Сондгой 9Топ нийтлэл

Б.Чимэгцэцэг: Бүхнийг төгс байлгахыг хүснэ гэдэг эрсдэлтэй, бараг бүтэшгүй зүйл

0

Ногоон технологи, сэргээгдэх эрчим хүч гэж огт яригддаггүй байсан 2000-аад оноос эхлэн өнөөг хүртэл ногоон хөгжлийн талаарх шинэ ойлголтуудыг монголчуудад таниулж, инженерингийн дэд бүтцийн дэвшилтэт ногоон шийдэл, технологиудыг нийтийн хүртээл болгохоор ажиллаж буй “Ультрасоник” компанийн ерөнхий захирал Б.Чимэгцэцэгийг бид “10 асуулт, хариултбуландаа урилаа. 

  1. Та өглөө босоод ажилдаа явах хүртлээ юу хийдэг вэ?

Ээж маань үүрийн гэгээ дөнгөж манхайн цайх үед босдог байлаа. Өглөөний дөрвөн цагийн орчим. Тэгээд үнээгээ сааж, сүүгээ машиндаад, тугалаа бэлчээх зэргээр хамаг ажлаа нугалчихаад харахад цагийн зүү 07:30-ыг зааж, “Замын голоор алхалсан цагдаа ахаа сайн байна уу?…” гээд л дуу радиогоор явахтай яг таардаг байв. Би буриад хүн. Би ээж шигээ л байхыг хичээж байна. Болж өгвөл орой 22 цагт унтахыг хичээж байгаа ч төдийлэн санаснаар болохгүй л байна. Хүмүүс ажлаа өглөөгүүр төлөвлөх нь элбэг бол миний хувьд шөнийн цагуудад өөрийгөө чилээх нь илүү байдаг. Өглөөний тухайд гүйлтийн зам дээр гүйж, өөртөө таарсан дасгал хийчихээд л ажилдаа бэлтгээд гардаг даа. 

  1. Ажилд тань хамгийн их тусалдаг гурван зуршил юу вэ?

Хурдтай, мэдрэмжтэй, зарчимч байдалд дуртай. Аливаа ажлыг мэдрэмжтэйгээр, хугацаа хожиж хийвэл зардлыг илүүтэй бууруулдаг, хэмнэдэг. Үүнд зарчимч байдал шууд нөлөөтэй.

  1. Та ажлын стрессээ яаж тайлдаг вэ?

Аргалын үнэр хүнийг их тайвшруулдаг учраас үнэрлэж алжаалаа тайлах их дуртай. Японы судлаачид 330 төрлийн нян, бактери устгадаг гэдгийг нотолсон нь бий ч аргал гэдэг зүйл аргагүй л их увидастай мэт. Үнэртээд агаарт хэвтэж байх шиг жаргал хаа ч үгүй. Гайхалтай…

  1. Та яг одоо юунд суралцахыг хүсч байна?

Гэрлийн хурдаар хөгжиж буй технологийн хөгжлөөс хоцрохгүй байхыг хичээж, байнгын судалж бас суралцаж байна. Энэ цагт Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглах эрин цаг үе нэгэнтээ ирснийг онцолмоор байна. Тэр тусмаа байгаль эх дэлхийн баялаг болсон байнгын нөхөн сэргээгдэж байдаг, хэзээ ч дуусаж, дундаршгүй эх үүсвэрүүд болох нар, салхи, хөрс, агаар, усны эрчим хүчийг ашиглах тухай ойлголтуудыг нийтийн хүртээл болгох нь эрхэм зорилго, зорилтын нэг болж байна.    

  1. Та ямар хоббитой вэ. Энэ хобби таны ажилд яаж нөлөөлдөг вэ?

Хотын их түгжрэлээс гарч хувийн эдлэн дээрээ, эсвэл амралтын бааз дээр очиж, байгаль эх дэлхийгээ тольдож, нам гүм орчинд ном унших, дуу хөгжим сонсохыг хүсдэг. Дуу хөгжмийг сонсох цаг, сонголт өөрөө харилцан адилгүй байдаг. Өөрөөр хэлбэл, дууг сонсох, сонсохгүй цаг гэж бас байна. Ямар төрлийн дууг сонсох нь тухайн цаг мөчөөс хамаардаг. Ер нь аль болох чимээ аниргүй, шувуу жиргэсэн, тайван орчинд ганцаараа байхыг илүүд үздэг. Их ажлын дараах бодлоос сарнисан тэр мөч бол аз жаргал.

  1. Та 25 настай өөртөө юу гэж зөвлөх байсан бэ?

Юун түрүүнд хүн өөрийгөө л хөгжүүлэх ёстой. Өнөөгийн залууст хандаж хэлэхэд “Эхлээд өөрийгөө хөгжүүл, дараа нь гэрээ төвхнүүл, тэгээд улсаа хөгжүүлэхийн төлөө зорих нь чухал. 25 нас балчир нас. Хүнд бүхий л төрлийн хөгжил, төлөвшил хэрэгтэй байдаг. Спортын, урлагийн, технологийн, эдийн засгийн, хуулийн, санхүүгийн мэдлэг гээд бүхнийг цогцоор нь хүртэх л чухал.  

  1. Танай гэр бүлийнхэн таныг юу гэж шүүмжилдэг вэ?

Намайг гэрийнхэн маань захиран тушаах дуртай гэлцдэг юм. Урьд насандаа цэргийн командлагч явсан ч юм уу, эсвэл командлагч байхад яг тохирно гэхчлэн хөгжилтэй яриа гарч байлаа. Учир нь, их тушаангуй ярьдаг болохоор ийм яриа гарч л дээ. Баргийн юм санаанд нийцэхгүй. Их адгуу. Энэ бол миний төрөлхийн чанар. Мөн маш цэвэрч, нямбай. Эмээ маань зуслангийн модон амбаараа щёткадаад угаачихдаг хүн байлаа. Би ч бас яг л тийм. Модон байшинг щёткадаад угаачихдаг гээд бод доо. Ийм хүнд чинь таарах, таалагдах юм ховор. Энэ чанар маань намайг их зовоодог. Хэт мэдрэмжтэй, зарчимч, хурдтай. Бүх зүйлийг төгс байлгахыг хүснэ гэдэг эрсдэлтэй, бараг бүтэшгүй зүйл. Тийм болохоор захиран тушаангуй өнгө аяс гаргадаг байх.

  1. Арал дээр ганцаараа үлдэнэ гэвэл ямар ном авч явах вэ?

Монгол хүн бүр түүхээ мэддэг байх ёстой. Одоо Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч, дэслэгч генерал, хилчин Базарын Цэдэн-Иш гуайн тухай “Зууны домогт хилчин” гэж номыг уншиж байна. Монгол Улсын хилийн шугамыг тогтоож, тэмдэглэх их ажилд энэ биеэ зориулсан хүн. Би ийм л агуу хүмүүсийн агуу гавъяаг ойлгохыг хичээдэг дээ. Азаар энэ ном саяхан хэвлэлтээс гарсныг олзуурхан уншиж байна. Б.Цэдэн-Иш гуай манай Дорнод аймгийн Баяндун сумынх. Тэрээр Монголын зам, газар нутаг, хилийг маш сайн мэддэг хүн байв. 

Залуу байхад Монголын түүхийг уншиж судлахад ач холбогдол бага өгдөг байж. Харин одоо маш ихээр бүр нэвтэрхий судалмаар санагдах болсон.

  1. Таны амьдралдаа авч байсан хамгийн үнэтэй зөвлөгөө?

Эрчим хүч, барилгын салбар өөрөө хүнд салбарт хамаарна. Тэр дундаа энэ салбарт эмэгтэй хүн ажиллана гэдэг аль ч талаасаа сэтгэлийн хүч их шаарддаг.  Би нэгэн томоохон төсөл дээр ажиллаж байсан тэртээх он жилүүдийг дурсмаар байна. Тэр төслийн ажлыг хийсний дараагаар “Чадаж байна” гэдэг үнэлгээ авахаас илүү урамшуулал байгаагүй. Түүгээрээ омогшдог.  

Ер нь биднийг бага залуу байхад ахмад үеийнхэн маань нэг их зааж сургаад байдаггүй, дандаа л өөрийн биеэр үлгэрлэж үзүүлдэг байлаа. Ээж минь дэргэд борви бохисхийлгүй ажиллаад, шогшоод байхад, тэр их хөдөлмөрийг нь жаахан ч атугай хөнгөлье, амраая гэсэн хайрлах сэтгэлээр ажлаас нь хуваалцаж хийдэг байв. Ийм л мөн чанар тэр үеийн хүмүүст байсан. Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлдэг. Ухаанд суурилсан хөдөлмөр гэж бас байдаг.  

  1. Таны байнга ашигладаг таван аппликейшн юу вэ?

Google Calendar, Google Drive зэрэг Google-ийн санал болгодог нэлээд хэдэн апп-аас гадна Hubspot-ийг ажилдаа түлхүү ашиглаж байна. Одоо технологийн дэвшлийг ашиглаад бид хаанаас ч, хэзээ ч ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой болсон нь ололт мөн.

Манай ажлын хамт олон мэдээллийн технологийн ололтыг ашиглаж, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, шаардлагатай тохиолдолд хурлаа зайнаас явуулах үе ч байдаг. Гайхалтай эрин зуунд ажиллаж амьдарч буйгаараа бахархаж явдаг даа. 

Цаг гарган бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа.

Хэрэв та Б.Чимэгцэцэгийн хариулсан асуултуудад бусад зочид маань хэрхэн хариулсныг сонирхохыг хүсвэл энд дараарай.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (3 votes, average: 2.33 out of 5)
Loading...
Х. Цолмон

Хүмүүсийн мэддэггүй ялгаа, зааг! Эрх мэдлийг хувь хүнд биш албан тушаалд нь өгдөг.

Өмнөх нийтлэл

Дампуурагчийг тэрбумтанд хувиргах 5 стратеги

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Танд санал болгох