МенежментТоп нийтлэл

Гурван соёл, Нэг зүтгэл “Asiana” ресторан

0

Дөнгөж хайрсан боорцогийг цөцгийтэй холин үйрмэггүй идэж дуусмагц уур савсалзах халуун шөл, бууз, хорхог, хуушуур гаднын зочдын ширээг дүүргэлээ. Монгол гэрийг тал сар мэт болгон зохиомжилж зассан энэхүү танхимтай яг зэрэгцээ буюу хананых нь нөгөө тал улаан хана, шаазан эдлэл, дэнлүү гэх мэтээр чимэглэгдсэн байх нь Дорнын их гүрэн Хятад соёлд умбуулах аж. Монгол хүмүүс дийлэнхдээ үйлчлүүлж буй харагдах тус хэсэгт халуун ногоотой чанасан загас буюу Шуй Жу Юу, сам хорхой, гахайн мах гэх мэт Хятад үндэстний хоол голдуу ширээний “өнгийг” тодорхойлно. Улаан хаалга татан гармагц хооллох соёлд ихээхэн ач холбогдол өгдөг япончуудын хооллох хэрэгсэл, зооглох дараалал гэх мэтийг нарийн бодолцон тохижуулсан соёл угтах аж. Энэ хэсгийг сүши бар болон хувийн орон зайг хүндэтгэх япон маягийн тусгаарлалттай өрөө гэх хоёр сонголттойгоор зохиомжилжээ. Энэ нь ажил хэрэг, гэр бүл, найз нөхдийн гэх мэт бүхий л харилцааны хүрээнд тохиромжтой байгаа нь үйлчлүүлэгчдийн төрөлжмөл байдлаас харагдаж байв. Гурван соёлыг нэг сэтгэл зүтгэлээр уядаг энэ рестораныг “Asiana” гэх бөгөөд Их Торгоны замаас улбаалан санааг нь олжээ.

Зайсан дахь Бурхан Багшийн хөшөөний өлмийтэй зэрэгцэн “Asiana” рестораны анхны салбар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд тэд өргөжин тэлж Central tower-д дахин нэг салбараа нээгээд удаагүй байгаа. Үйлчлүүлэгчдийн сэтгэл зүрхэнд хэдийнэ хоногшсон Asiana Buddha Vista-д зочлоход тэд Бурхан Багшийг тольдох гадаах орчноо аль хэдийн засч янзлан, тохижуулсан байлаа. Учир нь зочид үйлчлүүлэгчид “урин дулаан цагт уг зоогийн газрын дотор бус гадаа талбайд хооллохыг илүүд үздэг” гэлээ.    

“Asiana” ресторан нь анх нээгдэхдээ “Эм Си Эс” ХХК-ийн төсөл байжээ. Уг төслийг С.Батмөнх буюу олны хэлдгээр тогооч Дээмий ахалж байв. Түүний ахлан ажиллаж байсан төслүүд өдгөө “MGC Star Group” ХХК-ийн салбар ресторанууд болсон бөгөөд С.Батмөнх уг төслүүдээ өөрөө удирдан чиглүүлж байна. Тэрбээр ресторан бүрийнхээ өдөр тутмын үйл ажиллагаа болон зарим томоохон шийдвэрт гар бие оролцдоггүй. Өөрөөр хэлбэл, итгэл даахуйц, үнэнч хамтрагч нартаа ресторануудаа бүрэн хариуцуулж, нэг ёсны эрх мэдлийн шилжүүлэлт хийжээ. Ингэснээр “Энэ миний хувийн ресторан, надаас бүх зүйл шалтгаална” гэх өөриймсөг бодол тухайн салбарыг хариуцсан захирлуудад өөрийн эрхгүй төрдөг байна. Энэ жишгээр “Asiana” ресторан ажиллаж эхэлсэн бөгөөд уг рестораныг үйлчилгээний салбарт олон жилийн туршлага хуримтлуулсан Л.Чулуунцэцэг ахлан ажиллаж байна. 

Энэ хэсэгт Япон үндэсний халуун тогоотой шөл уунгаа япончуудын хооллох соёлоос суралцах боломжтой.

Үүсгэн байгуулагдаад таван жил болж байгаа ч тэд аль хэдийнэ Монголын зочлох, угтах үйлчилгээний салбарт өөрийн гэсэн байр сууриа олж, үнэ цэнтэй, үнэнч үйлчлүүлэгчидтэй болж чадсан. Үүний үр дүнд уг рестораны ерөнхий захирал С.Батмөнхөд болон тэдний зарим ресторанд Монголын кулинарын холбооны дээд шагнал болох “Кулинарын гурван од”-ыг Дэлхийн тогооч нарын холбооноос олгожээ. Үүгээрээ тэд “Олон улсын жишигт хүрсэн хоол урлаг, үйлчилгээний соёлыг таниулж, үйлчлүүлэгч бүрийн эрхэм сонголт байна” хэмээх эрхэм зорилгоо тодорхой хэмжээнд биелүүлжээ. Зочлох, угтах үйлчилгээний салбарт ажиллаж буй рестораны бизнесүүдэд өдөр тутмын урсгал зардал их байдаг учраас тэд овойж оцойсон ашиг хүртдэггүй. Гэхдээ “Asiana” ресторан нь “MGC Star Group” ХХК-ийн бусад салбар ресторануудаасаа харьцангуй тогтвортой өсөлт үзүүлдэг байна. Өөрөөр хэлбэл уг рестораны орлого жил бүр 10-20 хувиар нэмэгддэг байна. Үүний нууц нь тэдний тохижилт, хоолны амт чанараас гадна үйлчлүүлэгч бүрт тохирох 100 гаруй нэр төрлийн хоолны сонголт “Asiana” зоогийн газарт байдагтай холбоотой. Мөн тэд рестораны гадна болон доторх засал чимэглэлд нухацтай хандаж мэргэжлийн компаниудтай хамтарч ажилладаг.

Харин хоолны сонголт, амт чанарын тухайд “Asiana” ресторан нь Хятад, Япон болон Монгол үндэстний хоолны соёлыг амтлуулж, мэдрүүлдэг. Хятад үндэстний хоол асар олон буюу үндэстэн дотроо хэд хэд хуваагддаг өргөн сонголттой. Энэ дундаас “Asiana” ресторан Сичуань, Шаньдун, Бээжингийн хятад хоолоор үйлчилдэг. Учир нь эдгээр хоол, хүнс нь дэлхийд Хятад хоолыг төлөөлж чаддагаараа онцлог. “Asiana” рестораны Хятад хоолыг анх байгуулагдсан цагаас нь хойш идэж, үйлчлүүлж буй байнгын үйлчлүүлэгч олон. Тухайлбал, БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Шин Хаймин Ханш уг рестораны байнгын үйлчлүүлэгч. 

Агаар мэдэрч, нам гүм тайван орчинд тухлах боломжтой. /Хятад хэсэг/

Хоол үйлчилгээний дэлхийн чиг хандлага өөр хоорондоо ууссан буюу илүү даяарчлагдаж байгаа төдийгүй хуваалцаж /share/ иддэг хоолны трендүүд ихээр бий болж байна. Уг боломж, тренд “Asiana” ресторанд ч бий. Тэд хамгийн сүүлд Хятад маягийн амттай сүши туршиж үзжээ. Дэлхийн чиг хандлагыг дагахаас гадна тэд Монгол үйлчлүүлэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн хоол, ундаар үйлчилдэг. “MGC Star Group” ХХК-ийн ерөнхий захирал С.Батмөнх “Миний ажигласнаар монголчууд эргээд монгол үндэстний хоолондоо дуртай болж байгаа. Ялангуяа шөлөнд” гэв. Тиймээс “Asiana” ресторан өвөл адууны махан бургер, хавар яргуй идсэн ямааны махтай хуушуур, хорхог, түүнчлэн сүүтэй цай, өрөм боорцог, цөцгий зэргээс бүрдсэн монгол өглөөний цай гэх мэт үндэсний хоол хүнсээ улам хөгжүүлж, мартагдах дөхсөн ховор нандин зарим хоолыг сэргээхийг зорьж байна. Уг рестораны хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн хэлж буйгаар “Говийн цагаан шувуу” гэх нэрийн хоол нь амтаараа үйлчлүүлэгчдийг татахаас гадна , шим тэжээл сайтай  хоол гэдэг нь сонголт хийхэд түлхдэг гэлээ. Уг хоолыг шувууны махаар хийдэггүй бөгөөд хуйхласан сүүлэн дотор хонь үхрийн махыг чихэж, зөөлөн галаар болгосноор сүүлний тос, шим нь махандаа нэвчиж аманд ороод хайлах мэт нандин амтыг мэдрүүлдэг. 

“Asiana” ресторанд үйлчлүүлэх бас нэгэн шалтгаан бол Япон үндэсний хоол зооглох гэдэгтэй үйлчлүүлэгчид санал нэгдэж байлаа. Учир нь рестораны хамт олон Япон үндэсний хоол болох сүшиг бэлдэхдээ үйлчлүүлэгчдийн өмнө бэлтгэдэг нь амтлах мэдрэмжээс урьтаж нүд сэтгэл баясгадаг. Түүнчлэн загасны махаа долоо хоногт гурван удаа Солонгос улсаас онгоцоор зөөвөрлөдөг нь тэдний зүтгэлийн нэг илрэл. 

Ийнхүү чанар, стандартыг нарийн чанд баримтлан ажиллаж байгаа нь тэдний олон улсын түвшинд хүрч ажиллах эхний алхам юм. Учир нь үйлчлүүлэгчид мөнгө төгрөг, цаг зав, эрч хүч гээд бүх зүйлээ зарцуулан байж сэтгэл санаандаа нийцсэн амт чанартай хоол, тав тухтай орчин, эелдэг найрсаг харилцаа зэргийг мэдрэхийн тулд ресторанд үйлчлүүлдэг. Үүнийг “Asiana” ресторанынхан маш сайн мэдэрдэг бас мэддэг. Тэд аль нутгийн мах аль хоолонд илүү тохирохыг судалснаар түүхий эд нийлүүлдэг компаниа сонгодог. Түүнчлэн үйлчилгээний салбарын ажилтан зургаан сар тутамд хоёр удаа эрүүл мэндийн шинжилгээнд бүрэн хамрагдах ёстой гэдгийг тэд биелүүлдэг ч зарим шаардлагатай тохиолдолд ажилтнуудаа гурав, дөрвөн удаа хамруулдаг байна. Ингээд зогсохгүй уг ресторан эрүүл ахуйн компанитай хамтран ажиллаж сар бүр хөндлөнгийн шалгалтад ордог. 

Тэдний үнэ цэн байгууллагын үнэ цэнтэй үргэлж нийцдэг.

Зочлох, угтах үйлчилгээний хүлээн авагчид үлдэж буй сэтгэгдэлд үйлчилгээний ажилтаны харилцаа хамгийн чухал үүрэгтэй. Иймээс “Asiana” рестораны хамт олон өөрсдийн харилцаа, хандлагадаа үргэлж анхаардаг. Тиймдээ ч багийнхан өглөө бүр шуурхай хуралддаг. Энэ үеэр тэд өмнөх өдөр гарсан алдаа дутагдал, зочдоос ирсэн санал хүсэлт, тухайн өдрийн онцлох хоол, захиалга гэх мэтийг үнэлж дүгнэхээс гадна ажлын зохион байгуулалтаа товчхон төлөвлөдөг. Мөн хувь хүний хөгжилд анхаарах зарчмынхаа хүрээнд  ажилтанууддаа эрч хүч өгөх яриа хөөрөөг тогтмол хийдэг. Ажилдаа чин сэтгэлээсээ дурлан ажиллахын үр бүтээл хэр өндөр гардагийг өөрийн биеэр үлгэрлэж ирсэн Л.Чулуунцэцэг ажилтнууддаа ч үүнийг уламжлахыг зорьдог нь түүний арга барилаас харагдана. Энэ тухай тэрбээр “Үйлчилгээний салбарт ажиллаж байсан хүн цаашдаа аль ч салбарт, ямар ч мэргэжлээр хангалттай сайн, амжилттай ажиллаж чаддаг” гэв. Учир нь зөөгч гэхэд захиалгуудаа зохицуулдаг учраас аливааг зохион байгуулж сурдаг, төрөл бүрийн зан ааштай үйлчлүүлэгчидтэй харилцдаг учраас харилцах чадвар сайжирдаг, мөн зочдын тооцоо мөнгөтэй харьцдаг учир тодорхой хэмжээнд санхүүгийн сахилга батад суралцдаг гэх мэт олон төрлийн чадвар эзэмшдэг байна. 

“Asiana” рестораны Монгол хэсэгт гадны жуулчид хооллож буй нь.

Рестораны бизнест дахин үйлчлүүлэгчид маш чухал. Ялангуяа хүн амын тоо цөөн Улаанбаатар хотод. Манай улсад аялал жуулчлал өндөр хөгжөөгүй учраас гадны зарим улс шиг олон сая жуулчин ирж, нэг хүн нэг ресторанаар үйлчлүүлээд л дараа дахин ойрын хугацаанд ирэхгүй байх магадлал өндөр байдагтай адилгүй. Тиймээс байгаа хэдхэн үйлчлүүлэгчдээ халамжилж, хамаатан садан мэт дотно болох нь Монгол дахь ресторануудын бизнесээ тогтвортой авч явах стратегийн нэг хэсэг байх ёстой. “Asiana” ресторан үүнийг амжилттай хийхийн тулд  үндсэн хоолнуудынхаа амт чанарыг хадгалж, шинийг туршин үргэлж сонирхол татам байлгаж, үйлчилгээ орчноо ч мөн одоо байгаагаас илүү сайжруулан баяжуулж, байнгын сонголт байхын төлөө ур ухаанаа дайчилсаар. Учир нь, үйлчлүүлэгчдийн сэтгэгдэлд суурилан “ханардаг”, зардал ихтэй, ашиг багатай хоол үйлчилгээний салбарын өрсөлдөөн өдөр өдрөөр ширүүсч буй нь тоглогчдод төгөлдөржихийн төлөө зүтгэж манлайлах эсвэл зах зээлээс арчигдах гэсэн хоёр сонголтыг л үлдээж буй.    

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading...
Х. Саранзаяа

Дампуурагчийг тэрбумтанд хувиргах 5 стратеги

Өмнөх нийтлэл

BOJSS-ын Ж.Батсүх: Зоригноосоо жоохон хас

Дараагийн нийтлэл

Сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Таны и-мэйл нийтэд харагдахгүй. * тэмдэглэсэн талбарыг заавал бөглөнө үү.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.