөнгө оруулагчдын сонирхол ч тийш хандаж байгаа юм. Үнэндээ тоглоом хөгжүүлэгчдийг стартап гэж нэрлэхэд хэцүү. Харин тоглоом хөгжүүлдэг студи гэвэл оновчтой. Эсвэл мужааны урлан гэж ярьдаг шиг тоглоомын урлан ч гэж хэлж болно” хэмээн Х.Хангай “Central Tower”-ийн 13 давхарт байрлах хамтын оффисын уулзалтын өрөөнд байхдаа ярилаа. Энд түүнтэй ижил фудболк, жинсэн өмд өмсөж, хөлдөө кэйт угласан технологиор голдуу мэргэшсэн залуус бужигнаж, стартап соёлын нэг хэсэг болж байна. Дизайнер болон хөгжүүлэгчдээс бүрдсэн 10 гаруй хүнтэй “Nomadic Bear”-ийн цомхон баг эдгээр залуусын нэгэн төлөөлөл юм.  

Өнөөдөр шинэхэн тоглоом зах зээлд нэвтэрлээ гэхэд ижил төстэй тоглоомыг бараг л тэр даруй хөгжүүлэх хүчин чадалтай бүхэл бүтэн арми дэлхий дээр бий. Ийм шалтгаанаар маркетинг сайтай томоохон компаниуд жижиг тоглогчдын зах зээлийг булаах, илүүрхэх хандлагатай байдаг учраас эхнээсээ л маркетинг болон бусад асуудлыг хариуцах томоохон агрегатор компанитай хамтран ажиллах нь илүү ирээдүйтэй байдаг аж. Тиймээс жижиг тоглоомын студиэс бүтээлийг нь хүлээн авч, мөнгө төлж туршиж үзээд тухайн тоглоом амжилт олох эсэхийг тодорхойлдог агрегатор компаниуд дэлхийн зах зээлд олноор бий болжээ. “Nomadic Bear” компани гэхэд л Франц, Израйль тэргүүтэй хэд хэдэн улсын агрегатор компанитай хамтран ажиллаж буй. Дэлхий улам бүр хавтгайрч, хил хязгааргүй орон зайг хэн бүхний өмнө нээж буйг энэ бүхэн өгүүлнэ.

Тухайн тоглоом хөгжүүлэгч хаана байрлан ажиллаж байгаагаас үл хамааран бүтээлээ App Store-д байршуулсан л бол дэлхийн зах зээлд хөл тавилаа гэсэн үг. 

Нүүдэлчин баавгайнууд Францын “Voodoo” компанийн зохион байгуулсан тэмцээнд оролцсоноор талууд анх холбогджээ. Энэ жишгээр “Nomadic Bear”-ийн хамт олон жил бүр тодорхой төрлөөр Монголын гар утасны тоглоом сонирхогчдын дунд “Mongolian Game Developers Contest” тэмцээнийг энэ жилээс зохион байгуулж эхлээд байна. Шалгарсан багийн бүтээгдэхүүнийг сайжруулах талаас зөвлөж, маркетинг хийх зэргээр хөгжүүлэгчдэд цааш цаашдын боломжийг нээж өгөхөөр тэд зорьж буй. Өөрөөр хэлбэл, залуусын ирээдүйн төлөвлөгөөний нэг хэсэг нь олон улсын агрегатор компаниудтай адил маркетингийн чиглэлээр ажиллах. Мөн тэмцээнээрээ дамжуулан тоглоом сонирхогчдын community буюу хүрээллийг үүсгэж, нэгтгэхийг давхар зорьжээ.

Монголд 20 гаруй идэвхтэй хөгжүүлэгч байгаа бол хамгийн ойрын зах зээл болох урд, хойш хөршид гэхэд л хөгжүүлэгчид хэдэн саяар тоологдож, мөн төдий хэмжээний тоглоомыг “үйлдвэрлэж” буй. Х.Хангай “Энэ салбарт бид хэтэрхий цөөхүүлээ байна. Тиймээс цаашид хөгжүүлэгчид олширч, хоорондоо хамтарч ажилладаг болоосой гэж хүсэж байна. Учир нь багийн тоглолт урт хугацаандаа амжилттай байхад илүү чухал. Тоглоом сонирхдог хүмүүс сонирхлоо хөгжүүлж, мэргэжлийн түвшинд хүрэх боломжтой. Гол нь нэлээд нухаж, цаг хугацаа зарцуулж байж гартаа оруулах технологи. Тэгж байж л тоглоом хөгжүүлэгч болно” хэмээн тодотгосон юм. Тэрбээр мэдээллийн технологийн салбарт программ хангамжийн инженерээр ажиллаж байх хугацаандаа АНУ-ын Сан Франциско хот дахь “Plug&Play” технологийн төвийн сургалтад хамрагдах боломж тохиожээ. Нарлаг Калифорнид өнгөрүүлсэн хоёр сарын хугацаанд тэр олон хөтөлбөр, арга хэмжээнд оролцсоноос хамгийн сонирхол татсан нь тоглоомын зах зээл байв. Энэ талаар тэндхийн мэргэжилтнээс асуухад “Хурдтай хөгжиж буй, өрсөлдөөн ихтэй зах зээл. Тийм болохоор трэндүүд нь байнга өөрчлөгдөж байдаг. Ер нь стартап гэхээсээ илүү уран бүтээлч маягийн ажил” хэмээн хариулжээ. Америкт өөрийгөө мэргэжлийн талаас цэнэглэх хугацаандаа түүний олж авсан гол зүйл энэ. Бас нэг ойлгосон зүйл нь монголчууд Цахиурын хөндийн инженерүүдээс юугаараа ч дутахгүй, ур чадварын хувьд ямар ч ялгаагүй гэдэгт байв. Зөвхөн улс орны экосистемийн хөгжлөөрөө л ялгарч байв. Ингээд тоглоом хийж үзэхээр сэтгэл шулуудан Монголд ирээд шууд ажилдаа оржээ.

Үнэндээ 10 тоглоом хөгжүүлэхэд нэг нь л ашигтай ажиллах магадлалтай өндөр эрсдэлтэй энэхүү зах зээл тууштай байдал ихээхэн шаарддаг.

Гэхдээ мэдрэмжтэй ажиллаж чадвал хэний ч бүтээл дэлхийд гарах боломжтой. Дээр нь энэ онд 5G сүлжээ дэлхий даяар нэвтрэх гэж буй нь тоглоом хөгжүүлэгчдийн ирээдүйг улам бүр гэрэлтүүлэх болов. Ийнхүү боломж нэмэгдэж, зах зээл өсөхийн хэрээр тоглоомын бизнес шинэ, хүчтэй өрсөлдөгчдийн сонирхлыг татах болжээ. Тухайлбал,  “Apple”, “Google”, “Amazon” зэрэг технологийн аваргууд өөрийн давуу талаа ашиглан цоо шинэ шийдэл бүхий платформыг хөгжүүлж тоглоомын салбарт хөл тавихаар зэхсэнээ зарлаад буй. Энэ бүхэн салбарын хөгжлийг хурдасгахын зэрэгцээ тоглоом хөгжүүлэгчдийн дундах виртуал орон зайн тулаан улам ширүүсэхийг дохиолж эхлээд байна.

/Энэхүү нийтлэл Business.MN сэтгүүлийн 2019 оны долдугаар сарын дугаарт нийтлэгдсэн болно/

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Х. Цолмон

Их дуулианы дараах ЖДҮХсан хэрхэн ажиллаж байна вэ?

Previous article

Я.Эрдэнэсайхан: ЖДҮХСангийн зээлийн сонгон шалгаруулалтыг ил тод явуулж чадсан

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like