-Жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ)-ийн салбар нийт ажиллах хүчний 70-80 хувийг бүрдүүлдэг. Гэтэл ДНБ-д оруулж буй хувь нэмэр маш олон жил хангалтгүй явж ирсэн. Энэ салбарт ямар бодлого баримталж байна вэ?

-ЖДҮ-ийн салбар ДНБ-ий дөнгөж 17 хувийг бүрдүүлдэг. 2018 оны жилийн эцсийн байдлаар Бизнес регистерийн санд бүртгэлтэй 83086 аж ахуйн нэгжийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байна. 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр нийт 90 гаруй мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна гэсэн тоо бий. Эдгээрийн 90 гаруй хувь нь ЖДҮ эрхлэгч юм. ЖДҮ эрхлэгчид ийн нэмэгдсэн нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар нарын санаачилсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль 2019 оны зургадугаар сарын 6-нд батлагдсан. Энэ хуулиар жилийн борлуулалтын орлогын тааз 1.5 тэрбум төгрөг байсныг 2.5 тэрбум болгосон. Ингэснээр орлогын таазын дунд байсан аж ахуйн нэгжүүд жижиг, дунд руу орж ирсэн нь тоо нэмэгдэх нэг шалтгаан болсон. Хоёрдугаарт, иргэдийн бизнес эрхлэх сонирхол нэмэгдсэн. Сүүлийн жилүүдэд бизнесийн орчныг сайн дэмжиж байна. Компаниудын тоо энэ жил өнгөрсөн жилийнхээс 20 гаруй мянгаар нэмэгдсэн нь маш том үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, тэр 20 гаруй мянган аж ахуйн нэгж зах зээлд гарч ирээд, үйл ажиллагаа явуулж, тодорхой хэмжээнд ашиг олж, хүмүүсийг цалинжуулаад явна гэдэг манай эдийн засаг сайжирсаны илрэл. Ажиллах хүчний хувьд ЖДҮ-ийн салбар хомсдолтой байгаа. Бид юуны өмнө, ЖДҮ-ийн салбарт зээл олголтыг шударга, шилэн, зөв болгож чадлаа гэж үзэж байна. Энэ жил төслийн сонгон шалгаруулалт шударга, зөв болж чадсан. Төслөө өгсөн аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах явцыг сонирхож байгаа хүмүүст бүтэн үзэх боломжоор хангасан юм. Ил тод, нээлттэй байсан учир оролцогч аж ахуйн нэгжүүд гомдолгүй, сэтгэл хангалуун байсан. Мэдээж зээлийн санхүүжилтийн хэмжээ хязгаартай. Энэ жил 47 тэрбум төгрөг улсын төсөвт суулгасан. Гэтэл 487 тэрбум төгрөгийн санхүүжилтийн хүсэлт ирсэн. Үнийн дүнгээр зээлийн эрэлтийн 10 хүрэхгүй хувийг л хангаж байна. Тэгэхээр 10 хүний нэг нь л шалгарсан гэсэн үг. Шалгараагүй үлдсэн ес нь мэдээж сэтгэл дундуур байх нь ойлгомжтой ч төслөө сайжруулаад ирэх жил сонгон шалгаруултад орох боломжтой.

-Шалгаруулалтыг ил тод болгоход юу чухалчлан нөлөөлсөн бэ. Энэ сангаас УИХ-ын гишүүдийн авсан зээлтэй холбоотой юу?

-2018, 2019 оны төслийн сонгон шалгаруулалтыг харьцуулж асууж байх шиг байна. 2018 он 97 тэрбум төгрөгийг 212 аж ахуйн нэгжид олгосон. Энэ жил 47 тэрбумыг 467 аж ахуйн нэгжид олгосон. Зээлийн санхүүжилт хоёр дахин багассан атлаа хүртээмж нь 2.2 дахин нэмэгдсэн. Тэгэхээр хүртээмж нь нэмэгдсэн гэсэн үг. УИХ-ын гишүүдтэй холбогдсон асуудал хуулийн байгууллагуудад шалгагдаж байгаа учир миний хувьд тайлбар хийх боломжгүй. Тухайн үед УИХ-ын гишүүдтэй холбоотой зээл авсан аж ахуйн нэгжүүд бүгд зээлээ төлж барагдуулсан. Гэхдээ ийм зүйл зөвхөн 2018 онд болсон уу гэвэл үгүй байх. Өмнөх жилүүдэд бүр ч ноцтой асуудлууд байсан. Өдгөө муу хэлэгдээд байгаа Төсөл сонгон шалгаруулах хороо 2018 онд хуралдаад олонхын саналаар шийдвэрээ гаргасан. Гэтэл өмнөх жилүүдэд сайд өөрөө тушаал гаргаж, Төсөл сонгон шалгаруулах журамд өөрчлөлт оруулж, улмаар хагас орчим жилийн хугацаанд аж ахуйн нэгжүүдэд 12 тэрбум төгрөг олгосон байдаг. Ингээд олгосныхоо дараа сайд ахин тушаал гаргаад өмнөх тушаалаа цуцлан дахин хороогоор хэлэлцүүлдэг болгосон байх жишээтэй. Энэ нь 2014-2015 онд болсон зүйл. Харин Ч.Улаан 2019 оны нэгдүгээр сард ХХААХҮ-ийн сайдаар томилогдсоны дараа журмаа яаралтай шинэчлэх үүрэг өгсний дагуу хоёрдугаар сард яамны ТНБД-ын тушаал гарч ажлын хэсэг байгуулагдсан. Журмыг сайжруулах төсөл дээр гуравдугаар сарын 1-ээс дөрөвдүгээр сарын 1-ний хооронд иргэдээс санал авахаар цахимд байршуулсан. Үүнээс өмнө иргэдийн саналыг сонсох үүднээс хэд хэдэн удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нийтдээ 10 гаран мянган санал ирсэн байдаг. Маш олон санал ирсэн ч аль болох дэвшилттэй саналуудыг тусган журмаа боловсруулж сайдын тушаалаар батлуулсан. Харин өнгөрсөн зун батлагдсан шинэ хуулиар журам өөрчлөх эрхийг сайд биш Засгийн газар шилжүүлсэн. Энэ оны зээл сонгон шалгаруулах журмын тухайд өнгөрсөн тавдугаар сарын 9-ний өдөр журам хүчин төгөлдөр болсон. Журмаар төсөл сонгон шалгаруултыг 14 хоногийн өмнө зарлаж тавдугаар сарын сүүлээр материалууд хүлээн авч эхэлсэн бөгөөд 2760 аж ахуйн нэгж төсөл ирүүлсэн.

ЖДҮ-ийг хөгжүүлэх санг 2030 он хүртэл санхүүгээр дэмжвэл бие даасан сан болно

-Шинэ журам өмнөхөөс ямар ялгаатай болсон бэ?
-Энэ жилийн төсөл сонгон шалгаруулалт хэд хэдэн давуу талтай болсон. Тухайлбал, бид ил тод, шилэн болгож чадсан гэж үзэж байгаа. Орон нутагт эрх шилжүүлсэн. Аймаг бүрт нэг тэрбум, Говьсүмбэрт 500 сая төгрөг хуваарилж, тухайн аймаг өөрийн газар нутагт хэрэгжих төсөлд зээл олгох ажлыг тэндээ зохион байгуулсан. Нийт 300 орчим аж ахуйн нэгж орон нутагт зээл авсан. Өөр нэг давуу тал нь зээлийн хүүг бууруулсан. Сангаас зээлээ шууд болон банкаар дамжуулан олгож байгаа. Банкаар дамжих зээл өнгөрсөн жилүүдэд найман хувийн хүүтэй байсныг 5.4-5.8 хувь болгосон. Ингэснээр аж ахуйн нэгжүүдэд очих дарамт тодорхой хэмжээгээр багассан гэсэн үг. Мөн даатгалын систем нэвтрүүлсэн. Зээлийн эргэн төлөлт сайн, муу байна гэж яригдаж байгаа энэ үед Сангаас зээл шууд авч байгаа аж ахуйн нэгжүүд заавал даатгалтай байх ёстой. Ямар нэг байгалийн давагдашгүй хүчин зүйл гарвал тухайн даатгалын байгууллага зээлтэй холбоотой эсрдэлийг хүлээнэ гэх мэт олон давуу тал бий болсон. Түүнчлэн олон улсын зээлийн аргачлалын дагуу онооны системээр үнэлгээ өгсөн. Сангаас шууд зээл олгох явц дөврөн үе шаттай болсон. Эхнийх нь бичиг баримтын бүрдэл бөгөөд энэ шалгуурыг хангасан төслийг сангийн мэргэжилтнүүд үзээд оноогоор үнэлсэн. 100 онооны 70-аас дээшхийг авсан нь дараагийн шатанд үлдэх юм. Үүний дараа цаасны төсөл шалгарахаас сэргийлэх зорилгоор төсөл ирүүлсэн бүх аж ахуйн нэгжийн үйлдвэртэй газар дээр нь танилцсан.

Эцэст нь сонгон шалгаруулах хорооны хурлаар шийдсэн. Журмын дагуу Төсөл сонгон шалгаруулах хороо долоон хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд төрийн байгууллагын гурав, ТББ-ын дөрвөн төлөөлөл орсноор анх удаа олонхын хяналт давамгайлсан. ТББ-ын төлөөллийг сүүлийн гурван жил ЖДҮ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулсан, орон нутагт салбартай зэргийг харгалзан МҮХАҮТ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Төслийн удирдлагын хүрээлэнг шалгаруулсан. Тэд төрийн зээл олгохдоо ямар алдаа дутагдал байгааг, үнэхээр шударга явагдаж буй эсэхийг харсан.

-Зээл Сангаас яг хэдэн хувийн хүүтэй гарч байгаа вэ?
-Энэ жил Сангаас гарч буй зээл гурван хувийн хүүтэй, даатгалын нэг хувийн хүү нэмэгдэж дөрвөн хувийн хүүтэй гарч байна. Банкаар дамжсан нь 5.4-5.8 хувийн хүүтэй гарч байгаа. Банкуудад бид мөн сонгон шалгаруулалт хийж, шаардлага тавьснаар энэ жил ХААН, Хас, Төрийн банк зээл олгохоор болсон. Ирэх жил банкны тоо нэмэгдэх байх.

-Сангийн нийт хөрөнгө хэд байгаа вэ. Хэзээнээс эхэлж, ямар үе шаттай, хичнээн тэрбум төгрөг хуваарилж авсан, үүний эргэн төлөлтийг хэрхэн хийж байгаа талаар мэдээлэл өгнө үү?
-2009-2018 онд 640 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр бүрдүүлсэн. Улсын төсөв, Засгийн газрын болон Хөгжлийн банкны бондоос 438 тэрбумын санхүүжилт авсан бөгөөд үүний 290 тэрбум нь Засгийн газрын бондын эх үүсвэр. Үүнээс 2018 оны сүүлийн байдлаар 315 тэрбумыг эргэн төлөөд байна. Мөн Сангийн яаманд 99 тэрбум төгрөг, Хөгжлийн банкинд 20 гаруй тэрбум төгрөгийн өглөгтэй байгаа. Үүнээс энэ жил 50-иад тэрбумыг нь барагдуулсан. Үлдсэнийг нь 2023 он хүртэл төлөхөөр хуваарь гаргасан.

-Зээл авсан атлаа эргэн төлөлт огт хийгээгүй компаниуд байна. Хэр хэмжээний авлагатай байгаа вэ?
-Зээлийн үлдэгдэл 2018 оны эцсийн байдлаар 292 тэрбум төгрөг бий. Үүн дээр энэ жилийн 47 тэрбум нэмэгдэнэ. Өнгөрсөн хугацаанд гарсан тухайлбал, УИХ-ын гишүүдтэй холбоотой зээлүүдийн эргэн төлөлт бол хийгдсэн. Үүнээс гадна зээлээ төлөөгүй аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, эргэн төлүүлэх арга хэмжээ аваад явж байна. Заримынх нь асуудлаар хууль хүчний байгууллагад хандсан. Шүүхийн шийдвэрээр зээлийн эргэн төлөлтөө барагдуулаад явж буй аж ахуйн нэгжүүд ч байна. Сүүлийн үед эргэн төлөлт сайжирсан.

Энэ жил Сангаас гарч буй зээл гурван хувийн хүүтэй, даатгалын нэг хувийн хүү нэмэгдэж дөрвөн хувийн хүүтэй гарч байна

-Өнгөрсөн зургадугаар сард батлагдсан хуульд бодлогын ямар өөрчлөлтүүд орсон бэ. ЖДҮ эрхлэгчдийг томруулах, цаашлаад ЖДҮ-ийг хариуцсан тусдаа агентлагтай болох зохицуулалтуудад дэлгэрэнгүй тайлбар өгнө үү?
-Сайн хууль болсон. Өмнө нь ЖДҮ эрхлэгчийг нарийвчилж тодорхойлоогүйгээс харилцан адилгүй үйлдвэрлэл эрхлэгчдэд яг нэг ижил бодлого хэрэгжиж, тэр хэрээр үр дүн ч багатай байсан. Тиймээс хуульд бичил, жижиг, дунд гэж тусад нь тодорхойлж, ялгамжтай бодлого явуулахаар болсон. Өмнө нь иргэн, компанийн аль аль нь ЖДҮ эрхлэгч байсан бол шинэ хуулиар иргэн бол өрхийн үйлдвэрлэгч байх ба хэрэв татвар төлж, хоёр хүн цалинжуулж, НДШ төлбөл ЖДҮ эрхлэгч болно. Ингэснээр нэг төслөөр 2-3 сангаас давхардуулж зээл авдаг байсан цоорхойг хааж, төрийн байгууллагуудын уялдааг хангаж байгаа юм. Харин өрхийн хөдөлмөр эрхлэгч нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 20 хүртэлх сая төгрөгийн зээл авч, ХНХЯ бодлогыг нь хариуцна. Харин ААН байгуулсан бол ЖДҮ эрхлэгч болж, 20 сая төгрөгөөс дээш хэмжээтэй зээл авна.
Мөн ЖДҮ-ийн агентлаг байгуулах асуудлыг шинэ хуульд оруулсан. Өмнө нь ЖДҮ-ийн газар гэж байсан бөгөөд 2008-2012 онд сайн ажилласан гэж ЖДҮ эрхлэгчид үздэг. Уг газрыг татан буулгаж хэд хэдэн яаманд тархаснаар бодлогын уялдаа холбоо алдагдсан. Харин одоо нэг газраа бодлого нь төвлөрвөл салбар хөгжинө гэж үзэж байгаа юм. Улмаар хариуцах эзэнтэй болно. Энэ салбарт төрийн дэмжлэг маш их хэрэгтэй байдаг нь их ашиг олохоос илүү ажлын байр маш олноор бий болгодогтой холбоотой. ЖДҮ ядуурлыг бууруулахад чухал оролцоотой салбар. Жишээ нь, БНСУ ЖДҮ-ийн яамтай. Бидэнд ийм жишээ хангалттай байхад сайн жишгийг нутагшуулаад явах хэрэгтэй.

-Агентлаг болох бэлтгэл ажлын явц хэр байгаа вэ?
-Хуулиар бол 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс агентлаг болох ёстой. УИХ, Засгийн газрын тогтоол гарсан. Гэвч ачаалал ихтэй байгаагаас энэ ажилд төдийлөн ахиц гаргаж амжихгүй байна. Ямартаа ч шинэ оны наана бүтэц, бүрэлдэхүүн зэрэгт шийдвэрээ гаргуулах байх.

-Хуульд орсон бусад шинэчлэлээс дурдахгүй юу?
-ЖДҮ эрхлэгч бүрт сангаас зээл өгөх боломжгүй тул бүтээгдэхүүнээ экспортод гаргасан дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд банкны зээлийнх нь тав хүртэлх хувийг сангаас олгох зэрэг шинэлэг зохицуулалтууд бий. Өмнө хэлсэнчлэн, төрийн болон төрийн бус байгууллагуудын эрх, үүргийг тодорхой болгосон.

-Хоршооны шинэчилсэн хууль ид хэлэлцэгдэж байна. Энэ хууль ямар асуудлыг шийдэх боломжтой вэ?
-НҮБ-аас ядуурлыг бууруулах, хамтарч нийгэм, эдийн засаг, соёлын хэрэгцээг хангах нь маш чухал гэж буй. Үүнийг шийдэх ганц бүтэц нь хоршоо. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын 17 зорилтыг биелүүлэхэд хоршоодын үүрэг маш чухал. Гэтэл манайд энэ талын ойлголт муу байна. Монголчууд хоршиж үзсэн үү гэвэл тийм. Систем нь ч сайн явж байсан. Томоохон үйлдвэрүүд ч байлаа. Харамсалтай нь, 1990-ээд онд бий болсон байсан маш том потенциалаа үгүй хийсэн тухайн үеийн алдааг одоо бид засах гээд явж байна. Социализмын үе шиг төлөвлөгөө, норм биелүүл гэхгүй ч гэлээ хоршооны бодлого явуулах зорилгоор Хоршооны тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Үүнийг дагалдан хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр Засгийн газраар батлагдсан. Тодруулбал, нэг сумыг нэг хоршоо болгох зорилготой. Мэдээж нэг сумыг хүчээр нэгтгэхгүй бөгөөд нэн түрүүнд эдийн засгийн үр ашгийг нь ойлгуулна. Тухайлбал, сумын таван айл тавуулаа сүүгээ зөөж байснаас сүүгээ нийлүүлж хоршоондоо өгснөөр зах зээлд бүтээгдэхүүнээ зардал багатай нийлүүлэх боломж бүрдэнэ. Арьс, шир, ноос, ноолуурын салбарт мөн ийм бүтэц нэвтрүүлэх ба түүхий эдийг үйлдвэрүүд Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан авдаг болно гэсэн үг.

Улмаар илүү гарч буй түүхий эдээ гадаад зах зээл рүү нийлүүлдэг болох юм. Бидэнд маш их потенциал байна. Харамсалтай нь, үүнийг бүтэц болгож зохион байгуулаад ашиглаж чадахгүй байна. Австрали хонины арьсыг элдээд 100 доллараар зарж байхад манайд 500, 1000 төгрөгөөр зарахдаа зараад, хаяхдаа хаяж байна. Тэгэхээр систем бий болгож байж тэр хаягдаад байгаа түүхий эд, бүтээгдэхүүнийг ашиглаж эхлэнэ. Монголчууд жилд 20 орчим сая ширхэг арьс, нэхий бэлтгэж байгаа ч гадаад зах зээлд гаргаж чаддаггүй. Үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллахад 10 орчим саяыг нь дотооддоо боловсруулж чадна гэсэн тооцоо байдаг. Тэгвэл үлдэж буй 10 саяыг нь хог хаягдал болгож байгаль орчноо ч бохирдуулаад байх юм уу эсвэл зөв зохион байгуулалтад оруулж эдийн засгийн эргэлтэд оруулах уу? Манайд нүүрснээс өөр доллар оруулж ирэх салбар алга гэж хүн болгон ярьдаг. Гэтэл Хөдөө аж ахуйн биржээрээ дамжуулаад Бохагийн бирж дээр арьс, нэхийгээ зарахад л валют татах маш их боломж байна.
Нөгөөтэйгүүр, хоршоо жилийн эцсээр ашгаа гишүүддээ хуваарилна. Энэ нь малчдад нэмэлт орлоготой болох боломж олгоно. Мөн банкинд хоршооныхоо өмчийг байршуулж зээл авч болно. Ийм системийг шинэ хуульд оруулахаар ярьсан.

-Хоршооны санхүүжилтийг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Санхүүжилт бол мэдээж нэлээдгүй хэрэгтэй. Улсын эдийн засаг нэг үеэ бодвол сайжирсан. Сангийн яам зөв бодлого явуулж төсвийн алдагдлыг буурууллаа, санхүүгийн сахилга бат сайжирсан. Гэхдээ төсвөөс хуувирлах мөнгө хэмжээ, хязгаартай байгаа учраас боломжгүй байна. Жил бүр бид хоршооны салбарт мөнгө хуувирлах санал явуулдаг ч саналаа бас бүрэн ойлгуулж чадахгүй байна уу, дэмжлэг авч чадахгүй байна. Хоршооны тухай хууль УИХ дээр хэлэлцэгдээд ирэхээр гишүүд, Сангийн яамныхан ойлголттой болох байх. Бидний төсөөллөөр нэг сумд загвар хоршоо байгууллахад 200-300 сая орчим төгрөг хүрэлцээтэй байх болов уу.

НҮБ-аас ядуурлыг бууруулах, хамтарч нийгэм, адийн засаг, соёлын хэрэгцээг хангах нь маш чухал гэж буй. Үүнийг шийдэх ганц бүтэц нь хоршоо

-Засгийн газрын тусгай сангийн хуулиар улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10-аас багагүй хувийг 2030 оны нэгдүгээр сарын 1 хүртэл ЖДҮ хөгжүүлэх санд хуваарилах зохицуулалт байсныг хүчингүй болгочихлоо. Одоо ЖДҮ-ийн сан зөвхөн зээлийн эргэн төлөлтөөс санхүүжинэ гэсэн үг үү?
-Энэ зохицуулалтыг эргээд сэргээж, төсвийн хөрөнгө оруулалтын 10 хүртэлх хувийг олгох ёстой. Үнэхээр Монгол Улсын нийт ажиллах хүчний 70-80 хувийг эзэлж байгаа энэ салбарт өмнөх жилүүдийн алдаа, дутагдлаас болоод мөнгө, санхүүжилт олгохгүй байна гэдэг бол хэт нэг талыг барьсан бодлого. 2030 он хүртэл 10 хувь гэж тодорхойлсон мөнгөө олгоод явбал энэ сан цаашид хэнээс ч хараат бусаар үйл ажиллагаагаа явуулж, ЖДҮ эрхлэгчдэд хүссэн зээлийг нь өгөх боломжтой том сан болно. Ингэснээр цаашид ЖДҮ-ийг төр зөвхөн бодлогоор дэмжихэд хангалттай хөгжих боломж харагдаж байна. Бид зээл олголтоо сайжруулчихсан шүү дээ. Тиймээс өнөөдөр дараагийн шатны асуудал болох ажиллах хүчний талаар ярьж байна. Мөн борлуулалтыг нь дэмжиж өгөхийг хүсэж байна. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны чиглэлд “Мэргэжилтэй ажилтан” хөтөлбөрийг боловсруулан, батлуулж хэрэгжүүлнэ гэсэн зорилт тавьсан. Хэрэгжүүлэх ажлын хэсгийг миний ахлан ажиллаж байна. Уг хөтөлбөр зөвхөн ЖДҮ эрхлэгчид гэхгүй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг хамруулж буй хөтөлбөр.

-Хүний нөөцийн асуудал дээр ЖДҮ эрхлэгчид боловсон хүчний сан үүсгэх шийдэл хэлж буй. Та бүхэн ямар шийдэл санал болгож байгаа вэ?
-Холбогдох сургуулиуд, МСҮТ-д мэргэжилтэн бэлтгэх хэвээрээ. Гэхдээ энэ хэт их хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардсан ажил. Өнөөдөр бидэнд нэг талд ажилгүй иргэдийн маш том арми бий болсон байгаа нь тулгамдаж буй асуудал. Нөгөө талд, ажиллах хүчний хомсдолд орсон үйлдвэрүүд олон байна. Тэгэхээр энэ хоёрыг маш богино хугацаанд яаж оновчтой холбоход бодлого барих ёстой. Миний харж байгаагаар Герман, Солонгос тэргүүтэй орнуудын сайн туршлагыг авч нутагшуулах хэрэгтэй.

-ЖДҮ-ийн хөгжилд кластерийн систем нэвтрүүлэх бодлого хэрхэн хэрэгжиж байгаа вэ?
-Монголчуудын менталитэт нүүдэлчин соёлтойгоо холбоотойгоор тархай, бутархай, нэгдэж, хоршиж чаддаггүй зүйл ажиглагддаг. Кластер гэдгийг үгчилбэл бөөгнөрөл гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, нэг төрлийн үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүд нэгдэж, түүнд нь төр нэгдсэн бодлого баримтална гэсэн үг. Монголд кластерийн ойлголт харьцангуй шинэ. Энэ чиглэлд анхдагч буюу боломжийн явж байгаа салбар бол зөгийн аж ахуй. Ямар хэлбэрийн кластерийг дэмжих талаар журам боловсруулж байна. Мөн олон улсын энэхүү сайн туршлагыг хэрхэн “монголчлох” вэ гэдгийг бодож байна. Гэтэл яг тэр зөгийн бал үйлдвэрлэгчид дээр нэг алдаа гарсан. Тэр нь юу байсан гэхээр тэр 20 үйлдвэрлэл эрхлэгчээс нэг нь шалгуурт тэнцэхгүй бол 20-уулаа унах эрсдэл үүсэж байгаа юм.Тэгэхээр кластер хэлбэрээр явах бус тусдаа зээл хүсэх хэрэгтэй болсон. Ингээд зарим нь шалгараад зээл авсан.

Нэмж хэлэхэд, ахуйн үйлчилгээний салбар сүүлийн үед бүр хаягдсан. Хүмүүс ямар ч ойлголтгүй болсон. Гэхдээ хаягдсан энэ салбарт хэрэгжүүлэх хөтөлбөртэй боллоо. Ахуйн үйлчилгээний хөтөлбөрийг боловсруулаад Засгийн газрын хуралдаанаар оруулсан. Хэд хэдэн сайд ялангуяа, Ерөхий сайд нэлээн чиглэл өгсөн. Иймд Ахуйн үйлчилгээний хөтөлбөрөө дахин боловсруулаад энэ онд багтаан батлуулахаар ажиллаж байна. Гол зорилго нь орон нутагт байгаа иргэд наад захын ахуйн үйлчилгээ авч чадахгүй байна. Тодруулбал, халуун усны газаргүй сумд олон байна. Сургуулийн хүүхдүүд усанд орох газаргүй байх жишээтэй. Нөгөө талдаа аялал жуулчлалын салбар орон нутгаас мөнгө босгож байна. Орон нутагт жуулчид зорчиход ч бие засах болон усанд орох газар тулгамддаг. Үүнийг нэн түрүүнд шийдвэл ядаж сум болгон халуун устай болох боломж байна. Үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийхийг зорьж байна. Бүгдийг төр хийнэ гэж байхгүй. Тэгэхээр хувийн байгууллага хийж байвал төр яаж дэмжих вэ, харин хувийн хэвшилдээ ашиггүй байвал төр ямар хэлбэрээр дэмжих нь зохистой зэргийг тодорхойлсон бодлого бий болох гэж байгаа юм.

“Mongolian Economy” сэтгүүлийн арваннэгдүгээр сар

№158 дугаарт нийтлэв

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Тоглоомын ертөнцийн тулаанчид

Previous article

Хүмүүсийн мэддэггүй ялгаа, зааг! Эрх мэдлийг хувь хүнд биш албан тушаалд нь өгдөг.

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like