Таны зах зээл бол таны илрүүлж, өөртөө татаж, өөртөө ашигтайгаар тогтоон барих ёстой хэрэглэгчдийн бодит тоо. Таны зах зээл, таны хэрэглэгчид таны худалдааны бүсэд байна. Худалдааны бүс нь газар зүйн ойлголт бөгөөд орон нутгийн, бүс нутгийн, улсын, олон улсын хэмжээтэй байж болно. Мөн дээрх бүсүүдийн нийлбэр ч байж болно.

Зах зээлийн хэмжээг тодорхойлохын тулд энгийн таван алхам хэрэгтэй.

Та хүүхдийн цэцэрлэг нээхээр шийдлээ гэж бодъё.

Нэг. Танай дүүрэгт 1-5 насны хэдэн хүүхэд байгааг тодорхойл. Энэ бол ирээдүйн үйлчлүүлэгчдийн тоо (Таны маркетингийн гол зорилтот бүлэг тэдний эцэг эх).

Хоёр. Дээрх тооноос ямар нэгэн шалтгаанаар цэцэрлэгт явахгүй хүүхдүүдийг хас. Дүүргийн захиргаанаас таньд 1-5 насны 5000 хүүхэд байна гэж мэдээлэв.  Салбарын хэвлэл, судалгааны материалуудыг уншиж, эцэг эхийн дунд бага хэмжээний асуулга явуулсны дараа танай дүүргийн хүүхдүүдийн 60 хувь цэцэрлэгт явахгүйг олж мэдэв. Боломжит үйлчлүүлэгчдийн тоо үүний 40 хувь буюу 2000 хүүхэд болно.

Гурав. Нэг үйлчлүүлэгч цэцэрлэгт хэр давтамжтай явдаг, эсвэл нэг хүүхэд цэцэрлэгт явдаг өдрүүдийн дунджийг гаргаж ирэх шаардлагатай. Та тус салбарт ажилласан туршлагадаа тулгуурлаж нэг хүүхэд жилд дунджаар 90 хоног цэцэрлэгт явдаг гэж тооцоолно. Тиймээс таны зах зээлийн боломжийг өдрөөр илэрхийлвэл 180 000 өдөр болно (90 хоног Х 2000 хүүхэд).

Дөрөв. Үйлчилгээний үнийг тогтоо. Ажилтнуудаа бүрдүүлэх, урсгал ажлууд, маркетинг зэргийг тооц. Өрсөлдөгчдийнхөө үнийг судал (асрагчид, гэрийн асрагчид, сүм хийдүүдийг хүртэл оруулна). Та үйлчлүүлэгчиддээ санал болгох үйлчилгээнийхээ өвөрмөц талыг хэр амжилт олохыг бодолц. Хөрөнгө оруулалтаа нөхөх цэгийг ол (сэтгүүлийн дараагийн дугаарт энэ тухай бичнэ).

Та 8 цагтай нэг өдрийг 32 ам.доллараар үнэллээ гэж бодъё. 2000 хүүхэд жилд 90 өдрийг  цэцэрлэгт өнгөрөөнө гэж үзвэл таны зах зээлийн боломжит орлого 5 760 000 ам.доллар болно (90 өдөр Х 32 ам.доллар).

Тав. Хүрч болох зорилгоо бодитоор тодорхойл. Эцэг эхчүүдтэй ярилцаж тэдний төлөвлөгөөг сонссоны дараа та энэ зах зээлээс 10 хувийг нь эзэлж болохыг ойлгов. Өөрөөр хэлбэл жилд 90 өдөр цэцэрлэгт явах 200 хүүхэд таны орлогын эх үүсвэр болно. Энэ 10 хувь 18 000 өдөр болно (200 хүүхэд Х 90 өдөр). Хэрэв уг 18 000 өдрийн тус бүрийг 32 ам.доллараар зарж чадвал таны жилд олох орлого 576 000 ам.доллар болно.

Та урьдчилан тооцоо хийсний үндсэн дээр 288 000 ам.долларын орлогоор хөрөнгө оруулалтаа бүрэн нөхнө гэсэн тооцоо гарав. Эхний жилд та тавьсан зорилгынхоо 50 хувьд хүрч нийт зах зээлийн 5 хувийг эзэлж чадвал 288 000 ам.долларын орлого олж хөрөнгө оруулалтаа урсгал зардлуудын хамт нөхөж чадна. Дараагийн жилд та зэх зээлээ тэлж зах зээлийн 8 хувийг эзэлвэл 460 000 ам.долларын орлого олж, зардлаа нөхөөд 172 000 ам.долларын ашигтай үлдэнэ.

Товчхон хэлбэл, зах зээлийнхээ хэмжээг тодорхойлохын тулд боломжит хэрэглэгчдийн бодит тоог санал болгож буй бараа, үйлчилгээний дундаж тоо хэмжээ болон нэгж бараа, үйлчилгээний дундаж үнэд үржүүлнэ. Ийм тооцоог голдуу жилийн үзүүлэлтэд тулгуурлаж хийдэг.

Зах зээлийн хэмжээг аль ч бизнесийн хувьд хийж болно.

Энд авсан цэцэрлэгийн жишээг сайтар тэмдэглээд авахад илүүдэхгүй. Учир нь энэ бол амьдралд орон зай нь байгаа эзнээ хүлээж буй зах зээл. Бүх зүйл таны зүтгэлээс хамаарна.

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Г. Даваадорж

Хэн нэгнийг ажлаас нь хэзээ чөлөөлөх вэ?

Previous article

HR: Шарк Д.Энхтүвшингийн зөвлөгөө

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like