МенежментТоп нийтлэл

А. Сүхдорж: Мөнгө кодлогч

11

Шинэ эрх мэдэл

НАСА-гийн нэгэн хэлтэс болох Линдон Жонсоны нэрэмжит сансрын төв нь хамгийн хүнд бэрхшээлүүдийг шийдэж чаддагаараа алдартай. Гэвч 2010 онд АНУ-ын Конгресс НАСА-г шинэ шийдэл олох чадваргүй болсон хэмээн буруутгаж төсвийг нь эрс танахаар зэхэж байв. Ингээд НАСА-гийн мэргэжилтнүүд “нээлттэй инноваци” гэгчийг санаачилж сансар огторгуйн салбарт тулгамдаад буй асуудлуудыг энгийн ард олны хүчээр шийдэх туршилт явуулав. Тэд нийт 14 зорилт дэвшүүлэн тусгай платформоор дамжуулан олон нийтэд цацсаны дараа сансар судлалын хашир бурхинуудаас эхлээд сансарыг зүгээр л хобби болгож сэтгэл хөөрөлдөө автсан залуучууд нийлээд 18 орноос 3000 хүн санаагаа ирүүлжээ. Туршилтыг санаачлагчид нүдэндээ ч итгэсэнгүй. Ердийн нөхцөлд НАСА-д нэг судалгаанд 3-5 жил зарцуулдаг бол нийтийн хүч нэг асуудлыг 3-6 сарын хугацаанд, урьдынхаас хямд өртгөөр шийдэж байв. Ирүүлсэн шийдлүүд дундаас нэг төсөл гайхалтай байсан байна. НАСА олон жил оролдоод нарны шуургыг хангалттай түвшинд урьдчилан мэдэж чадахгүй байлаа. Нарны шуурга нь нарнаас үе үе ялгардаг, дэлхий рүү таван сая км/цагийн хурдтай ирдэг энергийн маш хүчтэй урсгал юм. НАСА-гийн мэргэжилтнүүдийн боловсруулсан аргачлал нарны шуургыг ердөө хоёрхон цагийн өмнөөс 50 хувийн нарийвчлалтай урьдчилан хэлдэг байв. Гэтэл Нью-Хэмпшир хотод тэтгэвэртээ гарахаар зэхэж байсан, НАСА-гийн тоног, төхөөрөмжийг амьдралдаа хараагүй, нарны физикийн мэргэжил эзэмшээгүй, харилцаа холбооны инженер Брюс Крэгин гэгч нэгэн алгоритм бодож олсон нь нарны шуургыг найман цагийн өмнөөс 75 хувийн нарийвчлалтай урьдчилан мэдэх аргачлалыг бий болгожээ. Удалгүй энэ үйл явдлыг зарим судлаач “шинэ эрх мэдэл”ийн илрэл хэмээн үзэх болов. Тэгвэл энэ шинэ хүч гэгч нь юу вэ? Энэ бол фэйсбүүкийн нэг постоор том компанийг сүйрүүлж болдог, Холливудад олон жилийн турш яг л бурхан шиг байж эмэгтэй жүжигчдийг дарамталдаг байсан Харвэй Вэйнштэнийг Твиттер дэх #MeToo хаштагаар түлхэн унагаж болдог тэр л эрх мэдлийг хэлнэ. Хүн төрөлхтний түүхийн турш хаад, ноёд, язгууртнууд, сүм хийд, том корпорациуд гэх мэтээр хэн их өмчилсөн нь хүчтэй, эрх мэдэлтэй байсаар иржээ. Харин өнөөдөр хэр их өмчилснөөрөө бус хэр их хуваалцсанаараа (sharing), хэр сайн хяналт тогтоосноороо бус хэр сайн холбогдсоноороо (connected), хэр хэмжээнд бие дааснаараа бус хэр хэмжээнд нээлтттэй байснаараа (open) эрх мэдэлтэй болж байна. Ийм хүмүүст ямар нэгэн хил хязгаар, толгойлогч хэрэггүй бөгөөд өөрсдөө нэгдэж, өөрсдийгөө зохион байгуулдаг. Нэг ч машингүй хэрнээ дэлхийд хамгийн том такси үйлчилгээтэй Uber компани, нэг ч зочид буудалгүй мөртөө хамгийн өргөн хүрээнд зочид буудлын үйлчилгээ эрхэлдэг Airbnb зэрэг нь сэтгэлгээний цоо шинэ хэв маягийн үр дүнд бий болсон үзэгдэл юм. Ийнхүү хүн төрөлхтөн мэдлэг, туршлагаа байнга хуваалцах, байнга харилцаатай байх, байнга нээлттэй амьдрахын агуу хүчийг өөрөөсөө илрүүлснийг “олны хүч оломгүй далай” гэсэн монгол ардын мэргэн үгэнд онож хэлжээ. Энэ үзэгдэл хүний амьдралын бүхий л хэсэгт нэвтэрсний нэг хэлбэр нь бидний өдөр тутмын үндсэн хэрэгцээний нэг болсон мөнгөний шинж чанар өөрчлөгдөж буй явдал. Блокчейн, крипто валют, мобайл хэтэвч, цахим банк гэх мэт цаг хугацаа, орон зайг үл харгалзсан шинэ технологиуд банкны тухай уламжлалт ойлголтыг үндсээр нь эвдэж, Засгийн газрууд, төв банкууд технологийн хурдыг гүйцэхгүй сандралдаж эхлэв.

Кодон байшингийн эзэн

Өөр банкны АТМ-ээс мөнгө авч болдоггүй, өөр банкны данс руу интернэтээр гүйлгээ хийдэггүй, тэр байтугай хоёр өөр үүрэн операторын дугаар хооронд мэссэж бичих боломжгүй байсан цаг саяхан. Хүмүүс өдөр тутамдаа банкны үйлчилгээ авахдаа тэр болгон анзаардаггүй ч энэ бүх өөрчлөлтийн цаана Монголын төлбөр тооцооны систем гэх нүднээ үл үзэгдэх аварга том виртуал байшин бий. Анх 1997 онд Монголбанк банк хоорондын тооцоондоо цаас биш, компьютерын программ ашигласнаар уг байшин баригдаж эхэлжээ. Энэ байшинг барилцсан гол хүмүүсийн нэг нь энд тэнд дарга, сайд болох гэж зүтгэлгүй хувийн компаниа удирдан даруухан амьдарч байна. Анкетыг нь харвал А.Сүхдорж их сургууль төгссөнөөс хойш 44 жил компьютер, кодтой нөхөрлөж явна. Компьютерын инженер мэргэжилтэй тэр 1975-1991 онд Улсын төлөвлөгөөний Комисс болон Улсын банканд програм зохиогч, ерөнхий инженер, Тооцоолон бодох төвийн даргаар ажиллаж байжээ. 1991-2003 онд банк, санхүү, бүртгэлийн мэдээллийг автоматжуулах БСБ Сервис ХХК-ийг ажиллуулсан. 1995 онд банкны программчлалын үйл ажиллагаагаа бүх банкуудад албан ёсоор зарлаж, Монгол банк, банкуудын холбоонд албан тоот хүргүүлж байсан. Гэвч Төв банк хүртэл компьютерын программ хэрэглэж эхлээгүй байсан тэр үед ийм маягаар амь зуух хүндрэлтэй байсан учир Элба нэртэй дэлгүүр нээж нэг хэсэг худалдаа наймаа хийжээ. Харин түүний амьдралын гол үйл хэрэг 2000 онд “ГрэйпСити Монгол” хэмээх санхүүгийн программ хангамжийн компани байгуулснаар эхэлжээ. 2004 онд тэр Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн программ хангамжийг амжилттай нэвтрүүлсэн нь Монголын банкны салбарт хийсэн анхны томоохон ажлуудынх нь нэг байв. Үүнээс хойш өнөөг хүртэл энэ компани Төв банк болон арилжааны банкуудад дэд бүтцийн түвшний олон төсөл хэрэгжүүлсээр ирсэн.

Эдүгээ арилжааны 11 банк буюу нийт банкуудын 85 хувь нь А.Сүхдоржийн компанийн боловсруулсан суурь систем дээр ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл, Монголын төлбөр тооцооны системийн дэд бүтцийг байгуулахад, энэ салбарын өнөөгийн дүр төрх бий болоход А.Сүхдорж болон түүний нөхөд гол үүрэг гүйцэтгэжээ. Анхнаасаа тэр мэдээллийн технологи нь санхүүгийн салбарт том өөрчлөлт авч ирнэ гэдгийг мэдэрч байсан учраас үндэсний хэмжээний цахим төлбөр тооцооны платформ байгуулах зорилгоор 2008 онд МОСТ ФинТек ХХК (МОСТ) гэсэн өөр нэг компани байгуулав. Энэ платформ ирээдүйд банкуудыг хооронд нь болон ББСБ, ХЗХ зэрэг бусад санхүүгийн байгууллагатай холбосон төлбөр тооцооны системийн оператор болох учиртай байв. Ийм систем байгуулах гэж буйгаа Монголбанкны Ерөнхийлөгч агсан О.Чулуунбатад хэлэхэд “Наадах чинь зөв санаа байна. Гэхдээ Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв болон хувийн хэвшлийнхний хооронд зөрчил үүсэх юм байна. Гэхдээ яахав, асуудлыг тэр үед нь шийдье” гэж хэлээд түүний санааг дэмжжээ. Ингээд серверүүдээ Монгол банкны машин заалын ашиглаагүй хэсэгт нь байрлуулжээ. Гэвч дараагийн Ерөнхийлөгч гарч ирээд Монгол банкны нууцын зэрэглэлтэй газар хувийн сервер ажиллуулж байна гэсэн учир тэндээс авчээ. Шинэ мянганы эхний арван жилийн хоёрдугаар хагас гэхэд дэлхий дахинаа Paypal, Union pay, Alipay, Amazon pay зэрэг дэлхийн томоохон цахим төлбөр тооцооны платформуудын анхны хувилбар гарсан байв. А.Сүхдорж дэлхий хаашаа явж байгааг соргог мэдэрч байсан ч өөрийн санааг Монголдоо хэрэгжүүлэхэд багагүй саад учирч байлаа. Төлбөр тооцооны ямар нэг төсөл хэрэгжүүлэх болоход Монголбанкны ерөнхийлөгчөөс эхлээд арилжааны банкны захирлуудад олон цагаар таниулга хийдэг байв. 2006 онд Монголбанк Дэлхийн банкны төслийн хүрээнд банк хоорондын төлбөр тооцооны гүйлгээг их болон бага дүнтэй гэж ангилан шинээр байгуулсан Төлбөр тооцооны төвөөр дамжуулан гүйцэтгэдэг болов. Гэвч шаардлагатай үед хурдан хугацаанд гүйлгээ хийх хэрэгцээ их байлаа. Улмаар 2009 онд Монголбанк шийдвэр гаргаж технологийн шийдлийг гаргуулахаар А.Сүхдоржид ханджээ. Ингээд банк хоорондын их дүнтэй гүйлгээний клирингийн RTGS системийн интерфэйсийн төслийг ГрэйпСити компани хэрэгжүүлэв. Энгийн үгээр хэлбэл банк хооронд их дүнтэй гүйлгээг бэлэн бус хэлбэрээр хоромхон зуур хийдэг болжээ. Энэ нь манай улсын банкны системд нэгэн чухал алхам байснаас гадна үндсэн дэд бүтцийг дотоодын компанийн мэргэжилтнүүд байгуулсан гэдгээрээ бүр чухал байлаа.

Төв банкны өрсөлдөгч болсон нь

2012 онд А.Сүхдорж ХХБ-ны гүйцэтгэх захирал Б.Мэдрээтэй хамтран мобайл утсан дээр суурилсан банкны үйлчилгээний төсөл хэрэгжүүлж эхэлснээр “Most money” мэндэлжээ. А.Сүхдоржийн нэгэн том зорилго нь банк хоорондын төлбөр тооцоог гүйцэтгэдэг нээлттэй сүлжээ бүхий оператор байгуулах явдал байв. Өөрөөр хэлбэл, цахим хувьсгалын чухал шинж чанар болсон “байнга холбоотой байх” (always connected) болон “байнга нээлттэй байх” (always open) гэсэн хэрэгцээг хангах, үүний ач холбогдлыг оролцогч талуудад ойлгуулах нь чухал байлаа. Гэтэл банк хоорондын тооцоо хийх операторын эрх зөвхөн Монголбанканд байсан бөгөөд энэ асуудал явсаар бүр хожим 2017 онд шийдэгдэж Most money шиг платформуудад клеринг операторын эрх олгох хууль батлагдсан билээ. А.Сүхдорж Most money платформыг байгуулах үеэсээ л банк хоорондын цахим тооцоо хийх технологийн шийдэл гаргасан гэдгээ хэлж Монголбанкнаас албан ёсны зөвшөөрөл хүссэн ч бүтээгүй аж. Ийнхүү Most money таван жил хуульгүйгээр банк хоорондын гүйлгээ хийжээ. Анх банк хоорондын тооцоо хийлээ гээд Монголбанкнаас үйлчилгээг нь хаах шийдвэр хүртэл гарч байв. Гэхдээ нөгөө талаас Монголбанк болон зарим арилжааны банк жирийн нэгэн төлбөр тооцооны программын компани аль хэдийнэ технологийн шийдэл олсон байхыг хараад гайхаж байлаа. Энэ хооронд дэлхий дахинд санхүүгийн салбарт шинэ технологиуд төрсөөр байв. Ялангуяа мобайл хэтэвч гэсэн шинэ үйлчилгээ газар авч байлаа.

Мобайл хэтэвчинд цахим хэлбэрээр мөнгө, төлбөрийн дебет ба кредит карт, урьдчилсан төлбөрт карт, лоялти карт, нэрийн хуудас, гэрийн түлхүүр, иргэний болон жолооны үнэмлэх гээд бүгдийг чихэж болно.

Мобайл хэтэвчний түүх 2005 оноос эхэлж 2013 он гэхэд VISA-гийн payWave хэтэвч, Mastercard-ын PayPass хэтэвч, Хятадын UnionPay-гийн QuickPay хэтэвч, АНУ-ын Google, PayPall, IsIs хэтэвч зэрэг үндэсний болон олон улсын мобайл хэтэвчүүд богино хугацаанд зах зээлд танигдав. Мобайл хэтэвчний уг уралдаанд Монголын талаас “сойгдсон морь нь” Most money байлаа. Энэхүү монгол мобайл хэтэвчин дотор төлбөрийн картууд хийж, картын болон бусад аль ч банкны данснаас худалдан авалт хийж, АТМ дээр бэлэн мөнгө авч, гар утасны урьдчилсан төлбөрт хичнээн л бол хичнээн карт агуулахаас гадна орон сууц ба ахуйн хэрэглээнийхээ биллийн төлбөр хийх, утас, данс, картын дугаараар мөнгө шилжүүлэх зэрэг үйлчилгээг нээсэн юм. Энэ давалгаан дунд Монголбанк болон арилжааны банкууд инновациас хоцрох аюултайг ойлгож 2010 онд Монголбанк болон ХХБ, ХААН Банкны санаачилгаар картын төлбөр тооцооны харилцан холболтыг 2010 онд ашиглалтад орууллаа. Ингэснээр арилжааны банкуудын харилцагч нар бүгд нэг нэгнийхээ ПОС терминал дээр гүйлгээ хийж, АТМ-ээр үйлчлүүлдэг болжээ. Ингэснээр нэг газар дүүрэн байдаг АТМ, ПОС-ын асуудлыг шийдэв. Мөн 2012 онд үндэсний “₮” брэнд төгрөгийн картыг гүйлгээнд оруулснаар цаашдаа төгрөгийн гүйлгээг гар утсаар хийх нөхцөл бүрджээ. Хэдийгээр 2006 оноос эхлэн банкны салбарт технологийн олон дэвшил гарсан ч харилцагч нарын цаг хугацаа, зардлыг хөнгөвчилсөн өөр олон шийдэл гарах боломж байсаар байв. Ялангуяа интернэт ашиглан өөр өөр банкны хооронд гүйлгээ хийх хэрэгцээ байлаа. 2014 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол банк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзах үеэр Most Money нь санхүүгийн байгууллагуудын дунд цахим төлбөр тооцоо хийх бэлээхэн шийдэл гэдгийг олж мэдээд Монголбанк яагаад өдий болтол ийм зүйл хийгээгүйг гайхжээ. Тэгэхэд Монголбанканд ийм платформ байгуулахад элбэг хүрэлцэх Азийн хөгжлийн банкнаас өгсөн 20 сая ам.доллар байв. Гэвч өнөөг хүртэл байгуулаагүй юм. Харин тэр жилдээ банк хоорондын бага дүнтэй гүйлгээг долоо хоногийн 24 цагт тасралтгүй нэвт онлайн боловсруулах системийг нэвтрүүлжээ. Ийм боловсруулалт хийх Авизо онлайн интерфэйсийн шийдлийг мөн л ГрэйпСити Монгол компаниас авчээ.

Орон бүхний финтекүүд нэгдэгтүн!

А.Сүхдоржийг “Most money бол Монголын баялаг” гэж ярихыг нь анх сонсоход хэтэрхий бардамнаж байгаа мэт санагдах ч мөн чанарыг нь судлаад үзэхэд “нээрээ ч тийм юм болов уу” гэж бодогдоно. Энэ бол олон талаас нь төрөл бүрийн үйлчилгээний программ холбож болох орц, гарцтай (port) аварга том кодон байшин юм. Хэрэв төлбөр тооцооны тусгай платформ байгуулж их зардал гаргахгүй гэж байгаа бол ийшээ нэг талаас банк болон бичил санхүүгийн ямар ч байгууллага (Financial Institutions), нөгөө талаас худалдаа, үйлчилгээний ямар ч байгууллага (Service Providers) өөрийн аппликэйшнийг холбоод виртуал-үйлчилгээгээ нээж ажиллуулан төвхнөж болохоор юм. Үүнээс гадна энэ платформд холбогдсон бүх тал бие биетэйгээ холбогдоно. Яг ийм зарчмаар Ард санхүүгийн нэгдэл Most money-г ашиглан өөрийн дижитал банк, Ard shop нэртэй цахим дэлгүүрээ нээжээ. Мөн CapitronPay, TDBPay, ARDPay гэсэн цахим хэтэвчүүд нэгдсэн бөгөөд удахгүй TesoPay, BSB Pay, NominPay, MonosPay нэгдэнэ гэж А.Сүхдорж ярилаа. 2017 онд BUMM нэртэй нээлттэй порт (API) гаргаснаар Most money-д хэн ч хамаагүй залгагдаж, өөрийн мобайл хэтэвч, интернэт порталын үйлчилгээ явуулах үүд хаалга томорчээ. Банкны салбараар хүргэж буй санхүүгийн үйлчилгээг Most money-гоор хүргэвэл өртөг нь 10.2 дахин буурна гэсэн тооцоог тэр гаргасан байна. Энэ маягаар ХХБ болон жижиг банкууд, таван ББСБ, үүрэн операторууд, кабелийн ТВ-үүд, тасалбарын компаниуд, СӨХ, орон сууц, ус, цахилгаан, дулаан зэрэг төрийн үйлчилгээний байгууллагууд холбогдоод байна. Гэхдээ А.Сүхдоржийн өмнө нэг том саад бий. Санхүүгийн зах зээлийн оролцогчид түүнтэй нэгдэх дургүй байна. “Банкуудтайгаа үгсээд, тохироод явах юм байна гэж бодсон үгүй юм байна. Дэндүү гэнэн хонгор байж” гэж тэр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлэв. Монголын томоохон банкууд Most money платформын онцлогийг ойлгосны дараа чимээгүйхэн цааш харж тус тусын платформ байгуулах аянд мордсон юм. Өнөөдөр тэд бүгд интернэт, мобайл, телефон банк, цахим биллингийн үйлчилгээтэй болсон. Гэвч “цаашдаа хэр удаан ингэж явах вэ” гэсэн асуулт үлдэж байна. Том банкуудын аплликэйшнүүдээс аль нэг нь бусдыгаа залгихыг хүлээвэл бид дэлхийгээс хоцрох аюултай. “Заавал Most money-д бүгдээрээ холбогд гэж би хэлэхгүй, гэхдээ л бид ямар нэг платформоор холбогдож, Монголын хэрэглэгч дэлхийн хаана ч явсан гар утсаараа бүхнийг амжуулах нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй” гэж тэр ярив. Харамсалтай нь, өнөөдөр хуваалцах бус аль болох ихийг хяналтдаа байлгаж, “бид ба тэд” гэсэн үүднээс ханддаг сэтгэлгээний хэв маяг амь бөхтэй оршсоор байна. Харин орчин үеийн хүчирхэг платформуудыг бий болгож буй хүмүүс зөвхөн “бид” гэсэн сэтгэлгээгээр ажилдаа ханддаг. Хэрэв Монголын банкууд программуудаа нэг нэгнээ ойлгох хэлтэй (protocol) болгож, нэг платформд нэгдэж чадвал ядаж Alipay, Union pay, Wechat зэрэг өмнөд хөршийн аваргуудтай холбогдон, Хятадын зах зээл хэмээх том далайгаас эрдэнэс түүх бололцоо нээгдэнэ. Энэ бүхний эцэст эцсийн хэрэглэгч буюу бид өөрсдөө хожно. Банк, санхүүгийн салбарын түүхэн хөгжлийн энэ эгзэгтэй мөчид төрийн санаачлага маш чухал боловч А.Сүхдорж төрд найдахыг тийм ч ухаалаг гаргалгаа гэж үзэхгүй байна. Технологийн хувьд юу ч хийж болохоор байгаа ч нэвтрүүлэхэд асуудал үүсдэг. Гэхдээ тэр элдвийн шалтаг тоочиж, бүтэлгүйтлээ бусдад тохохыг хүсдэггүй бөгөөд хийнэ л гэсэн бол ямар ч саад байсан давж гараад эцсийн үр дүнд хүрдэг. Түүнд мөнгө хураах нь чухал бус хүнд хэрэгтэй зүйл бүтээх нь чухал. Хөрөнгө мөнгө их байх тусам төдий чинээ их дөнгө болдог учраас хөрөнгө мөнгөнд ач холбогдол өгөлгүй дуртай ажлаа хийгээд эрх чөлөөтэй явахыг хүсдэг. Түүнд хийх зүйл маш их байгаа учраас үс нь хэдийнэ бууралтсан ч үхэх тухай ч бодох завгүй ажилласаар. 

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (3 votes, average: 4.67 out of 5)
Loading...
Г. Даваадорж

Бусад хүмүүс намайг юу гэж боддог бол гэж эмээхээ хэрхэн болих вэ?

Previous article

2019 оны топ 10 Linkedin хуудас

Next article

11 Comments

  1. Ажилчдынх нь цалин хэд юм болдоо, ийм лаг юмнууд хийсэн юм чинь програмистууд нь өндөр цалин авдаг байхдаа.

    1. ondor ondor

    2. Бусдын цалинд санаа зовж суух нь өөрийн чинь хэр “жижигхэн” довцог дээрээс хардаг болохыг илтгэж байна.

  2. Грэйпсити Монгол компани чимээгүйнхэн их олон сайхан зүйл бүтээсэн хамт олон шүү.

  3. Ene luivarchin uvgu nodoo boio neeh money code man ch geh shig novshiin tsalingaar baahan zaluusiin hudulmuriig shuklsan zdaaak sh dee en bol, lalariin sanaatai uvgun austrialiig ERP system iig mongolliin banknuudad heden arvan saya dollaraar shahsan daraa phillipin garuudtai niil most money, mobile bank aplication bicheed ard irgedees guilgeenii huraamj gee uchinuun money shaaadaaag buziness shaatsaaan ovoo gardaa, uhehdee avsan daa hiigeed uhehgeegui bol odoo boli naad luivariin maaanii saadag biznesseee zogsoo lalar uvgun mini

    1. Юм мэдэхгүй байна даа. Австралийн ERP ч гэх шиг , Филлип нтр МостМони болон мобайл банкинд түй ч хамаагүй зөв мэдээлэлтэй болоо.

      МостМони -н хувьд бол гайхалтай бүтээл шүү дээ. Үйлчилгээ үзүүлж байгаа бол хураамж авах нь зүй л хэрэг, Тэдгээр үйлчилгээг үзүүлэхийн тулд ямар том дэд бүтэц ажиллаж байгааг мэдвэл энэ хураамж үнэндээ юу ч биш банкны гүйлгээг шимтгэлгүй хиймээр байвал банк дээрээ оч л доо замын зардал чинь 1000 болж шимтгэлийг 10 нуглах байх

      1. Ene teneg SUHKDORJ gee novshiig magtaad baigaa humuus amidarliihaa tsag zaviig uchinuun shuluulj baigaagaa medqu bna daa. Banknii guilgeenii huraamj meddeggui hen baihav dee, tsaana ni yamar luivar yavdagiig ene magtaad baigaa teneguud medqiuldee medrel tsarailchaad

        Teneg unvgunteiguu avsand hamt orooroi ta nar

      2. Тэр хураамжийг мэддэг нь та мэт цөөхөн, мэдэхгүй нь өөр шиг чинь боддог Монголын ард иргэд сая, саяараа.

  4. Дээр бичсэн SUKHEE үнэн юм ярьж байна. “Бид” гэдэг сэтгэлгээгээр ханд гэж уриалж байгаа нь банкууд “зээлгүй бизнес гэж байдгүй, зээл авч байж бизнес хөгждөг” гэсэн бор шувуу нийгэмд нисгэдэгтэй утга нэг юм. Санхүүгийн онлайн үйлчилгээ нэвтрүүлсэн компани ажил хөнгөвчилж буй нь үнэн ч цаанаа мобайл, онлайн хийгдэж буй гүйлгээ болгоноос авдаг 50, 500 төгрөгний шимтгэлийг банкуудтай чимээгүй хувааж авдаг аймаар бизнес. Монголын хэдэн банкны хэдэн үйлчлүүлэгч хувь хүн болон байгууллагуудын хооронд цаг, минут тутам хэдэн сая гүйлгээ хийгддэг билээ. Тэгээд тэрийг нь цаг, өдөр, сараар үржүүлээд үзэхээр овоо тоо гарна даа. Ийм учраас баруунд хөрөнгө оруулагчид FINTECH нэвтрүүлж буй стартап болон бусад компаниуд руу нүд анин хошуурч байгаа.

  5. Ene Sukhdorj genuu bas bus money transaction hiij dundaas ni guigeenii huraamj hulgaildag garuudiig manai ATG shalgah bolson doo, asar ih nuuts muguniii buziness yavaad baigaan, hun medehgui bolhoos, barij avaad segsruul heden terbumaar ni tatvargui maanii unana daa. ATG sonsjain uu ochich sain shalga ai

  6. Харин ч иргэдийн цаг завыг хэмнэсэн зөв зүйтэй сайн юм хийсэн юм биш үү, тэр гүйлгээний шимтгэлийг чинь банк болгон тэртэй тэргүй авдаг, харин тэхэд бид одоо гэрээсээ, зах дээрээс юм худалдаж авахдаа, хаа дуртай газраасаа 24 цагийн хэзээ ч ямар ч саадгүй шилжүүлж байна. Энэ чинь л Сүхдоржийн ачаар бидний эдэлж байгаа буян биз дээ! Мундаг хүн! Хүндлэх хэрэгтэй! Хэрэв интернетээр мөнгө шилжүүлэхэд шулуулаад байгаа юм бол чи өөрөө банкинд очиж очерлож мөнгөө шилжүүлдэг үү? Жинхэнэ лалар чинь чи өөрөө!

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.