Бэрхшээл эсвэл сул тал

Өрх толгойлсон ээжүүд янз бүр. Санхүүгийн хувьд боломжтой ч сэтгэлд нь таарах хүнээ олоогүй яваа нэг хэсэг байхад олигтой ажил олдохгүй, ажил хийсэн ч олсон мөнгө нь амьдралд нь хүрэлцдэггүй хэсэг бий. Эсвэл нэг газраа удаан ажиллаж, хамт олондоо, байгууллагадаа нэр хүндтэй болсон ээжүүд байхад өөрийн чадлаар бизнес санаачлаад явж байгаа нь ч бий. Гэхдээ санхүү, амьдралын чанараас үл хамааран, хувь хүний өнцгөөс нь харвал нийтлэг зүйлс багагүй.

Өрх толгойлсон ээжүүд маш эмзэг. Маш завгүй, бүх юм нуруун дээр нь буудаг, бүх юманд санаа зовдог. Зарим нь өөрийн гэр бүлээ авч явахаас гадна аав, ээж, ах эгч, хамаатан саднаа авч явдаг. Энэ хүмүүс маш их хүч гаргаж амьдардаг. Хамаатан садан байлаа ч хүн бүр өөрийн амьдралтай учир хэрэгтэй үед нь хажууд нь байгаад дэмнээд өгөх хүн ховор. Ингэсээр байгаад өөрийгөө гаргуунд нь гаргадаг. “Над шиг ядарсан амьтан ховор, би бусдаас дутуу амьдарч байна, би заяа муутай хүн” гэх мэтээр голдуу өөрийгөө өрөвдсөн бодолтой явдаг. 

Тэгээд бас болоогүй, шаазгай зүү олоод хийх газаргүй гэдэг шиг өрх толгойлсон ээжүүд жаахан юм олохоороо өөрийгөө гэхээсээ илүү хавь ойрын хүмүүсээ тэжээх гэж зүтгээд, олсон мөнгөө цацчихдаг. Өөрөө зовлон үзсэн учраас бусдад туслах гээд өөрийгөө боддоггүй. Иймэрхүү байдлаар санхүүгийн хувьд тогтвортой байж чаддаггүй. Мэдээж өрх толгойлсон ээж болгон ийм биш. Гэхдээ энэ бол нийтлэг үзэгдэл.

Өрх толгойлсон өөр нэг хэсэг бол “Би чадахгүй, дийлэхгүй” гэсээр бусдын халамжинд амьдрах сонирхолтой хэсэг. 30, 40 настай ч аав ээж, ах эгчтэйгээ амьдардаг нь цөөнгүй. “Би бие дааж амьдрах чадваргүй, энэ их зардлыг гаргаж чадахгүй” гээд өөртөө бүр итгүүлчихсэн байдаг. Нөхөртэй танилуудаа харахаараа “Надад тохирох хүн олдохгүй байх даа” гэж бодож олон жил ганцаараа амьдарч буй хүмүүс ч бий.

Өөрөөр хэлбэл, “ядарсан”, “өрөвдөлтэй” гэсэн имиж бүрдүүлж, тэр талын энергийг өөртөө хурааж, өөрийгөө өрөвддөг тал нь ноёлдог. Гэхдээ хүн болгон тэр хүнийг гаднаас нь хараад өрөвдөлтэй гэж дүгнэхгүй.

Нэг хэсэг нь өөрийнхөө ядарсан гэдгийг харуулахгүй гэсэндээ бэрхшээлээ дотроо нууж, эргэн тойрондоо нээлттэй байж, тэднээс туслалцаа авах үүд хаалгаа хаадаг.

Би өөрийн ажлын шугамаар тэр болгон хүмүүсийн сонсоод байхааргүй яриануудыг сонсдог учраас үүнийг сайн мэддэг юм. Өөрийгөө өрөвдөх энэхүү эмзэг тал хүүхэдтэй ч нөхөргүй эмэгтэйчүүдэд тодорхой түвшинд байдаг.

Нийгэм хүртэл дээрх бодлуудыг суулгахад их үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ нийгмийн зүгээс сөрөг хандлага хичнээн давамгайллаа ч гэсэн хүн өөрөө өөртөө ийм үзэл санааг хэвшүүлнэ гэдэг хамгийн хөнөөлтэй.

Асуудал эсвэл давуу тал

Өрх толгойлсон эмэгтэйчүүдэд нэг маш том давуу тал бий болдог. Тэд голдуу буцах замгүй, бүхнийг өөрөө хийхээс өөр аргагүй болсон хүмүүс. “Би л хийхгүй бол өөр хэн ч хийхгүй” гэсэн зүтгэл нь тэднийг маш хүчтэй болгодог. Тэгэхээр өрх толгойлоогүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад өндөр хариуцлагыг үүрч явах чадвар нь хөгждөг. Ийм хүмүүс ойр дотны хүмүүсийнхээ байнгын халамжинд байхыг нэг их хүсдэггүй бөгөөд эцсийн үр дүндээ амжилт олж цойлж гарч ирдэг. 

Үр хүүхдүүдийнхээ өмнө үүрсэн тэр том хариуцлага нь бизнесийн ертөнцөд орох урьдач нөхцөл болдог. Ганцаараа ажилладаг учир гэр бүлийн зардлаа маш нарийн төлөвлөх хэрэгтэй болдог бөгөөд энэ нь цаашдаа санхүүгээ үр ашигтай хөтлөх дадлыг суулгадаг. Өөрт нь чухам юу хэрэгтэй, юу хэрэггүйг ойлгож эхэлдэг. Эрсдэл гэдэг зүйлийг сайн мэдэх учраас жаахан ч байсан орлогоосоо хуримтлал бий болгож явдаг.

Амьдралаа авч явахын тулд ажлаасаа гарах хүсэлгүй, нэг газраа удаан ажиллах сонирхолтой байдаг. Зарим нь өмнө эзэмшсэн боловсрол, мэдлэгээ ашиглан махруу ажиллаж тухайн байгууллагатаа өөрчлөлт, дэвшил авчирдаг. Ийм эмэгтэйчүүд удирдах ажилд дэвших шанс нь илүү. “Би л хийхгүй бол өөр хэн ч хийхгүй” гэдэг бодол нь ажил дээр нь ч бас хүртэл илэрдэг.

Гэхдээ байгууллагын хүрээнд сайн ажиллаад байгаа мөртөө дараагийн түвшинд гарч бизнес хийдэггүй нь олонтаа. Давхар орлоготой баймаар байгаа ч сайн боловсрол эзэмшээгүй бол санхүүгийн хувьд найдваргүй учир бизнес рүү зоригтой орж чаддаггүй. Харин арилжаа, наймаа хийж байсан хэсэг нь арай сүүхээтэй байдаг. Бас зарим нэг хэсэг нь цахим орчныг ашиглан өөрийн хийсэн зүйлээ бага багаар борлуулдаг.

Өөртөө хөрөнгө оруул

Тэгвэл бизнест орж чадахгүй байгаа тэр саадыг хэрхэн давах вэ? Хамгийн чухал асуудал бол мөнгөө хуримтлуулах. Тэгээд дараа нь энэ мөнгөөрөө өөрөө өөртөө итгэх итгэл, өөрийн боловсролд хөрөнгө оруулах хэрэгтэй. Бизнесийн чиглэлээр сургалт, семинарт оролцох, хэрэгтэй хүмүүстэй уулзаж танилын хүрээтэй болох, ном, сэтгүүл унших хэрэгтэй. Мэдээж үүнд тодорхой хэмжээний зардал гарах ч өөртөө хийж буй хөрөнгө оруулалт учраас заавал үр өгөөжөө өгдөг.

Харамсалтай нь өөртөө хөрөнгө оруулалт хийж, өөрийн итгэлээ бэхжүүлдэггүй нь өрх толгойлсон эмэгтэйчүүдийн нэг сул тал юм. Мөнгөний их, бага нь чухал биш бөгөөд өөртөө хэрэгтэй зүйлд зарцуулж чадвал үр дүнгээ өгдөг. Тиймээс багахан ч байсан өөртөө мөнгө зарцуулж сурвал санхүүгийн гацаанаас гарч болно.

Би өөрөө ганц бие ээжийн амьдрал туулсан учраас тэдний бэрхшээлийг сайн ойлгодог. Тэдэнтэй ажиллахад ч урамтай байдаг.  Миний өөрийн амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн гол шалтгаан бол өөртөө хөрөнгө оруулж чадсан явдал. Нөхрөөсөө салж ганцаараа хүүхэдтэйгээ үлдэхдээ би Лондонд байсан. Эхэндээ өөрийгөө их азгүй хүн гэж бодож, гутардаг байлаа. Хүүхдээ ганцаар асарч байгаа учраас оффисын ажил хийх боломжгүй болж, Монголоос ирээд удаагүй, мэдлэг, туршлага дутуу учраас өөр тохирох ажил олдоогүй.

Ингээд нэг газар цэвэрлэгчийн ажил хийдэг болсон. Гэхдээ би өөрийгөө гаргуунд нь хаяагүй. Би маш амбицтай цэвэрлэгч байсан бөгөөд олон нийтийн арга хэмжээнд их оролцдог байсан. Анх өөртөө зориулж гурван фаундын үнэтэй ном авч байсан нь тэр үед маш үнэтэй санагдаж байлаа. Энэ номыг авахад салсан нөхөр маань  “Чи ном уншаад юм ойлгох юм уу, англичуудтай адилхан болох юм уу” гэж дооглож байсан. Гэхдээ би түүний үгийг ойшоогоогүй. Тэр номыг уншаад дуусахад нэг л сэргээд явчих шиг болсон. Дараа нь номонд донтож эхэлсэн. Хөрөнгө оруулалтын ном их уншиж, сургалтанд явдаг болсон.

Өмнө нь авч байгаа цалин дээрээ яаж илүү орлого олохоо мэддэггүй байсан бол өөртөө хөрөнгө оруулснаар яаж мөнгөө өсгөхөө аажмаар ойлгодог болсон. Компанидаа ганцаараа цэвэрлэгээ хийдэг байсан бол дараа нь өөр хүмүүс ажилд авч, эцэст нь өөрөө цэвэрлэгээний компанитай болсон. Ингээд орлогоо хэд дахин өсгөж чадсан. Бизнес хийгээд, өөртөө итгээд ирэхээр хүнээс маш их хүч гардаг.

Тиймээс миний туулсан амьдралын туршлага бол өөртөө хөрөнгө оруулах нь өрх толгойлсон ээжүүдийн санхүүгийн эрх чөлөөнд хүрч, амжилт олох нэг арга юм. Өрх толгойлсон ээжүүд хичнээн их ажил хийлээ ч бизнест тэр болгон орж чаддаггүйн нэг шалтгаан бол өөрийгөө гаргуунд гаргаж, хэтэрхий доогуур үнэлдэгтэй холбоотой гэж боддог.

Орчин үед цахим ертөнц өрх толгойлсон эмэгтэйчүүдэд том боломж олгож байгаа. Онлайн бизнес гэдэг бол бизнесийн төрөл биш, ерөөс орчин үед бизнес хийх арга нь болчихсон. Тэндээс хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ олох магадлал хамаагүй өндөр. Нэг мухлаг нээчихээд хэн орж ирэх бол гэж хүлээдэг үе өнгөрсөн. Гэхдээ онлайнд маркетингаа зөв хийх хэрэгтэй. Ингэж чадвал олон мянган хүнд хүрэх бололцоотой.

Моника Батсүх нь 2009 оноос дасгалжуулагчийн ажил хийж эхэлсэн. 2011 онд “Бэрхшээл ба боломж”, 2014 онд “Мөнгө ба миний үнэ цэнэ” номуудаа гаргажээ. 2015 онд “Их Британийн хамгийн итгэл хүлээсэн бизнес” шагналыг авчээ. 2015 онд Монголд Дасгалжуулалтын Академи нээсэн бөгөөд Англид хувийн бизнестэй.

www.monicabatsukh.com

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading...
Бизнес сэтгүүл

Мөрөөдлийн торгон цэргүүд

Previous article

Сэтгэл зүйн гэрээ

Next article

Comments

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

You may also like